| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/02465/И |
| Дугаар | 191/ШШ2025/01225 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01225
2025 02 11 191/ШШ2025/01225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, … дугаар хороо, Сөүлийн гудамж Твин таур-1 байр, … давхарт байрлах “Э ” ХХК /Регистрийн дугаар …/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, … дугаар хороо, … дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө, … дугаар байр, … тоот хаягт байрлах “Ш ” ХХК /Регистрийн дугаар …./-д холбогдох,
Гэрээний үүрэгт 990,545,203.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогсод:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М /ҮД:0195/,
хариуцагчийн төлөөлөгч Ш.Ш,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Д /ҮД:0072/,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Э ” ХХК нь “Ш ” ХХК-тай 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/09 тоот, 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2021/11 тоот, 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2022/01 тоот Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/09 тоот гэрээгээр Саве ІН АТX400 8.5м өргөнтэй шинэ үрлэгч механизм 1 ширхэг, 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2021/11 тоот гэрээгээр Case IH AF6140 комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизм, 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2022/01 тоот гэрээгээр Maschio extry 150-Урлан боогч механизм 1 ширхгийг худалдсан. 2021/09 тоот гэрээний 5.1-т “Гэрээнд заагдсан барааны үнэ: 5.1.1. Case ІН АТX400 8.5м өргөнтэй үрлэгч 178,000 т.н (ам.доллар)”, 5.2-т “Төлбөрийг төлөгдөх өдрийн Монгол банкнаас гаргасан валютын албан ханшаар тооцно. Худалдан авагч тал нь барааны үнийн дүнг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлнө” гэж заасан бөгөөд 178,000 т.н (ам.доллар) төлөхөөс “Ш ” ХХК нь худалдан авсан Case IH ATX400 8.5м өргөнтэй шинэ үрлэгч механизмын урьдчилгаа төлбөрт 77,109.96 ам.доллар (2020.08.21-ний өдөр 41,075 ам.долларт техник, 2020.10.10-ны өдөр 28,729.93 ам.долларт улаан буудай, 2020.10.14-ний өдөр 7,305.03 ам.долларт улаан буудай)-ыг төлсөн, 2021 оны 04 сарын 29-ний өдөр гэрээний урамшуулал болгож 890.24 ам.долларын хөнгөлөлт болон 2021 оны 11 сарын 18-ны өдөр 50,000 ам.долларыг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 50,000 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2021/11 тоот гэрээний 5.1-т “Гэрээнд заагдсан барааны үнэ: 5.1.1. Case IH AF6140 комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик - 300,000 т.н (ам.доллар)”, 5.2-т “Төлбөрийг төлөгдөх өдрийн Монгол банкнаас гаргасан валютын албан ханшаар тооцно. Худалдан авагч тал нь барааны үнийн дүнг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлнө” гэж заасан бөгөөд 300,000 т.н (ам.доллар) төлөхөөс “Ш ” ХХК нь худалдан авсан Case IH AF6140 комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмын урьдчилгаа төлбөрт 83,164 ам.доллар (2021.09.11-ний өдөр техникээр төлсөн)-ыг төлсөн, гэрээний урамшуулал болгож 15,000 ам.долларын хөнгөлөлт болон 2021 оны 07 сарын 09-ны өдөр 7,020.15 ам.доллар, 2021 оны 07 сарын 12-ны өдөр 3,510.19 ам.доллар, 2021 оны 07 сарын 27-ны өдөр 5,252.66 ам.доллар, 2021 оны 11 сарын 18- ны өдөр 13,180.50 ам.доллар, 2022 оны 01 сарын 10-ны өдөр 36,847.92 ам.доллар, 2022 оны 03 сарын 17-ны өдөр 4,820.02 ам.доллар төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 138,226.82 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 5.1-т “Гэрээнд заагдсан барааны үнэ: 5.1.1. Maschio extry 150-Урлан боогч 60,000,000 төгрөг, 5.2-т “Төлбөрийг төлөгдөх өдрийн Монгол банкнаас гаргасан валютын албан ханшаар тооцно. Худалдан авагч тал нь барааны үнийн дүнг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлнө” гэж заасан бөгөөд 60,000,000 төгрөг төлөхөөс “Ш ” ХХК нь худалдан авсан Maschio extry 150-Урлан боогч механизмын урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг (Tucan загварын преслэгч техникээр) төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тус гэрээнүүдийн 5.4-т “Хэрэв худалдан авагч тал уг гэрээний хавсралт №1-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож худалдагч талд төлнө” гэж заасныг зөрчиж худалдан авагч тал үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөхгүй байх тул 2021/09 тоот гэрээний дагуу 2022 оны 12 сарын 31-ний өдөр төлөх ёстой байсан 50,000 ам.долларын 2024 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 383 хоногийн алданги 19,150 ам.доллар, 2021/11 тоот гэрээний дагуу 2022 оны 12 сарын 31-ний өдөр төлөх ёстой байсан 138,226.82 ам.долларын 2024 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 383 хоногийн алданги 52,940.87 ам.доллар, 2022/01 тоот гэрээний дагуу 2023 оны 11 сарын 30-ны өдөр төлөх ёстой байсан 40,000,000 төгрөгийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа хэтэрсэн 49 хоногийн алданги 1,960,000 төгрөгийг гаргуулах, Мөн 2021/09, 2021/11 тоот гэрээнүүдийн хавсралт 1-т заасан тоног төхөөрөмжийг төлөх хуваарийн 5-д зааснаар “Урьдчилгаа төлбөрөөс бусад төлбөр дээр техник хүлээлгэн өгсөн өдрөөс хойш жилийн 8 хувийн хүү тооцож үндсэн төлбөрийн хамт тухай бүрд төлнө” гэж заасны дагуу 2021/09 тоот гэрээний техник хүлээлгэн өгсөн өдөр буюу 2021 оны 05 сарын 14-ний өдрөөс 2024 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр болох 50,000 ам.долларын хүү 8591.78 ам.доллар, 2021/11 тоот гэрээний техник хүлээлгэн өгсөн өдөр буюу 2021 оны 09 сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэлх үлдэгдэл төлбөр болох 138,226.82 ам.долларын хүү 8,755.63 ам.доллар, 2022/01 тоот гэрээний хавсралт 1-т заасан тоног төхөөрөмжийг төлөх хуваарийн 3-д “Урьдчилгаа төлбөрөөс бусад төлбөр дээр техник хүлээлгэн өгсөн өдрөөс хойш жилийн 15 хувийн хүү тооцож үндсэн төлбөрийн хамт тухай бүрд төлнө” гэж заасны дагуу техник хүлээлгэн өгсөн өдөр буюу 2022 оны 01 сарын 13-ны өдрөөс 2024 оны 01 сарын 18-ныг хүртэлх үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийн хүү 11,276,712.33 төгрөг болон үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд “Ш ” ХХК-иас 2021/09 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 50,000 ам.долларыг, алданги 19,150 ам.доллар, хүү 8591.78 ам.долларын хамт нийт 77,741.78 ам.долларыг, 2024 оны 03 сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын хаалтын ханш болох 3,375.68 ам.доллароор тооцож нийт 262,431,371.91 төгрөгийг, 2021/11 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 138,226.82 ам.долларыг, алданги 52,940.87 ам.доллар, хүү 8,755.63 ам.долларын хамт нийт 199,923.31 ам.долларыг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан валютын хаалтын ханш болох 3,375.68 ам.доллароор тооцож нийт 674,877,119.1 төгрөгийг, 2022/01 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг, алданги 1,960,000 төгрөг, хүү 11,276,712.33 төгрөгийн хамт нийт 53,236,712.33 төгрөгийг буюу нийт 990,545,203.34 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч 2021/11 гэрээг онцолж, техникийг анх ирэхдээ шинэ биш байсан, эвдэрсэн гэж байгаа. Баталгаат хугацаанд 3 доголдол илэрснийг засуулах шаардлагыг худалдан авагчийн зүгээс тавьсан тул бид засаж өгсөн. 2021 оны 02 сард үйлдвэрээс хөдөлсөн, 2021 оны 4 сард Балтимор гэх АНУ-ын боомтоос хөдөлсөн, Европт ирсэн 3 өдрийг хольж хоорондоо зөрүүтэй зүйл өгсөн гэж байна. Энэ гурван хугацааг үнэхээр ойлгохгүй байгаа юм уу, санаатай мушгиж байгаа юм уу ойлгохгүй байна. Энэ техник нь шинээр орж ирсэн байхад ашигласан, хэрвээ мот цаг нь гүйсэн байсан бол хуучин байсан гэж тухайн үедээ маргах байсан. “Ш ” ХХК жилд 1,000 гаруй га газар тариа тарьдаг, ашиглаж байгаа ганц комбайн нь энэ комбайн юм. 4 жил бүх зүйлээ энэ комбайнаар хийж өнөөдрийг хүрсэн хирнээ эвдрэлтэй гэж байгаа нь ойлгомжгүй байна. 2024 оны 9 сард техник битүүмжлэх гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүмүүстэй очиход ажил нь хугацаандаа дуусаж, комбайн нь хашаандаа орж ирээд цэвэрлэгээ үйлчилгээнд шилжихээр зогсож байсан, өөр комбайн байгаагүй. 2021 он, 2022 онд мөн ашигласан, 2 жилийн дараа 2022 оны 11 сарын 07-ны өдөр тооцоо нийлж ийм өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн 2023, 2024 онуудад манайд урамшууллаа аваад төлье, ланд-200 маркийн автомашинаар төлье гэх саналуудыг өгч, өр төлбөртэй гэдгийг хүлээн зөвшөөрч байснаа, шүүхэд маргаан гарах үед хуучин байсан гэж хэлж байна. Одоо шинэ, хуучин гэдгийг нь нотлох боломжгүй болсон үед сөхөж ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Комбайны тооцоог төлөхгүй гэж байсан учир үрлэгч рүү төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч 2021 онд 2 гэрээ байгуулах үед гэрээний хуваарьт заасны дагуу төлбөрийг тооцсон. Жишээ нь 2021/09 тоот үрлэгчийн гэрээний хавсралтад төлбөр төлөх хуваарьт 50,000 доллароор 2022 оны 11 сарын 15-ны өдрөөс өмнө төлөхөөр байгаа тул манай талаас 2 удаагийн төлсөн 50,000 долларыг хуваарийн дагуу тооцсон. 2021/11 тоот гэрээний төлбөрийг цувуулж төлсөн төлбөрийг комбайны төлбөрт тооцоо нийлж байсан тул манайх хуваарийн дагуу тооцож авч байсан, төлөлт хийсэн хугацааг нь харах юм бол комбайны төлөлт хийх хугацаа нь болсон байгаа. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасны дагуу манайх гэрээг доллароор хийсэн. Үйлдвэрлэгч компаниас өөрсдөө доллароор худалдан авдаг, мөн хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хүү төлдөг гэрээтэй. Бид доллароор гэрээ байгуулсан, энэ дагуу шаардах эрхтэй. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, 262.2.3-т хүү тооцож болно гэж заасан тул бид гэрээнд хүү тооцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тооцно гэж зааснаар бид нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож, тооцоо нийлсэн актад доллароор тооцож хасаж байгаа. Хариуцагч 846 сая төгрөг төлсөн гэж монгол мөнгөөр хэлж байна, бид орж ирсэн мөнгийг нь хэрхэн тооцсон талаар тооцооны баримтад үнийн дүнгээр нь он, сартай бичиж хассан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, хариуцагч “Ш ” ХХК-аас гэрээний үүрэгт 990,545,203.34 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Э ” ХХК-тай 2021 оны 04 сарын 29-ний өдөр 2021/09 дугаартай гэрээ хийж CASE IН АТХ 400 маркийн үрлэгч, 2021 оны 05 сарын 17-ны өдөр 2021/11 дугаартай гэрээ хийж авсан CASE IH AF 6140 комбайн, 2022 оны 01 сарын 05-ны өдөр 2022/01 дугаартай гэрээ хийж MASCHINO EXTRA 150 маркийн Урлан боогч зэрэг техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан болно. 2021/09 дугаартай гэрээнд заасан үрлэгч 178,000 ам долларын өртөгтэй, хүлээн авахад хойд талд байрлах үр хийх зориулалттай Функер хуучин байсныг хэлэхэд 2022 оны хавар сольж өгсөн. Төлбөр 178,000 ам.доллар төлөхөөс гэрээ хийж техник авахаасаа 9 сарын өмнө 2020 оны 08 сарын 11-ний өдөр 77,109.96 ам.доллар төлсөн, хөнгөлөлт 890,24 ам.дол эдлээд, үлдэгдэл 100,000 ам.доллар байсныг 2021 оны 11 сарын 18-нд 79,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 18- нд 101,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 10-ны өдөр 105,000,000 төгрөг, нийт 285,000,000 төгрөгийг тухайн үеийн ханшаар 100,000 ам.дол төлж дууссан. 2021/11 дугаартай гэрээнд заасан CASE ІН AF 6140 комбайн шинэ техник байгаагүй бөгөөд анх хүлээн авахад үйлдвэрийн доголдолтой байсан. Үүнийг тухай бүр нь худалдагчид хэлж засварчид ирж байсан боловч бүрэн ашиглалтад оруулж чадаагүй. 2021 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авсан 2021/11 гэрээнд заагдсан техник болох комбайн 2015 онд үйлдвэрлэгдсэн 6 жил ашиглагдаад засварт орсон байсан. Хүлээн авсан өдөр жатканы хөвөгч ажилладаггүй байдалтай ирсэн, техник хүлээлгэж өгөхөөр ирсэн хүн ажиллуулах гээд чадалгүй хөвөгчийн мэдрэгч солих шаардлагатай, бэлэн байхгүй захиалж авчирна гээд явсан. 2022 оны хавар жатканы хөвөгчийн мэдрэгчийг авчирж сольсон боловч бас ажиллаагүй. 2023 оны хавар ахиад янзлуулах гэж дуудлага өгөхөд ирсэн боловч засч чадалгүй явсан, одоо хүртэл засагдаагүй байгаа. Хүлээж авснаас 5 хоногийн дараа буюу 2021 оны 09 сарын 16-ны өдөр талбайд ажиллах гээд гаргасан боловч 1 цаг орчим ажиллаад хроп нь эвдэрч хөдлөхгүй байсан тул дуудлага өгч, худалдагч талаас ирж шалгаж задлахад тосолгооны суваг нь силкон цавуугаар бөглөгдөөд тосолгоогүй учраас шариг хайлж эвдэрсэн байсан. Тухайн үед бэлэн байгаа нь гэж хуучин сэлбэг орлуулж зассан. Энэ эвдрэл нь шинэ техник биш гэдгийг шууд нотлож байгаа юм. 2021 оны 09 сарын 16-ны өдөр засварчид нь ирэхэд кардан гол хуучин байсныг хэлэхэд 2022 оны хавар сольсон. 2021 оны 09 сарын 26-нд ар талын цайруулах хэсгийн голд байрлах шариг нураад техник ажиллах боломжгүй болж эвдрээд, засварчид 2021 оны 09 сарын 27-нд ирж хуучин сэлбэгээр солиод явсан бөгөөд 2022 оны хавар сольж өгсөн. Өөр жижиг эвдрэлүүд байнга гарч байсан. 2024 оны 09 сарын 28-нд цэврийн элеватраас их дуу чимээ гараад ажил хийх боломжгүй байдал үүсэхээр нь задлаад үзтэл гинж холбосон холбоос зориулалтын шифлентийн оронд хадаасаар холбочихсон дотор талаас нь гагнаад тогтоочихсон түр орлуулчихсан байсан. Энэ мэтчилэн удаа дараа эвдэрч түүнийг нь засуулсан боловч хэвийн ажиллагаатай болоогүй өнөөдрийг хүрсэн. Эвдрээд зогсох бүрд нь мэргэжлийн инженерт үзүүлэхэд шинэ биш хуучин техник байна гэсэн тайлбарыг хэлж байсан. 2021/11 дугаартай гэрээнд хүлээлгэн өгсөнөөс хойш 1 жилийн үйлдвэрийн баталгаа гаргана гэсэн боловч хүлээн авахад л үйлдвэрийн доголдолтой эсвэл санаатай хуучин техник өгснийг мэдэхгүй байна. Манай компани албан ёсны гэрээт борлуулагчаас өндөр үнэтэй техник худалдан авах гэрээ хийсэн гэж ойлгосон боловч илт хуучин техникийг нийлүүлсэн, үүнээс үүдэж ажлын бүтээмж муудаж чанарын шаардлага хангахгүй буудай хураагдаж, харилцагч байгуулагуудтай хамтран ажиллах боломжгүй болж улмаар үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй, хураасан буудайгаа борлуулж чадахгүй хаягдал болгох байдалд хүрч давхар, давхар хохироод байна. Тухайн гэрээний төлбөр болох 300,000 ам.доллараас 677,628,457 төгрөг тухайн үед шилжүүлэхдээ 84,217 ам доллараар тооцож техник өгч 15,783 ам.доллар хөнгөлөлт эдэлж, үлдэгдэл 200,000 ам.доллараас 2020 оны 10 сарын 10-ны өдөр 82,015,334 төгрөгт буудай, 2020 оны 10 сарын 14-нд 20,850,747 төгрөгийн буудай, дансаар 2021 оны 07 сарын 09-нд 20,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 12-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 27-нд 14,963,620 төгрөг, 44,963,620 төгрөг, 2022 оны 03 сарын 17-нд 14,000,000 төгрөгт тооцож пробокс маркийн машин өгөөд 58,963,620 төгрөгийн төлөлт хийсэн. Тухайн комбайныг авахад буудайгаар төлбөр тооцоог хийж болно гэсэн учраас манай компанид төлбөр төлөх дарамт болохгүй гэж үзээд, мөн албан ёсны гэрээт борлуулагч учир найдвартай гэж сонгосон. Үлдэгдэл төлбөр нь эрхийн доголдолтой комбайныг хэвийн ажиллагаатай болгож өгөх эсвэл ижил бараагаар сольсон тохиолдолд төлөхөд татгалзахгүй тухайгаа удаа дараа хэлж байсан. Тухайн эвдрэлүүдийг хүлээн зөвшөөрч e G фейсбүүк хаягаас s s хаяг руу зурвас илгээж байсныг баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэлд дурьдсан 277,665.09 ам долларыг төгрөгт шилжүүлэхдээ гэрээний 5.2-т заасан төлбөрийг төлөгдөх өдрийн Монгол банкны ханшаар тооцохоор байсан. Гэтэл нэхэмжлэгч төлбөр төлөгдөх хугацааны ханшаар бус 2024 оны 03 сарын 05-ны өдрийн ханшаар тооцож нэхсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талтай тооцоог дахин нийлж эвдрэлтэй техникийн хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцсон зүйлгүй. Одоог хүртэл комбайны эвдрэлийг хэрхэн шийдвэрлэх, манай компаний үндсэн үйл ажиллагаа доголдож, харилцагч нарт үүссэн үл ойлголцол, хохирлыг хариуцах эсэхийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байна. Эвдрэлтэй техникээс шалтгаалж чулуу ихтэй буудай хураагдаж, харилцагч байгуулагуудад нийлүүлэгдэж байна. Харилцагч байгуулагад нийлүүлсэн буудай чанарын шаардлага хангаагүй болох талаарх албан бичгүүд ирж буцаагдаад бүтэн жилийн хөдөлмөр талаар болж энэ олон ажилчдын хөлс хүч үнэгүйдээд байна. Шүүхэд өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. “Э ” ХХК-аас үрлэгчийг 178,000 ам.доллароор авсан, хэв үрлэгчийг түрүүлж авсан учир 100,000 долларыг эхний гэрээгээ дуусгавар болгох гэж шилжүүлсэн. Гэтэл 50,000 долларыг комбайн руу суутгасан байсан. 2021/09 дугаартай гэрээний үлдэгдэл 100,000 ам доллар үлдсэн тул 3 гүйлгээгээр шилжүүлсэн. Комбайн руу мөнгө төлөх сонирхолгүй байсан учир нь тухайн комбайн нь ажилд гараад эхний цагтаа хроп нь эвдэрсэн тул шинэ техник гэдэгт эргэлзэж эхэлсэн. 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд авсан 6 жил болсон комбайн шинэ байх уу гэхэд нэхэмжлэгч тал үзэсгэлэнд байсан, Хятад улсын зах зээл рүү биш, Замби руу нэхэмжлэгдсэн гэдэг. Замби руу тээвэрлэхийг Германы компани хийж байна. Тухайн Герман улсын компанийн захиралтай би 02 сарын 06-ны өдөр утсаар ярьж энэ комбайны талаар мэдээлэл гаргаж өгөөч гэхэд байгаа мэдээллээ хуваалцахад бэлэн байна гэж хариу өгсөн. 300,000 ам.доллароор авсан техник маань ирэхдээ ажилладаггүй, ирсэн эхний өдрөө хроп нь зуураад нам зогсдог, 4-5 хоногийн дараа шариг нь нураад унасан тул чанарын шаардлага хангахгүй гэж 2021/11 гэрээнээс татгалзаж байгаа. Урлан боогчийг комбайны дараа авсан, төлбөрийг төлөх гэхэд төлбөрийг комбайн руу шилжүүлчхээд байгаа учир энэ төлбөрийг төлөөгүй, гэхдээ энэ урлан боогчийн 40 сая төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Үрлэгчийн 170,000 ам.долларыг 100 хувь төлсөн гэж үзэж байгаа. 2021/11 тоот гэрээний комбайнд ноцтой асуудал гарсан тул үүний үнэн зөвийг нь олохоор гадаад харилцааны яам, сүүлд тээвэрлэгч Германы компанитай харилцахаар албан бичгээ өгсөн байгаа. Үйлдвэрийнх нь захирал нь толгой компанидаа шилжиж очсон, тухайн хүнтэй холбоо тогтоосон, дилерийн нэр хүндээ ашиглаж энэ том брэндийн компанийн нэр хүндийг унагаж байгаа Э ХХК-ийг дахин ийм зүйл хийлгэхгүйн тулд диллерийн эрхээс нь татгалзуулахаар тухайн компанид хүсэлт гаргаж байгаа. 2022 оны 11 сарын 07-ны өдөр тооцоо нийлсэн. Э ХХК-аас гаргаж өгсөн тооцоогоор энэ компаниас 1,362,560,000 төгрөгийн юм авахаас 846,525,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 516,000,000 төгрөг үлдсэн гэж байсан. 516 сая төгрөг үлдсэн гэж байж, хүү, алданги нь нэмэгдэж 990 сая төгрөг болсонд гайхаж байна. Комбайныг яагаад янзлуулсан бэ гэвэл би урьдчилгаанд өөрийнхөө комбайныг өгсөн, тэр жил Э ХХК нь 1 л комбайн авч ирсэн нь манайд өгсөн комбайн байсан. Тухайн үед буцаая гэхэд хураалт эхэлж байсан тул ямар нэгэн байдлаар ажиллуулах шаардлагатай болсон. 15 хоног ажиллаж дараа жил нь болдог, бусад үед нь орхичихдог байсан. Чанарын шаардлага хангахгүй ийм техник нийлүүлсэнд бүх хариуцлагыг тариаланч нар бид хүлээдэг, үүнд чанарын шаардлага хангахгүй, доголдолтой техник ирүүлсэн гэж үзэж байгаа тул гэрээнээс татгалзаж байна. Шижир-Од ХХК-аас 3 гэрээний төлөлтийг хийхдээ бэлэн төлөлтөөр 6 удаа, буудайгаар 2 удаа төлөлт, техникээр 2 удаа төлөлт хийсэн. Тооцоо нийлсэн акт гэдгээс хойш 2022 онд 2 удаагийн төлөлт байгаа, 105 сая төгрөг компанийн данснаас шилжсэн, мөн 2022 оны 03 сарын 17-ны өдөр суудлын тэрэг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээнд төлбөр төлөх өдрүүдийн огноог нэг бүрчлэн зааж өгсөн байгаа, тэр огноогоор төлөх өдрийг буюу үүргийн гүйцэтгэл тухайн огноогоор гэж үзэж байна. Харилцагч байгууллагатайгаа доллароор алданги төлдөг учир доллароор гэрээ байгуулсан гэж хэлдэг. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 4 дүгээр зүйлийн 4.4-ийг гэрээний үндсэн хэсэгт заасан байгаа, гэхдээ Улсын дээд шүүхээс 2009 оны 10 сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ямар үед ашиглах вэ гэх зохицуулалтыг нэг бүрчлэн хийсэн. Тухайн худалдах, худалдан авах гэрээнд энэ хуулийн заалтыг үндэслэл болгож гадаад валютаар төлбөр тооцоо нэхэмжилж, хүү, алданги тооцож, өнөөдрийн ханшаар валют өсөж байгаа гэдгээр аж ахуйн нэгжид санхүүгийн дарамт учруулж байгаа нь өөрөө эрх зүйн зохицуулалт биш байна, энэ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл, худалдах, худалдан авах гэрээг төгрөгөөр хийхийг зааж өгсөн зохицуулалт юм. Маргааны зүйл болох 2021/11 дугаартай гэрээний хугацаа хэтэрсэн тул алданги тооцох болсон гэж байгаа. Хугацаа хэтрэх үндэслэл нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хэтрэлт болсон. Комбайны эвдрэлийг 2021 оны 9 сард гарсан эвдрэлийг 2022 оны 5 сард засаж өгсөн, дараа нь 2023 оны эвдрэлийг засаж өгсөн, хамгийн сүүлд 2024 оны 9 сарын 28-ны өдөр эвдэрсэн гинж холбосон хадаасыг өнөөдрийг хүртэл засварлаж өгөөгүй байгаа. Тухай бүрд нь мэдэгдэж байсан гэдгийг мессенжер хаягт үзлэг хийж тогтоосон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Шижир-Од” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод төлбөр төлөх хугацаа хэтрэлт үүсээгүй, комбайныг засварлаж хэвийн үйл ажиллагаанд нь оруулах юм бол төлбөрөө төлье гэж удаа дараа ярьж байсан. 2023 онд хураасан буудайнаас хаягдал их гарсан, ердийн үйл ажиллагаа доголдуулсан учир 2024 оны буудайг нь манайх авахгүй гэж “Ө ” ХХК мэдэгдсэн ба 2024 оны буудайг өгөх харилцагч 1 байгууллагаа тухайн техникээс болж алдсан нөхцөл байдал үүссэн. 2024 оны тариа хураалтын өмнө тухайн компанийг ердийн үйл ажиллагаанд оруулсан бол буудайг бид нар өнөөдөр ямар нэгэн доголдолгүйгээр харилцагч байгууллагад нийлүүлэх боломжтой байсан, энэ нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгүүлэгчээс үүссэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан, энэ нь тухайн компанийг хэвийн үйл ажиллагаанд оруулах ёстой байсан гэх үүднээс комбайнтай холбоотой төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж байгаа. Нэмэлт хугацааг нэхэмжлэгч тал хавар засаад өгье, захиалга өгөөд солиод өгье гэж тогтоож байсан, нэмэлт хугацааг манай тал хүлээн зөвшөөрч ажил үйлчилгээг нь авч байсан. Доголдолтой хөрөнгийн баталгаат хугацаа 1 жил байсан, тэр нь дууссан гэж ярьдаг, гэтэл үүнд нэмэлт хугацаа явж байгаа. Хамгийн сүүлд 2024 оны 09 сарын 28-ны өдрийн эвдрэлийг өнөөдрийг хүртэл шалгаж авах боломжгүй эвдрэл байсан тул мэдсэнээс шалтгаалж нэмэлт хугацаа тогтоосон. Иймд гэрээний баталгаат хугацаанд манайх үүргээ гүйцэтгэсэн тул танайх үүргээ гүйцэтгэхгүй, төлбөрөө төлөхгүй байна гэдэг гэх ойлголт байхгүй, үүрэг гүйцэтгэхгүй байх үндэслэл нь нэхэмжлэгчээс болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-5/, итгэмжлэл /1хх-6, 167/, “Э ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх-7, 8-10, 168/, 2021.04.29-ний 2021/09 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, холбогдох баримт /1хх-11-19/, 2021.05.17-ны 2021/11 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, холбогдох баримт /1хх-20-36/, 2022.01.05-ны 2022/01 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, холбогдох баримт /1хх-37-48/, тооцооны баримт /1хх-49, 50/, Монгол банкны ханшийн лавлагаа /1хх-51/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-108-109/, 2024.11.05-ны комбайны талаарх албан бичиг англи, монгол хэл дээр /1хх-110-113/, 2021.09.10-ны Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх-114/
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: “Ш ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-61-62/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-68, 151-152/, 2024.11.08-ны хариу тайлбар /1хх-115-117/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-119-123/, комбайны фото зураг /1хх-124-134/, “Ө ” ХХК-ийн 2024.04.18-ны 01/33 дугаартай албан бичиг, шинжилгээний баримт /1хх-135-138/, монгол банкны ханшийн лавлагаа /1хх-147-150/, тооцооны баримт /1хх-153/, албан бичиг, хүсэлтүүд монгол, англи хэл дээр /1хх-242-250, 2хх-1-5/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Гаалийн ерөнхий газрын 2024.12.04-ний 01/1,2/5049 дугаартай албан бичиг, гаалийн бүрдүүлэлтийн баримт /1хх-173-199/, 2025.01.17-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /1хх-204-212, 213-215, 216-232/, 2025.01.28-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /2хх-17-22/
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч “Ш ” ХХК-д холбогдуулан
- 2021/11 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 138,226.82 ам.доллар, хүүгийн төлбөр 8,755.63 ам.доллар, алданги 52,940.87 ам.доллар, нийт 199,923.31ам.долларыг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 3,375.68 төгрөгөөр тооцож 674,877,119.1 төгрөгийг,
- 2022/01 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 11,276,712.33 төгрөг, алданги 1,960,000 төгрөг, нийт 53,236,712.33 төгрөгийг,
Нийт 990,545,203.34 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч нь 2021/09 дугаартай гэрээний төлбөрийг төлж барагдуулсан, 2022/01 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг болохыг зөвшөөрнө, 2021/11 дугаартай гэрээний дагуу хүлээлгэн өгсөн комбайн доголдолтой байснаас шалтгаалж компанид алдагдалтай нөхцөл байдлыг бий болгосон тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
4. Нэхэмжлэгч “Э ” ХХК болон хариуцагч “Ш ” ХХК-ийн хооронд дараах гэрээнүүд байгуулагдсан байна. Үүнд:
4.1. 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/09 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр “Э ” ХХК нь Саse ІН АТX400 загварын 8.5м өргөнтэй хийн үрлэгч механизм 1 ширхэгийг 178,000 ам.доллараар худалдах, урьдчилгаа 77,109.76 ам.долларыг төлсөн, гэрээний урамшуулал болгож 890.24 ам.долларыг хөнгөлөх, гэрээний дүнгийн 50,000 ам.долларыг 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс өмнө, 50,000 ам.долларыг 2022 оны 11 сарын 15-ны өдрөөс өмнө тус тус төлөх, урьдчилгаа төлбөрөөс бусад төлбөр дээр техник хүлээлгэн өгсөн өдрөөс хойш жилийн 8 хувийн хүү тооцож үндсэн төлбөрийн хамт тухай бүрд төлөх, барааг 2021 оны 04 сарын 30-ны өдрийн дотор Төв аймгийн Баянцогт суманд хүлээлгэн өгөх, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх-ийн 11-14/
4.2. 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2021/11 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр “Э ” ХХК нь Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмыг нийт 300,000 ам.доллараар худалдах, “Ш ” ХХК нь урьдчилгаа 84,217 ам.долларын төлбөрт Вектор-410 маркийн /621 мото.цагтай/ комбайныг тооцож 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс өмнө өгөх, гэрээний дүнгийн 15,783 ам.долларыг 2021 оны 05 сарын 25-ны өдрөөс өмнө, 100,000 ам.долларыг 2021 оны 11 сарын 15-ны өдрөөс өмнө, 100,000 ам.долларыг 2022 оны 11 сарын 15-ны өдрөөс өмнө тус тус төлөх, техник хүлээлгэн өгсөн өдрөөс хойш жилийн 8 хувийн хүү тооцож үндсэн төлбөрийн хамт тухай бүрд төлөх, барааг 2021 оны 09 сарын 10-ны өдрийн дотор Дархан хотод хүлээлгэн өгөх, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх-ийн 20-26/
4.3. 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2022/01 дугаартай Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр “Э ” ХХК нь Maschio extry 150 загварын Урлан боогч механизм 1 ширхгийг 60,000,000 төгрөгөөр худалдах, “Ш ” ХХК нь урьдчилгаа 20,000,000 төгрөгийн төлбөрт Tucan загварын преслэгч өгсөн, гэрээний үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 2023 оны 11 сарын 30-ны өдрөөс өмнө төлөх, урьдчилгаа төлбөрөөс бусад төлбөр дээр техник хүлээлгэн өгсөн өдрөөс хойш жилийн 15 хувийн хүү тооцож үндсэн төлбөрийн хамт тухай бүрд төлөх, барааг 2022 оны 01 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх-ийн 37-43/
5. Дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх тайлбарыг гарган гэрээний үүрэгт үндсэн төлбөрийг хүү, алдангийн хамт шаарджээ.
6. Зохигчийн хооронд байгуулсан гэрээгээр нэг тал нь техник, тоног төхөөрөмж, механизм зэргийг шилжүүлэх, нөгөө тал нь үнийг төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндэслэл болох бөгөөд зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдгаараа худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай ба зохигчийн хооронд байгуулсан гэрээнүүдэд урьдчилгаа төлбөрөөс бусад төлбөр дээр хүү тооцохоор заасан байгаа боловч зөвхөн хүү тохиролцсон гэдгээр тухайн гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Тодруулбал, худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох хариуцагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч “Э ” ХХК нь 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/09 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Саse ІН АТX400 загварын 8.5м өргөнтэй хийн үрлэгч механизмыг 2021 оны 05 сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд акт үйлдэн, 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2021/11 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмыг 2021 оны 09 сарын 01, 11-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд акт үйлдэн, 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2022/01 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Maschio extry 150 загварын Урлан боогч механизм 1 ширхгийг 2021 оны 10 сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд акт үйлдэн тус тус хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Техник хүлээлцэх актаар тогтоогдож байх ба барааг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар зохигч маргаагүй. /1хх-ийн 15-17, 27-35, 44-46/
8. Хариуцагч “Ш ” ХХК нь гэрээний төлбөрт 2021.07.09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021.07.12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021.07.27-ны өдөр 14,963,620 төгрөг, 2021.11.18-ны өдөр 79,000,000 төгрөг, 101,000,000 төгрөг, 2022.01.10-ны өдөр 105,000,000 төгрөгийг болон тодорхой хэмжээний төлбөртулаан буудай, техник, автомашин зэргийг тус тус шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр мөнгөн шилжүүлэг болон шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй боловч хариуцагч төлсөн төлбөрийг гэрээ тус бүрээр тооцоогүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн. /хх-ийн 119, 120, 121, 122, 123, 146/
9. Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгө болон техник хэрэгслийг төлбөрийг дараах байдлаар тооцон гэрээний үүргийг тодорхойлжээ. Үүнд.
9.1. 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/09 дугаартай гэрээний зүйл болох Саse ІН АТX400 загварын 8.5м өргөнтэй хийн үрлэгч механизмын төлбөрийг 178,000 ам.доллароор тохирч, хариуцагч гэрээ байгуулахаас өмнө урьдчилгаа 77,109.76 ам.доллар /2020.08.21-ний өдөр 41,075 ам.долларт техник, 2020.10.10-ны өдөр 28,729.93 ам.долларт улаан буудай, 2020.10.24-ний өдөр 7,305.03 ам.долларт улаан буудай/-ыг төлсөн, нэхэмжлэгчээс гэрээний урамшуулал болгож 890.24 ам.долларыг хөнгөлж, хариуцагчийн 2021 оны 11 сарын 18-ны өдөр шилжүүлсэн мөнгөнөөс 50,000 ам.доллар буюу нийт 128,000 ам.долларыг төлсөн, гэрээнд заасны дагуу 2022 оны 11 сарын 15-ны өдөр төлөх 50,000 ам.долларыг төлөөгүй гэж.
9.2. 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2021/11 дугаартай гэрээний зүйл болох Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмын төлбөрийг 300,000 ам.доллараар тохирч, урьдчилгаа 83,164 ам.долларын төлбөрт Вектор-410 маркийн /621 мото.цагтай/ комбайныг тооцож, нэхэмжлэгчээс гэрээний урамшуулал болгож 890.24 ам.долларыг хөнгөлж, хариуцагчийн шилжүүлсэн мөнгөнөөс 2021.07.09-ний өдөр 7,020.15 ам.доллар, 2021.07.12-ны өдөр 3,510.19 ам.доллар, 2021.07.27-ны өдөр 5,252.66 ам.доллар, 2021.11.18-ны өдөр 13,180.50 ам.доллар, 2022.01.10-ны өдөр 36,847.92 ам.доллар, 2022.03.17-ны өдөр 4,820.02 ам.долларт суудлын автомашин тооцон нийт 168,795.44 ам.долларыг төлсөн, гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 138,226.82 ам.долларыг төлөөгүй гэж,
9.3. 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2022/01 дугаартай гэрээний зүйл болох Maschio extry 150 загварын Урлан боогч механизмын төлбөрийг 60,000,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 20,000,000 төгрөгт Tucan загварын преслэгч техник тооцон төлсөн, гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөг төлөөгүй гэж.
10. Хариуцагч нь дээр дурдсан тооцооллыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд 2021 оны 11 сарын 18-ны өдөр 79,000,000 төгрөг, 101,000,000 төгрөгийг 2021/09 дугаартай гэрээний төлбөрийн үлдэгдэл 100,000 ам.долларыг төлж дуусгахаар шилжүүлсэн байхад 50,000 ам.долларыг уг гэрээний төлбөрт тооцож, үлдэх 50,000 ам.долларыг 2021/11 дугаартай гэрээний төлбөрийн үүрэгт тооцсон нь үндэслэлгүй, 2021/09 дугаартай гэрээний үүрэгт зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч 2021/09 дугаартай гэрээний төлбөрийн үлдэх 50,000 ам.долларыг 2022 оны 11 сарын 15-ны өдөр төлөх буюу төлөх хугацаа нь болоогүй байсан тул тухайн цаг хугацаанд төлбөрийн хугацаа нь болсон байсан 2021/11 дугаартай гэрээний 100,000 ам.долларын төлбөрт тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.
11. Хариуцагч нь 2021/11 дугаартай гэрээний зүйл болох Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизм нь шинэ бус эвдрэл гэмтэлтэй техник байсны улмаас ургац хураалтын ажлын бүтээмжид нөлөөлж чанарын шаардлага хангахгүй буудай хураагдаж, буудайгаа харилцагч байгууллагуудад борлуулж чадахгүй хаягдал болгох байдалд орж хохирсон гэсэн үндэслэлээр тус гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж, комбайныг хэвийн ажиллагаатай болгож өгөх эсвэл ижил төрлийн бараагаар сольж өгсөн тохиолдолд төлбөрийг төлнө гэх тайлбарыг гаргаж маргаж мэтгэлцсэн.
12. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараа үзвэл нэхэмжлэгч “Э ” ХХК нь газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа зуучлал, засвар үйлчилгээ эрхлэн явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд хариуцагч “Ш ” ХХК нь өөрийн хэрэгцээ шаардлагын үндсэн дээр тус байгууллагад хандан газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “Э ” ХХК нь гэрээнд дурдсан газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжүүдийг шууд хариуцагч “Ш ” ХХК-д худалдах саналыг гаргаагүй ба хариуцагч нь худалдан авах техник, тоног төхөөрөмжүүдийг өөрөө сонгон, улмаар худалдан авах саналыг гаргаж, талууд үнэ болон бусад нөхцлийг харилцан тохирч гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж, 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулсан маргаан бүхий 2021/11 дугаартай гэрээнд худалдан авагчийн сонгосон, гэрээнд тусгасан үзүүлэлт, тоо ширхэг бүхий бараа, тоног төхөөрөмжийг нийлүүлэх талаар дурдаж, Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмын чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байх ба худалдагч болох нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой тоног төхөөрөмжийг худалдах үүргийг хүлээнэ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2021/11 дугаартай гэрээний зүйл болох Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмыг 2021 оны 09 сарын 01, 11-ний өдөр Техник хүлээлцэх акт үйлдэн хүлээлцсэн мөн комбайн болон жатканы тодорхой эвдрэл гэмтэлтэй холбоотой техникийн засвар үйлчилгээ хийгдэж байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч нь худалдан авсан тоног төхөөрөмжийг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд зохигчийн хооронд байгуулсан 2021/11 дугаартай гэрээний 7.2.4, 7.2.5-д энэ талаар заасан байх боловч худалдан авагч тал болох хариуцагч нь Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмын эвдрэл гэмтэл, доголдолтой холбогдуулан техник, тоног төхөөрөмжийг хүлээн авсан хугацаанаас хойш гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах саналыг гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч гэрээг цуцлах саналыг гаргаагүй байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу худалдагч тал болох нэхэмжлэгч нь зориулалтын дагуу ашиглах боломжтой техник, тоног төхөөрөмжийг худалдах үүрэгтэй ба худалдан авагч хариуцагч нь худалдан авсан тухайн гэрээний зүйл доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүснэ.
Хариуцагч нь гэрээний зүйл болох Case IH AF6140 загварын комбайн, 9м шуудын жатка, 4м подборщик механизмын чанар, одоогийн байгаа байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан байгаа байдлаар нь худалдан авсан тохиолдолд гэрээний зүйлийг тэрхүү байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь комбайн болон жатканы эвдрэл гэмтэлтэй холбогдуулан худалдагч талд хандан засвар үйлчилгээ хийлгэж, ашиглаж байсан үйл баримтаас үзэхэд гэрээний зүйлийг байгаа байдлаар нь хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, 255.1.2.-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан бөгөөд хариуцагч “Ш ” ХХК нь нэхэмжлэгч буюу худалдагчийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй техник, тоног төхөөрөмжийг зарсан, эд хөрөнгийг доголдолгүй байдлаар худалдаагүй гэдгээ нотлох ёстой хэмээн буруутгах боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
13. Зохигчийн хооронд байгуулсан 2021/09, 2021/11 дугаартай гэрээнүүдэд гэрээний төлбөрийг тооцох нэгж буюу ам.доллараар төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй боловч хариуцагч нь гэрээний төлбөрийг төлөх өдрийн ханшаар тооцох ёстой байхад төлбөрийг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн ханшаар тооцож шаардсан нь үндэслэлгүй байна гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, мөн хуулийн 218 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2021/09, 2021/11 дугаартай гэрээний төлбөрийн үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2024 оны 03 сарын 05-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 3,375.68 төгрөгөөр тооцож шаардсан нь хуульд нийцнэ.
14. Зохигчийн хооронд байгуулсан 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/09 дугаартай, 2021 оны 05 сарын 17-ны өдрийн 2021/11 дугаартай, . 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 2022/01 дугаартай гэрээнд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдлээс алданги тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй болох нь тогтоогдож байх тул гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбогдох алдангийг төлөх үүргийг хүлээнэ.
Зохигч анз тогтоосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,1 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
15. Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй болно.
16. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч “Ш ” ХХК-ийн гэрээний үүргийг дараах тайлбараар тодорхойлов. Үүнд.
- 2021/09 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 50,000 ам.доллар, алданги 19,150 ам.доллар, нийт 69,150 ам.долларыг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 3,375.68 төгрөгөөр тооцож 233,428,272 төгрөгийг,
- 2021/11 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 138,226.82 ам.доллар, алданги 52,940.87 ам.доллар, нийт 191,167.69 ам.долларыг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханш 3,375.68 төгрөгөөр тооцож 645,320,947.77 төгрөгийг,
- 2022/01 дугаартай гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг, алданги 1,960,000 төгрөг, нийт 41,960,000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч “Ш ” ХХК-аас гэрээний үүрэгт нийт 920,709,219.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69,835,983.57 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
17. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,110,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 4,761,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ш ” ХХК-аас 920,709,219.77 /есөн зуун хорин сая долоон зуун есөн мянга хоёр зуун арван есөн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 69,835,983.57 /жаран есөн сая найман зуун гучин таван мянга есөн зуун наян гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,110,676 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,761,496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/09980 дугаартай захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР