Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт М.Э-д холбогдох 1805003700045 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамж 40 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙЕ... регистрийн дугаартай, Г овогт М.Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хохирол 210.000 төгрөг шилжүүлсэн. Миний үйлдлээс болж хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Э-н өгсөн:

            “... Ганбаатар гар утас алга болчихлоо пизда лалар энэ тэр гээд хажуугаар нь явсан хүмүүс рүү дайраад байсан. Тэгэхээр нь би Ганбаатарыг явъя гээд таттал миний толгой руу цохихоор нь би барьж аваад чи яаж байгаа юм гэтэл намайг зайл пизда минь гэсэн. ...Би Ганбаатарын хувцаснаас нь зуурч татсан чинь газар унаад босоод ирэхэд баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-н өгсөн:

            “... Э-н хамт 2017 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 20 цаг өнгөрч байхад суугаад явж байх замдаа бид хоёр нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад явсаар байгаад Улаанбаатар хотод ирээд хамт явсан залуу Гандангийн тэнд бууна гэхээр нь Э бид хоёр тэнд нь хамт буухаар болсон. Тэгээд нөгөө такси Гандангийн арын автобусны буудал дээр ирээд зогсоод Э бид 2 буутал Э дэлгүүр рүү ороод ундаа аваад гарч ирээд манайд хамт очъё гэхээр нь би гэртээ харина гээд тэрнээсээ болоод бид хоёр хоорондоо маргалдаад намайг цохиод яваад өгсөн. ... Миний зүүн хөмсөг задарч 4 оёдол тавиулсан. Намайг гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 842 тоот: 

1. Б.Ганбаатарын биед зүүн хөмсөгт шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

 

                  - Хохирогч Б.Ганбаатарын хохирлын баримтууд /хх-н 27-31/,

                  - Хохирол төлсөн баримт /хх-н 32/

- Хохирогч Б.Ганбаатарын “Энх-Амартай эвлэрч, хохирлыг төлж хохиролгүй болгосон тул хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 64/

- Шүүгдэгч М.Э-н “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 50/

 

Шүүгдэгч М.Э-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч З.Даваадоржийн өгсөн:

“... М.Э даруухан төрөл садангийн үгэнд сайн ордог, ажилсаг, заримдаа л архи уудаг ...” гэх мэдүүлэг /хх-н 18/

Мөрдөн байцаалтад гэрч Р.Нарангэрэлийн өгсөн:

“... Би анх өөрийн нөхөр болох Э 2004 онд танилцаад ... 2017 онд хамт амьдарч эхлээд дундаасаа 1 охинтой амьдарч байна. Манай охин одоо 1 нас 6 сартай. М.Э нь надтай танилцах үед Мөнхийн үсэг ХХК-д жолооч хийдэг байсан. Түүнээс хойш микроавтобусанд явж, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг . .. гэрийнхэнтэйгээ эелдэг, гэрийн ажилд сайн, ажилсаг, хөдөлсөрч зантай ...” гэх мэдүүлэг /хх-н 20/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /хх-н 43 дугаар хуудас/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Э холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.Э-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

                  Шүүгдэгч М.Э нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн урд талын автобусны буудал дээр иргэн Б.Ганбаатартай маргалдан, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

                  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Э-н “...            Миний үйлдлээс болж хохирогчид гэмтэл учируулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

                  мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Э-н мэдүүлсэн “...Ганбаатарыг явъя гээд таттал миний толгой руу цохихоор нь би барьж аваад чи яаж байгаа юм гэтэл намайг зайл пизда минь гэсэн. ...Би Ганбаатарын хувцаснаас нь зуурч татсан чинь газар унаад босоод ирэхэд баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан ...” гэх,

                  хохирогч Б.Ганбаатарын мэдүүлсэн “...Э бид 2 буутал Э дэлгүүр рүү ороод ундаа аваад гарч ирээд манайд хамт очъё гэхээр нь би гэртээ харина гээд тэрнээсээ болоод бид хоёр хоорондоо маргалдаад намайг цохиод яваад өгсөн. ... Миний зүүн хөмсөг задарч 4 оёдол тавиулсан ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 842 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Ганбаатар нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 51/, болон “... гомдол санал байхгүй ...” /хх-ийн 64/ гэх хүсэлт зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч М.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Э-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан торгох ял биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г овогт М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э-ыг торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, М.Э бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э-т  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ