Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00214

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2020/03171 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч МОУБТЗН-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50 923 839 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох төлбөрөөс 41 271 071 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Т,

Хариуцагч: Д.Ц, Ч.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК болон УБТЗН-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 18/434 тоот худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18/436 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. 18434 тоот гэрээгээр Б ХХК нь нийт 29 734 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн, 18/436 тоот гэрээгээр 38 331 737 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/274 тоот гэрээгээр 94 728 175 төгрөгийн бараа нийлүүлсэн ба гэрээний 2.2.3-т заасны дагуу УБТЗН нь 4 536 410 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн. Гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн ба үүнээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн, мөнгийг буцааж төлөөгүй байна. УБТЗН нь 18/434, 18/436 тоот гэрээгээр УБТЗН нийт 68 075 737 төгрөг, 18/274 тоот гэрээний барьцаа 4 536 410 төгрөг нийт 72 612 147 төгрөгийг төлөх байснаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 29 475 087 төгрөгийг төлсөн. УБТЗН мөнгөө дутуу төлсөн шалтгаанаа талуудын хооронд өмнө нь байгуулагдаж байсан 18/035 тоот гэрээгээр нийлүүлэгдсэн Fish eye брэндийн гадна камер, бичигч гэх мэт бараа бүтээгдэхүүнийг тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн үнийн зөрүү 32 480 000 төгрөг, 18/274 тоот гэрээний дагуу суурилуулалтын зардал 5 294 028 төгрөг, алданги 1 607 836 төгрөг нийт 6 901 867 төгрөг, 18/434 тоот гэрээний үнийн дүнгээс 1 953 600 төгрөгийн алданги, 18/436 тоот гэрээний алдангид 1 801 592 төгрөг нийт 43 137 059 төгрөгийг суутгаж шилжүүлсэн гэж тайлбарладаг. Үүнээс суутгасан гэх 32 480 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Улаанбаатар төмөр зам нь 18/035 дугаар гэрээний дагуу хяналтын камер, холбогдох бараа бүтээгдэхүүний үнийн саналыг авахаар хандсаны дагуу манайх үнийн санал илгээсэн. Манай компанийн зүгээс дарамталж, хууль бус аргаар гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцож тогтоосон үнийн дүнгээр уг гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу үүргээ биелүүлсэн, УБТЗН 18035 тоот гэрээний дагуу үнийг төлсөн. УБТЗН гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хэрнээ манайхаас алданги нэхэмжилсэн тул манайх бас алданги нэхэмжлэх болсон. Энэ гэрээний 2.3-т Барааг нийлүүлснээс хойш 10 хоногийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэж заасны дагуу тооцвол 5 313 462 төгрөгийг бидэнд төлнө. Мөн 2018 оны 10 дугаар сарын 11-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 хоногийн алданги 86 191 төгрөгийг 81 хоногоор тооцож 9 981 471 төгрөгийг төлөх үүрэг хүлээж байгаа юм. 2 дахь гэрээний алдангийн хувьд гэрээний 2.2.3-т заасан барьцаа 4 536 410 төгрөгийг хасаж тооцоод үлдэх 86 000 000 төгрөгөөс алданги тооцох нь зүйтэй. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хувьд баталгаат хугацаа болох 12 сарын хугацаанд ямар нэг доголдол илрээгүй, гэтэл 4 536 410 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний 2.2.2-т зааснаар алдангийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тооцож 1 655 780 төгрөгийг манайд төлөх үүрэгтэй. Үүнээс харвал хариуцагч нь 18/274 тоот гэрээний дагуу 8 637 251 төгрөгийн алданги, 18/035 тоот гэрээний алдангид 5 313 462 төгрөг нийт 13 950 713 төгрөгийг төлөх байсан. Харин Б ХХК нь 18/035 тоот гэрээний 1.1-т заасны дагуу барааг 10 хоногийн дотор нийлүүлэх хугацаагаа 17 хоногоор хоцроосон тул 1 542 618 төгрөгийг, 18/274 тоот гэрээний хугацааг 9 хоногоор хоцроосон тул 816 555 төгрөгийг тус тус зөвшөөрч Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан тооцох юм. Үүнээс тооцвол УБТЗН ээс гэрээний үүрэгт 43 087 491 төгрөг, алданги 7 836 348 төгрөг нийт 50 923 839 төгрөгийг нэхэмжилж байна. УБТЗН тэй тохирсон үнээс илүү үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй. УБТЗН барааны үнийг шилжүүлсэн байдаг. УБТЗН гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй атлаа манай байгууллагаас алданги нэхэмжилсэн. Харин Б ХХК-ийн хувьд 18/035 тоот гэрээний 1.1-т заасны дагуу барааг 10 хоногийн дотор нийлүүлнэ гэж заасныг зөрчиж бараа нийлүүлэх үүргээ 17 хоногоор хоцроосон тул 1 542 618 төгрөгийн, 18/274 тоот гэрээний 1 дүгээр хавсралтад зааснаар бараа бүтээгдэхүүнийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэж өгөх байсан үүргээ 9 хоногоор зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч 816 555 төгрөгийг хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар харилцан тооцох юм. Талууд гэрээг 2018 онд байгуулсан, үнэ нь бага зэрэг зөрүүтэй боловч бид өөрсдийнхөө эрсдэлийг даван туулах шаардлага үүснэ. Сөрөг нэхэмжлэлээр 41 271 070 төгрөгийг хүчингүй болгуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2018 оноос хойш 18/035, 18/274, 18/434, 18/436 дугаартай худалдах, худалдан авах 4 гэрээ байгуулсан. УБТЗН 18/035 дугаартай гэрээний төлбөрийг шилжүүлсний дараа Дотоод аудит, хяналтын албанаас Б ХХК-тай байгуулсан гэрээнд хяналт шалгалт хийж, 18/035 дугаартай гэрээний нийлүүлэх ёстой бараанаас загвар зөрүүтэй, зах зээлийн ханшаас өндөр үнээр нийлүүлсэн. Гэрээгээр 9 нэр төрлийн бараа нийлүүлэх байсан ба 1 ширхэг камерыг 1 770 000 төгрөгөөр тооцож 14 ширхэгийг нийлүүлсэн. Гэтэл камерын ширхгийн үнэ 350 000-900 000 төгрөгийн ханштай байсан. Б ХХК нь 18/035 тоот гэрээгээр 32 480 000 төгрөгийн илүү үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байдаг. Харин энэ тухай мэдэх үед 18035 дугаартай гэрээний төлбөр төлөгдсөн байсан тул дараагийн гэрээний төлбөрөөс хасаж тооцсон. Зах зээлийн үнэ ханшнаас өндөр үнэтэй бараа нийлүүлсэн гэдгийг Оюу-Номин компанийн захирал Батмөнхийн гэрчийн мэдүүлэг байдаг. Б ХХК нь манай байгууллагыг хууран мэхлэх замаар буюу өөрийнхөө харьяа компаниас үнийн санал ирүүлж арай бага үнийн саналыг хүлээн зөвшөөрүүлэх замаар 18035 дугаартай гэрээг байгуулсан нь тогтоогддог. 18/274 дугаартай гэрээний 3.3.2-т зааснаар ...Худалдагч бараа бүтээгдэхүүнийг хавсралтад заасан газар өөрийн зардлаар үнэ төлбөргүй хүргэж угсарч, суурилуулж өгнө... гэж заасан. Б ХХК нь угсарч, суурилуулах үүргээ биелүүлээгүй, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Иймд суурилуулалтын зардлыг төлсөн 29 000 000 төгрөгт оруулж өгсөн. УБТЗН төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Манайх 18/035 дугаартай гэрээний бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнэ ханшнаас өндөр үнээр нийлүүлсэн гэж үзээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэлээ тайлбарласан. Үүнд: 18/035 дугаартай гэрээний 3.1.2-т заасны дагуу бараа, бүтээгдэхүүн хугацаандаа нийлүүлээгүй барааны алданги 3 428 040 төгрөг, зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн 32 480 000 төгрөгийг хүчингүй болгуулах, 18274 дугаартай гэрээний 3.2.1-т заасны дагуу бараа бүтээгдэхүүн хугацаандаа нийлүүлээгүйгээс үүссэн алданги 1 607 839 төгрөг, 18434 дугаартай гэрээний 1 953 600 төгрөг, 18436 дугаартай гэрээний алданги 1 801 592 төгрөг нийт 41 271 070 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН ээс 49 152 247 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 771 592 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б ХХК-ийн нэхэмжлэлээс 41 152 247 төгрөгийг хүчингүй болгохыг хүссэн УБТЗН-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513 750 төгрөг, хариуцагч УБТЗН ээс төлсөн 347 165 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 406 280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 18/035 тоот камер, түүний дагалдах хэрэгслэлүүдийг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр тохирсон бараа бүтээгдэхүүнийг худалдагч тал 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр акт үйлдэн худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. Иймд барааны баталгаат хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болохоор байна. Иргэний хуулийн 254 зүйлийн 254.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар УБТЗН нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 07/197 тоот Гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгээр нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүд нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэйгээр нийлүүлэгдсэн болохыг Б ХХК-д мэдэгдсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. Дээрх гэрчийн мэдүүлэг болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 9.6.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үнэн бодит зүйлийг агуулсан нотлох баримт юм. Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад тухайн нотлох баримтыг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заалтыг тус тус зөрчсөн байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь ХХ/18/035 гэрээний хувьд Б ХХК нь камер болон түүний дагалдах хэрэгслийг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр УБТЗ ХНН-т нийлүүлсэн. Тухайн 2018 онд УБТЗ ХНН нь Б ХХК-тай гэрээ байгуулан камер болон түүний дагалдах хэрэгслийг худалдан авахдаа Үнийн комиссын сонгон шалгаруулалтаар шийдвэрлэсэн, тухайн компани сонгон шалгаруулалтанд оролцож сонгогдсон байдаг. Үүний үр дүнд Б ХХК нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй боловч сонгон шалгаруулалтанд оролцсон компаниудаас бага үнэтэй байсан тул сонгон шалгаруулалтыг үнэлсэн гишүүд нь үнийн хувьд төөрөгдсөн төдийгүй өмнө нь тухайн компанитай хамтран ажиллаж байсан итгэлцлийн онцгой харилцааны үндсэн дээр сонгон шалгаруулсан. Энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүд нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэйгээр нийлүүлэгдсэн болохыг Б ХХК-д мэдэгдсэн байна. Гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахгүйгээр зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн үнийн зөрүүгийн дүн болох 32 480 000 төгрөгөөр хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Харин УБТЗ ХНН нь ХХГ/18/436, ХХГ/18/434 тоот гэрээнүүдийн 3.1.2-т заасны дагуу Б ХХК-аас хугацаандаа нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн алдангийг гаргуулах шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. Б ХХК-ийн хугацаандаа нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүний хугацааны алдангийг тооцвол нийт алданги 3 704 812 төгрөг болж байна. Б ХХК-аас гэрээний дагуу төлөх үүрэг бүхий алдангийг хүчингүй болгож, гэрээнд заагдаагүй үүргийг УБТЗН т хүлээлгэсэнээр талуудын эрх тэгш байдлыг хангаагүй шийдвэр гаргасан. Түүнчлэн ХХ/18/274 гэрээний 3.3.2-д зааснаар бараа бүтээгдэхүүнийг Б ХХК нь угсарч, суурьлуулах үүрэгтэй байсан. Гэтэл худалдагч нь тухайн бараа бүтээгдэхүүний суурьлалтыг хийгээгүй тул угсралт, суурьлуулалтын зардал болох 5 294 028 төгрөгийг удаа дараа нэхэмжлэгчийн төлбөрт суутгахыг мэдэгдэж байсан. УБТЗН-ийн шаардлагын дагуу Б ХХК нь дээрх үүргийг биелүүлээгүй тул УБТЗ ХНН нь үүргийн гүйцэтгэлдээ суурьлуулалт угсралтын зардлыг суутган тооцуулах шаардлагыг шүүх шийдвэрлээгүй. Иймд хариуцагчаас хэт нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасан нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчиж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна. Мөн худалдан авагч нь гэрээний дагуу барьцаа төлбөрийг гэрээний 1.1.1-д заасны дагуу худалдагч тал үүргээ зохих ёсоор биелүүлсэнээр худалдан авагч барьцаа төлбөрийг худалдагчид олгохоор тохиролцсон. Гэтэл худалдагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу суурьлуулалт, угсралтын зардлыг худалдан авагч талд төлөөгүй тул барьцаа олгохгүй саатуулсан. Шүүх анзыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу УБТЗН-ийн гэм буруугүй байдлыг харгалзан барьцаа 5 хувьд ногдох 1 147 608 төгрөгийг алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нийт 44 605 654 төгрөгийг Улаанбаатар төмөр зам нийгмэлгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй төдийгүй нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн дагуу үнэлээгүй, хариуцагчийг мэтгэлцэх зарчимаар хангаагүй, сөрөг нэхэмжпэлийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан, мөн нэхэмжилж буй гэрээний төлбөрийг тооцохдоо тооцооны алдаа гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд хянан үзэж, мөн хуулийн 168.1.1, 168.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 43 087 491 төгрөг алдангид 7 836 348 төгрөг нийт 50 923 839 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Б ХХК-д холбогдох төлбөрөөс 41 271 071 төгрөгийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаа худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

Эхний 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18/435 дугаартай худалдах, худалдан авах гэрээг Б ХХК-тай Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН нь байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь 9 нэр төрлийн техникийн үзүүлэлт бүхий хяналтын камерын системийг, 14 хоногийн дотор нийлүүлэх, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН барааг хүлээн авснаас 10 хоногт багтаан 85 701 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /хх-12-15/

 

Дээрх гэрээний 2.3 болон 6.2-т талууд хэн аль нь үүрэг зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

 

Хэргийн 20-22 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон 9 нэр төрлийн үзүүлэлт бүхий камерын системийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн, хэргийн 73 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нийлүүлсэн барааны үнэ 85 701 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хоёр дахь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/274 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК хяналтын 42 нэр төрлийн камерын тоног төхөөрөмжийг гэрээний хавсралтын 1-д заасан 14 хоногийн дотор нийлүүлэх, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН барааг хүлээн авснаас 10 хоногт багтаан 90 728 175 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний 2.2 болон 3.1.2-т талуудын хэн аль үүрэг зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр, мөн гэрээний 2.2.3-т барааны үнийн дүнгийн 5 хувийг баталгаат хугацаа дуусах хүртэл барьцаа болгон авч үлдэхээр талууд тохирсон байна.

 

Хэргийн 32 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон 42 нэр төрлийн камерын тоног төхөөрөмжийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн, хэргийн 76 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийлүүлсэн барааны үнэ 90 727 175 төгрөгийг шилжүүлсэн болох нь бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн хүлээн авсан акт, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Гурав дахь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/434 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК хяналтын камер болон дагалдах тоног төхөөрөмжийг гэрээний хавсралтын 1-д заасан 14 хоногийн дотор нийлүүлэх, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН барааг хүлээн авснаас 21 хоногт багтаан 29 744 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний 3.1.2-т худалдагч нь гэрээний хавсралтад заасан хугацаанд барааг худалдан авагч талд нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр талууд тохирсон байна.

 

Хэргийн 40-50 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон камер болон дагалдах тоног төхөөрөмжийг 2019 оны 01 дүгээр сарын 08, 2019 оны 01 дүгээр сарын 15, 2019 оны 02 дугаар сарын 20, 2019 оны 3 дугаар сарын 01, 2019 оны 4 дүгээр сарын 20, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд хүлээлгэн өгсөн, 1 дүгээр хавтаст хэргийн 12-130 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийлүүлсэн барааны үнэ 29 475 087 төгрөгийг шилжүүлсэн болох нь бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн хүлээн авсан акт, 1 дүгээр хавтаст хэргийн 73-78 дугаар тал дах Хаан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Дөрөв дэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18/436 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК утаа мэдрэгч, дохиололын нэгдсэн систем болон дагалдах тоног төхөөрөмжийг гэрээний хавсралтын 1-д заасан 10 хоногийн дотор нийлүүлэх, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН барааг хүлээн авснаас 21 хоногт багтаан 38 331 737 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний 3.1.2-т худалдагч нь гэрээний хугацаанд барааг худалдан авагч талд нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр талууд тохирсон байна.

 

Хэргийн 58-62 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон камер болон дагалдах тоног төхөөрөмжийг 2019 оны 01 дүгээр сарын 15, 2019 оны 02 дугаар сарын 20-ны бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан акт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Дээрх дөрвөн худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Эдгээр 4 гэрээнээс эхний 18/435 тоот гэрээний үүрэгт 85 701 000 төгрөг, хоёр дахь 18/274 тоот гэрээний үүрэгт 90 728 175 төгрөг тус тус төлсөн, хоёр дахь гэрээний 2.2.3-т заасан барьцаа 5 хувь болох 4 536 410 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн 90 278 175 төгрөгөөс хасч буцаан өгсөн талаар талууд маргахгүй байна.

 

Талууд 18/274 тоот гэрээний 3.2.1-д бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш баталгаат хугацааг 12 сар, уг хугацаанд доголдол илэрвэл доголдлыг арилгах, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээр солихоор тохиролцохдоо мөн гэрээний 2.2.3-т гэрээний үнийн дүнгийн 5 хувийг баталгаат хугацаа дуусах хүртэл барьцаа болгон авч үлдэхээр тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр тохиролцсон баталгаат хугацааны дотор доголдол илрээгүй, уг баталгаат хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дууссан тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хариуцагчаас барьцаанд авч үлдсэн 4 536 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн 128 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгчид хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 18/434 тоот, 1/436 тоот гэрээний төлбөрт 14 251 087 төгрөг, хэргийн 129 дүгээр тал дахь баримтаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 18/434 тоот гэрээний төлбөрт 9 680 000 төгрөг, хэргийн 130 дугаар тал дахь баримтаар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5 544 000 төгрөг нийт 29 475 087 төгрөг төлснийг шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 3 дахь 18/434 тоот гэрээний төлбөрт төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгчид хариуцагч нь дөрөв дэх 18/436 тоот гэрээгээр худалдан авсан барааны үнэ болох 38 331 737 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хариуцагчаас 38 331 737 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь зөв байв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 18/435 тоот гэрээгээр хариуцагчийн захиалсан барааг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор нийлүүлэхээс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нийлүүлсэн, нэхэмжлэгч нь 18/274 тоот гэрээгээр хариуцагчийн захиалсан барааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дотор нийлүүлэхээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийлүүлсэн, нэхэмжлэгч нь 18/434 тоот гэрээгээр хариуцагчийн захиалсан барааг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор нийлүүлэхээс 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр барааг нийлүүлсэн, нэхэмжлэгч нь 18/436 тоот гэрээгээр хариуцагчийн захиалсан барааг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэхээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлсэн үйл баримт 1 дүгээр хавтаст хэргийн 20-22, 32, 40-50, 58-62 дугаар тал дахь баримтаар тогтоогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр тохирсон хугацаанд барааг нийлүүлэх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 18/274 тоот гэрээгээр алдангид 1 147 608 төгрөг, 18/436 тоот гэрээгээр алдангид 5 684 018 төгрөг гаргуулсныг дараах байдлаар залруулах боломжтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 7 836 348 төгрөг гаргуулахаар шаардсаныг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 18/435 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн нь зах зээлийн үнэ ханшаас өндөр тул 32 480 000 төгрөгийг хасуулах, 18/274 тоот гэрээний алданги 1 607 839 төгрөг, 18/434 тоот гэрээний алданги 1 953 000 төгрөг, 18/436 тоот гэрээний алданги 1 801 592 төгрөг нийт 41 271 071 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 18/435 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээс үнэтэй байсан гэх байдлаа нотлохоор шүүхэд гэрчээр Ж.Барсболдыг асуулгасан байна.

 

Гэрч С.Барсболд шүүхэд ... эхний гэрээ 85 000 000 төгрөгийн үнэтэй... 1 чиглэлд хардаг 4 мега пиксел камерын зах зээлийн үнэлгээ 250 000 төгрөг байхад 1 250 000 төгрөгөөр, дотор суурилуулдаг камер 250 000-300 000 төгрөг байхад 1 250 000 төгрөгөөр, гадна суурилуулдаг камерыг 900 000-1 250 000 төгрөг байхад 1 700 000 төгрөгөөр нийлүүлсэн... уг гэрээнээс болж манай байгууллагад 38 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн гэрээ байгуулсан... уг камер болон дагалдах хэрэгслийг лангуунаас авсан бол 45 000 000-48 000 000 төгрөгт багтаан авах боломжтой байсан... миний бие хяналт шалгалт хийсэн... акт үйлдээгүй, тайлан гаргасан... гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ.

Хариуцагч байгууллагын дотоод аудит хяналт шалгалтын албанаас нэхэмжлэгчтэй байгуулсан 4 гэрээний талаар хяналт шалгалт хийсэн гэх боловч акт үйлдэж тайлан гаргасан гэх байдлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Гэрч С.Барсболдын мэдүүлгээр хариуцагч байгууллагыг зах зээлийн үнэ ханшаас өндөр үнээр бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан гэж эргэлзээгүйгээр нотолсон баримт гэж үзэхгүйгээс гадна энэхүү мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хариуцагч байгууллага нь тус байгууллагад мөрддөг худалдан авах ажиллагааны журмын дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтаар тэнцсэн компанийг сонгож бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсоноос гадна талууд тухайн үед чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан гэрээг Ирэгний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тооцох мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18/435 дугаартай гэрээний төлбөр 85 701 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлж барагдуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан гэрээний үүрэг дуусгавар болсон тул 32 480 000 төгрөгийг хасуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Хоёр дахь 18/274 тоот гэрээгээр нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааг хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш 10 хоногийн дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлбөр төлөх үүргээ Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлснөөр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүрэг зөрчсөн буруутай байна.

 

Иймээс Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлээс 18/274 тоот гэрээний дагуу 1 607 839 төгрөгийн алданги шаардах эрхээ алдсан тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин 18/434 тоот болон 18/436 тоот гэрээнд хариуцагчийн нийлүүлсэн барааг нэхэмжлэгч хүлээн авч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд талууд алданги тооцохоор харилцан тохироогүй байна.

 

Ийнхүү дээрх хоёр гэрээгээр талууд анзын талаар тохироогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 18/434 тоот гэрээний дагуу алданги 1 953 000 төгрөг, 18/436 тоот гэрээний дагуу алданги 1 801 592 төгрөгийг тус тус шаардах эрхгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 102/ШШ2020/03171 шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын 49 152 247 гэснийг 42 868 147 төгрөг гэж, 1 771 592 гэснийг 8 055 692 гэж,

3 дахь заалтын 406 280 гэснийг 372 290 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 978 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ