Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

                                                                                    2023/ДШМ/32

 

 

 

  М.Г, Ц.А нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                         Прокурор                                                                   А.Амарсанаа

                         Шүүгдэгч нарын өмгөөлөгч                              Ц.Б, В.У

                         Нарийн бичгийн дарга                                            Э.Даваа нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгорын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.А, М.Г нарт холбогдох 2112002020128 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1981 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын О багийн И  гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт М Г/РД:/,

 

Монгол Улсын иргэн 1975 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежер мэргэжилтэй, Ө ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 7 багийн Тамир хорооллын 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Д овогт Ц А /РД:/

 

Шүүгдэгч Ц.А, М.Г нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрийн хооронд А аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэр Өлийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулан газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Архангай аймгийн Прокурорын газраас Ц.А, М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаартай шүүгчийн захирамжинд: Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д овогт Ц А, Б овогт М Г нарт холбогдох 2112002020128 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийн прокурорт очтол яллагдагч Ц.А, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09-р сарын 08 ний өдрийн 2023\ШЗ\652 дугаартай захирамжийг 2023 оны 09 дүгээр сарын 20 өдөр хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргах нь.

Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар магадлалаар шүүгдэгч Ц.А,М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтад нийцүүлж хууль дээдэлж, хуульд заасан үндэслэлээр шүүх хэргийг шийдвэрлэх ёстой байтал хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэж болохгүй байх.

Анхан шатны шүүх Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад, шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцааж шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж байгаа нь буруу гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 023 иы 09-р сарын 08 ний өдрийн 2023\ШЗ\652 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Эрүүгийн 21120020128 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж, 2023 оны 04 сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцчихсэн байсан хэргийг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэсэн үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:...”прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ‘‘шийтгэх, эсхүл цагаатгах” хэлбэртэй шийдвэр гарах ёстой байсан.

Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаагаагүй бөгөөд ингэж буцаах хууль зүйн үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүх хуралд оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргана гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд заасан үндэслэлээр гараагүй байна. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг өгч байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Архангай аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус удирдлага болгон  Анхан шатны шүүхээр 2023 оны 04 дүгээр сарын 07-ны 95 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон  байгаа. Хүчингүй болгосон үндэслэлийг хараад үзэхээр 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон. 39.9 дүгээр  зүйлд давж заалдах шатны шүүхийн шийдвэр гээд тодорхой заасан байгаа. 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн байгаа. Тэгэхээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой заалт байгаа. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуульд байхгүй  үндэслэлээр анхан шатны шүүх хүлээж аваад шүүх хуралдаан хийгээд, урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад хэргийг прокурорт буцааж байгаа нь өөрөө хуульд байхгүй үндэслэлээр үйл ажиллагаа явагдаад байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан 1.3 дах хэсэгт заасан  хууль хүчин төгөлдөр байж байгаа бол анхан шатны шүүхийн процессыг буруутгах араггүй шүү  дээ.  Гэтэл 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсвэл зарим  хэсгийг хүчингүй болгож хэргийг  прокурорт эвсэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалт нь  2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон.  Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бол анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирээд прокурорт хэргийг буцаах заалт байхгүй болсон байхад шүүх хуульд байхгүй үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Хууль зөрчсөн үйл ажиллагаандаа дахин хууль зөрчиж байгаа. Шүүгч хэргийг хүлээж аваад дахин өөрийн санаачлагчаар урьдчилан хэлэлцүүлэг зарлаад, урьдчилсан хэлэлцүүлгээсээ хэргийг прокурорт буцааж  байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол хүчингүй болно гэдэг маань анхан шатны шүүхийн өмнөх процессын үе шат хүчингүй болоогүй гэж би хараад байгаа. Өөрөөр хэлбэл өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хэргийг  шүүхэд шилжүүлсэн хэрэг дээр дахин урьдчилсан хэлэлцүүлэг шүүхээс саналаараа зарлаад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Ийм хоёр үндэслэлийг харахад анхан шатын шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 652 дугаартай захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэстэй байна. Б Г болон А нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс эцэслэн шийдсэн байна гэж харж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаан дээр гаргасан саналдаа:  Ц.Б өмгөөлөгчтэй гомдлоо агуулга нэг гаргасан байна. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай магадлал уг магадлал дээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.  Тэрнээс биш хэргийг анхан шатны хэлэлцүүлэг аль эсвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаагаагүй. Буцаасан үг өгүүлбэр заалт ч байхгүй. Ийм байхад анхан шатны шүүгч хэргийг өөрийн санаачилгаараа урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 652 дугаартай захирамж гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байхад дахиад анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч яригдахаар байна. Мөн уг хэргийн өмнө нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцээд шийтгэх тогттол гаргахаасаа өмнө шүүхэд хэргийг шилжүүлсэн байгаа. Тэгэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийг дахиад урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад тэр шийдвэр, захирамж хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр дахин урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад мөрдөн байцаалтад буцааж нэмэлт ажиллагаа хийж  байгаа нь  хуулиа зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хуралдаан явагдах ёстой, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах ёстой. Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд яваад ирснийхэн дараа хүнээ нэг бол шийтгэх эсвэл цагаатгах гэсэн хэлбэртэй байх ёстой гэтэл заавал хүнийг шийтгэхийн тулд буцааж шалгаад хууль зөрчсөн нотлох баримтыг залруул гэж буцааж байгаа асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хувьд өөрчлөлт орж байгаа. Үүнтэйгээ зөрчилдөж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дах заалт хүчингүй болсон. Тэгэхээр анхан шатны шүүхэд буцаалгах асуудал байхгүй ийм нөхцөл байдал гаргасан асуудал дээр хүнийг заавал яллана гэсэн байр суурийг барьж байгаа нь хэт нэг талыг барьж байгаа ийм нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байна. Тэгэхээр хууль хэрэглээнийхээ хувьд байхгүй заалтыг бариад миний үйлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Ийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж байна. Бусад санал дээр Ц.Б өмгөөлөгчтэй санал нэг байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэгт ...анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр... гаргана гэж хуульчилжээ.

            Дээрх зохицуулалтын дагуу гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай магадлалаар шүүгдэгч Ц.А, М.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж зарим нотлох баримтуудыг цуглуулсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч, прокурор, дээд шатны прокурор хуульд заасан хугацаанд хуульд заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул магадлал хүчин төгөлдөр болж хэрэг анхан шатны шүүхэд шилжсэн байна.

             Өөрөөр хэлбэл яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан  шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр хүчингүй болсон тохиолдолд уг хэрэгт анхан шатны шүүх дүгнэлт хийж дахин шийдвэр гаргах нь хуульд нийцнэ.

 

             Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул анхан шатны шүүх, шүүх хуралдаан товлож улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт...энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...гэж заасан ба анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу захирамж гаргасан байна.

 

             Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар...давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон...гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн...аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө...гэж заажээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж зарим нотлох баримтуудыг цуглуулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байх ба шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэр гаргаагүй байна.

 

 Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/652 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Л.НЯМДОРЖ