| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/00153/И |
| Дугаар | 192/ШШ2025/00772 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2025/00772
|
2025 01 29 |
192/ШШ2025/00772 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхаг хаягт оршин байрлах Хаан Банк ХК/регистрийн дугаар:2693321/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т*******сийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т*******сийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн үндэслэлээ: Зээлдэгч Б.Т*******с нь Хаан Банк ХК-ийн Өнөр тооцооны төвтэй 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/201944366815 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,050,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан. Уг зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944366815-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээг авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 103/ШЗ2024/******* дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг болон түр оршин суух хаяг дээрээ оршин суудагтүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Т*******сийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 103/ШЗ2024/******* дугаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан Банк ХК-иас олгосон итгэмжлэл, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/201944366815 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн БГХ201944366815 дугаар барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201944366815-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн бүртгэлийн картын хуулбар, Б.Т*******сийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Зээл хүсэгчийн анкетын хуулбар, Б.Т*******сийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хаан Банк ХК-ийн нэхэмжлэхийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч Хаан Банк ХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан Банк цамхагт байрладаг бөгөөд нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин байгаа харьяаллын дагуу шүүхэд гаргасан байна. /хавтаст хэргийн 1-2 дугаар тал/
2. Нэхэмжлэлд дурдсан Б.Т*******с нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байх ба түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй болох нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 103/ШЗ2024/******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхой бичсэн байхыг шаарддаг тул дээрх тохиолдолд тэрээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. /хавтаст хэргийн 5 дугаар тал/
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заажээ.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Буяннэмэх овогтой Т*******с/регистрийн дугаар: ЙС8*******6/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар бичгээр мэдэгдэж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг тус тус зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Буяннэмэх овогтой Т*******с/регистрийн дугаар: ЙС8*******6/-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР