Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч У.Ч, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Ч-д холбогдох эрүүгийн 1705015150302 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, машин угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн 7 дугаар баг, майхантын 7-110б тоотод оршин суух, 

урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан,

 мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний  өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, ... регистрийн дугаартай, Б овогт У.Ч. 

 

Шүүгдэгч У.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамж, 47 тоотод оршин суух Ш.Болормаагийн өвлийн байшинд нэвтэрч 42 инчийн Лед зурагт, үнэртэй ус 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ч мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Ч өгсөн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн түрээслэн амьдарч байгаа найз болох Билгүүн, Даваадорж нарын гэрээс найз Аззаяатай хамт гарсан юм. ... Даваадоржийн гэр рүү ганцаараа явж байхад нэг хашааны дотор цоожтой байшин харагдахаар нь уг хашаа руу ороод цоожтой өвлийн байшингийн цонхоор нь ороход гал тогооны өрөөний цонх байсан. Тэгээд би уг айлын зурагт болон 2 ширхэг үнэртэй усыг нь аваад гараад явсан юм. Тэгээд 6 дугаар бичил хороолол руу явж байхад нэг цагдаа зогсоогоод ... намайг шалгасан. Тэгээд айлын зурагт хулгай хийсэн гэдгийг мэдсэн ... Хийсэн бүхэндээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 26 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Болормаагийн өгсөн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг 30 минутын үед гэртээ ирээд гаднаас түлхүүрдэж орж ирэхэд манай гэрийн эд зүйлс эмх цэгцгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. ... Тэр үед Зулаа Болормаа эгчээ манай зурагт хааччихсан юм бэ гэж хэлэхээр гэнэт хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн газарт дуудлага өгсөн. ... 2016 онд 1,200,000 төгрөгөөр авч байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан эд зүйлээ буцаан авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/

            - Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн оффицер, цагдаагийн дэслэгч Р.Мөнхтөрийн илтгэх хуудас /хх-н 6/

            - Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 7/

            - Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 8/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-н 12/ болон,

 

Шүүгдэгч У.Ч хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /хх-н 39 дүгээр хуудас/

- АСАП сангийн лавлагаа  /хавтаст хэргийн 32-37 дугаар хуудас/

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 52-54/

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолын  хуулбар /хх-н 55-60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч У.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамж, 47 тоотод оршин суух Ж.Болормаагийн өвлийн байшинд нэвтэрч 42 инчийн Лед зурагт, үнэртэй ус 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч У.Чингүүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ж.Болормаагийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн оффицер, цагдаагийн дэслэгч Р.Мөнхтөрийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч У.Ч-г бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Ж.Болормаа нь “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 45/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч У.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч У.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн шинж, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч У.Ч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээг  оногдууллаа.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт У.Ч-г бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Ч 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Ч-д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар У.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ