| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 102/2025/00185/И |
| Дугаар | 192/ШШ2025/00314 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2025/00314
2025 01 16 192/ШШ2025/00314
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө хаягт байрлах, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс /регистрийн дугаар: 6465692/-ийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Сот-3 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сүрэнхорлоогийн Г******* /регистрийн дугаар: ЧК*******/-д холбогдох
С.Г*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, гуравдагч этгээд С.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь С.Г*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ: С.Г******* нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Сот 3 дугаар байр, ******* тоотод оршин суудаг. Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хороог хариуцаад, 2 жил болж байна. Энэ хугацаанд С.Г*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх удаа дараагийн гомдол ирсэн. Хамгийн сүүлд шалгахад С.Г******* нь архидан согтуурсан үедээ хамт архи ууж байсан хүний биед халдаж, хутгаар гэмтээсэн. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй гэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр өөртөө болон бусдын амь насанд халдах, гэмт хэрэг болон зөрчил холбогдох шалтгаан нөхцөл үүссэн. С.Г*******ын эгч нь гомдол гаргах гэсэн боловч Дархан-Уул аймагт байгаа учраас хүрэлцэн ирэх боломжгүй байна. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оруулахад архинд донтох эмгэгтэй байна гэж үзсэн. Мөн хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнаас нь удаа дараа гомдол гаргаж байгаа тул архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан. гэж тайлбарласан.
2. Гуравдагч этгээд С.Г******* нь тус хүсэлтийг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уугаад 10 жил болж байна. Найзуудтайгаа 7 хоногт 2-3 удаа архи уудаг. Харуул хамгаалалтын албанд ажилладаг. Дахиж архи уухгүй, архины албадан эмчилгээнд явахгүйгээр өөрөө архинаас гарч чадна. гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж
өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүсэлт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай хүсэлт, Согтууруулах, мансууруулах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, С.Г*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, С.Г*******ын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын Асап санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс иргэн Сүрэнхорлоогийн Г*******ыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д: Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна. гэж заажээ.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, 4 дүгээр зүйлд зааснаас үзвэл, тухайн хүнийг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг эхний ээлжинд өрхийн болон сумын эмч, эсхүл сэтгэц, наркологийн эмч, сум хорооны нийгмийн ажилтан, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн гэсэн 4 төрлийн субъект цагдаагийн байгууллагад бичгээр гаргах ёстой байна. Улмаар энэ хүсэлтийг үндэслэн, цагдаагийн байгууллагын зүгээс Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасан баримтуудыг бүрдүүлж, шүүхэд хүргүүлэхээр хуульчилсан байна.
3.1.Цагдаагийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн баримтууд дахь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч, хөрш гэх Б.******* нараас гэрч-ийн мэдүүлэг авсан баримтыг цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүйгээс гадна эдгээр хүмүүс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д нэрлэн заасан этгээдүүд биш байна.
4.Түүнчлэн, тодорхой зөрчил, гэмт хэргийг шалгах, маргааныг шийдвэрлэх явцад, болсон явдал, үйл баримтын талаар, тодорхой этгээдэд хууль сануулж мэдүүлэг авах замаар бүрдүүлж буй хуулиар зөвшөөрсөн нотлох баримтын нэг эх сурвалжийг гэрчийн мэдүүлэг гэдэг бол бичгээр гаргаж буй хүсэлт нь хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, өөрийн байр суурийг илэрхийлж буй тухайн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл юм. Иймд хэрэгт байгаа гэрчийн мэдүүлэг-ийг эрх бүхий этгээдийн хүсэлт гэж үзэх боломжгүй юм.
5.Нөгөө талаас, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчилж буй явдал нь захиргааны байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй захиргааны албадлага-ын нэг төрөл болохоос, захиргааны хариуцлага-ын арга хэмжээ биш юм. Гэтэл хүсэлт гаргасан цагдаагийн байгууллагын зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар, бусад этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах замаар баримт бүрдүүлж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
6.Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д: Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно. гэж заажээ.
7.Иргэдэд хуулиар олгосон дээрх эрхийг ханган хэрэгжүүлэх чиг үүрэг нь цагдаагийн байгууллагад байдаг бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс уг эрхийг тайлбарлаж өгсөн эсэх, гомдол гаргах эрхийг хангасан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Боржигон овогт Сүрэнхорлоогийн Г******* /регистрийн дугаар: ЧК*******/-ыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР