2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01681

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 24

191/ШШ2025/01681

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: , тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ,,,, тоотод оршин байрлах бүртгэлтэй, ******* ХХК /рд:/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 453,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Олох байсан орлого болон түрээсийн зардалд 128,982,000 төгрөг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Б., гэрч Б.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК-тай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх БН/20/05/002 дугаартай гэрээг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан ба гэрээний хугацааг 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хэмээн тогтоосон. Ирүүлсэн захиалгынх нь дагуу стандарт, технологийн чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг захиалагчийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа дах Нисэхийн дэнжид баригдаж буй Смарт таун төслийн талбайд нийлүүлэх, захиалагч тал нь бүтээгдэхүүний төлбөрийн 50 хувийг бэлнээр, үлдэх хувьд нь орон сууц өгөхөөр талууд гэрээгээр тохирсон.

Захиалагч тал орон сууцаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулаагүйгээ цар тахалтай холбон тайлбарласан тайлбарыг бид хүлээн авсан тул 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох Смарт таун-2 төслийн А блокийн 1205 тоот 29 м.кв нэг өрөө, 1206 тоот 45.92 м.кв хоёр өрөө, 1305 тоот 29 м.кв нэг өрөө, 1306 тоот 45.92 м.кв хоёр өрөө болон сонгогдоогүй бусад байраар хувааж төлөхийг зөвшөөрсөн.

Гэвч дурьдсан хугацаанд орон сууцыг мөн ашиглалтад оруулаагүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Манайх 2022.04.15-ны албан бичигтээ Хоёр компанийн захирлуудын хооронд 2022 оны 3 сард болсон уулзалтаар бартерийн орон сууц ашиглалтад орохгүй удааширч байгаа учир 100 хувь бэлнээр хуримтлагдсан өр төлбөрөө болон цаашид авах бетон зуурмагийн үнийг төлөхөөр ярилцаж байсан. Танай хүсэлтийг үндэслэн бид итгэл үзүүлж бараагаа нийлүүлсээр байгаа хэдий ч танай компани өр төлбөрөө барагдуулах тал дээр идэвхигүй хандаж бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд энэ өр төлбөрөө яаралтай барагдуулахгүй бол бид цаашид бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй бөгөөд өр авлагаа нэхэмжлэхээр хууль хяналтын байгууллагад хандах, гэрээнд заасан алданги торгууль нэхэмжлэх болохоо үүгээр мэдэгдэж байна" гэсэн. 2022.04.22-ны хариу бичигт Гэтэл танай компани гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь тодорхой шалтгаан, нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, илүү хохирол амсахаас сэргийлж, гуравдагч этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаас өөр аргагүйд хүрч болзошгүй гэсэн байна.

Гэрээгээ судлан үзэхэд 7.2-т Гэрээний төлбөрт дуусаагүй байгаа орон сууцны барилгыг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож байгаа нөхцөлд тухайн орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алдангийг орон сууцны үнийн дүнгээс тооцох бөгөөд алдангийг Захиалагч талд үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэсэн байна. Гэвч дуусаагүй орон сууцаа манайд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаагаас шалтгаалан орон сууцаа өгөхгүй байна. Түүнчлэн тухайн компанийн барьж буй орон сууц хэзээ ашиглалтад орох нь мөн л тодорхойгүй, хүлээх хариуцлагыг нь гэрээнд огт тусгаагүй байх тул анхнаасаа манайхыг хууран мэхлэж, хямд буюу тал үнээр зуурмагийг хугацаагүй авах зорилготой байсан байна. Учир нь энэ хооронд нийт 4,919 м.куб бетон зуурмагийг 904,656,000 төгрөгөөр тэд манайхаас авч, 451,166,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Иймд нийлүүлсэн зуурмагын үлдэгдэл үнэ 453,500,000 төгрөгт дүйцэх орон сууцыг өдийг хүртэл хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 7.3-т заасан Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, урьдчилан төлсөн төлбөр, учирсан хохирол, зардалаа төлөхийг буруутай талаас шаардах эрхтэй гэснийг үндэслэн гэрээг цуцлаж, нийлүүлсэн зуурмагын үлдэгдэл үнэ 453,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Манай компани нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарттаун-2 төслийн үйлчилгээний төв болон орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр ******* ХХК-тай Барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г 2020.04.27-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу бид туслан гүйцэтгэгчээр ******* ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БН/20/05/002 дугаар Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан болно.

Нэхэмжпэлийн шаардлагад ...гэрээний хугацааг 2020.05.09-ний өдрөөс 2020.12.30-ны өдрийг дуустал хэмээн тогтоосон гэж дурдсан. Гэтэл гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-т ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар буюу гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно, гэрээний 1.2-т...гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж тус тус заасан. Үүний дагуу гэрээнд дурдсан хугацаа дуусгавар болсон хэдий ч гэрээний талууд гэрээг дуусгавар болгох талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байдаг. ******* ХХК-иас 2020.12.30-ны өдрөөс хойш төлбөрийн нэхэмжлэх явуулж, үүний дагуу бид төлбөр мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн нь уг гэрээ гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаатай талууд маргаагүй болно.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т ...М350 зуурмагийн нэгжийн үнийг 170,000 төгрөгөөр 7600 м.куб М350 зуурмагийн нэгжийн үнийг 170,000 төгрөгөөр тооцож нийт 1,292,000,000 төгрөг, 970 м.куб М250 зуурмагийн нэгжийн үнийг 155,000 төгрөгөөр тооцож нийт 150,350,000 төгрөгөөр тооцож гэрээний үнэ 1,442,350,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 ...М350 төрлийн бетон зуурмагийн нийт үнийн 50 хувь буюу 646,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 646,000,000 төгрөгийг Смарттаун-2" төслөөс орон сууц шилжүүлэн өгнө. М250 төрлийн зуурмагийн төлбөрийг 100 хувь буюу 150,350,000 төгрөгт дүйцүүлэн Смарттаун-2 төслийн орон сууц шилжүүлэн төлнө. Орон сууцыг ашиглалтад орсноос хойш 7-14 хоногийн дотор нийлүүлэгч талд шилжүүлнэ гэж заасан.

Манай талаас гэрээний үүргээ биелүүлж, төлбөр тооцоог цаг тухайд нь нэхэмжлэгч талд шилжүүлсээр ирсэн. Нэхэмжлэлд ...гэрээгээ судлан үзэхэд 7.2-т ...дуусаагүй байгаа орон сууцны барилгыг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож...алдангийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэсэн. Гэвч дуусаагүй байгаа орон сууцаа манайд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа...манайхыг хууран мэхэлж, хямд буюу тал үнээр бетон зуурмагийг хугацаагүй авах зорилготой байсан гэжээ. Гэрээний 7-р зүйлийн 7.2-т бартерын зүйл болох орон сууцтай холбоотой хариуцлагын талаар зүйлчилж өгсөн. Талууд баригдаж, ашиглалтад ороогүй орон сууцыг төлбөрийн зүйл болгон шилжүүлэн өгөх тухай гэрээнд тусгасан, харилцан тохиролцсон. Бартерын зүйл болох орон сууц ашиглалтад орох хугацаа нь давагдашгүй хүчин зүйл буюу Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал-тай холбоотойгоор хойшилсон. Нэхэмжлэгч нь төлбөрийн нөхцөлийг өөрчлөх, уг бартерын зүйлтэй холбоотой алданги тооцуулах талаар манай талд санал, хүсэлт, мэдэгдлийг хүргүүлж байгаагүй. Гэрээнд төлбөр төлөх нөхцөл болон бетон зуурмагийн үнэ ханшид өөрчлөлт огт ороогүй бөгөөд бид гэрээнд заасны дагуу төлбөрийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсээр ирсэн.

******* ХХК нь өөрийн давуу байдлаа ашиглаж, удаа дараа гэрээнд тусгагдаагүй төлбөр, мөнгө, үүрэг шаардаж байсан. Гэрээний 2.1.3-т Бетон зуурмагийн үнэ нь түүхий эд материалын үнийн өөрчлөлтөөс хамааран харилцан өөрчлөгдөх тохиолдолд албан бичгээр мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бетон зуурмагийн үнэ ханшийн нэмэгдэлтэй холбоотой албан бичиг, мэдэгдлийг нэг ч удаа ирүүлж байгаагүй атлаа манай байгууллага руу нэхэмжлэх явуулахдаа гэрээнд заасан үнэ, ханшнаас нэмэгдүүлсэн байдлаар ирүүлж байсан. Энэ үйлдэл нь гэрээний 11 дүгээр зүйлийн 11.4-т заасныг зөрчиж байгаа тул бид нэхэмжлэхийн дагуу өндөр үнээр төлж байсан уг зөрүү төлбөрийг гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах ёстой гэж үзэж байгаа.

2022.04.25-ны өдрийн тооцоо нийлсэн актад манай талыг төлөөлж Э.******* гэх хүн гарын үсэг зурсан байх ба тухайн хүн нь манай компанид туршилтын хугацаандаа ажиллаж байсан, ажлаа хүлээлцэж аваагүй, ажилд томилсон тушаалгүй хүн байсан.

Мөн нэхэмжлэгчээс 2022.04.14-ний өдөр Бетон зуурмагийн нэгжийн үнийг 232,000 "өгрөгөөр тооцож, нийт 40.600.000 төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн. Манай талаас гэрээнд заасан төлбөрийн нөхцөлийн дагуу 2022.04.14-ний өдөр 20,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг нэхэмжлэхийн дагуу төлбөрийг шилжүүлсний дараа буюу 2022.04.15-ны өдөр манай байгууллагад мэдэгдэл хүргүүлж, одоог хүртэл Бетон зуурмагийг нийлүүлэхгүй байгаа нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 ...нийлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...гэж захиалагч тал үзвэл 2 тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрээг цуцалж, учирсан хохирлоо нэхэмжлэн авах"-ыг ноцтой зөрчиж, Смарттаун-2 төслийн үйл ажиллагаанд саад учруулж, сул зогсолтыг үүсгэн компанийг хохироож байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох 453,500,000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн шаардаж байгаа болон уг үнийн дүнгийн тооцоолол задаргааг тусгаагүй байх ба гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөлд өөрчлөлт ороогүй атал бартерт тооцсон төлбөрийн нөхцөлийг мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа эсэх бартерын зүйл болох орон сууцтай холбоотой алдангийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зевшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай байгууллага нь 2020.05.08-ны өдөр ******* ХХК- тай бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан нийт 250 маркийн бетон 970 м.куб, 350 маркийн бетон 7600 м.кв-г нийлүүлэхээр харилцан тохиролцсон болно. Манайх 2022.03.15-наас барилгын 5 давхарын арматур угсралтын ажил эхэлж 2022.04.12-нд дуусч бетон зуурмагаа захиалахаар болсон. 2022.04.14-ний өдөр ******* ХХК-иас бетон зуурмагийн нэхэмжлэх ирсэн бөгөөд бид уг өдрөө 20,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч компани бетоноо нийлүүлээгүйгээс болж цутгалт авч чадаагүй болно. Цутгалт аваагүйгээс болж барилгын 5-р давхарын арматур тэр чигтээ зэвэрч ашиглах боломжгүй болсон учир 2024 оны 10 сард захиалагч компани болох ******* ХХК нь өөрсдийн ажилчдаар арматур, хэв хашмалыг буулгаад байна.

Манайх захиалагч ******* ХХК-тай 2020.04.27-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн ба барилгын ажил зогссонтой холбогдуулан 2022 оны 12 сард тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулсан. Тооцоо нийлсэн актаар барилгын 4 давхар хүртэлх ажил хийсэн гээд тооцоо нийлсэн байдаг. Бид цаашид хамтран ажиллахааргүй болсон тул тус гэрээтэй холбоотой олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д 5 давхар 507,52 м.кв талбайтай, 1 м.кв гэрээт ажлын үнэлгээ материалтай 300,000 төгрөг байхаар тохирсон. Хэрвээ бид 5 давхартаа бетон зуурмагаа авсан байсан бол 152,256,000 төгрөг олох ёстой байсан ба 5 давхарт орох 180 м.куб бетон зуурмагийн /170,000/ үнэлгээ болох 30,600,000 төгрөгөө хасахаар 121,656,000 төгрөг болж байна.

Мөн арматур угсралтын ажилаа хийхдээ дутуу хэв, тулгуур төмөр, хэв хашмалаа ******* ХХК болон ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан авч хэрэглэсэн. 2022.03.15-нд *******ХХК-тай тулгуур төмөр, хэв хашмал түрээслэх гэрээ байгуулан 385 ширхэг тулгуур төмрийг 1 сарын 1,386,000 төгрөгөөр түрээсэлсэн ба түрээсийн төлбөр нийт 4,158,000 төгрөг болсон. 2022.04.05-нд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 160 ширхэг хэвийг 1 сарын 3,168,000 төгрөгөөр түрээслэсэн ба түрээсийн төлбөр 3,168,000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас олох ёстой байсан орлого болох 121,656,000, түрээсийн гэрээний хохиролд 7,326,000 төгрөг буюу нийт 128,982,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2022 оны 3 дугаар сард талууд уулзаж, хариуцагчийн захирал Ж.******* захирал нь ...танай мөнгийг бид нар удахгүй хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа, 4 дүгээр сарын эхний долоо хоногт танайд өгнө гэсэн боловч мөнгө нь орж ирээгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч компанид албан тоот өгсөн. Барилгын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт ...барилгын захиалагч болон туслан гүйцэтгэгчид хамгаалалтын горим гэдгийг мөрдөх ёстой гэж заасан. Хамгаалалтын горим гэдэг нь Барилгын тухай хуулийн 41.1, 41.2, 41.3 дахь хэсэгт хэрвээ барилга ямар нэгэн байдлаар түр зогсох тохиолдолд өөрсдөө агаар исэлдэлтээс, бороо цаснаас хамгаалах ёстой. Өвөл хүртэл арматураа бүтээдэг байтал хариуцагч компани өөрсдөө тийм хамгаалалтын горимдоо ажиллаагүй байж манай бетон зуурмагийг зэвэрсэн, гандсан гэж байна. Барилгын тухай хуулиа захиалагч, туслан гүйцэтгэгч хоёулаа зөрчсөн. Манайх бетоноо л өгөх үүрэгтэй. Танайх арматур төмрөө өөрсдөө хамгаалах ёстой. Хамгаалалтаа хийгээгүйгээс болж зэврүүлчихээд дараа нь манайхаас нэхэмжилж байгаа нь шударга биш зүйл. Барилга барих зөвшөөрлөө бараг цуцлуулах хэмжээнд хүртэл энэ ажиллагаа чинь алдагдчихсан байна гэдгийг хатуу хэлэх ёстой. 8 дугаар сард Барилгын 5 давхрын тулгуур төмөр байж л байсан. 10 дугаар сард буулгасан гэж байгаа боловч тулгуур төмрийн цөөн хэсэг нь л буусан. Хэвээрээ байж байсан. Гэтэл дээр арматур байхгүй, хоосон байсан. Шүүхэд мэдээлэл өгөхдөө дандаа худал мэдээлэл өгөөд байгаа. Одоо болтол ашиглалтад ороогүй, 7, 5 давхар дээр очоод зогсчихсон. Тийм учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, мэдэгдэл, тооцоо нийлсэн акт, мэдэгдлийн хариу,

5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын байр түрээслэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ийн албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, орон сууц захиалгын гэрээ, түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, тулгуур төмөр, хэв хашмал түрээслэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар иргэний хэрэг үүсгэх захирамж, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт, үзлэгийн хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 453,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас олох байсан орлого болон түрээсийн зардалд 128,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-д 904,656,000 төгрөгийн үнэ бүхий 4,919 м.куб бетон зуурмагыг нийлүүлсэн. Бетон зуурмагын үнэд 451,166,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 453,500,000 төгрөгт тооцож орон сууц хүлээлгэн өгөх байсан боловч одоог болтол гүйцэтгэж буй орон сууц нь баригдаагүй, хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй байна. Иймд бетон зуурмагын үлдэх үнэ 453,500,000 төгрөгийг гаргуулна гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...453,500,000 төгрөгийн төлбөрийн тооцоо нийлэх баримтад манай компанийг төлөөлөн ******* гарын үсэг зурсан нь компанийг төлөөлөх эрхгүй, тухайн үед дадлага хийж байсан ажилтан байна. ******* ХХК нь гэрээний дагуу бетон зуурмагыг бүрэн нийлүүлээгүйгээс барилгаа үргэжлүүлж гүйцэтгэх боломжгүй болсноос үүдэн 121,656,000 төгрөгийн олох байсан орлогоо олж чадаагүй. Мөн барилга барихад шаардлагатай хэв хашмал, тулгуур төмөр зэргийг 7,326,000 төгрөгөөр түрээслэж хохирсон гэж тус тус тайлбарлаж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь М350 төрлийн бетон зуурмагаас 7600 м.куб, 1 м.куб-ыг 170,000 төгрөгөөр, М250 төрлийн бетон зуурмагаас 970 м.куб, 1 м.куб-ыг 155,000 төгрөгөөр тус тус тооцож 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийлүүлэх, ******* ХХК нь нийт 1,442,350,000 төгрөгийн үнэ төлөх, үнийг төлөхдөө М350 төрлийн бетон зуурмагын нийт үнийн 50 хувь буюу 646,000,000 төгрөгийг бэлнээр, 50 хувь буюу 646,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа дахь Нисэхийн дэнжид баригдаж буй Смарт таун төслөөс орон сууц шилжүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний талууд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдэж, 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ******* ХХК-иас ******* ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагын төрөл, хэмжээг тогтоож, бетон зуурмагын үнэд нийт 453,500,000 төгрөгийн төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ.

 

******* ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* төслийн А блок барилга угсралтын ажлыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөх, ******* ХХК нь ажлын хөлс 2,788,923,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ******* төслийн А блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ зориулж ******* ХХК-иас нийт 4,919 м.куб бетон зуурмаг хүлээн авсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

4. ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний агуулгаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.1 Хариуцагч ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 4,919 м.куб бетон зуурмаг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин гэрээний дагуу бетон зуурмагыг бүрэн нийлүүлээгүйгээс ******* ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажлыг 5 давхар хүртэл гүйцэтгээд цаашаа үргэлжлүүлэн барих боломжгүй болсон. Бетон зуурмагын үнийн 50 хувийг ******* ХХК-ийн захиалан бариулж буй ******* орон сууцнаас өгөхөөр тохирсон. Тооцоо нийлсэн актад манай компанид дадлагаар ажиллаж байсан Э.******* гарын үсэг зурсан нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж маргасан.

 

Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээгээр бетон зуурмагын төлбөрийн 50 хувийг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдах Смарт таун төслөөс орон сууц шилжүүлж төлөхөөр тохиролцсон байх боловч хэргийн үйл баримт, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар ******* ХХК нь орон сууцыг ******* ХХК-д хүлээлгэн өгөх боломжгүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал,

- ******* ХХК нь ******* орон сууцны барилга угсралтыг 2021 оны 02 дугаар сард багтаан гүйцэтгэх үүрэгтэй байсан ба уг үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Шүүхийн журмаар ******* орон сууцны барилгад 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр үзлэг явуулсан ба үзлэгээр орон сууцны барилга 5-7 дугаар давхарын карказ угсралтын ажил гүйцэтгэгдсэн байгаа болох нь тогтоогдсон.

 

- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийн захирал Б.******* гэрчээр оролцсон ба тэрээр ...цар тахал гарсаны улмаас манай компани гүйцэтгэгч ******* ХХК-д барилгын ажлын санхүүжилтыг олгох боломжгүй болж, барилгын ажлыг 2021 оноос зогсоосон гэж мэдүүлсэн.

 

Эдгээр үйл баримтаас дүгнэвэл ******* ХХК нь бетон зуурмагын үнэд орон сууц шилжүүлэх замаар төлөх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь бетон зуурмагын үлдэх үнийг мөнгөн хөрөнгөөр шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

4.1а ******* ХХК, ******* ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсэн баримтаар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бетон зуурмагыг нийлүүлж байжээ. Гэрч Б.*******ын мэдүүлгээр цар тахал гарсантай холбоотойгоор захиалагч ******* ХХК-иас ******* ХХК-д барилгын санхүүжилт олгох боломжгүйгээс барилгын ажил зогссон үйл баримт тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаас гаргасан ******* ХХК нь үлдэх бетон зуурмагыг шаардсан хугацаанд нийлүүлээгүйгээс барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэх татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-иас ...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бетон зуурмагыг нийлүүлсээр байсан ба нийт нийлүүлсэн 4,919 м.куб бетон зуурмагын үнэ 904,656,000 төгрөгөөс 451,166,000 төгрөгийг төлж, үлдэх 453,500,000 төгрөгийг төлөөгүй, хэзээ төлөх нь тодорхойгүй байсан тул цаашид нэмж бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

 

4.1б Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан.

 

2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад ******* ХХК-ийг төлөөлөн нягтлан бодогч ажилтай Энэбиш овогтой ******* гарын үсэг зурж, тус компанийн санхүүгийн тэмдгийг дарсан байна.

 

Хариуцагч ******* ХХК-иас компанийн нягтлан бодогчоор Э.******* ажилладаг гэх ойлголтыг төрүүлж ******* ХХК-тай тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн атлаа хожим уг ажилтан нь үндсэн ажилтан биш дадлагажигч ажилтан байсан тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

4.1в Хариуцагч ******* ХХК нь тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон төлбөрийн үлдэгдэл 453,500,000 төгрөгийн үнийн дүнд маргах атлаа тооцоо нийлсэн баримт үйлдсэнээс хойш 20,300,000 төгрөгийг төлсөн, уг мөнгөн хөрөнгийг 453,500,000 төгрөгөөс хасч тооцуулна гэж тайлбарлаж буй нь зөрүүтэй байна.

 

Хэргийн 145 дугаар талд авагдсан Хаан банк дахь шилжүүлгийн мэдээллийн баримтаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-ийн захирал Ж.*******гоос 20,300,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн байна.

 

Уг мөнгөн шилжүүлгийг талууд тооцоо нийлсэн өдөр болох 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө шилжүүлсэн байх тул 453,500,000 төгрөгөөс хасч тооцуулна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

4.2 Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 453,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-ийг гэрээний дагуу бетон зуурмагыг бүрэн нийлүүлсэн байсан бол Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдах Смарт таун орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж, 121,656,000 төгрөгийн орлого олох байсан гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, шаардсан.

 

Дээр дүгнэснээр нэхэмжлэгч ******* ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бетон зуурмагыг нийлүүлсээр байсан, нийлүүлсэн бетон зуурмагын үнийг ******* ХХК төлөөгүй, хэзээ төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдах Смарт таун орон сууцны барилгын ажлын захиалагч ******* ХХК-иас барилгын ажлын санхүүжилтыг гүйцэтгэгч ******* ХХК-д олгоогүйгээс барилгын ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаас гаргасан гэрээгээр тохирсон бетон зуурмагыг нийлүүлээгүйгээс барилгын ажил зогсож, арматур төмөр зэвэрсэн, үүний улмаас олох байсан орлогоо олж чадаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Түүнчлэн бетон зуурмаг бүрэн нийлүүлсэн тохиолдолд 121,656,000 төгрөгийн орлого олох байсан гэх тооцоолол тодорхойгүй, энэ талаарх баримтаа хариуцагч хэрэгт нотлох баримтаар гаргаагүй.

 

5.1 Барилгын ажлын гүйцэтгэгч нь ажлаа гүйцэтгэхийн тулд өөрт байхгүй багаж, тоног төхөөрөмж болох хэв хашмал, тулгуур төмөр зэргийг бусдаас түрээслэх замаар ажил гүйцэтгэх эсэх нь тухайн ажил гүйцэтгэгчийн эрхийн асуудал байна. Энэ нь ******* ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлсэн эсэхээс үл хамаарах асуудал байна. Иймд хариуцагчаас гаргасан хэв хашмал, тулгуур төмөр түрээслэсний төлбөр 7,326,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас 453,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчаас гаргасан 128,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,425,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,188,060 /385,200+766,230+36,630/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,425,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 453,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчаас гаргасан 128,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,425,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,188,060 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,425,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ