Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч А.Баясгалан,

Шүүгдэгч Л.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Л.О-д холбогдох 1805001900066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-12 гудамж 357а тоотод оршин суудаг, ЙВ92071311 регистрийн дугаартай, Ц овогт Л.Ор.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруу болон прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.О-н өгсөн:

“... Батцэцэг бид 2 гэрт хоёулаа үлдсэн. Би үлдсэн архиа ууж байгаад хивсэн дээр санамсаргүй асгасан. Батцэцэг над руу архи асгалаа гэж уурласан. Тэгэхээр нь би яадаг юм гэж хэлээд барьж байсан хундагатай архиа албаар хивсэн дээр нь асгасан. Тэрнээс болоод Батцэцэг бид 2 маргалдсан. Маргалдаж байгаад би уурандаа Батцэцэгийн толгой руу 2-3 удаа цохисон. Толгойгоор нь хана руу нэг удаа мөргүүлсэн. ... элэг рүү нь гараараа нэг удаа цохисон. ... Би Батцэцэгээс уучлалт гуйсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Батцэцэгийн өгсөн:

“... би О-д хандан чи наад архиа асгахгүй уучихаарай гэж хэлтэл чи муу юу гээд байгаа юм гээд надтай маргалдсан. Бид 2 маргалдаж байгаад О над руу ууж байсан архи цацсан. Нэг их удалгүй Болд-Эрдэнэ, Болд-Эрдэний дүү 2 гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа Отгонбаатар чи муу намайг хөөж байна уу гээд намайг зодсон. О намайг толгойгоор минь 2-3 удаа мөргүүлсэн. Мөн элэг рүү 1-2 удаа цохисон. ... миний баруун гарыг мушгисан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гэрэлцацралын өгсөн:

“... 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байхад ... өөрийнхөө түрээсэлдэг өрөөнд байж байхад манай хажуу өрөөнд байдаг найз Батцэцэг маань аллаа гээд чангаар орилсон. Тэгэхээр нь би гайхаад өрөөнд нь яваад ортол О нилээн согтуу Батцэцэгийг хананд шахсан байдалтай хана руу толгойг нь мөргүүлээд бас алгадаад байж байсан. Намайг харж байхад О Батцэцэгийг толгойгоор нь 1-2 удаа хана руу мөргүүлсэн. Тэгээд би очоод салгах гэтэл О намайг зайл гээд түлхээд гаргасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 475 тоот:

               1. Г.Батцэцэгийн биед тархи доргилт, дагз, баруун дал, мөрний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 31-33/,

- Шүүгдэгч Л.О-н “хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-н 35/,

 

            Шүүгдэгч Л.О-н хувийн байдалтай холбоотой:

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 17/,

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Л.О-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Л.О-д 240 цаг нийтэд тустай ажил хийх ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.О нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн нарангийн 13 дугаар гудамж 53 тоот хашаанд байх нийтийн байранд иргэн Г.Батцэцэгтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь  тархи доргилт, дагз, баруун дал, мөрний зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.О-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Г.Батцэцэг, гэрч Б.Гэрэлцацралийн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 475 тоот дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Батцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34/, болон “... гомдол санал байхгүй ...” /хх-ийн 10/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Л.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.О-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт Л.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О  240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ