Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

А.Уламбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Ч.Отгонбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч А.Уламбаяр

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Уламбаярт холбогдох 2322000000042  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Харчин овогт Адъяагийн Уламбаяр, Монгол Улсын иргэн 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг “Цох” гэх газар оршин сууж байгаа, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71 а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:ЗИ84102211/.

Шүүгдэгч А.Уламбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө машин механизм ашиглаж Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг “Хармагтай” гэх газар оршин суух иргэн С.Нэргүйн байнга амьдардаг монгол гэрт нэвтэрч А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утасны өсгөгч болон цэнэглэгч мөн rap утасны арын кэйс дотор байсан 20.000 төгрөгийг хулгайлж нийт 618.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч А.Уламбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Уламбаярыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар А.Уламбаярт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уламбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Тоёота Аллион маркийн 8758 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уламбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Шүүгдэгч А.Уламбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч А.Уламбаяр нь Дундговь аймгийн Луус сумаас өөрийн байнга оршин суудаг Өлзийт сумын Буянт гэх газарт нутаглах гэртээ очих санаа зорилготой явсан болох нь А.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд болон гэрч О.Баярын “А.Уламбаяр сувдан цагаан өнгийн ALLION маркийн машин уначихсан надтай ирж уулзахаар нь би А.Уламбаярт хандаж чи хаа хүрч яваа юм гэхэд би хөдөө гэрээдээ явж байна гэхээр нь би хамт явъя гэсэн тэгээд бид хоёр Луус сумаас Өлзийт сумын Буянт бригад руу хамт явсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Онхооны “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 9 цагийн үед А.Уламбаяр манайхаас ганцаараа гэрээдээ явлаа гээд Луус сумын чиглэлд явсан” гэх мэдүүлгүүдээр нотлогддог. А.Уламбаяр нь Луус сумаас Өлзийт сум руу явж буй дээрх зорилго бол гэртээ очих байсан бөгөөд хохирогч С.Нэргүй гэх айл руу зорьж очоогүй, зам асуух зорилготой очсон болох нь А.Уламбаярын удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогддог юм.

Шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч А.Уламбаярын өөрийн өмчлөлийн Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг зориудаар авсан болох нь гэрч О.Баяр, Х.Энэбиш, Л.Баянмөнх нарын мэдүүлгүүд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарыг зориудаар авч өөрийн үйлдлийг түргэтгэх зорилгоор ашигласан гэж дүгнэн түүнийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн цор ганц гэрч О.Баяр мөрдөн шалгах ажиллагааны явцад

-“А.Уламбаяр Луус сумаас, Өлзийт сумын Буянт гэх газар явахдаа ямар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан бэ” гэх асуултад Allion маркийн сувдан цагаан өнгийн машинаар явсан би улсын дугаарын анзаараагүй машинаас буухад тэр машины хойд болон урд номер нь байхгүй байсан” гэж,

-хохирогч С.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “2023 оны 1 сарын 14-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад хонио хариулж явж байтал манай гэрийн баруун зүгт нэг цагаан өнгийн жижиг тэрэг зогссон хажууд нь хоёр хүн машинаасаа буусан зогсож байгаа харагдсан" гэж,

-А.Уламбаяр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Ингээд Луус сумын төв дээр байдаг Супермаркет рүү бид хоёр хамт ороод хоёр шил архи авсан. Тэгээд зүүн ypaгш 10 км давхиад овоон дээр зогсоод 2 шил архиа хувааж уусан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт А.Уламбаяр нь “номерын хүрээ эвдэрсэн учраас номероо авсан байсан, Хадам Онхооныд очиход би номероо авцан байсан, Луус сумаас урагш гараад бид хоёр машинаасаа бууж архи уусан” гэж тус тус мэдүүлсэн.

Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд А.Уламбаяр нь Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг эд зүйлийг хулгайлах үйлдлийн өмнө эсвэл дараа нь ямар цаг хугацаанд авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөө хэлбэл эд зүйлсийг хулгайлах санаа зорилгоор, түүнийг зөөж тээвэрлэхийн тулд улсын дугаарыг урьдчилан авсан гэх үйл баримт тогтоогдоогүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 т хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэх хүндрүүлэн үзэх нөхцөлийг “учрах саадыг арилгах зорилгоор” гэж тодорхойлсон бол энэ нөхцөл нь гэм буруутай этгээд учирч болох саадыг арилгахын тулд зориуд санаатайгаар автомашиныг бэлдэж ашигласан байхыг шаарддаг.

“Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэдгийг хуулийн тайлбарт “бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашиглаж үйлдсэнийг ойлгоно" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл А.Уламбаяр нь Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг авч байгаа нь “хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэх, зориуд ашиглаж” гэх хуулийн дээрх шаардлагатай нийцэхгүй байна.

Улсын дугаараа авсан нь ямар учрах саадыг арилгаж буй нь тодорхойгүй А.Уламбаяр нь уг тээврийн хэрэгслийг зөвхөн Дундговь аймгийн Луус сумаас өөрийн байнга оршин суудаг Өлзийт сумын Буянт гэх газарт нутаглах гэртээ очих санаa зорилготой ашиглаж, унаж явснаас бус хулгай хийхээр хуулийн дээрх шаардлагад заагдсанаар урьдчилан бэлтгэж ашиглаагүй, машин механизмыг ашиглаж хулгайлсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Тээврийн хэрэгслийн хулгай хийх зориулалтаар анх худалдаж аваагүй, улсын дугаарыг хулгай хийх сэдэл, санаа зорилготойгоор авсан нь бүрэн тогтоогдоогүй. Зөвхөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн гэр рүүгээ явах замдаа хохирогчийнд очсон, өөрөөр уг тээврийн хэрэгслийг ашиглаж тухайн хохирогчийнд зорьж очоогүй үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Хэрэг учрал болоход хамт явсан А.Уламбаяр, гэрч О.Нэргүй нар нь харилцан эсрэг сонирхол бүхий гэрчийн мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгдөг. Хохирогч С.Нэргүй "гэрийн гадаа 2 хүн машины хажууд зогсож байсан” гэх мэдүүлгийг ч өгдөг .

1.Шүүгдэгч А.Уламбаяр нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн гэх мэдүүлэгт зурагдсан гарын үсэг А.Уламбаярын гарын үсэг эсэх нь эргэлзээтэй байдаг.  Учир нь уг өдрөө буюу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “22 цагаас хойш мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй” гэх утга бүхий хүсэлтийг бичиж өгөхдөө зурагдсан гарын үсэг, мэдүүлэг болон эрх үүрэг, хууль сануулсан баримтад зурагдсан гарын үсгүүд өөр хоорондоо зөрүүтэй. А.Уламбаяр тайлбарлахдаа “дээрх өдөр гэрчээр мэдүүлэг өгөөгүй, миний гарын үсэг биш” гэдэг.

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор яллагдагч А.Уламбаярын гарын үсэг, бичвэр мөн эсэхэд шинжээч томилсон боловч Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс “Харьцангуй чөлөөт загвар нь гэмт хэрэг гарснаас хойш бий болсон гэхдээ туршилтын бус байдлаар үйлдэгдсэн гар бичмэл мэдүүлэгт зурагдсан гарын үсэг, баталгаа, захидал гэх мэт зүйл хамаарна” гэх xapиу өгч, хэрэгт дүгнэлт гараагүй.

Шүүгчийн 2023.04.27-ны өдрийн 170 дугаартай захирамжаар шүүх хуралдаан хойшлуулж, нэмэлт ажиллагаа буюу гарын үсэгт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулах ажиллагааг хийхийг даалгасан. Гэтэл мөрдөгчөөс дахин шинжээч томилсон шийдвэрийг гаргалгүй, өмнөх 2023.02.13-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг шинжилгээний байгууллагад хүргүүлж, улмаар шаардлагат чөлөөт загвар, харьцангуй чөлөөт загвар олдоогүй гэх албан бичгийг шинжилгээний байгууллагад хүргүүлсэн байна. Мөрдөгчөөс ямар байдлаар бичвэрийн чөлөөт загварыг бүрдүүлэх, цуглуулах ажиллагаа хийсэн нь хэрэгт огт авагдаагүй. Шинжээч томилсон болоод л буцаая гэсэн итгэл үнэмшлээр хандсан, шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хамт явсан 2 хүн нь эсрэг сонирхол бүхий мэдүүлгийг өгдөг, А.Уламбаярын гэрчийн мэдүүлгийн гарын үсэг өөр байхад түүнийг бүр тодруулалгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцооны хэлбэр бий эсэх, нотлох баримтыг хуульд заагдсан үндэслэл, журмын дагуу бүрдүүлсэн эсэх гэмт хэргийг хэн үйлдсэн эсэхийг бүрэн тогтоогдоогүй байхад эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

А.Уламбаярын гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг тодруулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал, цаашид гэм буруугийн байр сууриа ямар байдлаар илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эргэлзээгүй байдал бий болно.

Иймээс А.Уламбаярын машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Уламбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авсан асуудал нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Зүйлчлэлийн хувьд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Анх гэрчээр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан. Ийм учраас улсын яллагчийн зүгээс яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Бусад зүйлд Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн гомдлоор шүүгдэгч А.Уламбаярт холбогдох 2322000000042 тоот хэргийг гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Харчин овогт Адъяагийн Уламбаяр нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө машин механизм ашиглаж Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг “Хармагтай” гэх газар оршин суух иргэн С.Нэргүйн байнга амьдардаг монгол гэрт нэвтэрч А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утасны өсгөгч болон цэнэглэгч мөн rap утасны арын кэйс дотор байсан 20.000 төгрөгийг хулгайлж нийт 618.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын газраас А.Уламбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Уламбаярыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Т.Дашцэрэн “Машин механизм ашигласан гэсэн субьектив болон объектив санаа бүрэн нотлогдоогүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх А.Уламбаярын үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хянан үзэж шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, оролцогчдын эрхийг хангасан, хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгчийн үйлдлийг нотолсон баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайлбал гэрч, хохирогч нарын мэдүүлгээс гадна хулгайлагдсан эд зүйл болох А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утасны өсгөгч болон цэнэглэгч, 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад  үзлэг хийж баримтжуулан тогтоож улмаар хулгайлсан эд зүйлийг эзэнд нь хүлээлгэн өгчээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд түүнийг гэм буруутай гэж үзэж ял шийтгэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Уламбаярын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн машин механизм ашигласан гэсэн субьектив болон объектив санаа бүрэн нотлогдоогүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэх гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уламбаярын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                               Ш.ТӨМӨРБААТАР