Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК, РД:*******, төлөөлөгч С.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, өмгөөлөгч Б.Б*******, Б.Б*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарын хоорондын “Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Э.Ц, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт хийж, 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

1.2. Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

1.3. “Б*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “1.Татварын алба татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг мэдэгдээгүй талаар:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар төлөгч нь хяналт шалгалтын удирдамж, томилолттой танилцсанаар энэ журмын 4.3.3-т заасан баримт бичгийг татварын албаны тогтоосон хугацаанд бэлтгэж хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

“Б*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай С.М******* миний бие хамгийн анх Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр татварын улсын байцаагч Э.Ц утсаар залгаж дуудсаны дагуу очиж уулзсан бөгөөд манай компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг танилцуулаагүй, компанийн майл хаягаар ч ирүүлээгүй нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.52, 41.5 болон 76 дугаар зүйлд заасан “Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл”-ийн 76.7-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасны дагуу татварын байгууллагын үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн.

Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 01/7619 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс манай компанид ногдуулсан нөхөн ногдуулалтын актад хамаарах татварын хяналт шалгалтын материалыг бүхэлд нь гаргуулж шалгасан бөгөөд уг материалд манай компанитай холбогдуулан татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг танилцуулсан талаар баримт байхгүй болохыг тогтоосон.

2. Татвар төлөгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах боломжоор хангаагүй талаар:

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Татвар төлөгчийн татварын хяналт шалгалтад ямар эрх эдэлж, үүрэг хүлээх” талаар заасан байх бөгөөд 41.12.1-д “эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах”, 41.12.2-т “татвар ногдуулалт, төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, 41.12.3-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах”, 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх”, 76.7-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж тус тус заажээ.

Миний бие татварын улсын байцаагч нартай уулзаж байхдаа “...Манай компанид нягтлангаар ажиллаж байсан хүн ажлаас гарсан, олдохгүй байгаа бөгөөд тухайн үед нийт 2,228,432,050.02 төгрөгийн худалдан авалттай холбоотой ямар бараа, ажил үйлчилгээ авсныг миний бие мэдэхгүй байгаа, энэ талаар тодруулж өгье...” гэх тайлбарыг өгч байсан боловч татварын улсын байцаагч нар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, татварын хяналт шалгалтад нотолгоо, үндэслэл гаргах боломжоор хангалгүй “баримт бичигт гарын үсэг зур” гэж тулгах замаар баримтад гарын үсэг зуруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн.

3. Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэзээ мэдсэн талаар:

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж, 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ” гэж тус тус заасан байна.

Миний бие тухайн актыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14:05 цагт шуудангаар гардан хүлээн авсан. Татварын шалгалт явагдаж байх хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авахаар огноолсон татварын улсын байцаагч нарын 01 дугаартай “Баримт бичгийн хүсэлт”-ээр шаардсан дансны хуулга холбогдох баримтыг хүлээлгэн өгөхөөр биечлэн очиж уулзах үед тухайн маргаан бүхий акт (18-ны өдрийн) гарсан талаар надад мэдэгдээгүй буюу акт гараагүй байсан.

Татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын хавсралт болох 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл” 01 дугаартай баримтын 1-д заасан “Татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр” хэсэгт “М” ХХК гэснээс үзвэл “Б*******” ХХК-д нөхөн ногдуулалтын актыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэл биш байхаас гадна хариуцагчийн хариу тайлбарт гаргаж өгсөн 01 дугаартай танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл, шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 01 дугаартай танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд 1-д заасан “Татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр” хэсэгт “Б*******” ХХК гэсэн байх бөгөөд шүүхэд хуурамч баримт бүрдүүлэн өгсөн нь захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчим болох Захиргааны ерөнхий хуулийн 4 зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудыг баримтлаагүй бөгөөд миний бие С.М*******ад гардуулаагүй, гарын үсэг зуруулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан хуулийн процесс алдаа гаргасан байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 45 дугаар хуудас шуудангийн байгууллагын баримтаас үзэхэд С.М*******ын “” гэх утасны дугаарыг “” гэж буруу бичсэн, Баянзүрх дүүргийн татвараас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай компанид нөхөн ногдуулалтын актыг илгээсэн нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.7-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст очиж уулзахад, 2024 оны 12 дугаар сарын 18-ны нөхөн ногдуулалтын акт гарсан хэдий ч надад мэдэгдээгүй, бүтэн 15 хоногийн дараа шуудангаар илгээж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 18-ны нөхөн ногдуулалтын актыг шуудангаар илгээсэн, эсхүл утсаар холбогдсон талаар, нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэхээр хуульд заасан тэмдэглэлийг үйлдээгүй хууль бус байна.

Хавтаст хэргийн 11 хуудас 35641 дугаартай “Ярилцлагын тэмдэглэл” нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна” гэж хуульд заасны дагуу манай компанид ногдуулсан нөхөн ногдуулалтын актын хуулийн хэлбэрийн шаардлага хангаагүй, нөхөн ногдуулалтын актын дугаар бичигдээгүй, хоосон байгаа нь НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын хавсралт гэж үзэх боломжгүй байна. Мөн тус ярилцлагын тэмдэглэл нь нөхөн ногдуулалтын актын хавсралт болохын хувьд миний бие С.М*******аар танилцуулан гарын үсэг зуруулаагүй байгаа нь хууль бус байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 10 дугаар хуудасны “Б*******” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо маягтад нөхөн ногдуулалтын дугаар бичигдсэн хэдий ч, тус маягтын нэгдсэн дугаарлалт хоосон байгаа нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна” гэх хуулийн заалтын зөрчсөн байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчиж гарсан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг мэдэгдээгүй, анхнаасаа хууль, журамд нийцүүлж хяналт шалгалтын ажиллагаа явагдаагүй.

... Анх “Б*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М*******тай Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр татварын улсын байцаагчаас утсаар холбогдсоны дагуу ирж уулзсан. Ирж уулзахад томилолт, удирдамж гэж албан ёсоор танилцуулсан зүйл байдаггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч мөн хяналт шалгалт хийсэн материалыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулъя гэхэд маргаан бүхий актын хавсралт гээд ярилцлагын тэмдэглэл, анх хариу тайлбартаа гаргаж өгсөн баримтуудыг давхардуулан гаргаж өгсөн байдаг.

Тус шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай 01/7619 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс манай компанид ногдуулсан нөхөн ногдуулалтын актад хамаарах татварын хяналт шалгалтын материалыг бүхэлд нь гаргуулж шалгасан бөгөөд уг материалд “Б*******” ХХК-тай холбогдуулан татварын хяналт шалгалтыг хийх удирдамж, томилолтыг танилцуулсан талаар баримт байхгүй болохыг тогтоосон байдаг. Мөн хяналт шалгалтын ажиллагаа явагдсан гээд байгаа. Хяналт шалгалтын ажиллагаа явагдахад ярилцлагын тэмдэглэл үйлдсэн гэж хариуцагч тайлбарладаг. Гэтэл ярилцлагын тэмдэглэл нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл байгаа, агуулгыг нь харвал худалдан авалт хийсэн үү гэхэд нягтлан бодогчоос тодруулъя гэснээс өөр агуулга тусгагдаагүй, ярилцлагын үргэлжилсэн цагийг харвал 10 цаг 55 минут 38 секундээс 11 цаг 36 минут 46 секунд хүртэл гээд 30, 40 минут гаруй хугацаанд ярилцлага болсон харагдаад байгаа. Энэхүү удаан хугацаанд үргэлжилсэн ярилцлагад ийм агуулга дурдагдсан байгаа нь ярилцлага бүрэн дүүрэн явагдаагүй.

Бодит худалдан авалт хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна, албан ёсоор нягтлангаас тодруулаад тайлбар өгье гэж хэлсээр байтал үүнийг тодруулсан зүйл хяналт шалгалтын явцад харагддаггүй. Хариуцагч С.М******* захирлыг дансны хулгаас өөр гаргаж өгөх баримт байхгүй гэж хэлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгадаг. Дансны хулгаас өөр баримт байгаа эсэхийг тодруулах боломж бололцоог нь олгосон юм уу, олгосонтой холбоотой зүйл харагдахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуульд заасан хяналт шалгалттай холбоотой биечлэн байлцах нотолгоо, үндэслэл гаргах, татварын ногдуулалт төлөлт, татварын хяналт шалгалтын явц, үр дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх, татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах, мөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх гээд татварын байцаагчийн эрх, үүрэг, татварын хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн эрх, үүргүүд зөрчигдсөн байна гэж харж байгаа. Мөн оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ажиллагаанууд хийгдээгүй байна гэж харж байгаа. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн НА- дугаартай нөхөн ногдуулалтын акт бэлэн болчихлоо, бэлэн болоод ажлын 7 хоногийн өдөр дотор мэдэгдэнэ, мэдэгдсэн эхний удаа хариуцагчаас яаж мэдэгдсэн юм бэ, утсаар ярьсан юм уу, мессеж бичсэн юм уу? Үүнтэй холбоотой баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Үүний дараа хоёр дахь ажиллагаа нь явагдаад 7-14 хоногийн дотор буюу 01 дүгээр сарын 02-ны өдөр шууданд хийсэн талаарх баримт харагддаг. Иймд хуульд заасан ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл хийнэ гэсэн процесс ажиллагаа явагдаагүй, хавтаст хэргийн материалд үүнтэй холбоотой нотлох баримт байдаггүй.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, 42.7 дахь заалтыг харж байгаа. Хуулийн заалтуудыг иш татаж тайлбарлаж байна. Мөн С.М******* захирал 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн акт гарсан талаар мэдэгдээгүй гэдэг зүйл яриад байдаг. ... Үүнтэй холбоотой мэдэгдсэн юм уу, удирдамж, томилолт мэдэгдээгүйгээс эхлээд ажиллагааны процесс, материал, байцаагчийн үйлдсэн нотлох баримтууд, утсаар ярьсан тэмдэглэл, өдөр тутмын хийсэн зүйлсийг нотолсон баримтуудыг хавтаст хэргийн материалд гаргаж өгөөгүй учраас нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Нөхөн ногдуулалтын актын хавсралт болох 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл” 01 дугаартай баримтын 1-д заасан “Татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр” хэсэгт “М” ХХК гэснээс үзвэл “Б*******” ХХК-д нөхөн ногдуулалтын актыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэл биш, шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 01 дугаартай танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтаас харвал “Б*******” ХХК гэсэн байгаа, харин нэхэмжлэгчид өгөхдөө өөр компанийн нэр дурдаад актаа гардууллаа гэсэн байгаа юм. Энэ нь Татварын ерөнхий хууль болон татварын үйл ажиллагааны журмын заалтуудыг зөрчиж байна, яг “Б*******” ХХК-д энэ актыг гардуулсан баримт байхгүй байна.

... Нөхөн ногдуулалтын актын хавсралт гээд байгаа зүйлүүд нь татварын үйл ажиллагааны журмын хавсралтад заагдсан, батлагдсан маягттай таардаггүй. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Мөн 12 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн ногдуулалтын актад нийт 63 ширхэг хий бичилттэй падаан авсан гэж нэхэмжлэгчийг буруутгадаг. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн доод талын догол мөрийг харвал “Ш” ХХК-иас 1 ширхэг, “И*******” ХХК-иас 5 ширхэг, “Х*******” ХХК-иас 2 ширхэг, “Ч” ХХК-иас 2 ширхэг, “Э” ХХК-иас 1 ширхэг гээд нийт 63 ширхэг падаан гээд байгаа боловч нөхөн ногдуулалтын актад дурдсан падаануудын тоог авахаар 11 ширхэг падаан байгаад байгаа юм, тоог нь нэмж хасаад үзэхээр. Иймд 63 ширхэг падаан гэдгийг хаанаас, ямар баримтад үндэслээд бичээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас мэдээлэл ирүүлсний дагуу бид хяналт шалгалт явуулсан гэж Татварын улсын байцаагч буюу хариуцагчид тайлбарладаг. Тус шүүхээс мэдээлэл ирүүлсэн баримт, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн бичиг хэргийн сайт хөтөлдөг ажилтны материалд явуулсан үзлэгээр 11 хуудас нотлох баримтыг бид хавтаст хэрэгт авсан, үүнд мэдээлэл гээд ирүүлсэн зүйл байна, ирүүлэхдээ 12 дугаар сарын 08-ны өдөр тасгийн дарга нь дотоод шэйр билүү ажлын компьютерт тавьсан. Үүнээс үзэхэд 12 дугаар сарын 07-ны өдөр хяналт шалгалт хийх томилолт гараагүй юм байна, томилолтыг нөхөж үйлдсэн байна гэсэн байр суурьтай байна.

Харин нөхөн ногдуулалтын актын тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслээд байгаа юм. Нөхөн татвар, торгууль алданги нийт 334,000,000 төгрөг гээд байгаа. Зөрчлийн тухай хуулийг харвал 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 гэсэн заалт байхгүй байна. Иймд хууль байхгүй заалтыг үндэслэж акт тогтоогоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тусгай зарчим гэдэг захиргааны ерөнхийлөн зохицуулсан хуулиар зохицуулсан зохицуулалтыг тайлбарлаж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад хуульд үндэслэх гэсэн хуулийн тусгай зарчим бий, иймд маргаан бүхий захиргааны акт болох нөхөн ногдуулалтын акт нь өөрөө хуульд үндэслээгүй татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа буюу процесслог шинжтэй ажиллагаа нь хяналт шалгалтын процессоо зөрчсөн ноцтой үйлдлүүд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тодорхой авагдсан байна гэж харж байгаа. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан зохицуулалт өөрөө хяналт шалгалтыг хийхдээ ерөнхий удирдамж, тусгай удирдамж, томилолтын үндсэнд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад олон удаа дурдагдсан, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд нарийвчлан зохицуулсан байдаг.

... хоёрдугаарт томилолтын асуудал, Татварын удирдлагын нэгдсэн систем надад томилолт өгсөн, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас надад томилолт өгсөн гэж тайлбарлаж байгаа. ... Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас томилолт өгсөн гэсэн. Үүнээс харвал томилолт олгогдоогүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Тусгай удирдамж олгогдоогүй гэдэгт хариуцагчийн зүгээс маргадаггүй. Эдгээр гурван асуудал нь татварын хяналт шалгалт хийх үндэслэл бүрдсэн юм уу гэдэг гол асуудал руу чиглэж байгаа юм.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд, хэрэгт авагдсан баримтуудад, татварын байгууллагын эрх зүйн баримт бичгүүдэд байна.

... Шүүх удаа дараа хариуцагчаас нотлох баримт шаардсан, татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л баримтаа бид бүрдүүлж гаргаж өгсөн гээд 2 хуудас баримт 1 хүснэгт гаргаж өгсөн, үүнээс өөр баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас үзлэг явуулах хүсэлт гаргахад хий бичилт гэдгийг ямар баримтаар нотлогдож тогтоогдсон юм бэ, өөрөөр хэлбэл, хий бичилт гэдгийг “Б*******” ХХК-ийн бичээд байгаа асуудал биш. Нөхөн ногдуулалтын актад дурдагдаж байгаа компаниуд нь ямар нэгэн хэлбэрээр хий бичилт хийсэн нь нотлогдож тогтоогдож байна гэсний үндсэнд “Б*******” ХХК-ийг буруу худалдан авалт хийсэн, танайх хий бичилт байна гэж судлаад, шалгаж, тогтоох ёстой байтал танайх тогтоо, 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаа өгч байгаа. Гэтэл ажлын 10 хоног гэдэг хууль тогтоомжид заасан агуулга орхигдсон байна.

... Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж буй этгээдийн оролцох оролцоог нь хангаагүй асуудал байна. 12 дугаар сарын 11-ний өдөр ганц ярилцлагын тэмдэглэл гэдэг зүйл үйлдсэнээс өөрөөр яаж оролцоог нь хангасан, яаж нотлох баримт бүрдүүлэн өгөх, гарган өгөх эрхээр нь хангасан юм бэ? Магадгүй “Б*******” ХХК өөрт байхгүй нотлох баримтаа бусад төрийн захиргааны байгууллагуудаас гаргуулах хүсэлт, тайлбар гаргах энэхүү эрх нь байсан. Ярилцлагын тэмдэглэл хийгээд очиход хүснэгтээ харуулсан байх, энэхүү нөхцөл байдалд яагаад намайг буруутгаж байгаа юм бэ, энэ нотлох баримтыг бид нягтлан байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй, та бүхэн өөр байдлаар цуглуулаач гэдэг хүсэлт гаргах боломж нь 12 дугаар сарын 11-ний өдрөөс тооцоход ажлын 10 хоногт нь энэ эрх нь байсан, энэхүү боломжоор нь хангаагүй.

“Б*******” ХХК-ийн зөрчлийг 4 сая төгрөг гэж тогтоосон байгаа, өөр байдлаар тогтоосон зүйл байхгүй. Энэхүү нөхцөл байдал нь эдгээр компаниудыг тусдаа байдлаар эрүүгийн журмаа шалгаж тогтооно, бид захиргааны үйл ажиллагаагаа хариуцаад танай “Б*******” ХХК хий бичилт хийсэн, үүнд хариуцлага тооцно гэдэг байдлаар. Гэтэл бодит байдалд эдгээр компаниуд нь хэрхэн, ямар арга замаар эрүүгийн хариуцлага хүлээсэн юм бэ? өөрөөр хэлбэл хий бичилт гэдэг нь татвараас зайлсхийх, мөнгө угаах, давхар зөрчил зүйлчлэгддэг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн тохиолдол шинж.

Гэтэл Татварын ерөнхий газрын мэдээллийн санд нийтэд илэрхий баримт байгаа. Татварын тайлангаа илгээдэггүй, татвараа төлдөггүй хариуцлагагүй компаниас та нар яах гэж худалдан авалт хийсэн юм бэ, тийм учраас хий бичилттэй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байна.

Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй, гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэдэг хуульд заасан зохицуулалт байгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд эдгээр компаниуд хариуцлагагүй компани гэдгийг нотолж тогтоосон баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчимд саад учруулсан үйлдэл гэж харж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт нь хуульд үндэслээгүй, бодит нотлох баримтад үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь илэрхий, тодорхой байх тул уг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Татварын хяналт шалгалт хийх 2 томилолт 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон бөгөөд татварын удирдлагын нэгдсэн системээс татвар төлөгчийн системд бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар тус томилолтын талаар мэдээллийг хүргүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, түүний өөрчлөлт, энэ хуулийн 26.2, 26.3-т заасан мэдээллийг 7 хоногийн дотор татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд өөрөө бүртгүүлэх, эсхүл татварын албанаас мэдэгдсэнээр мөн хугацаанд баталгаажуулах үүргийг хүлээж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлнэ”, мөн хуулийн 26.5-т “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна” гэж заасан байна.

2. Хяналт шалгалтын явцад татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасны дагуу тус компанийн захирал С.М*******ад албан томилолтыг танилцуулж, падааны мэдээлэлтэй холбоотой тодруулга ярилцлагыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авч баримт бичгийн хүсэлтийг өгсөн. Баримт ирүүлэх эцсийн хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тус компанийн захирал өөрийн биеэр ирж компанийн дансны хуулганаас, өөр ямар нэгэн баримт материал байхгүй талаар мэдэгдсэн. Хяналт шалгалтын явцад нэмэлт нотлох баримт авах шаардлагагүй, холбогдох татварын хууль тогтоомж зөрчил нь тодорхой байх тул татварын хяналт шалгалтын ажлыг дуусгаж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдэж, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт гарсан талаар татвар төлөгчид мэдэгдсэн.

3. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл” 01 дугаартай баримтад Татвар төлөгчийн нэр алдаатай бичигдсэн нь тус НА-24******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэл биш гэж үзэх үндэслэл болохгүй. Татвар төлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр биечлэн ирж уулзаагүй /баримт ирүүлээгүй/ бөгөөд нөхөн ногдуулалтын актыг гардаж авах талаар тус компанийн захирал С.М*******ын дугаарын утас руу холбогдохоор хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй, актыг биечлэн ирж гардаж аваагүй тул хууль тогтоомжид заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж ажилласан. Утасны дугаарыг шуудангийн байгууллага буруу тэмдэглэн авсан байна. Татвар төлөгчийн гомдолд дурдсан акт гарсан талаар надад мэдэгдээгүй, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр биечлэн очиж уулзахад акт гараагүй байсан гэх гомдол нь ор үндэслэлгүй байна. Татвар төлөгчийн нэр болон утасны дугаарыг алдаж бичсэн нь захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд татварын улсын байцаагчийн НА- дугаартай татварын нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг хэвээр үлдээж өгнө үүү” гэжээ.

3.2.Хариуцагч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Томилолт, удирдамж мэдэгдээгүй гэдэг асуудал ярьж байна. Татварын улсын байцаагчдад томилолтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон. Томилолт олгогдоод 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Б*******” ХХК-ийн захирал С.М*******ад утсаар мэдэгдсэн, ийм томилолт олгосон учраас та холбогдох баримтаа бүрдүүлж өгөх шаардлагатай байна гэж мэдэгдсэний дагуу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татварын албанд ирж томилолттой танилцсан. Томилолттой танилцахад хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын дагуу ярилцлагын тэмдэглэл үйлдэж, татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад шаардлагатай баримт, материал ирүүлэх талаарх хүсэлтийг өгсөн байдаг. Иймд томилолтыг танилцуулаагүй гэдэг үндэслэл худлаа юм.

Ярилцлагын тэмдэглэлд гол асуудлуудыг тусгаагүй, нягтланд мэдэгдэх гэдэг агуулгатай ярилцлага болсон байна, 30-40 минут үлдсэн байна гэдэг асуудлын хувьд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ярилцлагаар тухайн хяналт шалгалтын явцад зөрчилтэй падаантай холбоотой асуудлыг тодруулсан. Энэхүү ярилцлагаар дурдсанчлан дээрх 4 компанитай холбоотой худалдан авалтыг би мэдэхгүй байна, үүнийг нягтлан бодогчоос тодруулъя, нягтлан бодогч маань ажлаасаа гарсан байгаа гэдэг агуулгаар тайлбарласан. Ярилцлага удаан хугацаанд үргэлжилсэнтэй холбоотой асуудлаар бүх компаниудын хий бичилт хийсэн падааны жагсаалтуудыг С.М******* захиралд нэг бүрчлэн танилцуулж, гаргаж өгсөн.

Нягтлангаас тодруулах асуудалтай гэдэг агуулгаар, татварын хяналт шалгалтад нотлох баримтуудыг ирүүлэх агуулгаар татвар төлөгчийг хууль тогтоомжийн хүрээнд, эрх зүйгээр хангаагүй байна гээд байна. Энэ 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд баримтаа ирүүлнэ үү гэж хугацаа өгсөн. Дансны хуулгын хэвлэгдсэн огноо 12 дугаар сарын 12-ны өдөр байсан, татварын албанд татвар төлөгч 12 дугаар сарын 15, 16-ны өдөр ирүүлсэн байдаг. Байцаагч нарын нэг дутагдалтай асуудал нь тухайн дансны хуулгаас өөр баримт байхгүй гэдгийг албан ёсоор баримтжуулж авч, гарын үсэг зуруулаагүй нь алдаа гарсан байна. Ямар ч байсан өөрөө ирж дансны хуулгаа өгөөд явсан. Дансны хуулга нь хэвлэсэн огноогоороо хэргийн материалд байгаа. Акт гардуулсантай холбоотой асуудлын тухайд 12 дугаар сарын 18-ны өдөр акт гарсан, 12 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд С.М******* захирал руу утсаар холбогдож ирж акттай танилцаарай гэсэн боловч дараа нь дахин залгахад утсаа аваагүй.

Маргаан таслах зөвлөлийн хурлын явцад ч мөн тайлбарлахдаа 2023 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрөөс гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай гээд эмчлүүлээд ирсэн тухай дурдсан байдаг. Бид бүхэн хуулиа хэрэгжүүлэхийн тулд гардуулах ёстой байсан 7 хоногийн хугацаанд актыг гардуулж амжаагүй учраас Татварын ерөнхий хуульд заасны дагуу дараагийн ажлын 7 хоногт актыг гардуулахаар шуудангаар хүргүүлсэн. Шуудангаар хүргүүлсэн тухайд процессын алдаанууд яригдаад байна. Гардаж аваагүй, “М” ХХК-ийн нэр байсан гээд байгаа. Нийт гардуулалтын агуулга “Б*******” ХХК-ийн захирал С.М*******ын хаяг, байршил тусгагдсан боловч байцаагч нь “М” ХХК гээд андуурч бичсэн асуудал гарсан. Гэтэл энэ бол өөрөө захиргааны актыг хүргүүлэх, нэхэмжлэгч талын гардаж авах процессын асуудал гэж ойлгож байгаа. Ямар ч байсан энэхүү актаа “Б*******” ХХК-ийн захирал 01 дүгээр сарын 15-ны өдөр гардаж аваад, энэхүү өдрөөс хойш хугацаагаа тоолоод 30 хоногийн дотор Маргаан таслах зөвлөл буюу захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаад явж байгаа процесс юм. Иймд гардуулалттай холбоотой асуудалд нэр андуурч бичсэн нь нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгоход ач холбогдолгүй зүйл байх. Гардаж авсан процесс, гардаж авсан хугацааг тухайн үед Маргаан таслах зөвлөлд дурдаад 01 дүгээр сарын 15-ны өдөр хандсан учраас 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 30 хоногоо тоолоод захиргааны актад гомдол гаргаад явсан байгаа юм.

Нөхөн ногдуулалтын акт болон хавсралтууд зөрүүтэй байна гэдэг агуулга яриад байгаа. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т ”Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна.” гэж заасан. Нөхөн ногдуулалтын акт нэгдсэн бүртгэл, дугаартай, хавсралтууд зайлшгүй дугаартай байх тухай хуульчлаад байгаа. Иймд нэхэмжлэгч талаас хавсралтууд зайлшгүй дугаартай байх ёстой гэдэг агуулгаар маргаад байгаа нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтад хуульчилсан байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирж уулзсан гээд яриад байгаа. Энэ нь нотлогдохгүй байгаа, ямар ч байсан татварын албанд С.М******* захирал тус өдөр ирээгүй, ирсэн тохиолдолд бид актыг гардуулахгүй байх үндэслэл байхгүй. Иймд ирсэн тухайгаа татвар төлөгч талаас нотлох шаардлагатай байх. Нөхөн ногдуулалтын актад нийт 4 компани 11 ширхэг падаан гээд бичсэн байна, 63 ширхэг падаан яаж тогтоогдоод байна вэ гээд байна. Нөхөн ногдуулалтын актад бид “И*******” ХХК-тай холбоотой нийт падааны ширхгийг нөхөн ногдуулалтын актад 5 гэж андуурч бичигдсэн байна. Гэтэл 4 компаниас авсан нийт 63 ширхэг үнэ бүхий 2,228,432,050.02 гэдэг дүн өөрчлөгдөхгүй юм, 63 ширхэг гэдэг падаан яаж гарч ирсэн бэ гэдэг нь хяналт шалгалтын явцад, мөн “Б*******” ХХК-ийн тайлагнал, Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээлэл, шүүх шинжилгээний үзлэг хийсэн, Татварын удирдлагын хэлтэст үзлэг хийсэн бүх баримтуудаар 63 ширхэг падаан бүхий 2,228,432,050.02 төгрөгийн худалдан авалт гэдэг нь нотлогдож байгаа юм.

Томилолтыг нөхөн үйлдсэн байж болзошгүй гэдэг агуулгыг яриад байгаа. Томилолт өөрөө 12 дугаар сарын 07-ны өдөр Татварын удирдлагын нэгдсэн системээр төлөвлөгөө үүсээд, тухайн нэгжийн хариуцсан дарга буюу тасгийн дарга 12 дугаар сарын 07-ны өдөр томилолт олгосон. Томилолт олгогдсон огноог Татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийх явцад шүүх баримтжуулж авсан байх. Иймд Татварын улсын байцаагчдын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн нөхөн ноогдуулах акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын албанд Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу ажилладаг. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас манай улсын байцаагчид татварын хяналт шалгалт хийх томилолтыг олгосон нь татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын ажлаа явуулаад, эцсийн дүгнэлт гаргасан. Дээр дурдсанчлан анхан шатны баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй болон үүнийг татварын албанд авч ирэх талаар дурдахгүй орхиё.

Татварын хяналт шалгалтад хамрагдаж байх явцад татвар төлөгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс тайлбар гаргах, нотлох баримт гаргуулах, нотлох баримтыг хүргүүлэх эрх үүрэгтэйгээр хяналт шалгалтын ажилд оролцдог. Энэхүү эрх үүргийг манай улсын байцаагч нар хангаж өгсөн байдаг. Гэтэл татвар төлөгч нь анхан шатны баримтыг мэдэхгүй гэдэг шалтгаанаар татварын албанд ирүүлээгүй байдаг. Тухайн маргаан бүхий акт нь 2023 онд гарсан, энэ хугацаанд анхан шатны баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнөх шатны ажил нь Татварын маргаан таслах зөвлөлд хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Үүнд улсын байцаагчийн шалгасантай нэгэн адил татвар төлөгч нь өөрийнхөө гэм буруугүйг нотолсон нотлох баримтыг Маргаан таслах зөвлөл болон анхан шатны шүүхэд авчрах эрх, үүрэгтэйгээр оролцох ёстой. Гэтэл татварын албыг нотолсонгүй, 12 дугаар сарын 18-ны өдөр танайх актаа гаргалаа, 12 дугаар сарын 19-ний өдөр бид нотолчих байсан гэж яриад байгаа. Тэгвэл 2, 3 жилийн хугацаанд материал нь ирээгүй, мөн Маргаан таслах зөвлөл нь анхан шатны баримтад үндэслээд шалгасан байгаа. Улсын байцаагч нар дан ганц шүүхийн шийдвэрийг 100 хувь удирдлага болгоогүй, байцаагч нарт олгосон эрхийн хүрээнд Татварын удирдлагын нэгдсэн систем, татвар төлөгчийн ирүүлсэн баримтад үндэслээд шийдвэрийг гаргасан. Иймд татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “Б*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарт холбогдуулан Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ,

- Захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг хэрэгжүүлээгүй/бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд үндэслээгүй,

- Татварын хяналт шалгалт хийх үндэслэл бүрдээгүй байхад хяналт шалгалт явуулсан/томилолт олгогдоогүй, тасгийн даргаас 8-ны өдөр мэдээллээ авахыг дотоод сүлжээндээ байршуулсан/,

- Татварын ерөнхий хуульд заасан хяналт шалгалт явуулахаас ажлын 10 өдрөөс доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй,

- Баримт гаргаж ирүүлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоосон атлаа 18-ны өдөр актыг гаргасан гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд,

3.1. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2 тоот Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу Б******* ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийжээ.

3.2. Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар “Б*******” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт хийж, 222,843,205 төгрөгийн нөхөн татвар, 66,852,961.49 төгрөгийн торгууль, 44,568,641 төгрөгийн алданги, нийт 334,264,807.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.  

3.3. Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын НА- дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

 

4. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй хариуцагч нараас хуульд заасан хугацааг баримтлаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

5. Гэвч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна. Учир нь:

5.1. Хуулийн дээрх зохицуулалт нь хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэнээс хойш ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэж 10 хоног өнгөрсний дараа хяналт шалгалт явуулах агуулгатай.

 5.2. Тухайн тохиолдолд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хяналт шалгалт явуулах талаар Б******* ХХК-д мэдэгдсэн, үүнээс хойш 10 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар байхад 2 тоот татварын хяналт шалгалт хийх томилолтод “Татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 10 ажлын өдөр” гэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

5.3. Татварын хяналт шалгалт хийх томилолтыг 12 дугаар сарын 07-ны өдөр олгохдоо хяналт шалгалтын хугацааг 12 дугаар сарын 11-ний өдрөөс тогтоосон нь татварын улсын байцаагч нараас хамаараагүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх боломжгүй.

 

6. Мөн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татварын улсын байцаагчаас баримт бичгийн хүсэлтийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн захиралд гардуулж, уг хүсэлтэд баримт хүлээн авах сүүлийн огноог 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоосон боловч маргаан бүхий актыг 18-ны өдрөөр огноолон гаргажээ.

7. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын “Захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг хэрэгжүүлээгүй/бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд үндэслээгүй” гэх тайлбар үндэслэлтэй.

8. Гэвч нэхэмжлэгч талаас “татварын хяналт шалгалтад шаардлагатай гэж үзэн нэмэлтээр гаргаж өгөх баримт байсан эсэх, ийм баримтуудыг манайх шалгуулах боломжтой байсан” гэж тайлбарласан атлаа худалдан авалт хийсэн талаарх баримтуудаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй тул хариуцагчаас хууль болон хүсэлтэд заасан хугацаагаа баримтлаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

 

9. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан.

9.1. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн
А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.6-д “Татварын алба хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан хяналт шалгалт хийх томилолт /цаашид "томилолт" гэх/-ыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн хяналт шалгалтад хамрагдах татвар төлөгчийн жагсаалтад үндэслэн тухайн албаны хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга олгоно” гэж заасан байна.

9.2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн бичиг баримт, дотоод сүлжээнд хийсэн үзлэгээр Татварын ерөнхий газраас хүргүүлсэн “Хий бичилт ХШ2019-Баянзүрх.xlsx” нэртэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааны жагсаалтын файлыг хэлтсийн даргын туслах 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16.08 цагт хүлээн авсан, тус хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргаас уг файлыг 12 дугаар сарын 08-ны өдрийн 10.39 цагт дотоод сүлжээнд байршуулж өөрсдийн томилолт орсон газруудаа шүүж авахыг мэдэгдсэн байна.

9.3. Татварын улсын байцаагч нар болон Хяналт шалгалтын тасгийн даргаас “татварын хяналт шалгалт хийх татварын байцаагч нарыг татварын нэгдсэн удирдлагын системээс программ автоматаар сонгож томилолтын дугаар унадаг. Бидний оролцоо байхгүй” хэмээн тайлбарлаж байгаагаас үзвэл нэхэмжлэгч талын “Татварын хяналт шалгалт хийх үндэслэл бүрдээгүй байхад хяналт шалгалт явуулсан” гэх тайлбарыг буруутгахааргүй, 2 тоот томилолтыг олгосон процесс нь журмын дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

9.4. Гэвч тухайн аж ахуйн нэгжид хэн гэдэг татварын улсын байцаагч хяналт шалгалт явуулахыг программаас санамсаргүй зарчмаар сонгосны улмаас нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

9.5. Өөрөөр хэлбэл, системд үүссэн томилолтыг татварын улсын байцаагчид санамсаргүйгээр хуваарилж байгаа нь хариуцагч татварын улсын байцаагч нарын татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамааралгүйн зэрэгцээ татварын хяналт шалгалтад хамрагдах үндэслэл нэгэнт бүрдсэн нөхцөлд томилолт олгож буй процесс ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх нь хэт өрөөсгөл болно.  

 

10. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд “Татварын төлөгчийн нэр, өмчийн хэлбэр: “М” ХХК” гэж, хариуцагчаас ирүүлсэн Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэлд “Татвар төлөгчийн нэр, өмчийн хэлбэр: “Б*******” ХХК” гэж, түүнчлэн маргаан бүхий НА- дугаар нөхөн ногдуулалтын актад “... “И*******” ХХК-иас 5 ширхэг ... нийт 63 ширхэг” гэж хуулийн этгээдийн нэр, падааны тоо хэмжээг зөрүүтэй бичсэн байх ба “Б*******” ХХК-ийн худалдан авалтын жагсаалтад “И*******” ХХК-ийн 57 ширхэг падаан бичигдсэн байна.

11. Дээрх зөрүүтэй бичигдсэн байгаа нь бичиглэлийн алдаа гэж үзэхээр байна. Тодруулбал, татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тэмдэглэлд “М” ХХК гэж бичсэн хэдий ч бусад мэдээллийн хувьд “Б*******” ХХК-ийн мэдээллээс зөрүүгүй, нөхөн ногдуулалтын актад 5 ширхэг гэж дурдсан байгаа хэдий ч үнийн дүнгийн хувьд зөрүүгүй байх тул бичиглэлийн алдаа гэж үзэх үндэслэлтэй.

 

12. Харин нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй “хуульд үндэслээгүй, хуульд байхгүй заалтыг хэрэглэсэн” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй. Учир нь:

13. Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын Тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2 дахь заалтыг үндэслэсэн боловч Зөрчлийн тухай хуульд уг заалт байхгүй гэж үзэхээр байна.

14. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно:”, 28.7.1-д “зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь “дүгээр”, эсхүл “дугаар” гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/;”, 28.7.2-т “хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;”, 28.7.3-т “хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/;”, 28.7.4-т “заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/” гэж заасан.

15. Хариуцагчаас маргаан бүхий актыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:” гэж, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” гэж заасны дагуу гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

16. Хуулийн дээрх зохицуулалтууд болон бүхий нөхөн ногдуулалтын актын тогтоох нь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2., ... заалтыг үндэслэн...” гэж бичигдсэнээс үзвэл, хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд байхгүй 11 дүгээр хэсгийн 19 дүгээр заалтын 1.2 дахь дэд заалтыг үндэслэж шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд тус тус нийцэхгүй байна.

17. Иймд хариуцагч татварын улсын байцаагч нараас тухайн зөрчилд хуулийн аль зүйл, заалтаар хариуцлага ногдуулахыг тодорхой болгож дүгнэлт хийсний үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг дагуу маргааны бүхий Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

18. Татварын улсын байцаагчид татвар төлөгчийн 2019 оны татвар төлөлт, ногдуулалтыг хянан шалгаж, 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 2,228,432,050.02 төгрөгийн зөрчилд нөхөн ногдуулалтын актаар 334,264,807.49 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан нөхөн ногдуулалтын актын тооцоолол, үйл баримттай маргаагүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг тус тус баримтлан Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Татварын улсын байцаагч Д.О, Э.Ц нарын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ