Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00216

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/03605 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч З ХХК-д холбогдуулан гаргасан 15 964 104 төгрөг гаргуулах тухай үндсэн, 39 958 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц, Ч.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч З ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Residence 60 орон сууцны 8В байрны 06 тоот хаягт байрлах, 66.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 4 507 242 төгрөг, нийт 301 850 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 10 хувь болох 30 185 000 төгрөгийг төлж уг орон сууцыг 10 жилийн хугацаатай зээлээр худалдан авч эзэмшиж эхэлсэн. Энэхүү орон сууцанд амьдрах хугацаанд худалдагч талаас хэлж тайлбарлаж байсан шиг чанар стандартын өндөр түвшний шаардлага хангасан орон сууц биш болох нь тогтоогдсон. Худалдан авагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй мэтээр тайлбарлаж сар бүрийн үндсэн төлөлт, хүү, алданги зэргийг нэхэмжилсэн тул гэрээнээс татгалзаж орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр худалдан авагч талд хүлээлгэн өгсөн. Худалдагч тал нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн албан бичигтээ нийт 22 420 896 төгрөгийн суутгал хийж үлдэх мөнгийг өгөхийг мэдэгдсэн тул үүнийг үл зөвшөөрч дараах шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд авсан, өгсөн зүйлээ харилцан буцааж өгдөг. Гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан хугацаанд уг орон сууцыг хөлсөлсөн гэж үзэж нөхөн төлбөр төлөх урьдчилсан нөхцөлийг талууд гэрээгээр тохирсон. Иймд орон сууц хөлслөх нэг сарын төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тооцож нийт 13 000 000 төгрөг, засварын зардлыг 1 000 000 төгрөг, хэрэглээний төлбөр 220 896 төгрөг нийт 14 220 896 төгрөгийг хасаж тооцож урьдчилгаа төлбөрөөс үлдэх 15 964 104 төгрөгийн нэхэмжилж байна. Хариуцагчаас ирүүлсэн засварын баримтыг үндэслэн 1 645 903 төгрөгөөр тооцохыг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдан авагч Д.А нь гэрээний 10.1.2-т заасны дагуу гэрээнээс татгалзаж, З ХХК нь татгалзлыг хүлээн зөвшөөрч орон сууцыг Д.А гаас хүлээн авсан тул гэрээнд тусгагдсан үндсэн төлөлт, хүү, алдангийн зохицуулалт үйлчлэхгүй, харин гэрээнээс татгалзсантай холбоотой харилцааг зохицуулсан гэрээний заалтууд буюу 8.1.5, 9.2.14, 10.1.2, 10.2.1 дэх заалт үйлчилнэ. З ХХК нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсний төлбөр нь энэхүү маргаантай хамааралгүй, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж буй нь өөрийн хүсэл зоригийн дагуу хийж байгаа үйлдэл тул уг зардлуудыг Д.А төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдааны гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Д.А тай харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Residence 60 орон сууцны 05-06 тоотод байрлах 3 өрөө, 66.97 м.кв орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 2.2-д зааснаар төлбөрөө хугацаандаа төлөх болон төлбөрийн хуваарийг зөрчихгүй талаар баталгаа гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд, хуваарийн дагуу төлөөгүй. Харин манай компанийн зүгээс Д.А г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө тохиролцсон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж байсан. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах мэдэгдэл хүлээн авснаас хойш тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ цуцлагдсан. Д.А 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр орон сууцыг буцаан хүлээлгэн өгч гал зуухны тавилгаа салгаж авсан. Д.А үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан тул хохирлыг хүлээж авах боломжгүй. Д.А гэрээнд заасан үүргээ зөрчиж гэрээнд заасан хуваарийн дагуу нэг ч төгрөг төлөөгүй болно. Д.А нь гэрээг байгуулан орон сууцыг хүлээн авснаас хойш нэг ч удаа гэрээний 9.2.3-т заасан үүргүүдээ биелүүлэхгүй байгаа нь гэрээний 10.2-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцлахад хүргэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж байсан ч энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй. Харин Д.А нь гэрээнээс татгалзсан хэмээн үзэж манай компаниас урьдчилгаанд төлсөн төлбөрөө нэхэмжилж байгаа нь хуулийн болоод бодит үндэслэлгүй бөгөөд бид энэ талаар шүүхэд үндэслэл бүхий тайлбараа гаргасан болно. З ХХК нь Д.А д эдийн болон эрхийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан орон сууц нийлүүлсэн бөгөөд Д.А д гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөх хүртэл тэрээр ямар нэгэн биет байдлын доголдлын талаар гомдол мэдүүлж байгаагүй юм. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээг цуцлахад хүргэсэн болох нь хангалттай нотлогдож байгаа юм. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж үздэг. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг ялгаа байдаг. Д.А нь орон сууцны үндсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд манай компани Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2, гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2-д заасны дагуу гэрээ цуцлах хүртэл хугацааны үүргийн гүйцэтгэлд буюу гэрээний үндсэн төлбөр 1 946 689.31 төгрөг, хүү 17 689 465.69 төгрөг, алданги 9 818 077 төгрөг, нийт 29 454 232 төгрөг нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-д заасны дагуу гэрээ цуцалснаас үүдэлтэй хохиролд дараах төлбөрийг нэхэмжилж байгаа юм. Үүнд Д.А нь тухайн орон сууцанд амьдарч байх хугацааны буюу 2020 оны 02, 03, 04 дүгээр саруудын хэрэглээний төлбөр 220 896.38 төгрөг төлөөгүйг манай компанийн зүгээс төлсөн. Мөн Д.А тухайн орон сууцанд амьдарч байхдаа элэгдүүлсэн, гэмтээсэн хэсгийг засварлах шаардлагатай бөгөөд энэ нь нийт 1 645 903 төгрөг болно. Д.А гэрээний үүргээ зөрчиж улмаар маргаан үүсгэн манай компани өмгөөлөгч авсан бөгөөд эрх зүйн туслалцаа авсан төлбөрт төлсөн 2 600 000 төгрөг, орон сууцыг зуучлалын компаниар зуучлуулан Д.А д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тул зуучлалын компанийн хөлс 6 037 000 төгрөгийг тус тус хохирол гэж үзэж байна. Иймд гэрээ цуцлах хүртэлх хугацааны үүргийн гүйцэтгэл болон гэрээ цуцалснаас үүдсэн хохиролд нийт 39 958 030 төгрөг гаргуулж З ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-аас 12 748 201 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А д, нэхэмжлэгч Д.А гаас 9 818 077 төгрөг гаргуулан хариуцагч З ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 2 570 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 30 139 953 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 237 771 төгрөгийг, хариуцагчийн 354 152 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-аас 218 921 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А д, нэхэмжлэгч Д.А гаас 172 039 төгрөг гаргуулан хариуцагч З ХХК-д тус тус олгож,

Зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус үндэслэж 9 818 077 төгрөгийн алдангийг нэхэмжпэгчээс гаргуулан хариуцагч З ХХК-д олгохоор шийдвэрлэж, хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээний нэг тал нөгөө талдаа алданги төлөхийн тулд үндсэн үүргийг гүйцэтгээгүй байх ёстой. Гэвч анхан шатны шүүх талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд худалдан авагч Д.А нь худалдагч З ХХК-ийн өмнө гүйцэтгэх үүрэг байхгүй гэдэг нь илэрхий байна. Худалдан авагч Д.А нь үндсэн төлбөр 1 946 689 төгрөг, хүү 17 689 465 төгрөг, нийт 19 636 154 төгрөгийг З ХХК-д төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх шийдвэрлэсэн хэрнээ, 19 636 154 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна гэж алданги гаргуулан шийдвэрлэж байгаа хууль зүйн үндэслэлгүй, агуулгын хувьд илт зөрүүтэй байна. Мөн гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги төлөх зохицуулалт гэрээнд тусгагдаагүй, харин гэрээнээс татгалзсан тохиолдолд орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан хугацаанд уг орон сууцыг хөлсөлсөн гэж үзэж нөхөн төлбөр төлөх урьдчилсан нөхцөлийг талууд гэрээгээр тохирсны дагуу худалдан авагч Д.А нь гэрээний хариуцлагын хүрээнд орон сууцыг ашигласан хугацаа болох 10 сарын хөлс 15 570 000 төгрөгийг худалдагчид төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэгч Д.А гаас 9 818 077 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хууль ёсны болж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Д.А нь З ХХК-д холбогдуулан 15 964 104 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 318 201 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч 39 958 030 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

 

Хэргийн 4-10 дугаар талд авагдсан Д.А болон З ХХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчид Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Резидэнс 60 орон сууц 05-06 тоот хаягт байрлах 66.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны эзэмшлийг хариуцагч шилжүүлж, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 301 850 000 төгрөг хариуцагчид төлөхөөс урьдчилгаа 10 хувь буюу 30 185 000 төгрөгийг 45 хоногийн дотор төлж үлдэх 271 665 000 төгрөгийг 10 жилийн хугацаанд хэсэгчлэн жилийн 8 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон нь зохигчдын тайлбар, гэрээний хавсралт, төлбөр төлөх график зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.А гэрээгээр тохиролцсоны дагуу хариуцагч З ХХК-д урьдчилгаа төлбөрт 30 185 000 төгрөгийг төлж, орон сууцанд амьдарсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үлдэх төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөөгүйгээс зохигчдын хооронд маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Хариуцагч З ХХК нь нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйл болох орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч урьдчилгаанд төлсөн 30 185 000 төгрөгийг буцаан төлөөгүй үйл баримт хэргийн 18-20, 24 дугаар тал дахь баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч нь гэрээнээс татгалзаж талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасанд нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн талаар зөрчилтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж тооцоолол болон дүгнэлтийн хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Д.А гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 7 дугаар сард хүлээн авснаас хойш 10 сарын дараа хүлээлгэн өгсөн бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаагаар ашиглаж тухайн орон сууцанд амьдарсан байна. Талууд гэрээнээс татгалзсаны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор түүнд урьдчилгаа төлбөрт төлсөн 30 185 000 төгрөгөөс эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөр, бусад зардлыг хасч тооцохыг зөвшөөрсөн. Харин урьдчилгаа төлбөрөөс хасах үнийн дүнгийн хэмжээний талаар маргажээ.

 

Уг мөнгөнөөс нэхэмжлэгч орон сууцыг 10 сар ашигласны хөлсөнд сарын 1 300 000 төгрөгөөр тооцож нийт 13 000 000 төгрөг, 2020 оны 2, 3, 4 дүгээр сарын ашиглалтын зардалд 220 896 төгрөг, орон сууцны засварын зардалд 1 645 903 төгрөг нийт 14 866 799 төгрөгийг хасч тооцон 15 318 201 төгрөг нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч орон сууцанд амьдарсан 10 сарын хугацааны хөлс сар бүр 2 500 000 төгрөг гэж маргасныг шүүх хэргийн 140, 147-156 дугаар тал дах үнэгүй.мн худалдааны сайт дах мэдээлэл болон Тэнхлэг зууч ХХК-ийн үнийн мэдээлэл зэрэг баримтыг үндэслэн сарын хөлсийг 1 570 000 төгрөгөөр тооцож орон сууцанд амьдарсан хугацааны хөлсний талаар хариуцагч сөрөг шаардлага гаргаагүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 570 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хамаарах орон сууцны засварын зардлыг 1 645 903 төгрөг, 2020 оны 2, 3, 4 дүгээр сарын хэрэглээний зардал 220 896 төгрөг бусад шаардлагаас 1 866 799 төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээ цуцлах хүртэл хугацааны үүргийн гүйцэтгэл буюу үндсэн төлбөрт 1 946 689.31 төгрөг, хүү 17 689 465.69 төгрөг, алданги 9 818 077 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд орон сууцыг ашигласан хугацааны 2020 оны 2, 3, 4 дүгээр саруудын хэрэглээний төлбөр 220 896.38 төгрөг, засварын зардал 1 645 903 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан 2 600 000 төгрөг, зуучлалын компанид төлсөн 6 037 000 төгрөг нийт 39 958 030 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт энэ хуулийн 264.1 дэх заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй талаар зохицуулсан. Ийнхүү гэрээнээс татгалзахад нэхэмжлэгч Д.А гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай тул хариуцагч нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх талууд гэрээнээс татгалзсанаар гэрээгээр авсан бүх зүйлээ хуульд заасны дагуу харилцан буцаах тул биелэгдээгүй үүрэг болох гэрээ цуцлах хүртэл хугацааны үүргийн гүйцэтгэл буюу үндсэн төлбөрт 1 946 689.31, хүү 17 689 465.69 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Харин, гэрээ цуцлах хүртэлх хугацааны алданги 9 818 077 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу. Учир нь урт хугацааны гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг ба ийнхүү цуцлахад Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам үйлчлэх талаар энэ хуулийн 221.5-д зохицуулсантай энэ хуулийн 264.1 дэх заалт адил бөгөөд нарийвчилсан зохицуулалт учраас талууд зөвхөн өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй тул 9 818 077 төгрөгийн алдангийг хангах үндэслэлгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь эрх зүйн туслалцаа авсан төлбөрт төлсөн 2 600 000 төгрөг, зуучлалын компанийн хөлс 6 037 000 төгрөгийг тус тус хохирол гэж нэхэмжилсэн нь гэрээгээр хүлээсэн үүрэг биш учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч орон сууцыг ашигласантай холбоотойгоор засварын зардал 1 645 903 төгрөг, мөн 2020 оны 2, 3, 4 дүгээр сарын хэрэглээний зардал 220 896 төгрөг нэхэмжилснийг төлөхийг зөвшөөрсөнтэй холбогдуулж шүүх хэрэгсэхгүй болгосон нь буруу байгааг зөвтгөж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 866 799 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор өөрчлөлт оруулна. Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарсан сарын хөлсийг 1 570 000 төгрөгөөр тооцсонтой холбогдуулан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж маргаагүй боловч орон сууцанд амьдарсаны хөлсөнд тооцож хасуулахаар зөвшөөрсөн 13 000 000 төгрөгийн хоорондох зөрүү 2 700 000 төгрөг болж байгаатай холбоотой дээрх 1 866 799 төгрөгийн засварын зардал, ашиглалтын хөлс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаагүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/03605 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ХХК-аас 15 318 201 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А д олгосугай. гэж,

 

2 дахь заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А гаас 1 866 799 төгрөгийг гаргуулан З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38 091 231 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 гэж дугаарласныг 3 гэж, үлдээж гэснийг үлдээсүгэй, хариуцагч З ХХК-аас 234 541 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А д, нэхэмжлэгч Д.А гаас 44 818 төгрөг гаргуулан хариуцагч З ХХК-д олгосугай гэж,

3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ