2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01938

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11

191/ШШ2025/01938

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, Сайн хирс овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Чонос овогт н /рд:/-д холбогдох,

 

65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Г., С. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.тай 2018 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Төгс төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2022 онд салж, тусдаа амьдарч байна. Хамтран амьдарч байх хугацаандаа 2019 онд ,, тоотод байрлах 66 м.кв талбайтай орон сууцыг ипотекийн зээлээр худалдсан авсан. Тухайн үед миний нийгмийн даатгал 2 сарын хугацаатай төлөгдсөн байсан тул зээлд хамрагдах боломжгүй байсан. Н. нь Хаан банкинд ажилладаг байсан тул орон сууцыг хөнгөлөлттэй зээлээр авсан. Орон сууцны урьдчилгаанд Н.ын ахынх нь байрыг тавьсан. Намайг хамтран зээлдэгч болон өмчлөгчөөр оруулаагүй. Хамт амьдарч байхдаа орон сууцанд миний нэр ороогүй ч гэсэн бидний дундын хөрөнгө гэж ойлгож, өөрийнхөө олсон орлогын 90 хувийг орон сууцны төлбөрт зориулж өгч байсан. Би Н.аас салахдаа охиндоо орон сууцаа үлдээж байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж тохирсон. Гэвч Н. 2024 оны 8 дугаар сард хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, одоо шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлж байгаа. Нэгэнт надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулсан тул орон сууцанд өөрийн оруулсан мөнгө болох 65,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ю.*******тэй 2018 оноос 2022 оны хооронд хамтран амьдарсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд охин Б. Төгс нь 2020 оны 04 сарын 11-ний өдөр төрсөн. Маргаан бүхий орон сууц болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19-р хороо Үйлдвэр хд-34 байр, тоот хаягт байрлах 66 м.кв орон сууцыг Хаан банкны ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авсан. Хаан банктай 2018 оны 09 сарын 26-ны өдөр Ипотекийн зээлийн гэрээ байгуулж, Хаан банкнаас 112,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн тус өдрөө барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий байрыг барьцаалсан.

Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2049 оны 03 сарын 25-ны өдөр дуусах байсан бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтөд сар бүр 822,100 төгрөгийг төлдөг байсан. Миний бие 2024 оны 01 сард зээлийн гэрээний сард төлөх дүнг бууруулан, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 01 сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Зээлийн гэрээний хугацаа 2051 оны 05 сарын 25-ны өдөр дуусахаар өөрчилж, зээлийн гэрээний эргэн төлөлтөд сар бүр 573,000 төгрөгийг төлж байна.

Одоогоор дээрх Хан-Уул дүүргийн орон сууцыг бусдад хөлслүүлж байгаа бөгөөд орон сууц хөлсөлсөн төлбөрийг өөрсдийн одоо хөлслөн амьдарч байгаа байрны төлбөрт төлдөг. Охинтойгоо хоёулахнаа амьдардаг учраас хүүхдийн цэцэрлэгтэй ойрхон байхаар Баянзүрх дүүрэгт байр хөлслөн амьдарч байна. Ийнхүү сар бүр ипотекийн зээлийн эргэн төлөлт болон хүүхдийн хэрэгцээний зардал төлбөр, гэр ахуйн бүхий л зардлаа ганцаараа хариуцан амьдарч байна.

Ю.Болд-Эрдэнийг байр худалдан авахад 65,000,000 төгрөг гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хамтран амьдрах хугацаанд шилжүүлсэн мөнгө нь бидний хамтран амьдрах хугацаанд хамтдаа зарцуулсан төлбөр юм. Мөн хамтран амьдарлын хугацаанд би Ю.*******д 36,000,000 гаруй төгрөгийг шилжүүлж байсан.

Миний бие 2020 оны 03 сараас 2023 оны 01 сар хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байсан бөгөөд тус хугацаанд хүүхдийн хэрэгцээ, гэр ахуйн хоол хүнс, ахуйн зардалд хэрэглэхээр шилжүүлсэн төлбөрөө орон сууцны төлбөрт 65,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн болон барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, дансны хуулга, орон сууц хөлслөх гэрээнүүд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч Н.д холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Н.тай хамт амьдарч байхдаа Хан-Уул дүүргийн 19-р хороо Үйлдвэр хд-34 байр, тоот хаягт байрлах 66 м.кв орон сууцны зээлд өөрийн цалингаас 65,000,000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг Н.д шилжүүлдэг байсан. Уг орон сууцны өмчлөх эрх Н.д байдаг, цаашид бид хамт амьдрахгүй болсон тул орон сууцанд зориулж шилжүүлсэн 65,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Орон сууцыг худалдан авахад болон ипотекийн зээл төлөлтөд Ю.*******эс төлбөр төлөөгүй. Хамтын амьдралын явцад Ю.*******эс шилжүүлсэн мөнгийг өрх гэрийн өдөр тутмын хэрэгцээ болон охины хэрэгцээнд зарцуулдаг байсан гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1 Ю.*******, Н. нар 2018 онд танилцаж, улмаар 2022 он хүртэл хамтран амьдарсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

3.2 Н. нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр О.тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 19-р хороо Үйлдвэр хд-34 байр, тоот хаягт байрлах 66 м.кв талбай бүхий орон сууцыг 112,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг Н. нь Хаан банктай 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ипотекийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн төрсөн ах Н.ын хамт өмчилдөг ,,,3 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөрт барьцаалж, 112,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай зээлдэх замаар төлсөн болох нь ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, зээлийн дансны хуулгын баримтуудаар тогтоогдсон. Уг үйл баримтад нэхэмжлэгч Ю.******* маргаагүй.

Ингээд Н. Хан-Уул дүүргийн 19-р хороо, Үйлдвэр хд-34 байр, тоот хаягт байрлах 66 м.кв орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгджээ.

 

3.3 Нэхэмжлэгч Ю.Болд-Эрдэнийн эзэмшлийн Голомт банк дахь тоот, Хаан банк дахь дансуудаас хариуцагч Н.ын эзэмшлийн Хаан банк дахь тоот данс руу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сар хүртэл удаа дараагийн гүйлгээгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна.

 

4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Хариуцагч Н. нь Хан-Уул дүүргийн 19-р хороо, Үйлдвэр хд-34 байр, тоот хаягт байрлах 66 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, худалдах-худалдан авах гэрээ, ипотекийн зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

4.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н. нь Хан-Уул дүүргийн 19-р хороо Үйлдвэр хд-34 байр, тоот хаягт байрлах 66 м.кв талбай бүхий орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр тэрээр өөрөө төлдөг болох нь зээлийн дансны хуулгын баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчээс гаргасан ...орон сууцны зээлийн төлбөрт сар бүр өөрийн цалингаас мөнгө шилжүүлж төлдөг байсан гэх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ю.Болд-Эрдэнийн эзэмшлийн Голомт банк дахь тоот данснаас хариуцагч Н.ын эзэмшлийн Хаан банк дахь тоот данс руу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сар хүртэл 70,000-3,000,000 төгрөг хүртэл мөнгөн хөрөнгийг удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлэхдээ ...бүдүүн муужгай миав, миав миав бүдүүнээ, гоё юм авч идээрэй гэх утгаар тус тус шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ю.******* нь дээрх мөнгөн гүйлгээг ...орон сууцны зээлийн төлбөрт зориулж хариуцагч Н. руу шилжүүлсэн гэж тайлбарласан боловч мөнгөн гүйлгээний шилжүүлгийн утгаас үзэхэд орон сууцны төлбөрт зориулагдан шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Хариуцагч Н.аас ...хамт амьдарч байх хугацаанд цалингаа буух үедээ надад шилжүүлсэн мөнгийг өрх гэрийн өдөр тутмын хэрэгцээ болох хоол, унд, охины хэрэгцээт зүйлд зарцуулдаг байсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй, уг тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй.

 

4.2 Нэхэмжлэгч Ю.Болд-Эрдэнийн эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаас хариуцагч Н.ын эзэмшлийн Хаан банк дахь тоот данс руу 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг Хагалгаа, байрны урьдчилгаа гэх гүйлгээгээр шилжүүлсэн байна.

Хариуцагч Н.аас шүүх хуралдаанд ...ах Н.ын өмчлөлийн ,,,3 тоотод байрлах, 28 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаалсан байсныг чөлөөлөх шаардлагатай болсон. Ю.*******эс шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн 12,000,000 төгрөгийг дээрх орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөд төлсөн. 3,000,000 төгрөгийг нь Ю.******* миний хараа тэглүүлэх хагалгаанд зориулж өгсөн гэж,

Нэхэмжлэгч Ю.******* шүүх хуралдаанд ...3,000,000 төгрөгийг Н.ын хараа тэглүүлэх хагалгаанд зориулж өгсөн нь үнэн. Би энэ 15,000,000 төгрөгийг найзаасаа зээлж авсан гэж тус тус тайлбарласан.

Талуудын дээрх тайлбар, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 15,000,000 төгрөгийн мөнгөн гүйлгээний утга зэргийг дүгнэвэл Н. нь өөрийн өмчлөлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт барьцаалсан орон сууцыг Ю.*******эс шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг оролцуулан барьцаалбараас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн96 дугаар зүйлийн96.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

Хариуцагч Н. нь Хаан банктай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт барьцаалсан байсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхдөө Ю.*******эс 12,000,000 төгрөгийг авч өөрийн өр төлбөрийг энэ хэсгээр төлүүлсэн байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн96 дугаар зүйлийн96.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Н.аас 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 53,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн82,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн96 дугаар зүйлийн96.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.аас 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 53,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн82,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ