2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02223

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18

191/ШШ2025/02223

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,,, тоотод оршин суух, Батхаан овогт гийн ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******, тоотод оршин суух, Адууч овогт ийн ******* /рд:/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 48,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, гэрч М.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.*******тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулж, хүү тооцохгүйгээр хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэх үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар төлөхөөр тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь төлөөгүй учраас шүүхэд хандсан. Зээл авсан өдөр нэхэмжлэгчээс хариуцагч нь жижиг экскаваторыг орон нутагт газар шорооны ажил хийх шаардлагаар 200,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байдаг. Тэр өдрөө хоёр дахь зээлийн гэрээ хийсэн. Ямар учиртай вэ гэхээр хариуцагч нь ...би экскаватор авч байгаа тул түлшийг нь зөөх хэрэгтэй юм байна. Мицубиши вайрер L200 гэх машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэснээр зөрүүлээд нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг. Хариуцагчийн 185,000,000 төгрөгийг өгөөд, би 15,000,000 төгрөгийг аваагүй гэх тайлбар нь худлаа. Яагаад гэвэл 200,000,000 төгрөгөөр техник авчихаад зөрүүлээд ...дахиад нэг жижиг тэрэг авах хэрэгтэй, түлш зөөх хэрэгтэй байгаа 30,000,000 төгрөг хавьцаа тул тал мөнгө нь дутаад байна та 15,000,000 төгрөгийг буцаагаад өгчихөөч гэсний дагуу буцаагаад 15,000,000 төгрөгийг нь авсан байдаг. Нотариат дээр гэрээ байгуулахдаа экскаватороо яаж өгч авалцах дээр ярьж байх хооронд л буцаагаад 15,000,000 төгрөгийг зээлэхээр болсон юм байна лээ. 1 өдөр 2 гэрээ хийсэн. Нэхэмжлэгч нь ...Зээлийг яаж төлөх юм бэ гэхэд хариуцагч нь ...Хэрэв би төлж чадахгүй бол 2022 онд үйлдвэрлэж, Монгол улсад орж ирэх L200 маркийн машиныг танд шилжүүлнэ, машинаа өгөхгүй бол би мөнгөөр нь өгчихнө гээд баталгаа болгож гэрээний 6.6 дахь хэсэгт заасан байдаг. Гэтэл машинаа өгөөгүй. Ийм учраас зүй ёсны мөнгөө шаардах шаардлага үүсэж байгаа. Үүний дараа нэхэмжлэгч нь өөрөө элэгний асуудалтай, Солонгос улсад 2 жилийн хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэсэн. Тус хугацаанд үеэл дүү болох н.*******оор удаа дараа шаардуулж байсан. Тэгээд шүүхэд ирснийхээ дараа бараг зээлээгүй болж ийм тайлбар өгөөд байгаа учраас Иргэний хуулийн 281 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний дагуу үүргийг шаардаж байгаа. Нэхэмжлэлийг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн зээлийн гэрээ байгуулагддаг өдөр 2 төрлийн зээлийн гэрээ байгуулагдсан болохыг хэрэгт авагдсан гарын үсэг зурагдсан нотлох баримтуудаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээн дээр сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьснаар экскаваторыг хариуцагч нь нэхэмжлэгчээс 200,000,000 төгрөгт авсан үйл баримт байдаг. Зээлийн гэрээний нөхцөл, зохицуулалтуудыг харвал 15,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэсэн 1.3 дахь хэсэг нь заасан байдаг. Гэхдээ хариуцагчийн зүгээс ...15,000,000 төгрөгөө тухайн үедээ бэлнээр ерөөсөө өгөөгүй. Яагаад энэ гэрээг хийх болсон гэвэл н.*******тай бизнесийн байнгын харилцаатай, тоног техник, хүнд даацын автомашиныг худалдах, худалдан авах, сэлбэг тоног хэрэгслийг нь нийлүүлэхтэй холбоотой харилцаанд байдаг. Тухайн үед н.*******тай биш тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад нэхэмжлэгчтэй энэ гэрээг хийсэн. Тухайн өдөр 200,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг тухайн өдрөө бүрэн гүйцэт өгч чадаагүй учир нэхэмжлэгч нь ...та зээлийн гэрээ хийчих гэх санал тавьсан учраас зээлийн гэрээг байгуулсан гэж тайлбарладаг. Зээлийн гэрээний 6.6 дахь хэсэгт заасны дагуу 2022 онд орж ирэх сая зургаагийн зургаад заасан хорин хоёр онд орж ирэх Мицубиши L200 маркийн машиныг 15,000,000 төгрөгтөө тооцож шилжүүлэхээр болсон. Гэхдээ тооцож шилжүүлэхээр болохдоо үндсэн харилцаа маань өөрөө н.******* гэх хүнтэй явж байгаа учраас н.*******т өгөх тухай асуудал сүүлд байгаа. за Лорд бенз гэх машин нь орж ирээгүй байгаа. Лорд бенз гэх машин өгөөд тэгээд дээрээс нь 200,000,000 төгрөгт авсан экскаваторын засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар тохиролцоод н.******* болон хариуцагч хоёрын хоорондын харилцаа дууссан. Энэ хүнээс машин ч аваагүй, зээлээ ч аваагүй гэдэг зүйлийг манай төлөөлүүлэгч ярьдаг. Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл гэхээсээ илүүтэйгээр бэлэн мөнгөөр мөнгө өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаад байдаг. Үнэхээр зээлийн гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийг өгөөд зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт, зээл буюу тухайн мөнгө хөрөнгө бодитоор зээлдүүлэгчид шилжсэн байхыг ойлгох байтал хэрэгт цугларсан байгаа баримтад бэлнээр яаж өгсөн бэ, хаана өгсөн бэ, хэзээ өгсөн бэ гэдгийг нотлох баримт ерөөсөө байхгүй. Бусад нотолгооны хэрэгслээр нотлогдоогүй буюу үнэхээр хариуцагчийн холбогдох дугаар руу мессеж илгээж байсан эсэх, холбоо барьж байсан эсэх нь тогтоогддоггүй. Зээлийн гэрээ байгуулагдаж гарын үсэг зурагдсан байгаа боловч зээл бодитоор шилжээгүй. Зээлдүүлэгчийн өмчлөлд очоогүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний төлбөр гэж нэхэмжлэх эрхгүй гэж харж байна. Мөн алдангитай холбоотой асуудлаар манайх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 48,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн. Зээл авсан гээд байгаа төлбөрийн дүн 15,000,000 төгрөг байтал Иргэний хуулийн алдангитай холбоотой зохицуулалтын хүрээнд хууль зөрчиж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг,

3.2 хариуцагчаас гаргасан *******ны тодорхойлолт, худалдах-худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Б.*******, М.******* нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасан хугацаандаа зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр, алдангийн хамт гаргуулна. Худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа энэ зээлийн гэрээнээс тусдаа асуудал гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...2021 оны 12 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг надад хүлээлгэн өгөөгүй. Тус өдөр би С.*******гаас экскаватор 200,000,000 төгрөгөөр худалдсан авсан. Уг худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөг байсныг зээлийн гэрээ болгож байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 15,000,000 төгрөгт тооцон машин шилжүүлж өгснөөр үүрэг дуусгавар болсон гэж тус тус тайлбарласан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.******* нь 15,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, Г.******* нь тохирсон хугацаанд зээлийн төлбөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн өдөр зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.******* нь 2012 онд үйлдвэрлэгдсэн KMTPC065T63Z52026 тоот арлын дугаартай, PC360-7 маркийн гинжит экскаваторыг шилжүүлэх, Г.******* нь 200,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Г.******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Жи Эс Би капитал ББСБ ХХК-тай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 2012 онд үйлдвэрлэгдсэн KMTPC065T63Z52026 тоот арлын дугаартай, PC360-7 маркийн гинжит экскаваторыг барьцаалж, 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлдэн авахаар тохиролцжээ.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

4.1 Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний 3.4-т бэлнээр энэ гэрээг нотариатаар гэрчлүүлэхээс өмнө өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэжээ.

Нэхэмжлэгч С.******* нь зээлийн гэрээний 3.4-т зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, зээлийн гэрээний үүргийг шаардсан. Хариуцагч Г.*******аас ...зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч бодитоор 15,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг үгүйсгэж, маргасан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.******* нь зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

4.2 Гэрч Б.******* ...С.******* эгч 2023 онд гадагшаа эмчилгээнд явахаар болоод намайг Г.*******аас авлагатай үүнийг нэхээд өгөөч гээд зээлийн гэрээгээ үзүүлж байсан. Би Г.******* гэдэг хүнтэй холбогдоод мөнгийг нь нэхэж байсан. Бараг өдөр болгон холбогддог байсан. Холбогдохоороо хөдөө байна, хот орохоороо зохицуулаад өгье гэж ярьдаг байсан. Надтай холбогдохдоо зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч хүнээс мөнгө орж ирэхээр өгнө гэдэг байсан. Зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө нь хэрхэн шилжсэн талаар би мэдэхгүй гэж,

Гэрч М.******* ...би С.******* эгчийг экскаватор зарахад нь Г.*******тай холбож, танилцуулж өгсөн. С.*******, Г.******* нар хоорондоо уулзаж тохиролцоод экскаватороо худалдан авсан. Сүүлд С.******* эгч зээлийн төлбөрийн үлдэгдэл байгаа гэж байсан. Би энэ хоёрыг зээлийн гэрээ байгуулж байхад нь хамт байгаагүй. Мөн бэлнээр мөнгө шилжүүлж өгсөн эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлсэн.

Эдгээр гэрч нарын мэдүүлгээс үзэхэд С.*******, Г.******* нарыг зээлийн гэрээ байгуулах тэд үед хамт байгаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтыг хараагүй байна.

 

4.3 Хариуцагч Г.*******аас ...200,000,000 төгрөгөөр экскаватор худалдан авч, 15,000,000 төгрөг төлөхөөр дутуу үлдсэн. С.******* нь 15,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулъя гээд байгуулсан болохоос бодитоор уг мөнгийг надад зээлийн гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, худалдах-худалдан авах гэрээнээс тусдаа 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж, худалдах-худалдан авах гэрээний үүрэг зээлийн гэрээний үүргээр солигдоогүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журамтай ба хэрэгт авагдсан баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч С.******* нь 15,000,000 төгрөгийг хариуцагч Г.*******т хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******т холбогдох 48,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ