| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/05689/И |
| Дугаар | 192/ШШ2025/01696 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н******* газар /РД:*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, Б.Б*******, Б.Х*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,
Шинжээч О.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК, Б******* ХХК нь хариуцагч Н******* газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01481 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01529 тоот магадлалын дагуу С ХХК-иас 760 890 667 төгрөгийг гаргуулж М******* ХХК-д, С ХХК-иас 384 010 000 төгрөгийг гаргуулж Б******* ХХК-д С ХХК нь дээрх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд И ХХК-ийн эзэмшлийн №0003 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1300 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1 144 900 667 төгрөг гаргуулж, М ХХК, Б ХХК нарт олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №183/ГХ2023/01838 тоот Гүйцэтгэх хуудас гарсан. Гүйцэтгэх хуудасны дагуу бидний зүгээс Н******* газарт 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт өгсөн байдаг. Дээрх хүсэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Н******* газрын хэлтсийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Мын зүгээс №24410019 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч С ХХК нь төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох И ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээний №0003, нэгж талбарын №146001/0073, №18642310947061 тоот дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1300 м.кв газарт битүүмжлэх болон хураах ажиллагаа явуулсан байдаг.
Улмаар М******* ХХК болон Б ХХК-ийн зүгээс барьцааны хөрөнгийг тус тус 700 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн саналыг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. Харин төлбөр төлөгч С ХХК, И ХХК нараас үнийн санал ирүүлээгүй. Ц.О шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч тал руу үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн тул танай зүгээс шинжээч томилуулах тухай хүсэлтээ өгөх шаардлагатай гэсний дагуу барьцааны газрын үнэлгээг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг М ХХК, Б ХХК нарын зүгээс тус тус 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. Ажиллагааг хариуцаж буй Ц.О шийдвэр гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэж байсан 140-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Аын зүгээс 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №8/248 тоот тогтоолоор Виннер вей үнэлгээ ХХК /РД:5518113/-г барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор томилсон ба тус компанийн шинжээч О.Бийг дүгнэлтээ танилцуулахыг даалгасан. Дээрх тогтоолын дагуу Виннер вэй Үнэлгээ ХХК-аас 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №Ш-8/1 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан гарч, тус тайлангаар И ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээний №0003, нэгж талбарын №146001/0073, №18642310947061 тоот дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1300 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай, эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 4 887 800 000 төгрөгөөр тогтоосон байна, Уг үнэлгээний тайланг төлбөр авагч М******* ХХК, Б******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хд 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, тус өдрөө С.Хы зүгээс үнэлгээний мэдэгдэл болон, хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаж, тэмдэглэл үйлдүүлэн гарын үсэг зуран хүлээж авсан байдаг. Төлбөр авагч М******* ХХК, Б******* ХХК нарын зүгээс барьцааны газрын үнэлгээг 4 887 800 000 төгрөгөөр Виннер вай Үнэлгээ ХХК-ийн үнэлсэн дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй. Виннер вэй Үнэлгээ ХХК нь барьцааны газрыг ийнхүү үнэлэхдээ зах зээлийн ханшнаас илт дээгүүр зөрүүтэй үнэлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулсан гэж үзэж байна. Үндэслэлийг тодруулбал тус Виннервей Үнэлгээ ХХК-ийн тайлан нь тус ажиллагаанд өмнө хийгдэж байсан Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнээс илт өндөр буюу 7 дахин өндрөөр үнэлсэн тухайд М******* ХХК, Б******* ХХК-ийн хүсэлттэй, төлбөр төлөгч С ХХК, И ХХК нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь өдгөө хоёр дахь удаагаа явагдаж байгаа бөгөөд тодруулбал, өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шийдвэр гүйцэтгэгч Н.Эын зүгээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №10/294 тоот тогтоолоор Дамно ХХК-г дээрх барьцааны газрын хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр тогтоож байсан.
Улмаар Дамно ХХК-ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр И ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээний №0003, нэгж талбарын №146001/0073, №18642310947061 тоот дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1300 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай, эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 692 102 616 төгрөгөөр тогтоосон байдаг. Дамно ХХК-ийн энэхүү үнэлгээний маргаантай төлбөр төлөгч С ХХК болон И ХХК-ийн зүгээс маргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд хандаж байсан боловч шүүхээс Дамно ХХК-ийн барьцааны газрыг 692 102 616 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хуульд нийцсэн, зах зээлийн ханшийн дагуу гарсан үнэлгээ гэж үзэж, үнэлгээг хүчинтэй хэвээр үлдээж байсан билээ. Гэтэл чухам ямар шалтгаан, үнэлгээний стандарт аргачлалаар Виннер вэй Үнэлгээ ХХК нь дээрх газрын үнэлгээг илтэд зөрүүтэй буюу 7 дахин өндөр үнэлгээгээр тогтоосон нь эргэлзээтэй, төлбөр авагч нарын зүгээс хөрөнгийн үнэлгээний тайланд ихээхэн гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4- д заасан бодитой байх зарчмыг хангаагүй буюу газрыг үнэлэхэд зайлшгүй харгалзан үзэх газар доорх шугам сүлжээ, дэд бүтцийг үнэлгээнд тооцоололгүйгээр зарын сайтнаас харсан дөрөвхөн зарын дунджийг зах зээлийн дундаж гэж авч үзэн алдаатай байна.
Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээ хийх аргачлалуудыг дурдсан боловч зардлын аргаар тооцсон үнэлгээний дүнд ямар нэгэн жин тооцоололгүй, зөвхөн үнэн худал нь батлагдахгүй заруудын дунджаар тооцсон зах зээлийн хандлагад 100 хувийн жин тооцож гаргасан нь үнэлгээний аргазүйн байж болшгүй алдаа болоод байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Виннервей Үнэлгээ ХХК-ийн дээрх хөрөнгийн үнэлгээний тайлан нь барьцаа хөрөнгийг дээрх байдлаар илтэд өндөр 4 887 800 000 төгрөгөөр үнэлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гол хэсэг болох дуудлага худалдааны ажиллагааг бүтэлгүйтүүлэх, хэт өндөр үнэлгээ тогтоосноор шалтгаалан дуудлага худалдаагаар бусад этгээд худалдан авахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, нөгөө талаас төлбөр төлөгч нарт үйлчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг удаашруулах зорилготой үндэслэлгүй үнэлгээ, үйлдэл гэж үзэхээр байна. Ийнхүү тайлан гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна гэж заасан шаардлагыг огт хангаагүй. Дахин дурдахад, тухайн газар нь Энхтайвны гүүрний баруун хойно гүүрний доор хэсэгт байрладаг хотын төвдөө боловчиг хажуудаа Петровис, Юнигас зэрэг шатахуун түгээх станцтай буюу тус газар дээр барилга байгууламж барих боломжгүй газар юм. Гэтэл О.Б шинжээчийн зүгээс дээрх хөрөнгийг шинж, нөхцөл байдлыг үл харгалзан unegui.mn дээрх бусад барилга, байгууламж барих боломжтой, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, эдийн засгийн өндөр өгөөжтэй газар талбайтай зөвхөн м.кв хувьд харьцуулалт хийж үнэлгээ гаргасан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа нь 4.1.4-д заасан бодитой байх, Тус зүйлийн 4.1.5-д заасан хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмуудыг тус тус хангахгүй байна. Түүнчлэн дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.5, 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.2.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Тодруулбал: Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилох ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг зөрчин талуудаас үнэлгээний саналыг хамтад нь авалгүйгээр шинжээч томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй тохиолдолд уг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлэхийн тулд эрх бүхий этгээдийг шинжээчээр томилдог. Гэтэл энэхүү зохицуулалтыг зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай 3 албан бичгийг үйлдэхдээ огноонд засвар оруулсан буюу үнэлгээний ажиллагаа эхлүүлэхээс өмнө үйлдсэн талаар эргэлзээтэй. Хэрэв ийнхүү засвар оруулахдаа үнэлгээ гарсны дараа хууль тайлбарласан тохиолдолд процессын алдаатай. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай маягтыг үйлдэхдээ огноонд 8 дугаар сарын 12-н гэж засвар оруулсан буюу үнэлгээний ажиллагаа эхлүүлэхээс өмнө үйлдсэн талаар эргэлзээтэй. Үнэлгээний тайлан 16-нд гарсаны дараагаар үйлдэж он сарыг засварласан гэж үзэхээр байна. Хэрэв ийнхүү засвар оруулахдаа үнэлгээ гарсны дараа хууль тайлбарласан тохиолдолд процессын алдаатай.
Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай маягтыг үйлдэхдээ огноонд 8 дугаар сарын 12-н гэж засвар оруулсан буюу үнэлгээний ажиллагаа эхлүүлэхээс өмнө үйлдсэн талаар эргэлзээтэй. Үнэлгээний тайлан 16-нд гарсны дараагаар үйлдэж он сарыг засварласан гэж үзэхээр байна. Хэрэв ийнхүү засвар оруулахдаа үнэлгээ гарсны дараа шинжээчийн танилцуулга, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шинжилгээ хийхээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, ажиллагааны оролцогчидтой хамааралтай эсэх, урьд нь хамтран ажиллаж байсан эсэх, хэргийн оролцогчтой ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал байгаа эсэх зэрэг асуулгыг урьдчилан аваагүй тохиолдолд процессын алдаатай, Иймд дээрх үндэслэлүүдээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байх тул М******* ХХК, Б******* ХХК-ийн хүсэлттэй, төлбөр төлөгч С ХХК, И ХХК нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд барьцаа хөрөнгө болох И ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээний №0003, нэгж талбарын №146001/0073, №18642310947061 тоот дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1300 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий газрыг үнэлсэн Виннер вэй үнэлгээ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №Ш-8/1 тоот хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгахаар шаардсан. Хан-Уул дүүргийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлалаар мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн, үүргээ гүйцэтгэхгүй бол И ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг даалгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гүйцэтгэхээр албадан гүйцэтгэх захирамж гарсан, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн, бид шинжээч томилох хүсэлтийг гаргасан. Ингээд Веннер вэй ХХК-ийн үнэлгээний компанийг томилсон, Бд дүгнэлтээ танилцуулахыг даалгасан байсан. Тайланг гаргаж ирүүлсэн байсан. Үнэлгээг 4 тэрбумаар үнэлсэн. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Уг үнэлгээг бид огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэт дээгүүр үнэлсэн. Дамно ХХК-ийн тайлангаас 7 дахин өндөр байсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2 дахь удаагаа явагдаж байна. Өмнө нь үнэлэхдээ 692 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад илт зөрүүтэй, өндөр үнэлсэн нь эргэлзээтэй байгаа. Төлбөр авагч нарын зүгээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.4-д заасан үнэлгээ бодитой байх зарчмыг хангаагүй, газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, аргачлал дурдсан боловч зардлын аргаар үнэлсэн нь үнэлгээ алдаатай гарах үндэслэл болсон. Хэт өндрөөр үнэлсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилготой гэж хардаж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 4.1.5-ийг зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үнэлгээний саналыг талуудаас авна гэснийг зөрчсөн, хууль тайлбарласан баримтын огноо засвартай, хэзээ үйлдсэн нь буюу үнэлгээг гаргасны дараа хууль тайлбарласан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул барьцаа хөрөнгө болох газрыг үнэлсэн Виннер вэй ХХК-ийн тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэв.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нар нь хэргийг буюу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэж байна. Бид 6 дахь жилдээ шүүхдэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ч бас удаашруулж байна. Тус газар нь хотын төвийн газар боловч хажууд нь Петровис шатахуун түгээх станц байдаг. Тиймээс үнэлгээний тайландаа тохируулга хийгээгүй. Бусад газартай 100 хувь адилхан гэж үзсэн. Бусад газраас зориулалт нь өөр байгаа, манай газар конторын зориулалттай бөгөөд эрх зүйн, барилгажих магадлалтай эсэх тохируулга хийх байсан. Мөн уг газар дээр дэд станц байрладаг. 3 жилийн өмнө газраа зарах гээд Петровист хандахад зөвшөөрөхгүй гэсэн байдаг. Энэ бүхнийг харгалзан үзэхгүйгээр үнэлгээ хийсэн. Станц шилжүүлэх зардлыг тооцоогүй. Албаар үнэгүй дээр оруулсан үндэслэлгүй үнэлгээг оруулж, тооцсон байна. Өөрсдөө 2,5 тэрбумаар зарах гээд зарж чадахгүй явж байхад үнэлгээг 4,8 тэрбумаар үнэлээд байгаа нь үндэслэлгүй гэв.
2.Хариуцагч Н******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үнийн санал авах талаар хэн алинд нь мэдэгдсэн, төлбөр төлөгч нараас санал ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээч томилох хүсэлтийг ирүүлсэн. Тиймээс шинжээч томилох тогтоол гаргасан. Шинжээчид хууль тайлбарласан, энэ талаар тэмдэглэл үйлдсэн, баримт засвартай гэсэн боловч шинжээч О.Бд эрх үүргийг тайлбарласан тухай баримт байгаа. Шинжээч томилсон тогтоолд эрх үүргийг тайлбарлахаар заадаг. Дамно ХХК-ийн үнэлгээ хүчин төгөлдөр 3 шатны шүүхээр явсан гээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгосон, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Илтэд дээгүүр үнэлсэн талаарх баримтыг өгөөгүй байна. Иймд манай ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01481 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2023/01529 дүгээр магадлал, НШШГГ-ын 2024.08.19-ний өдрийн 04-140/18795 тоот мэдэгдэл, 04-140/18796 тоот мэдэгдэл, 2024.08.12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ШШГЕГ-ын 2024.08.27-ны өдрийн 07-01/2114 тоот хариу албан бичиг, 07-01/2115 тоот албан бичиг, НШШГГ-ын 2024.09.17-ны өдрийн 4-92/21067 тоот мэдэгдэл, 2024.09.10-ны өдрийн 10/11 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2024.09.17-ны өдрийн 4-97/21068 тоот мэдэгдэл, 2024.09.10-ны өдрийн 10/11 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, НШШГГ-ын 2024.04.01-ний өдрийн Хариу мэдэгдэх хуудас, 2024.03.28-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГ-ын 2024.08.12-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, 2021.10.26-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2021 оны Хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 6-47, 54-55, 61-64, 114-118, 133-159, 165-168-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ГХ2023/01838 тоот гүйцэтгэх хуудас, 2023.12.01-ний өдрийн 24410019 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024.06.11-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.07.31-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024.07.31-ний өдрийн 4-92/17597 тоот үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, М******* ХХК-ийн үнийн санал гаргах тухай албан бичиг, Б******* ХХК-ийн хариу албан бичиг, М******* ХХК, , Б******* ХХК нарын шинжээч томилуулах тухай санал, 2024.08.12-ны өдрийн 8/248 тоот Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан, НШШГГ-ын 2024.08.19-ний өдрийн 04-140/18796 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 69, 74-112-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Виннер вей ХХК-ийн 2024.08.16-ны өдрийн №Ш-8/1 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан, Н******* газраас 2024.08.12-ны өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, 2024.08.12-ны өдрийн Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай, №21290720 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.31-ний өдрийн 183/ГХ2021/00481 тоот гүйцэтгэх хуудас, 2021.10.26-ны өдрийн Шинжээч томилох тухай 10/294 тоот тогтоол, 2021 оны 11 сарын Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/12389 дүгээр шүүгчийн захирамж, хэргийн оролцогчийн хүсэлтээр Виннер вей ХХК-ийн шинжээч О.Бийг оролцуулж мэдүүлэг авсан тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. /хэргийн 174-191-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар нь төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч нар нь үнийн санал ирүүлээгүй байхад шинжээч томилсон нь үндэслэлгүй, үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өмнө нь 692 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад илт зөрүүтэй, газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, хэт өндрөөр үнэлсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилготой, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, шинжээчид эрх үүргийг тайлбарласан эсэх нь эргэлзээтэй, огноо нь засвартай тул үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул үнэлгээ хийсэн, үнийн санал авах талаар мэдэгдсэн, төлбөр төлөгч нараас санал ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээч томилох хүсэлтийг ирүүлсэн, тиймээс шинжээч томилох тогтоол гаргасан, шинжээчид хууль тайлбарласан, энэ талаар тэмдэглэл үйлдсэн, шинжээч томилсон тогтоолд эрх үүргийг тайлбарласан, Дамно ХХК үнэлгээ хийсэн боловч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсон, үнэлгээг илтэд дээгүүр үнэлсэн талаарх баримтгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №183/ШШ2023/01481 дүгээр шийдвэрээр М******* ХХК, Б******* ХХК нарын нэхэмжлэлтэй, С ХХК, И ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 358 733 333 төгрөгнөөс С ХХК 760 890 667 төгрөгийг М******* ХХК-нд, 597 842 667 төгрөгийг Б******* ХХК-нд тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, С ХХК, И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар С ХХК-иас 760 890 667 төгрөгийг гаргуулж М******* ХХК-нд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар С ХХК-иас 384 010 000 төгрөгийг гаргуулж, Б******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 213 832 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар И ХХК-ийн өмчлөлийн 0003 гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, 1300 м.кв га газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1 144 900 667 төгрөг гаргуулж М******* ХХК, Б******* ХХК-нд олгохыг Н******* газарт даалгажээ.
4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №210/МА2023/01529 дүгээр магадлалаар хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №183/ШШ2023/01481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 175 дугаар зүйлийн 175.1 гэснийг 159 дүгээр зүйлийн 159.1 гэж, өмчлөлийн гэснийг эзэмшлийн гэж, м.кв га гэснийг м.кв гэж, 4 дэх заалтын 56 зүйлийн 56.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.1 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
4.3.Н******* газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №183/ШШ2023/01481 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №210/МА2023/01529 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №183/ГХ2023/01838 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 24410019 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн, үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, шинжээчид хууль тайлбайрласан баримт нь засвартай гэж маргаж байна.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.
6.1.Хэрэгт авагдсан баримтаар И ХХК-ийн өмчлөлийн 0003 гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 1300 м.кв талбайтай газрыг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 24410019/92 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 24410019/92-3 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байх ба талуудад үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэж, төлбөр авагч М******* ХХК, Б******* ХХК нар 700 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8/248 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэрвэй үнэлгээ ХХК, шинжээч О.Бийг шинжээчээр томилсон болох нь тогтоогдож байна.
6.2.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар хураагдсан хөрөнгийг шинжээчээр үнэлүүлснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь хууль зөрчөөгүй байна гэж үзэв.
6.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасан "үнэлгээний хуулийн этгээд" гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-д заасан "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 15.1-д хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8/248 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Виннэрвэй ХХК, үнэлгээчин О.Бийг томилж, шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 17, 18, 19, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, мөн өдрийн Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримтаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хууль тайлбарлаж, сануулсан эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
7.Хэрэгт авагдсан Виннэрвэй ХХК-ийн шинжээч, үнэлгээчин О.Б нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ш-8/1дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлангаар дүгнэлт гаргасан байх төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлэхдээ ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны хаягт байрлалтай нэгж талбарын 1460500343 дугаарт бүртгэлтэй 1300 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 4 887 800 000 төгрөгөөр тэгшитгэн тогтоов гэж үнэлжээ.
7.1.Нэхэмжлэгч нар нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт дээгүүр үнэлсэн, шийдвэр гүйцэтгэлийн явцад үнэлгээ хийсэн Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангаар хөрөнгийг 692 102 616 төгрөгөөр үнэлсэн байхад илт зөрүүтэй, өндөр үнэлсэн нь эргэлзээтэй, үнэлгээ бодитой байх шаардлагыг хангаагүй, тухайн газрын нөхцөл байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, үнэлгээний аргачлал, жишиг хөрөнгөд дурдсан газрууд нь үнийн болон м.кв хувьд хэт зөрүүтэй, үнэлгээ хийж буй газар нь төвийн газар боловч хажууд нь Петровис шатахуун түгээх станц байдаг, мөн дэд станци байрладаг байхад үнэлгээний тайландаа тохируулга хийгээгүй, үнэлгээ хийгдсэн газар нь конторын зориулалттай, харьцуулсан обьектын газрын зохиулалт нь өөр байгаа, хэрэв барилгажих магадлалтай гэж байгаа бол энэ талаар тохируулга хийгээгүй, дэд станци шилжүүлэх зардлыг тооцоогүй, эзэмшигч нь өөрөө газраа 2,5 тэрбумаар зарах гээд зарж чадахгүй явж байгаа газрыг 4,8 тэрбумаар үнэлсэн нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн.
7.2.Хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №Ш21-18 дугаартай Дамно ХХК-ийн Хөрөнгө үнэлсэн тухай тайланд *** тоотод байрлах 1300 м.кв талбайтай 146001/0073 нэгж талбарын дугаартай И ХХК-ин эзэмшлийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 692 102 616 төгрөг гэжээ.
7.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5."үнэ цэнэ" гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж заасан байх бөгөөд үнэлгээг хийхдээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар бодитой байх зарчмыг баримтлахаар заасан.
7.4.Шүүх хуралдаанд шинжээч нь үнэлгээг хуульд зааснаар буюу үнэлгээний олон улсын болон үндэсний стандартын дагуу хийсэн, зах зээлийн ханшийг тооцохдоо ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулж үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн хандлаар тооцсон гэсэн боловч үнэлгээний 5.3.Зах зээлийн жишиг үнийн аргаар. Тухайн хөрөнгийн үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа буюу ижил жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог. Үнэлэгдэж буй обьекттой ижил газрын шинж чанарын хувьд ижил жишигдэхүйц хөрөнгүүдийн үнийн мэдээллийг цуглуулж харьцуулалт хийж тооцсон. Эдгээр обьектуудыг судлаж үнэ ханш, ерөнхий байдал, зориулалт, одоо байгаа төлөв зэрэг үзүүлэлтүүдийг эзэдтэй нь уулзах, утсаар холбогдох, фото зургийг харах зэргээр судлаж байршил, тоноглол, өмчлөл, эзэмшил, хүрээлэн буй орчин зориулалт зэрэгт тохируулга хийж зах зээлийн хандлагаарх үнэлгээг гаргасан. Жишиг хөрөнгүүд нь үнэлгээний зүйлтэй бүгд ойролцоо төв болон туслах зам дагуу байршилтай, хотын төв ААА бүсэд байрлах, газрын шинж чанар эрүүл, тэгш, нэгдсэн хашаатай, төвлөрсөн цахилгаанд холбогдсон төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, холбогдох бүрэн боломжтой газрууд болно гэжээ.
7.5.Гэвч үнэлгээний тайлангийн 6-д дурдсан харьцуулах хөрөнгө Жишиг №1 нь БГД-ийн 2-р хороонд байрладаг, 3000 м.кв талбайтай, худалдах үнэ 12 500 000 000 төгрөг, үнийн бууралтын тохируулга 625 000 000 төгрөг, Жишиг №2 нь ***** 402 м.кв, Жишиг№3 СБД-ийн 1-р хороо ХБНГУ-ын ЭСЯ-ны хойно худалдаа нийтийн үйлчилгээний газар 418 м.кв, Жишиг №4 СБД-ийн 1-р хороо, Багшийн дээд 1 төрөхийн замын хойно 3200 м.кв газар худалдах үнэ 18 000 000 000 төгрөг, үнэ бууралтын тохируулга 900 000 000 төгрөг гэсэн нь жишиж байгаа хөрөнгүүд нь м.кв нь зөрүүтэй, үнэлгээний зүйлтэй бүгд ойролцоо гэсэн боловч БГД, СБД-т байршилтай, шатахуун түгээх станцийн хажууд байрладаг гэх шинж байдал дурдагдаагүй, мөн уг хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2021 онд 692 102 616 төгрөгөөр үнэлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын хөрөнгийг 4 887 800 000 төгрөгөө үнэлсэн нь хэт өндөр, бодитой байх зарчимд нийцээгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлантай 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр танилцаж, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан талаар талууд маргаагүй болно.
9.Иймд нэхэмжлэгч М******* ХХК, Б******* ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Виннэрвэй ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ш-8/1дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагч Н******* газарт даалгахаар шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК, Б******* ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК, Б******* ХХК нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Виннэрвэй ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Ш-8/1дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагч Н******* газарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М******* ХХК, Б******* ХХК нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК, Б******* ХХК нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН