2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/00879

 

 

 

 

 

 

 

 

2025 01 30 191/ШШ2025/00879

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 46, өөрийн байранд байрлах, ......-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 2, Засгийн газрын 8 дугаар байранд байрлах, .....

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Э.....

 

 Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн засаг захиргааны 3 дугаар байранд байрлах, .....т тус тус холбогдох

 

Ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ш

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, Ш.А

Хариуцагч .....ны итгэмжлэгдсэн төлөлөөгч М.Ху, Б.Б

Хариуцагч ....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С-У ХХК нь хариуцагч Э....., .....анд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010 оноос хойш эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгсэл худалдаалж байна.

С-У ХХК нь 2021 онд .....ны захиалгаар, Э.....тай 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх /Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/ №2021/03/СҮ-2101/ тоот гэрээг байгуулсан байдаг.

Гэрээг гүйцэтгэх явцад Ковид-19 дэгдэлтийн улмаас нөхцөл байдал өөрчлөгдөж, .....наас 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/3344 тоот албан бичгээр коронавируст халдварын дотоодод батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод нэмэгдэж, хүчилтөрөгчийн хэрэглээ эрс нэмэгдсэн тул Э.....тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийслэлийн 6 газарт түр суурилуулахаар болсныг бидэнд мэдэгдсэн.

Бид мэдэгдлийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг Улаанбаатар хот дахь дараах 6 газарт шуурхай суурилуулж, зохион байгуулж ажилласан. Үүнд

1.    АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг

2.    Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв

3.    Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг

4.    Нийслэлийн төр, захиргааны 2 дугаар байр

5.    Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2

6.    Улсын 3 дугаар төв эмнэлэг

Үүний дараа .....наас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2/3523 тоот албан бичгээр, Нийслэлийн төр, захиргааны 2 байрны түр эмнэлэгт 145 орыг эрчимт эмчилгээний зорилгоор ашиглах зайлшгүй шаардлагатай тулгарсны улмаас хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэн, нэмэлтээр 1 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн угсралт суурилуулалтыг яаралтай зохион байгуулах дэмжлэгийг хүссэн.

Ингээд Нийслэлийн төр, захиргааны 2 байранд нийт 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилагдсан бөгөөд уг газар нь эмнэлгийн зориулалттай барилга биш учраас үйлдвэрийн суурилалт, шугамын ажил хийхэд ажиллагаа ихтэй зардал их шаардагдсан. Гэсэн хэдий ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд ковид-19 халдварын тохиолдол эрс нэмэгдэж байсан тухайн цаг үед өөрсдөөсөө зардал гарган эрчимт эмчилгээний 10 ор, энгийн 95 ор нийт 105 оронд хүчилтөрөгчийн ханын суулгацыг суулгаж, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг яаралтайгаар түргэн шуурхай угсарч өгсөн.

Түр байрлуулсан 2 хүчилтөрөгчийн үйлдвэрийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд 174,740,000 төгрөгийн бараа материал, ажлын хөлс орсон болно. Уг зардлаа авахаар ....., ....., Нийслэлийн Засаг дарга нарт 2021 оноос хойш албан бичиг хүргүүлсэн боловч хариуцах эзэн нь олдохгүй, өнөөдрийг хүртэл гаргасан зардлаа авч чадаагүй хохирч байна.

Хамгийн сүүлд .....наас санхүүжилтээ дахин тодруулахад 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 7/4291 тоот албан бичгээр чиг үүргийн дагуу .....т хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн болно.

Улмаар ..... болон Нийслэлийн Засаг даргад хандсан боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй.

Иймд хариуцагч нараас 174,740,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч .....ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/03, СУ-2101 дугаартай 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ-г С-У ХХК нь Э.....тай байгуулсан.

Тус гэрээний 7 дугаар зүйлд техникийн тодорхойлолт болон ажил гүйцэтгэлийн хуваарь нь гэрээний хэсэг болно гэж заасан. Техникийн тодорхойлолтын тендерт оролцогчийн техникийн санал гэсэн хэсэгт С-У ХХК, Медигас ХХК, ГКал-ийн инженер техникийн ажилчид аппаратын угсралт суурилуулалтыг хариуцах бөгөөд Шилдээд ХХК инженер техникийн ажилчид контайнеруудын байрлал, суурь цутгалт, дотор тохижилтыг хариуцна. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг дагалдуулаад эмнэлгийн хийн системд 600 м зэс труба угсралт хийгдэнэ. Хэрэглэгчтэй хийсэн зургийг үндэслэн эцсийн хэрэглэгчийн тоог гаргаж хүлээлцэнэ гэж нэхэмжлэгч тал тусгасан.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 3.1 дэх заалтад захиалагч нийлүүлэгчид бичгээр мэдэгдсэнээр гэрээний ерөнхий цар хүрээнд багтаан дор дурдсан загварыг багтаан доор дурдсан нэг буюу түүнээс дээш зүйлийн захиалгыг хэдийд буюу түүнээс дээш зүйлийн захиалгийг хэдийд ч өөрчлөх эрхтэй: Үүнд /в/ ажил гүйцэтгэх газар гэж заасан. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 2-т ...угсарч, суурилуулж, тохируулга сургалт хийж хүлээлгэн өгнө гэж заасан.

Нэхэмжлэгч тал нь дээрх гэрээгээр тохиролцсоны дагуу хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэж ажилласан бөгөөд хэрвээ гэрээнд зааснаас илүү төсөв шаардлагатай болсон тохиолдолд албан ёсоор төсөв нэмүүлэх хүсэлтийг тухайн үедээ гаргаад нэмэлт гэрээ байгуулах асуудлыг талууд харилцан хэлэлцэх байсан. Гэтэл нэхэмжлэгч талын дурдаж буйгаар нийгмийн хариуцлагын хүрээнд зардал гарган ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбарыг нэхэмжлэлтэйгээ гарсан байна.

Нэмэлт зардал их шаардагдсан үйлдвэрийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд нийт 126,201,000 төгрөг гэж санхүүжилт хүсэх тухай 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21/766 албан бичгийг .....анд ирүүлсэн ч 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн .....т хүргүүлсэн 21/893 дугаар албан бичгээр 174,740,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Дээрх дүнгийн тухайд зардлын задаргаа болон батлах тооцооны баримтууд байхгүй. Ш.Ш гэх хүний данснаас 4 крант гэсэн нэртэй ....., ....ын угсралтын ажилд зориулагдсан эсэх нь тодорхойгүй баримтуудыг нотлох баримтаар өгсөн. .....анд санхүүгийн нарийвчилсан задаргааны баримт бичиг ирээгүй. Хавтаст хэрэгт авагдаагүй.

.....ны үйл ажиллагаанд Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолын хавсралт болох Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын бодит гүйцэтгэлийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн байдлаар гаргасны дагуу санхүүжилт олгох үйл ажиллагаа явагддаг.

Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 245 дугаар зүйлд тус гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна гэснээ гэнэт худалдан авагч болоод худалдан авах гэрээ рүү орж байна. Нэмэлт гэрээ 1 удаа байгуулагдсан нь хугацаа сунгахтай холбоотой гэрээ байгуулагдсан. Гэрээг ....ын дарга, С-У ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтан байгуулсан. .....ны сайд, Эрүүл мэндийн сайд, .....ны эрх албан ёсны төлүүлэх этгээд Төрийн нарийн бичгийн даргын баталсан гарын үсэг гэрээнд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ....ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Манай байгууллага нь Монгол Улсын .....ны албан бичгийн дагуу Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сангийн хөрөнгөөс 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг шийдвэрлэн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж ажилласан.

Энэхүү ажлын хүрээнд .....ны захиалгаар тендерт шалгарсан С-У ХХК-тай манай байгууллага нь 2021/03, СҮ-2101 дугаар гэрээг байгуулан, уг гэрээний 3-т зааснаар ..... нийлүүлэгч байгууллагын ажлын үе шатны явцыг хянан баталгаажуулж, манай байгууллага гэрээний 4-т заасны дагуу санхүүжилтийг олгох ажилд оролцсон болно.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.6, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 22 дугаар тогтоол, .....ны 2021 оны Чиглэл хүргүүлэх тухай 1а/2230, 2021 оны 2/4296 дугаар албан бичгийг тус тус үндэслэн холбогдох санхүүжилтийг техникийн комиссын 2021 оны 88/2021 дугаар урьдчилсан дүгнэлтийн дагуу 1 эмнэлгийн хүчил төрөгчийн үйлдвэрийг 590,000,000 төгрөгөөр тооцож, нийт 8 эмнэлгийн 4,720,000,000 төгрөгийн санхүүжилт олгохоор гэрээ байгуулсан.

Манай газар нь С-У ХХК-д 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаа санхүүжилт 1,416,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 3,304,000,000 төгрөг, нийт 4,720,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-6-9/, Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ /хх-6-9/, Санхүүжилтийн хуваарь /хх-13/, Хариуцагч нарт хүргүүлсэн албан бичгүүд /хх-24-64/, Санхүүжилт шийдвэрлэх тухай мэдэгдэл /хх-147/, Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн комиссын акт, зарлагын баримт, /хх-148-165/, Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-167/, Дансын хуулга /хх168-188/

 

5. Шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: .....наас .....ны 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/3344, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2/3523, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 7/4291 тоот албан бичиг /хх-100-103/,

Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэгээс Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн комиссын акт /хх-104-117/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С-У ХХК нь хариуцагч ....., Э....., .....т тус тус холбогдуулан ажлын нэмэлт зардалд 174,740,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас татгалзсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С-У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С-У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ....аас зарласан тендерт шалгарч тус байгууллагатай зүүн бүсийн 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийлүүлэх гэрээ байгуулсан. Цар тахлын дэгдэлтийн улмаас ажил гүйцэтгэх байршил өөрчлөгдөж эмнэлгийн бус зориулалттай газар болох Нийслэлийн төр захиргааны 2 дугаар байранд хүчилтөрөгчийн 2 бэсрэг үйлдвэрийг суурилуулсан. Дараа нь уг 2 бэсрэг үйлдвэрийг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн байранд суурилуулсан бөгөөд үүнтэй холбоотой зардлыг гэрээнд заасан ажил учир нэхэмжлэхгүй. Харин үүрэг гүйцэтгэх газрыг өөрчилсөнтэй холбоотой нэмэлт зардал болох 174,740,000 төгрөгийг шаардах эрх үүссэн гэж тайлбарлав.

3. Хариуцагч ..... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Хэрэв гэрээнд зааснаас илүү төсөв шаардагдсан бол албан ёсоор төсөв нэмүүлэх хүсэлтийг гаргаж, нэмэлт гэрээ байгуулах асуудлыг талууд хэлэлцэх байсан. Анх 126,201,000 төгрөгийн санхүүжилт хүссэн албан бичиг хүргүүлсэн боловч дахин албан бичиг хүргүүлэхдээ 174,740,000 төгрөг болгож өөрчилсөн хэдий ч түүнтэй холбоотой зардлын тооцоог ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн хариуцагч ..... нь талуудын гэрээнд оролцоогүй, гэрээний тал биш гэж татгалзсан.

 

4. Хариуцагч Э..... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, манай байгууллага гэрээнд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сангийн хөрөнгөөс 1 эмнэлгийн хүчил төрөгчийн үйлдвэрийг 590,000,000 төгрөгөөр тооцож, 8 эмнэлгийн 4,720,000,000 төгрөгийг санхүүжүүлэх байсан. Нэхэмжлэгч С-У ХХК-д 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээний урьдчилгаа 1,416,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл төлбөр 3,304,000,000 төгрөг, нийт 4,720,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 С-У ХХК нь захиалагч ....аас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарласан 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж-ийг гэрээ шууд байгуулах аргаар худалдан авах тендерт шалгарч гэрээ байгуулах эрхийг авсан байх бөгөөд С-У ХХК болон ....ын хооронд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх /Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр/, 2021/03, СҮ-2101 дугаартай гэрээ байгуулагджээ.

 

Гэрээгээр нийлүүлэгч С-У ХХК нь талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаас хойш 90 хоногийн дотор БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ADEKOM маркийн, 8 ширхэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулж, хүлээлгэх өгөх, гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, гэмтэл согог арилгах үүрэг хариуцлагыг хүлээх, захиалагч Э..... нь ажлыг 4,720,000,000 төгрөгөөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай .....ны дүгнэлтийг үндэслэн санхүүжүүлэх, гэрээний дагуу нийлүүлэгчийн гүйцэтгэх ажил болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна.

 

5.2 Тодруулбал, гэрээний 7-д тендер ба үнийн хуваарь, техникийн тодорхойлолт болон ажил гүйцэтгэлийн хуваарь нь гэрээний хэсэг болохоор заасан ба ажил гүйцэтгэлийн хуваарьт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Багануур, Хэнтий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь гэх 16 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг хүлээлгэн өгөхөөр заасан байна.

 

5.3 Талууд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 16 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, гэрээний 5-д заасан нэр бүхий ажлыг 90 хоногийн дотор хүлээлгэн өгөх хугацаанд өөрчлөлт оруулж, нийлүүлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу нийлүүлэх хугацааг 60 хоногоор сунгах, санхүүжилтийн хуваарийг 100 хувь гэж тохиролцжээ.

 

6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж тус тус зохицуулсан.

 

Дээрх гэрээнээс үзвэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

7.  Талууд хэн аль нь гэрээ байгуулагдсан, түүний дагуу нэхэмжлэгч нь хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг хүлээлгэн өгч, суурилуулсан, хариуцагч Э..... нь ажлын хөлс болох 4,720,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ гүйцэтгэх явцад нэмэлт зардал гарсан эсэх, хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

8.  Нийслэл Улаанбаатар хотод Коронавируст халдвар /COVID-19/-ын дотоодод батлагдсан тохиолдол нэмэгдэж, эмнэлэгүүдийн хүчилтөрөгчийн хэрэглээ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр Зүүн бүсийн аймаг, дүүргүүдэд байгуулах хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байр, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын гуравдугаар төв эмнэлэгүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг алдалгүй танилцуулж, шийдвэрлүүлэх тухай 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2/3344 дугаар албан бичгийг хариуцагч .....наас нэхэмжлэгч С-У ХХК-д хүргүүлсэн байна.

 

9.  Хариуцагч .....наас дахин 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2/3523 дугаар албан бичгийг нэхэмжлэгч С-У ХХК-д хүргүүлж, Улаанбаатар хотод 6 эрүүл мэндийн байгууллагуудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулж, ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлсэн талаар дурдаж, Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байрны түр эмнэлэгт 145 орыг эрчимт эмчилгээний зорилгоор ашиглах зайлшгүй шаардлага тулгарсны улмаас хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлтээр 1 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг суурилуулах шаардлагатай болсон талаар мэдэгджээ.

 

10.  Нэхэмжлэгч нь хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг 6 газар суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, улмаар Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байрны түр эмнэлэгт 145 орыг эрчимт эмчилгээний зорилгоор ашиглах зайлшгүй шаардлага тулгарсны улмаас нэмэлтээр 1 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нэмж суурьлуулсан үйл баримт нь хариуцагч .....ны албан бичгүүдээр тогтоогдох ба нэхэмжлэгч нь Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байр буюу эмнэлгийн бус зориулалттай газар хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг түр суурьлуулснаас гарсан нэмэлт зардлыг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

 

11.  Дээрх баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагч .....ны албан бичгийг үндэслэн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийслэл хотын 6 газарт суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, үүнээс Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байранд 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг түр суурьлуулсан болох нь тогтоогдож байна.

 

12.  Гэрээний 3.1-т Захиалагч нийлүүлэгчид бичгээр мэдэгдсэнээр гэрээний ерөнхий цар хүрээнд багтаан дор дурдсан 1 буюу түүнээс дээш зүйлийн захиалгыг хэдийд ч өөрчлөх эрхтэй, в/ ажил гүйцэтгэх газар гэж заасныг үндэслэн хариуцагч .....наас гэрээнд заасан эрхийн дагуу захиалагчаас ажил гүйцэтгэх газрыг өөрчилсөн учир түүнтэй холбоотой хохирол шаардах эрхгүй, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хохирол бодитой эсэх талаарх баримтгүй гэж маргасан.

 

13.  Э....., С-У ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу .....наас хуваарилагдан ирсэн 2 ширхэг 1,180,000,000 төгрөгийн үнэ бүхий хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийг хөрөнгийн дансанд бүртгэх тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/40 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн комиссын акт зэргээс үзвэл нэхэмжлэгч С-У ХХК нь Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байранд суурилуулсан 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг эцсийн хэрэглэгч эмнэлэг болох Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд угсарч, суурилуулж өгсөн, түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэхгүй энэ нь гэрээний үүрэгт хамааралтай гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

14. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар захилагч ажил гүйцэтгэх газрыг өөрчлөх эрхтэй хэдий ч нийлүүлэгч нь захиалгын өөрчлөлттэй холбоотой зардлын нарийвчилсан тооцоо, хэрэгжүүлэх хуваарийг гарган, өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор захиалагчид танилцуулах, талууд нийлүүлэгчийн тооцоог бичгээр батлах, баталгаажуулах хүртэл өөрчлөлтийг гүйцэтгэхгүй байхаар гэрээний 3.2, 3.3-д тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг түр суурилуулах ажлыг гүйцэтгэхэд гарах зардлын тухай албан бичгийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч ....., 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ..... зэргээр 2021-2023 оны хооронд хүргүүлсэн байх тул гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх газрыг өөрчлөх эрхтэй учир захиалгын өөрчлөлттэй холбоотой хохирлыг төлөхгүй,гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй.

 

15.  Нөгөөтэйгүүр, Коронавируст халдвар /COVID-19/-ын дотоодод батлагдсан тохиолдол нэмэгдэж, цар тахлын өвчлөлийн тархалт нэмэгдэж байснаас шалтгаалан тухайн үеийн Нийслэлийн Онцгой байдал, Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн сайдаас ажил үүргийг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх, дараа нь санхүүжилтийг олгох талаар чиглэл өгч байсан, мөн албан бичигт шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг алдалгүй танилцуулж, шийдвэрлүүлэн ажиллах талаар дурдаж байсан учир зардлын тооцоог бичгээр баталгаажуулахаас өмнө ажлыг хийж гүйцэтгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй юм.

 

16.  Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор шинэ байранд үйл ажиллагаа явуулж байгаа Коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр тасаг-т суурилагдан ажиллаж байгаа 2 ширхэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг МҮИС-ийн байранд шинээр байгуулагдаж буй Коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр тасаг-т нүүлгэн шилжүүлэхэд 38,337,024 төгрөг шаардлагатай талаар нэхэмжлэгч С-У ХХК-аас хариуцагч .....анд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр хүргүүлж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дээрх төлбөрийг нэхэмжлэгч С-У ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Талууд 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байр, дараа нь МҮИС-д суурилуулж хүлээлгэн өгөхдөө тооцоог бичгээр баталгаажуулаагүй талаар тайлбарлаж байх тул хариуцагч нарын нэмэлт гэрээ байгуулж асуудлыг шийдвэрлээгүй гэх татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

 

17.  Иймд нэхэмжлэгч С-У ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байранд суурилуулахтай холбогдон гарсан нэмэлт зардлыг гэрээний тал болох хариуцагч ....аас шаардах эрхтэй байна.

 

18.  Нэхэмжлэгч нь Нийслэлийн төр, захиргааны хоёрдугаар байр нь эмнэлгийн зориулалттай барилга биш учраас хүчилтөрөгчийн агаарын хангамжийг өвчтөнд хүргэх зэс труба, шугамын угсралтын ажил болон цахилгааны зэрэг материалын зардал их шаардагдаж, 174,740,000 төгрөгийн зардал гарсан, харин 2 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг МҮИС-д шилжүүлэн өгөхөд бүх өвчтөнүүдийн холболтыг хийгээгүй, зөвхөн тээврийн хөлс, хүчилтөрөгчийн үйлдвэрийг байрлуулах суурь цутгалт болон үйлдвэр, эмнэлгийг хийн шугамаар холбох суурилуулах ажил хийсэн учраас харьцангүй зардал гарсан гэх тайлбар гаргасан.

 

Хэргээс үзэхэд ... 174,740,000 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж хариуцагчид хүргүүлсэн албан бичигт заасан ба энэ хэмжээгээр зардлын задаргааг хийсэн баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлсэн байна. /хх60-61/

 

Гэвч шүүх ажлын зардлын тооцоо, дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад шилжүүлгийн даалгавар зэрэг баримтуудыг харьцуулан үзэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд зардлын тооцоог гаргаж, 87,633,670 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэв.

 

19. Иймд хариуцагч ....аас 87,633,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-У ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,106,330 төгрөгийн шаардлага болон хариуцагч .....анд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

20. Нэхэмжлэгч С-У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,031,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....аас 596,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-У ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....аас 87,633,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-У ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,106,330 төгрөгийн шаардлага болон хариуцагч .....анд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С-У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,031,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....аас 596,118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-У ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ