2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/00838

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 30 191/ШШ2025/00838

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..../-д холбогдох

 

2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхтөр

Хариуцагч В.Б

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Гэ ди тех ХХК нь хариуцагч В.Бөд холбогдуулан холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Би, В.Б болон С.Мө нар нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өмнөх үүргийн харилцааг харилцан тохиролцож сольж, дуусгавар болгох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Би В.Б, С.Мө нар нь Зээлийн гэрээ, Б.Би, С.Мө нар нь Гэ ди тех ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, гэрээний оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Харин дээрхи гэрээнүүдийг баталгаажуулан бүртгэх явцад иргэн В.Б нь зээлийн гэрээний 1 хувийг авч Гэ ди тех ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ боловсруулж бичиж байх явцад гарч яваад, эргэж ирээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул албан ёсоор Б.Би, В.Б нар нь дээрхи 2 гэрээг байгуулаагүй болно.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. мөн хуулийн 42.10 дахь хэсэгт Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө. гэснийг үндэслэн уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэснийг зөрчиж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлтэй байна.

Иймд В.Б, Б.Би нарын үйлдсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэснийг зөрчиж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

Үүнээс 1 жил 3 сар орчмын дараа В.Б, Б.Би нар нь харилцан тохиролцож, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр В.Б нь Гэ ди тех ХХК-ийн өөрийн эзэмшдэг 17 хувийн хувьцаагаа компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ компаний эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлсэн тул В.Б, Б.Би нарын өмнөх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Гэ ди тех ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, мөн компаний эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч В.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Эхний гэрээний явцад нотариат дээр очиход материал дутуу байна гээд Б.Би материалд явсан. Тэр үед надад ажил гарсан. Нэгэнт хүлээж амжихгүй байсан учраас би гараад явсан. Нотариатч нь буцаад ирээрэй гэхэд нь ажил амжихгүй байсаар 2-3 хоног болсон. Дараа нь хүчингүй гэдэг байдлаар над руу янз бүрийн мессеж бичиж байсан. Өмнө шүүхээр ороод асуудал шийдэгдсэн. Тухайн үед Б.Би хариуцагч байсан. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хувьцаагаа шилжүүлмээр байна гэхэд нь 2024 оны 01 дүгээр сард шилжүүлсэн.

Би гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-6-8/

3.2 1340 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-9/

3.3 1341 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-10/

3.4 0013 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-11/

3.5 С.Мө, Б.Амартайван нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-14/

3.6 Б.Биээс Б.Амартайванд олгосон 0010 дугаартай итгэмжлэл /хх-15/

3.7 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-16-19/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Нэхэмжлэл, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар /хх-45-51/

4.2 Зээлийн гэрээ /хх-47/

4.3 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00932 дугаар шийдвэр /хх-53-62/

4.5 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-63-65/

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Гэ ди тех ХХК нь хариуцагч В.Бөд холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /компанийн хувьцаа/, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр В.Б, Б.Би нар нь Гэ ди тех ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг нотариат дээр боловсруулж байх явцад В.Б нь гарч яваад, эргэж ирээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Дээрх гэрээн дээр В.Бийн цахим гарын үсэг хэвлэгдсэнээс өөрөөр гарын үсэг зураагүй учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм гэж тайлбар гаргасан.

 

3. Хариуцагч В.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээг нотариат дээр боловсруулж байхад надад ажил гараад хүлээж амжихгүй гараад явсан. Нотариатч нь буцаад ирээрэй гэхэд ажил амжихгүй байсаар 2-3 хоног болсон. Дараа нь хүчингүй гэдэг байдлаар над руу янз бүрийн мессеж бичиж байсан. Өмнө шүүхээр ороод зээлийн гэрээний асуудал шийдэгдсэн. Энэ гэрээг хожим дахин байгуулж, хувьцаагаа шилжүүлсэн. Хүчин төгөлдөр бус гэрээнд нэхэмжлэл гаргасан шалтгааныг нь ойлгохгүй байна гэж татгалзсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. В.Б, Б.Би нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ... бүртгэлийн дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ байгуулагдаж, худалдагч В.Б нь Гэ ди тех ХХК-ийн хувьцаа 1 бүрийн үнэ нь 10,000 төгрөгийн 17 ширхэг буюу 17 хувийн хувьцааг 170,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Б.Би нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

4.2 Дээрх гэрээний зүйл болох хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр В.Б, Б.Би нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1339 бүртгэлийн дугаартай, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагджээ.

 

4.3 Үүний дараа, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр В.Б, С.Мө болон Б.Би нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, худалдагч В.Б, С.Мө нь Гэ ди тех ХХК-ийн хувьцаа 1 бүрийн үнэ нь 10,000 төгрөгийн тус бүр 17 хувь, 34 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч Б.Би нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээж, Гэ ди тех ХХК-ийн хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

4.4 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нотариатч н.Хишигжаргалын хариу албан бичигт ...Б.Би, В.Б болон С.Мө нар нь өмнөх үүргийн харилцааг харилцан тохиролцож сольж дуусгавар болгох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 41 минутад 1337 дугаарт Зээлийн гэрээ..., ...тус тус байгуулан, гэрээний оролцогч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин дээрхи гэрээнүүдийг баталгаажуулан бүртгэх явцад иргэн В.Б нь зээлийн гэрээний 1 хувийг авч, 15 цаг 00 минутад бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн Гэ ди тех ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ болон 15 цаг 07 минутад бүртгэлийн 1339 дугаарт бүртгэсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ боловсруулж гарын үсэг зурах явцад гарч яваад В.Б нь эргэж ирээгүй, гарын үсэг цахим системд зурсан боловч хэвлэмэл гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй болно. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Гэ ди тех ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээг дахин гэрчлүүлсэн болно гэжээ.

 

5. Хариуцагч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гэрээг нотариат дээр боловсруулж байхад надад ажил гараад хүлээж амжихгүй гараад явсан. Нотариатч нь буцаад ирээрэй гэхэд ажил амжихгүй байсаар 2-3 хоног болсон. Дараа нь хүчингүй гэдэг байдлаар над руу янз бүрийн мессеж бичиж байсан... гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

6. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл гэрээний талууд Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн нотариатч дээр очсон боловч бодитоор гэрээнд гарын үсэг зураагүй нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар Хуулийн этгээдийн 22 дугаар зүйлд зохицуулжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн., Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасны дагуу хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг нотариатч гэрчилнэ гэж тус тус зааснаас үзвэл хувьцааг шилжүүлэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэн, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэнээр байгуулагдсанд тооцогдохоор байна.

 

Талууд хэн аль нь дээрх гэрээнд гарын үсэг зураагүй, хариуцагч В.Б нь гэрээтэй танилцаагүй, өөр гэрээнд ашигласан цахим системд зурсан гарын үсгийг ашиглаж гэрээнд оруулсан болох нь тогтоогдсон.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан ... бүртгэлийн дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, 1339 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдсон гэж үзлээ.

 

7. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын эх хувиас хуулбарлав гэсэн тэмдэг бүхий Гэ ди тех ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүргэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0013 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, 0014 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус үндэслэн нэхэмжлэгч талаас талуудын хооронд сүүлд байгуулагдсан гэрээг үндэслэн компанийн хувьцааны эрх, үүрэг шилжсэн, өмнөх ..., 1339 дугаартай гэрээний дагуу хувьцаа шилжүүлээгүй, мөнгөн хөрөнгө өгсөн авсан зүйл байхгүй, бодитоор хэрэгжээгүй, нотариатын цахим баримтад 2 хүчинтэй гэрээ харагдаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэвэл ... бүртгэлийн дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, 1339 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу худалдагч нь хувьцааны эрх, үүргийг шилжүүлсэн, худалдан авагчаас хэлэлцсэн тохирсон үнийг төлсөн үйл баримт тогтоогдсонгүй.

 

8. Зохигч талууд хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүлээн зөвшөөрч, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0013 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, 0014 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсныг шинээр хийсэнтэй адилтгаж үзэх бөгөөд, талуудын хооронд өмнө байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус хэвээр байна.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Гэ ди тех ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Бөөс 140,400 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гэ ди тех ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг баримтлан, В.Б, Б.Би нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ... бүртгэлийн дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, 1339 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Гэ ди тех ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Бөөс 140,400 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гэ ди тех ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ