| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/01908/И |
| Дугаар | 210/МА2021/00258 |
| Огноо | 2021-01-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2021/00258
Б.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02892 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч Ш.Д-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 90 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.М,
Хариуцагч: Ш.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч: З.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 онд Ш.Д-тай анх танилцаж, 2006 оноос хамтран амьдарч, 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.О мэндэлсэн. Сүүлийн хэдэн жилд бид зан харилцаа болон бусад таагүй байдал хурцадсаны улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байх тул хүүхдээ өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 2б дугаар байр, 63 тоот, 71.06 м.кв гурван өрөө орон сууцыг 135 014 000 төгрөгөөр худалдан авах зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Авзага хийц ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан 2020 оны 01 дүгээр сард нүүж орсон. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй. Учир орон сууцыг захиалан бариулах гэрээг бидний нэрийн өмнөөс миний төрсөн ах Б.Чимэддорж нь урьдчилгаа 90 000 000 төгрөг төлж гэрээ байгуулсан. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ш.Д гэрээг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Орон сууцны урьдчилгаа 90 000 000 төгрөгийг бид хоёр дараах байдлаар буюу дундын өмч болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 86 дугаар байр, 2 дугаар орц, 8 давхар 5 тоотод байрлах 31 м.кв нэг өрөө орон сууцыг 44 000 000 төгрөгөөр худалдсан. Тус нэг өрөө орон сууцыг 2014-2019 оны хавар хүртэлх хугацаанд түрээсэлж, түрээсийн хуримтлал 14 000 000 төгрөг, 32 000 000 төгрөгийн хадгаламж болон хувь хүнээс зээлж бүрдүүлсэн. Орон сууцны үлдэгдэл төлбөр болох 45 014 000 төгрөгийн 40 000 000 төгрөгийг миний бие хувь хүнээс зээлж, харин 5 014 000 төгрөгийг Ш.Д нь хувь хүнээс зээлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох гурван өрөө орон сууцны үнэ болох 135 014 000 төгрөгөөс хүү Д.О бид хоёрт оногдох хувь болох 90 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Д.О-ыг Б.Т-ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь тэтгэмж төлөхгүй гэсэн үг биш. Зөвхөн хүүгийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна. Б.Т нь хүү Д.Оргилд анхаарал хандуулах цаг зав маш бага, хүүгийн минь сурч боловсрох, аюулгүй амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй тул эхийн нь асрамжид үлдээх боломжгүй юм. Миний хүү Д.О эх орондоо аавтайгаа хамт аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох бүрэн нөхцөл боломжтой. Хүүгээ асрах боломжтойг нотолж ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг хэргийн материалд хавсаргасан. Иймд Д.О-ыг эцэг Ш.Д ы асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэмжийг Б.Тгаас гаргуулж өгнө үү. Баянгол дүүргийн байшинг анх 30 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Б.Т-ийн найз н.Оюун-Эрдэнээс нэг ч мөнгө зээлж байгаагүй өөрийн зээлсэн мөнгөө баримтжуулаад хэрэгт хавсаргасан. Дундын өмч бид хоёрт байхгүй, хуваахгүй тул гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Б овогт Б.Т, Толгойт овогт Ш.Д нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Т овогт Д О-ыг эх Б.Т-ийн асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Д.О-ыг 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Д аар тэжээн тэтгүүлж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүү Д.О-ыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Ш.Д, эх Б.Т нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүү Д.О-ыг эцэг Ш.Д-тай уулзуулж байхыг эх Б.Тд даалгаж,
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас 32 266 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох мөнгөн хадгаламжийн хуримтлалаас 28 866 666 төгрөгийг хариуцагч Ш.Д-д үлдээж, хариуцагч Ш.Д аас 57 733 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Д аас улсын тэмдэгтийн хураамжид 516 816 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, шинжээчийн зардалд 659 000 төгрөгийг хариуцагч Ш.Д аас гаргуулж шинжээчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж, хавтас хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуульд зааснаар хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй байх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн байдаг. Учир нь Ш.Д би Б.Ттай 2006 оноос хамтран амьдарч эхэлсэн үеэс өөрийн бүхий л хөдөлмөр, хайр халамжаа гэр бүлдээ зориулж, өөрөө байнга ажилдаа амжилт гаргаж энэ бүгдийн үр шимийг гэр бүлдээ зориулж ирсэн, хүүдээ байнга санаа тавьж байнга багш нартай уулзаж мэргэжлийн чиг хандлагын суурийг арван жилээс нь тавьж өөрөө хүүтэйгээ ярилцаж сургуулийг нь сонгож өгч өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлийг гэр бүлдээ зориулж орон байр, идэх өмсөх, хэрэгцээт зүйлээр эхнэр, хүүхэд хоёроо огт дутааж байгаагүй. Гэвч эхнэр маань архи ихээр ууж, орой үдэш залуучуудтай зугаацаж байхад нь гэртээ авчирдаг байсан үүнийг манай хадмууд ч мэднэ. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилж би олон удаа уучилж гуйсан боловч эхнэр энэ байдлаасаа салж чадахгүй байсан тул бид 2015 оноос өөрсдөө ярилцаж тохиролцоод тусдаа амьдарч эхэлсэн, тухайн үедээ өмч хөрөнгөө ч ярилцаж шийдвэрлэсэн эхнэрийн сурч амьдарч байсан Хөх хотод амьдардаг байрыг бүрэн тохижуулж, 29 саяын үнэтэй машин шинээр нь авч өгч бид одоо хөрөнгө мөнгө, бусад асуудлаар хамаагүй болсон гэж тусдаа амьдраад 5 жил болсон. Гэтэл Б.Т гэнэт л амьдрах боломжгүй болсон уу, архи уугаад дампуурсан уу, над дээр миний зөвшөөрөлгүй ирсэн би хүлээгээд авсан, хамт амьдарч байсан, тэгснээ тэсэхгүй архиа уугаад хэрэлдээд явсан, тэгснээ гэнэт л мөнгө нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэхдээ Б.Т шүүхийн мэтгэлцээнд энэ байдлаа өөрөө зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн миний авч өгсөн машин болон бусад хөрөнгийн лавлагаа гаргуулах шаардлагагүй би машинаа зарсан гэсэн, бусад зүйлийг лавлагаа авах шаардлагагүй би хүлээн зөвшөөрч байна гэсэн. Гэтэл анхан шатны шүүх эхнэрт байгаа баримтаар нотлогдсон 60 сая төгрөгийг огт үнэлэхгүй байгаа нь гэрлэлтээс хойш бий болсон хөрөнгийг үнэлэхгүй анхан шатны шүүх Иргэний хуулийн 126, 128, 129 дүгээр зүйлийг зөрчсөнд гомдолтой байна. Миний хувьд гэр бүлээрээ амьдарна гээд зээл тавиад урьдчилгааг нь байр захиалсан байсан боловч зээлээ төлж чадахгүй болоод байраа өртэй хүмүүстээ өгсөн миний зээл авсан хүмүүс, гэрчийн мэдүүлэг, байрны урьдчилгаа шилжүүлсэн баримтууд бүгд хавтас хэрэгт авагдсан байгаа, шүүхийн Б.Тд өг гээд байгаа тэр их мөнгө надад байхгүй, ихэнхийг Б.Тд зарцуулаад дууссан надад одоо байр ч байхгүй, баримтаар тогтоогддог. Анхны байрыг манай аав 60 хувийг зээлдүүлж өгч, үлдсэнийг би банкнаас зээл авсан, уг байрны мөнгө бүхэлдээ Б.Тг Хөх хотод сурч амьдрахад болон хадам ээжийн эмнэлгийн эмчилгээнд тусалж өгснийг баримтаар нотолж хэрэгт гаргаж өгсөн байхад шүүх огт үнэлж дүгнээгүй. Анхан шатны шүүх зөвхөн эмэгтэй хүний л эрх ашгийг хамгаалах ёстой гэдэг зарчмыг баримталсан, энэ хэрэгт Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасныг тодруулбал энэ хөрөнгийн хэн бий болгосон, хөрөнгийг бий болгоход хэний оролцоо илүү байсан гэдгийг огт харгалзан үзэхгүй, энэ заалтыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэх ёстой зүйлийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 90 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргийн 6-7 дугаар тал дахь баримтаар Б.Т, Ш.Д нар 2006 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсноор гэрлэгчдийн дундаас 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.О төрсөн үйл баримт зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Гэрлэгчид гэрлэлтийг цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн маргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх хэргийн 23-24 дүгээр тал дахь насанд хүрээгүй Д.Оргилын ...Аав, ээж хоёртоо хоёуланд нь хайртай. Гэхдээ хүүхэд ээжтэйгээ байвал сайхан гэх санал, хэргийн 105-109 дүгээр тал дахь Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн багийн ...тухайн үеийн бодит байдалд нэхэмжлэгч, хариуцагч нартай хийсэн уулзалт, хүүхдийн өсөж бойжих орчин нөхцөл, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавих анхаарал халамж, хүүхдээс авсан сэтгэл зүйн сорил зэрэгт үндэслэн хүүхдийн асран хамгаалах эрхийг одоогийн нөхцөл байдалд ээж Б.Т дээр байлгах саналтай гэх дүгнэлт, талуудын тайлбарыг үндэслэн хүү Д.О-ыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх насанд хүрээгүй хүү Д.О-ыг эх Б.Т-ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг үндэслэн Ш.Д аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ш.Д аас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 2б байрны 63 тоот 3 өрөө орон сууцнаас өөрт болон хүү Д.Оргилд ногдох 90 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч зохигчдын маргаж буй орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нь тогтоогдоогүй талаар шүүх зөв дүгнэжээ.
Хэргийн 136, 139, 167 дугаар тал дахь баримтаар зохигчид хамтран амьдрах хугацаандаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16062/ хд 86/2 дугаар байр 85 тоотод байрлах 31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авч, Б.Т, Ш.Д, Д.О нар өмчлөгчөөр эрхийн бүртгэлд бүртгүүлсэн тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах боловч, уг орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Д.О, Д.Д нарт 34 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт талуудын тайлбар болон хэргийн бусад баримтаар тогтоогдож байна.
Харин хэргийн 157, 163 дугаар тал дахь баримтаар Ш.Д ы эзэмшлийн Хаан банкин дахь дансанд зохигчдын орон сууц худалдсан орлого болон мөнгөн хадгаламжийн хуримтлал болох 86 600 000 төгрөг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар хамаарч байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр байснаас үл хамааран гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 57 733 333 /86 600 000:3=28 866 666/ төгрөгийг Ш.Д аас гаргуулж Б.Тд олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Хариуцагч Ш.Д ын шүүх хөрөнгийг хэн бий болгосон, хэний оролцоо илүү байсныг харгалзан үзээгүйгээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т заасныг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн гэх давж залдах гомдол үндэслэлгүй.
Учир нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөгч нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүд байдаг байна. Иймээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 болон 129.4 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний ойлголт нь өөр юм.
Гэр бүлийн гишүүнийг зөв тодорхойлсноор гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэг гишүүнд ногдох хэсэг зөв тодорхойлогдоно. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно гэсэн бол Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид тэдгээрийн төрсөн, дагавар, үрчилсэн хүүхдүүд, 129.4-т заасан гэр бүлийн гишүүн гэдэгт гэр бүлийн бусад гишүүн болох төрлийн болон садангийн буюу гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач зээ, ах эгч, дүү, авга, нагац тэдгээрийн хүүхдүүд хамаарна.
Иймд шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж гэрлэгчдэд ногдох хэсгийг адил тэнцүү хувааж тооцохдоо эхтэйгээ амьдрах болсон насанд хүрээгүй хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан нэхэмжлэгч талд хариуцагчаас илүү хэмжээгээр мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.
Харин Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход тэдгээрийн хөдөлмөрийн оролцоог харгалзахаар зохицуулсан нь гэрлэгчид тэдгээрийн хүүхдэд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Хариуцагч Ш.Д ы нэхэмжлэгч Б.Тд 29 000 000 төгрөгний автомашин авч өгсөн, цувуулж өгсөн 31 000 000 төгрөгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцсонгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид хариуцагч нь авч өгсөн гэх 29 000 000 төгрөгний үнэ бүхий автомашин болон 2013 оноос цувуулан өгсөн 31 000 000 төгрөг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлд бодитойгоор байхгүй байгаа нөхцөлд хуваах боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг үйл баримтыг бодитойгоор үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2020/02892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 446 617 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ