Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/1034

 

   2024          12         16                                     128/ШШ2024/1034

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М /РД:*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б /ҮД:/,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /Дугаар:/,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Т /ҮД:/ нарын хооронд Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн Байгаль орны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-тэй холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.М******* зүгээс Нийслэлийн байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн Байгаль орны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. Нэхэмжлэгч Б.М 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн А/ тушаалаар Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан.

2.2. Үндэсний Аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газраас Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Аудитын дүгнэлт /хязгаарлалттай/-ийг гаргасан.

2.3. Нийслэл дэх төрийн аудитын газар 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Зөрчил арилгах тухай” *******/АО2*******182 дугаар албан шаардлага, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11/АО2*******182, 12/АО2*******182, 8/АО2*******182, 10/АО2*******182, 9/АО2*******182 дугаар төлбөрийн актуудыг гаргасан.

2.4. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар “Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл”-д хийсэн аудитаар тогтоосон 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8/АО2*******182, 12/АО2*******182 дугаар бүхий төлбөрийн актыг хүчингүй болгосон байна.

2.5. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа, зөрчил гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт заасны дагуу “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулж, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ тушаалаар ажлаас чөлөөлсөн.

2.6. Нэхэмжлэгч Б.М Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “гомдлын хариу хүргүүлэх тухай” тоот албан бичгээр шүүхэд хандана уу гэсэн хариу ирсэн.

2.7. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

 Гурав. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 3.1. Б.М миний бие 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын сул орон тоонд тусгай шалгалт өгч тэнцээд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргааг томилогдон ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ дугаар тушаалаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн  2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа, зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

3.2. Уг тушаалыг гаргахдаа газрын даргын тушаалаар батлагдсан ээлжийн амралтын хуваарийн дагуу ээлжийн амралт олголгүй, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс амрах байтал хойшлуулж, ажлын бус цагаар дуудаж гаргасан. Миний бие тухайн өдөр биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтээ бичгээр өгсөн байсан. Тухайн өдөр 16 цаг 30 минутын үед төрсөн эхийн минь бие муудсан, хурдан ирэх шаардлагатай байна гэх мэдээг дүү нар Завхан аймгаас надад мэдэгдсэн. Тухайн өдрийн үдээс хойш газрын дарга ажил дээрээ байгаагүй би дээрх байдлын талаар утсаар холбогдож мэдэгдсэн. Ажлын цаг дууссан учир хувийн ажлаа хөөцөлдөөд гадуур явж байхад ажил дээр хурдан ир гэж дуудуулсан.

3.3. Намайг ажил дээр очиход хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн нарыг дуудуулсан байсан. Тус албан хаагчдыг байлцуулан 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргасан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтын дагуу Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар дахин сонсох ажиллагаа хийсэн.

3.4. Сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хэлэхэд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Т, Нийслэлийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Н нар таныг ажлаас хал, чадахгүй бол ажлаа өг гэж дарамтлаад байгаа учир ажлаас халахаас өөр сонголт байсан гэх хариу хэлсэн. Сонсох ажиллагааг 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргасан гэдэг нэг агуулгаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.4-т заалтын дагуу 3 долоо хоногийн хугацаанд 2 буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус явуулсан. Дээрх байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 24-26 дугаар зүйлийг зөрчиж надад тайлбар санал гаргах боломжийг нэг ч удаа олгоогүй. Алдаа зөрчлийн талаар мэдээлэлгүй, мэдэх эрхээр хангаагүй.

3.5. Миний эрхэлж байсан албан тушаалын зорилго нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын хүний нөөцийн бодлого, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг даргын өмнө хариуцаж, 4 зорилтын хүрээнд чиг үүргийг хэрэгжүүлдэг.  Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, байгууллагын бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүн үр нөлөөг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах , хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нэгдүгээр зорилтын хүрээнд байгууллагын төсөв хөрөнгөтэй холбоотой албан тушаалын тодорхойлолтод заасан нэг л чиг үүргийг хэрэгжүүлдэг энэ нь байгууллагын төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөлт гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг. Дээрх 3 үйл ажиллагааны  төлөвлөлтийг хийж батлуулаад, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилладаг.

3.6. Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын хөрөнгийг удирдах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, тайлагнах зорилтын хүрээн дэх төсвийн зарцуулалт, тайлагнал, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргасан гэж Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *******6 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын даргын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заагаагүй чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж ажлаас халсан. Албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, алдаа зөрчил гаргасан зүйл байгаагүй. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний баг 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнгээр В үнэлгээтэй дүгнэснийг газрын дарга баталгаажуулж урамшуулал олгосон байдлаас харагддаг.

3.7.  2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах тухай эхний сонсох ажиллагааг явуулсан. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасан. 37 дугаар зүйлд нийтлэг эрх, 39 дүгээр зүйлд үйл ажиллагаанд хориглох зүйлийг заасан. Илтгэх хуудас, аудитын дүгнэлт, төсвийн ерөнхийлөн захирагчийн нэр хүндэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргасан утга агуулга байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэгт “Сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж зохицуулсан.

3.9. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны *******, ******* дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.1-т “сахилгын зөрчлийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүйн талаар гаргасан, мэдээлсэн, эсхүл баримтыг илрүүлсэн нь шалгах үндэслэл болно” гэж журамласан. Манай байгууллагад дотоод хяналт, зохион байгуулалтын чиг үүрэг бүхий нэгж дотоод хяналтыг хариуцсан ахлах мэргэжилтэн уг журмыг дагаж мөрдөөгүй. Шалгаж нягталж надаас тайлбар аваагүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэл дэх Төрийн аудитын газрын тайлан дүгнэлтийг хүлээж авахдаа газрын дарга, газрынхаа нэг ч ажилтан, албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр нуун дарагдуулж сарын дараа буюу гомдол гаргах хугацаа дууссаны дараа бидэнд мэдэгдсэн.

3.10. Ажлаас халж, надад холбогдолгүй актуудаар төлбөр ногдуулж, хууль хяналтын байгууллагуудаар шалгуулаад байсан учир би өөрөө Аудитын ерөнхий газар, шүүхийн байгууллагаар явж шийдвэрлүүлж дуусгасан. Энэ нь ганц миний эрх ашиг биш нийт байгууллагын эрх ашгийг зөрчсөн. Хэрэв шүүхэд хандаж хүчингүй болгуулаагүй бол Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид өнөөдөр бас хохирсоор байх байсан. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

3.11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар: Ажлаас халсан тушаалд 7 үндэслэл дурдагдсан бөгөөд үндэслэл тус бүрд үндэслэлтэй хариу тайлбар өгсөнгүй. Б.М гэдэг хүн хоёр албан тушаал хашиж байсан гэж ерөнхийлөн тайлбарлаж байна. Албан тушаал тус бүрээр тодорхой асуухаар Б.М гэдэг хүнд хамааралтай мэт хариу хэлээд байна. Хүнд хамааралтай бол яагаад газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хэлтсийн дарга гэж албан тушаал яригдаж байна вэ. Албан тушаалаар нь ялгаж хариулан тайлбарлахаас зайлсхийж байна. Албан тушаалаар  нь ялгасан бол Б.Мд хамааралтай эсэхийг  ялган шийдвэрлэх боломжтой байх байтал тайлбарлахгүй байгаа нь энэ тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Аудитын дүгнэлтийг бүхэлд нь Б.Мтай холбон тайлбарлаж байна.

3.12. Нийслэлийн Байгаль орчны газар 10 тэрбум төгрөгийн их хэмжээний алдагдалтай гарсан гэх дүгнэлт байна. Ийм их хэмжээний мөнгө Б.Мтай холбоотой байсан бол эрх бүхий байгууллагад хандах эрх, хугацаа байхад Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан зүйл байхгүй. Энэ байдал нь Б.М холбогдолгүй гэдгийг мэдэж байна гэсэн үг.  Шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Нийслэл дэх Дотоод аудитын газар актыг үндэслээд гэж ярилаа, тушаалын үндэслэл нь Үндэсний аудитын газрын 10 тэрбум төгрөг гэж заасан аудитын дүгнэлтийг үндэслээд байгаа. Энэ дүгнэлттэй холбоотой 3 актад хамаарал бүхий байх маргаан байсан.

3.13. Хоёр нь хүчингүй болж, нэг нь Б. М руу чиглэсэн акт биш болох нь шүүхээр тогтоогдсон бусад асуудал нь Нийслэлийн Байгаль орчны газартай холбоотой. Газар гэдэг нь байгууллага болохоос гарын үсэг зурсан хүн дангаараа бүхнийг хариуцна гэсэн үг биш. Б.М******* албан тушаалын чиг үүрэгт Шилэн дансны тухай хууль хамааралгүй,  Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь газрын даргын үүрэг учир хэлтсийн дарга хяналт тавих ёсгүй.  Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга 12/21-ний өдөр томилогдсон байхад өмнөх хугацааны ажил үүргийг хамаатуулж үүргээ биелүүлээгүй гэж байна.

3.14. Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс тооллогын комисс байгуулаад шаардлагатай шатахууны зардлаа гаргуулахаар холбогдох дээд байгууллагууддаа хүсэлт гаргасан байна. 33 албан тушаалтны гарын үсгийг цуглуулсан, нягтлан бодогчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Төсвийн тухай хуулийн 6.3.1. “төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах”  гэж зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах ёстой. Тухайн үед газрын дарга  нар үйл ажиллагаагаа явуулж байсан байхад төсвийн мөнгийг дундаас нь авсан мэт тайлбарлаж байна. Б.Мд холбогдолгүй асуудлыг хамааруулан тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гарсан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1. Б.М нь манай Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэвч тэрээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны А/******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн "Илтгэх хуудас" болон Нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлтээр “Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.М нь "Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргаж, 2022 оны жилийн эцсийн тооллого хийгээгүй, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын ажлаа хангалтгүй биелүүлж эргэлтийн хөрөнгөнөөс хасалт хийгээгүй, төсвийг дутуу зарцуулсан. Шилэн дансны тухай хууль зөрчсөн, 2022 оны А/*******, А/******* дүгээр тушаалаар албан хаагчдад хагас бүтэн жилийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн олгосон, газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа өөртөө 2022 оны жилийн үр дүнгийн урамшуулал 4*******,0 төгрөгийг олгосон зэрэг алдаа зөрчил гаргасан гэдэг нь тус тус тогтоогдсон.

4.2. Маргаан бүхий актын үндэслэл нь Нийслэлийн төсвийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц хэмжээний алдаа зөрчил гаргасан гэдэг нь Нийслэл дэх аудитын газрын санхүүгийн тайлан, дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Б.Мд "Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтын дагуу "Төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулж байгаа сонсох ажиллагаа хийж, мөн өдөр Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ тоот "Б.М*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар ажлаас халах шийдвэрийг гаргасан.

4.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлагдсан журмын дагуу жил бүр эд хөрөнгийн тооллого явагддаг. Өмч хамгаалах зөвлөл нь байнгын ажиллагаатай байх ёстой. Хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг учир хүндэтгэн үзэх шалтгаан тогтоох ёсгүй. Шатахууны зардалгүй тул биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй. Б.М нь Төсвийг шууд захиран зарцуулах этгээд мөн байсан. Нягтлан бодогчид хамаатуулж тайлбарлах нь үндэслэлгүй. Өмч хамгаалах зөвлөлийн дарга болсон гэдгээ маргаангүй хүлээн зөвшөөрсөн. Эд хөрөнгийн тооллогын комиссыг хуралдуулаад, шатахууны зардалгүй тул биелэгдээгүй гэж тайлбарлаж байгаагаар үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. 

4.4. Албан тушаалын  чиг үүрэгт хамаарахгүй гэдэгт Хөдөлмөрийн тухай хууль биш Төрийн албаны тухай хууль үйлчилнэ. Төрийн албаны тухай хуульд заасан бусад эрх үүргийг хэрэгжүүлдэг тул энэ үүргийг биелүүлэх ёстой. Үүнийг ажлын байрны тодорхойлолтод заавал заах шаардлага байхгүй. Заагаагүй гээд хуульд зааснаар үүрэг хүлээсэн ажлаа гүйцэтгэхгүй гэсэн үг биш.  Албан тушаалд томилогдохоос өмнөх асуудал гэж тайлбарлаж байгаагийн тухайд хавтаст хэрэгт авагдсан аудитын дүгнэлт, хугацаа заасан актуудтай танилцаад хүлээн зөвшөөрсөн байна. Үндсэн хуульд зааснаар  хэнийг ч хүчээр гарын үсэг зуруулахгүй. Танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой байсан.  Давхар албан тушаал эрхэлж байгаа гээд өөрөө өөртөө урамшуулал олгох үндэслэлгүй. Аудитын дүгнэлт Б.Мд хамааралтай эсэхийг ярьж байна.

4.5. Нийслэлийн Байгаль орчны газар Нийслэл дэх Дотоод аудитын дүгнэлтийг үндэслэж албан хаагчийг ажлаас халах үүрэггүй. Аудитын тайлангуудыг яагаад Б/ дугаар тушаалд тусгаад байгаа вэ гэвэл актуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг дүгнээд зөрчлүүдэд хариуцлага тооцсон. Цалин хөлстэй холбоотой эрсдэлтэй асуудал учир Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулахаа илэрхийлэх нь зүйтэй байх.   Хоёр акт хүчингүй болсон, нэг акт нь Б.Мд хамааралгүй акт байгаа тухайд эдгээр нь Б/ дугаар тушаал гарах шууд үндэслэл болохгүй. Актуудад дурдсан нөхцөл байдал байсан учраас Б/ дугаар тушаал гарсан. Хүчингүй болсон хоёр актыг  албан шаардлага болгон өөрчилсөн, актад дурдсан үйлдлүүд буруу хэлбэрийн хувьд албан шаардлага болсон өөрчилсөн.

4.6. Эдгээрт Б.М маргаагүй хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх нь газрын даргын үүрэг гэж тайлбарлаж байна. Хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.3-т төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг гэж заасан. Тэгэхээр энэ үйл ажиллагаа зөв явагдаж эсэхийг хянах үүрэгтэй албан тушаалтан. Шатахуун асуудлыг шийдвэрлээгүй учир хуулиар тогтоосон үйл ажиллагааг биелүүлээгүй, төсвийг батлагдсаны дагуу зөв зарцуулах үүрэгтэй. Хуульд заасан үүргээ биелүүлэхийн тулд төсвийнхөө үйл ажиллагааг зөв зарцуулах үүрэгтэй. Төсвийг хэмнэлттэй байх үүднээс  мөнгө үлдээсэн- төсөв гэдэг бол төсөв батлуулаад батлагдсан үйл ажиллагаанд батлагдсан төсвийг зарцуулах ёстой. Төсвөөр батлагдсан үйл ажиллагаанд зарцуулаагүй байгаа тохиолдолд төсвийг батлахдаа төлөвлөсөн үйл ажиллагаанд бүрэн зарцуулаагүй байна гэж аудитын байгууллага тайлбарлаж байна.

4.7. Дотоод аудитын дүгнэлтийг биелүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Дотоод аудитаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслээд Б/ дугаар ажлаас халах тухай тушаал гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргах байтал ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Сонсох ажиллагааг хийсэн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Сонсох ажиллагаа хийгээгүй нь актыг илт хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох үндсэн нөхцөл болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ дугаар “Б.М*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1, 11 дүгээр зүйлийн 11г, 11.1.4, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/*******2 дугаар захирамжаар батлагдсан Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн байдаг.
  3. Харин нэхэмжлэгчийг “Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргаж, 2022 оны жилийн эцсийн тооллого хийгээгүй, өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын ажлаа хангалтгүй биелүүлж эргэлтийн хөрөнгөнөөс хасалт хийгээгүй, төсвийг дутуу зарцуулсан, Шилэн дансны тухай хууль зөрчсөн, 2022 оны А/*******, А/******* дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн олгосон, газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа өөртөө 2022 оны жилийн үр дүнгийн урамшуулал 4*******,8 мянган төгрөгийг өөртөө олгосон” гэх зэрэг алдаа зөрчил гаргасан үзэж “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
  4. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтад 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оролцож тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дүгээр “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолоор тухайн албан тушаалд томилогдохоор нэр дэвшигдэж, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нь шалгагдаж, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаалаар дээрх албан тушаалд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилсон байна.
  5. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/119 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг шинээр дарга томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон байх ба Үндэсний Аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газраас Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Аудитын дүгнэлт /хязгаарлалттай/-ийг гаргаж, хэд хэдэн төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.
  6. Нэхэмжлэгчийг буруутгасан зөрчлүүдийг тус бүрт нь дүгнэхэд: Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц их хэмжээний алдаа зөрчил гаргаж, 2022 оны жилийн эцсийн тооллого хийгээгүй зөрчлийн тухайд:
  7. Хэрэгт авагдсан Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/ дугаар “Байгууллагын эд хөрөнгийн тооллого явуулах комисс байгуулах тухай” тушаал, мөн өдрийн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналт шалгалтын удирдамж 22/19 дугаар “Нийслэлийн Байгаль орчны газрын эд хөрөнгийн тооллогыг 2022 оны жилийн эцсийн байдлаар зохион байгуулах ажлын удирдамж, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хурлын “бензин шатахууны зардал байхгүй, ахлах нягтлан бодогчоос тухайн зардлыг шийдвэрлүүлэхээр хандахад боломжгүй хариу өгдөг, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа явуулах бичиг хэргийн зардал байхгүй талаар ярилцаж ажлын хэсэг хуралдан байгууллагын эд хөрөнгийн тооллогыг шатахууны зардал байхгүй байдлаас болж хийж чадаагүй гэх” тэмдэглэлийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тус байгууллагын эд хөрөнгийн тооллого явуулах комисс, удирдамжийг батлан гаргаж хугацаа тогтоосон байгаа боловч түүнд хамааралгүй буюу бензин шатахууны зардал байхгүй, үндсэн ажилтнаар ажилладаггүй нягтлан бодохын үйл ажиллагаанаас шалтгаалж хийгдээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
  8. Тодруулбал, Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/ дугаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт хүргүүлсэн санал, түүнд хавсарган хүргүүлсэн тус газрын санхүүгийн үйл ажиллагааны тухай илтгэх хуудас, төсвийн санал, Нийслэлийн дотоод аудитын албанаас санхүүгийн ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт, тайлан, хурлын тэмдэглэл, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдол зэрэг баримтуудаар тээвэр шатахууны болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн зардал дутагдалтай, тус газрыг хариуцсан нягтлан бодогчийн үйл ажиллагаанаас хамаарч гомдол санал ирж, түүнийг нь хурлаар хэлэлцэж санал хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.
  9. Өөрөөр хэлбэл байгууллагын эд хөрөнгийн 2022 оны тооллогыг хийгээгүй нь нэхэмжлэгчийн хүлээсэн үүргээс үл хамаарах буюу санхүүгийн асуудалтай холбоотойгоор түүний байгуулсан, баталсан удирдамжийн дагуу тооллого хийгдээгүй байхад аудитын дүгнэлтээр түүнийг буруутгасан мэтээр маргаан бүхий тушаалд уг зөрчлийг оруулсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
  10. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын ажлаа хангалтгүй биелүүлж эргэлтийн хөрөнгөнөөс хасалт хийгээгүй, төсвийг дутуу зарцуулсан зөрчлүүдийн тухайд: хариуцагчаас нэхэмжлэгч нь ямар байдлаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргын ажлаа хангалтгүй биелүүлсэн талаарх баримт, үндэслэл тайлбарыг нотлох баримттайгаар гаргаагүй, тооллого хийх байсан, хасалт хийх байсан гэх байдлаар хэт ерөнхий тайлбарлах боловч аудитын дүгнэлтэд дурдагдсанаар өөр баримт, нэхэмжлэгч ажлаа хүлээж авсан хугацаанаас хойшхи хугацаанд хамаарах зөрчлүүдийг нэрлэн заагаагүй, уг зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд тус зөрчлийг тогтоосон, нотлох баримтаар нотолсон байх шаардлагатай боловч уг үүргээ биелүүлээгүй, хэрхэн тогтоосон нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхээс уг зөрчлийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэх боломжгүй.
  11. Шилэн дансны тухай хууль зөрчсөн зөрчлийн тухайд: Нэхэмжлэгчийн хувьд Шилэн дансны тухай хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, аудитын дүгнэлтийн Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн аудитын асуудал хэсгийн Шилэн дансны цахим хуудсанд 55,777.6 мянган төгрөгийн 6 мэдээллийг хугацаа хоцроож байршуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэх боловч хариуцагчаас хэдий хугацаанд, хэзээ зохион байгуулсан 6 мэдээллийг ямар хугацаагаар хугацаа хожимдуулж оруулсныг хэрхэн шалгаж тогтоосон талаар тодруулахад аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх тайлбар өгч байгаагаас үзэхэд нэхэмжлэгч тус мэдээллийг байршуулах үүрэгтэй байсан, түүнийгээ хугацаа хоцроож байршуулсан гэх зөрчлийг тогтоогүй атлаа аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
  12. Учир нь Шилэн дансны тухай хуулийн дагуу цахим хуудсанд мэдээлэл байрлуулах үүргийг нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй, зөвхөн аудитын дүгнэлтээр тус зөрчил тогтоогдсон гэж байгаа нь хэт өрөөсгөл, тухайн аудитын дүгнэлт нь нэхэмжлэгчийн төрийн албаны үйл ажиллагаанд хяналт тавьж дүгнэлт гаргаагүй Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны үйл ажиллагааг бүхэлд нь хянасан байхад уг дүгнэлтээр бүх зөрчил нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
  13. 2022 оны А/*******, А/******* дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн олгосон, газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа өөртөө 2022 оны жилийн үр дүнгийн урамшуулал 4*******,8 мянган төгрөгийг өөртөө олгосон гэх зөрлүүдийн тухайд: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр томилогдсон байхад 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан А/******* дүгээр “2022 оны эхний хагас жилийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай” тушаалыг гаргасан гэж буруутгасан нь нэхэмжлэгчид хамааралгүй.
  14. Харин 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр “2022 оны жилийн эцсийн ажил дүгнэж, урамшуулал олгох тухай” тушаалаар тус газрын албан хаагч нарын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж өгсөн тоонд нь тэнцүүлэх байдлаар өөртөө болон алба хаагч нарт олгосон нь Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байгаа боловч энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчид “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулсныг зөвтгөх, гаргасан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасантай нийцээгүй.
  15. Учир нь хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн тухайд 2022 оны хагас жилийн алба хаагч нарт урамшуулал олгох тушаалыг гаргаагүй, тухайн цаг хугацаанд тус газарт алба хаагчаар томилогдоогүй, урамшуулал олгох асуудлыг олонхоороо хуралдаж шийдвэрлэсэн асуудлыг дан ганц нэхэмжлэгч удаа дараа давтан гаргасан мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй, түүнд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь сонгох боломжийг буруу хэрэглэсэн байна.
  16. Дээрх зөрчлүүдийн хууль зүйн үндэслэлийг нэгтгэн дүгнэхэд: Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 62 дугаар зүйлийн 62.2-т “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны *******/******* дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.4.2 сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдал тохирсон байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх, 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж тус тус зохицуулсан байна.
  17. Эдгээр хууль, журмын зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь, уг зөрчил тогтоох ажиллагааг хариуцагч нь хууль, журамд заасны дагуу шалгаж, нотлох баримтаар тогтоогдсон байх, тус зөрчлүүдийн шинж байдал нь төрийн албанаас халах сахилгын шийтгэлд тохирсон байх шаардлагыг хангасан байж маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэхээр байна.
  18. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбаруудаас үзэхэд зөрчил тус бүрийг хариуцагч нь шалгаж тогтоогоогүй, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын хяналт шалгалт, түүний дүгнэлтийг шууд байдлаар нотлох баримт болгон зөвхөн нэхэмжлэгчид хамааруулах байдлаар буруутгасан нь үндэслэлгүй, 2022 оны турш тухайн байгууллага хийх ажлыг 1 албан хаагчид хамааруулах нь учир дутагдалтай бөгөөд байгууллагаараа хийх ажил байхад түүнийг ганцхан албан хаагч 2 сарын хугацаанд хийх ёстой байсан агуулгаар маргаан бүхий актыг гаргаж байгаа нь захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.
  19. Түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хуулийг дээдлэх хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулаагүй байх тул хуульд нийцсэн шийдвэр гэж үзэхээргүй байна.
  20. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана” 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж зааснаар нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ дугаар “Б.М*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
  21. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагын тухайд, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халагдсан өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/ дугаар “Б.М*******г төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын даргад даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХ-ӨЛЗИЙ