| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/01056/И |
| Дугаар | 191/ШШ2025/00690 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00690
2025 01 27 191/ШШ2025/00690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: .... аймаг, ..... сум, ......... баг, ..... байр, ..... тоот хаягт оршин суух ..... овогт П.С /РД:..............,
нэхэмжлэгч: .... аймаг, ..... сум, ......... баг, ..... байр, ..... тоот хаягт оршин суух.... овогт Н.Б /РД:........./ нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: ............... хаягт оршин байрлах ХХ ХК /РД:........../-д холбогдох
нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.х , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Б.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ...2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлдэгч бид тус банктай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн зээл авсан билээ. Зээл олгох үед банк орон сууцны зээлийн гэрээний 6.2.13 дахь заалтаар зээлийн үнийн дүнгийн нэг хувь болох 1,000,000 төгрөгийг зээл олгосны шимтгэл хэмээн авсан.
Гэтэл банк зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн ба зохицуулагдсан үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд 1995 оноос 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хэрэгжиж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээл судалсны (олгосны) шимтгэл авах ямар ч хуулийн орчин байгаагүй буюу шимтгэл авч болох тухай заалт огт байхгүй юм.
Мөн орон сууцны зээлийн гэрээний уг заалт нь хүчин төгөлдөр бус байж болох тухай заалтууд Иргэний хууль /202 дугаар зүйл/-д бий.
Тиймээс банкны энэ үйлдэл нь Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих /хөөн хэлэлцэх хугацаа 10 жил/ гэсэн зүйлд хамаарна гэж үзэж буй тул хууль бусаар авсан шимтгэл болох 1,000,000 төгрөгийг банкнаас буцаан олгуулж өгнө үү.
Уг нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан боловч шүүгчийн захирамжид дурдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй шалтгаанаар буцаагдсан болно.
Тиймээс хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. гэжээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 300,000 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...ипотекийн зээл олгох үед банк зээлдэгчээс зээл судалсны шимтгэлд 300,000 төгрөг шилжүүлсэн баримтыг хүлээн зөвшөөрч байна. ... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. ...а/ Зээлийн шимтгэл хууль зүйн үндэслэлтэй тухай
Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина. гэж хуульчилсан.
Дээрх хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг баталсан бөгөөд тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараахь зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна. гэж ипотекийн зээлд хамаарах шимтгэлийн дээд хязгаарыг тогтоосон. Энэхүү шимтгэлд дараах зардлыг оруулсан. Үүнд: зээл үүсгэх харилцаа; зээлийн өргөдөл; баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах; барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан; зээлийн түүхийн судалгаа; шуудан, холбоо; нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн зардлууд тус тус багтахаар байгаа бөгөөд энэ журам хүчин төгөлдөр үйлчилж байна.
Өөрөөр хэлбэл, Банк нь зээлдэгчийн зээлийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгаа шинжилгээ хийх, барьцаа хөрөнгийг үнэлэх, зээлийн хүсэлтийг хянах, шийдвэр гаргалт, зээлийн эргэн хяналт, харилцагчид мэдээлэл хүргэх, төрийн байгууллагын бүх төрлийн лавлагааны төлбөр болон бичиг хэргийн зардлыг тооцоолон тус шимтгэлийг тогтоодог.
П.С, Н_Б болон ХХ нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ипотекийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт. хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ. гэж, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гээд, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно. гэж тус тус заасан.
Дээр дурдсан хууль болон журмын дагуу ХХ ны гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/2280 тоот тушаалын хавсралтаар Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг баталсан бөгөөд тус нөхцөлийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т Орон сууцны зээлийн хүсэлтийг судалсны шимтгэл 0.5 хувь /50,000₮-300,000₮/ байхаар зохицуулжээ.
Ипотекийн зээлийн үйлчилгээний зардлыг шингээсэн шимтгэлийг банк өөрөө тогтоож, гэрээндээ тусгах замаар зээлдэгчээр төлүүлэх үйл ажиллагаа нь хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагаа байх бөгөөд ХХ нь П.С, Н_Б нартай Ипотекийн байгуулахдаа зээл судалсны шимтгэл авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Үүнээс гадна, П.С, Н_Б болон ХХ нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ипотекийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нараас зээл судалсаны шимтгэл гэж 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөг гэж тогтоон ХХ наас шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн, Ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл хуулийн үндэслэлтэй эсэх талаар Монголбанканд шалгуулахаар хүсэлтийг илгээсэн. Монголбанкны 2023 оны 3 дутаар сарын 16-ны өдрийн Н/34 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт дурдсанаар шалгалтад хамрагдсан банкуудын мэдээлэл, баримтаас харахад банк зээлийн шимтгэл, хураамжийн хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тогтоож байна гэжээ.
Дээрхээс дүгнэвэл, ХХ нь хууль болон журамд заасны хүрээнд зээл судалсны шимтгэлийг тогтоож, нэхэмжлэгч нараас зээл судалсны шимтгэл авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
б/ Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. гээд, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж тус тус заажээ.
Иргэн, хуулийн этгээд хэн аль нь эрх нь зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, эсхул гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах шаардлага үүсдэг. Энэ үеэс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Өөрөөр хэлбэл, шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхэлдэгээр онцлогтой.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч П.С, Н_Б нар нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр банктай ипотекийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд зээлийн шимтгэл төлөх үүрэгтэй холбоотой шаардлагыг эцсийн байдлаар 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу П.С, Н_Б нарын нэхэмжлэлтэй, ХХ ХК-д холбогдох ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэлийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.,
2.2. ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 300,000 төгрөг болгон багасгасан ч мөн адил үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. ... гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, ХХ тай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗГ-RCC2013110117-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗНГ/RCC2013110117-2 дугаартай Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138/ШЗ2023/03035 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 138/ШЗ2023/03299 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбарууд, П.х т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 4-15, 27, 31/-ийг,
3.2. хариуцагч талаас: ХХ ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Т, Б.Б , Г.А нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ХХ дахь Н.Б ийн эзэмшлийн 401075327 дугаартай дансны 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулга, Н.Б , П.С нартай байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №ЗГ-RCC2013110117-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/, мөн өдрийн №БГ-RCC2013110117-1, №БГ-RCC2013110117-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗГ-RCC2013110117-1-1 дугаартай Батлан даалтын гэрээний хуулбарууд, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗНГ-RCC2013110117-1, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №ЗНГ/RCC2013110117-2 дугаартай Зээлийн нэмэлт гэрээний хуулбарууд /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/, ХХ ны гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/2280 дугаар тушаалаар батлагдсан Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн хуулбар, Монголбанкнаас ХХ анд хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Н/34 тоот албан бичиг /хавсралтаар орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтэд хийсэн хэсэгчилсэн шалгалтын танилцуулгын хамт/-ийн хуулбар /хх 18-20, 37-75/-ыг тус тус гаргаж өгсөн.
3.3. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П.С, Н_Б нар нь хариуцагч ХХ ХК-д холбогдуулан орон сууцны зээл олгохдоо хууль зүйн үндэслэлгүйгээр шимтгэл тооцож авсан гэсэн үндэслэлээр 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.х өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 300,000 төгрөг болгож багасгасан.
3. Хариуцагч ХХ ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн шимтгэл нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн маргаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр татгалзсан.
4. Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №ЗГ-RCC2013110117-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХ нь 100,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч П.С, Н_Б нар нь зээл, хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 7-10, 46-54/
5. Улмаар гэрээний хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ЗНГ-RCC2013110117-1, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ЗНГ/RCC2013110117-2 дугаартай гэрээгээр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /хх 11, 41-45/
6. Зохигчид гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгосон, шимтгэл төлсөн зэрэг үйл баримтад маргаагүй.
7. Харин гэрээний 6.2-т Зээлдэгч дараах үүрэгтэй: гэсний 6.2.13-т заасан Зээл олгосны шимтгэл болон зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан тохиолдолд зохих шимтгэлийг төлөх тохиролцоо нь маргааны зүйл болжээ.
8. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болдог. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх асуудлууд хамаарна.
9. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина. гэж хуульчилсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар дээд хязгаарыг тогтоон заажээ. /хх 68-75/
10. ХХ ны гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/2280 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т орон сууцны зээлийн хүсэлтийг судалсны шимтгэл 0.5 хувь /50,000₮-300,000₮/ байхаар тогтоосон байна. /хх 55-67/
11. Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг нь болно.
12. Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учир зээлийн гэрээнд талууд шимтгэлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаагаар зохицуулагдана.
13. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар заасны дагуу нэхэмжлэгч нарын шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
14. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.
15. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл зээлдэгч шимтгэл төлөх үүргээсээ татгалзсан агуулгатай байгаа тул энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанд хамаарч байна.
16. Нэхэмжлэгч Н.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг /ДХА шийдвэрээр орон сууцны зээл судалсны шимтгэл авав гэсэн утгаар/ ХХ анд шилжүүлсэн болох нь тус банк дахь түүний 401075327 дугаартай дансны хуулгаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нар анхлан Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. /хх 12-15, 40/
17. Зээлийн гэрээний үндсэн үүргийн хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран шимтгэлийг буцаан шаардах эрх нь зээлийн гэрээ байгуулах хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хөлс байх тул төлсөн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
18. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс гурван жилийн хугацааг Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу тоолоход 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.
19. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэсэн зохицуулалтад нийцнэ.
20. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгч нарын шаардах эрх үгүйсгэгдэнэ.
21. Иймд хариуцагч ХХ ХК-иас 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.С, Н_Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
22. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХ ХК-иас 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.С, Н_Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН