Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч  Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Б.О-т холбогдох эрүүгийн 1705012010246 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 07-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, MCS компанид жолооч ажилтай, ам бүл 5, эх, эгч, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 16 дугаар хороо Орхоны 3 дугаар гудамж 29 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, И овогт Б.О.

 

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:

Би хохирогчид 650,000 төгрөг өгсөн. Хохирогч гадаа орилоод байхаар нь гараад хүүхэд унтаж байна гэж хэлсэн. Тэгээд дуугүй байхгүй эхнэр рүүгээ агсраад орилоод байхаар нь гараад чимээгүй байгаач гэхэд намайг доромжлоод байсан. Хохирогчид би гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу хүний үгийг үг гэж бодоод ийм зүйл хийсэндээ харамсаж байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.О-н өгсөн:

            “... хажуу айлын эмэгтэй 2 хүүхдийн хамт гэрээсээ гараад явсны дараа араас нь нөхөр болох эрэгтэй гэрээсээ орилж гарч ирээд, хашаанаасаа гараад булан эргээд манай хашааны хаалгыг өшиглөхөд манай хашааны 2 нохой нөгөө залуу руу хуцаж дайрахаар нь би машинд унтаж байгаа хүүхэд сэрчих вий гээд хашаанаасаа гарсан чинь нөгөө залуу эхнэрийнхээ араас орилоод зогсож байхаар нь би  нөгөө залууд чи чимээгүй байгаач, манай хүүхэд машинд унтаж байна гэтэл миний амьдрал чамд хамаагүй гээд над руу орилж дайраад, хараагаад зогсож байтал гэрээс манай төрсөн ээж Адилбиш эхнэр 2 гарч ирээд нөгөө залуу  руу юу болоод байгаа юм, чимээгүй байгаач гэсэн. Тэгтэл нөгөө залуу манай эхнэр ээж хоёр руу салаавчаа гаргаж дахин орилоод хэл амаар доромжлоод байхаар нь шанаа руу нь гараараа нэг удаа цохисон чинь надаас зуураад авахаар нь би 2 гарыг нь барьж байгаад хүчтэй дугтраад арагш нь түлхсэн чинь арагшаа ухарч 2 алхаад унахдаа эргээд дэлгүүрийн гадна талын цутгамал цементийг духаараа мөргөж унасан. Тэгээд нөгөө залуу босч иртэл духнаас нь цус гарсан байсан ... Ууганбаярын биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ууганбаярын өгсөн:

            “... 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед би үсний найранд явж архи уучихаад, өөрийнхөө хашааны хаалгыг цохиод байж байтал манай хажуу айлын залуу намайг яагаад хашааны хаалгыг нүдээд байгаа юм гэхээр нь би өөрийнхөө хаалгыг нүдэж байна, чамд ямар хамаатай юм гэтэл над дээр ирээд хоорондоо барилцаад намайг цохисон юм. Тэгээд миний духнаас цус гараад би гэртээ орсон. Зууралцаад байхдаа намайг гараараа цохисон. Би тархины зураг авахуулсан 120,000 төгрөг, бусад эм тарианы мөнгө зардал гээд 650,000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхнасангийн өгсөн:

            “... хашааны хаалга нэг хүн өшиглөж нүдээд байхаар нь манай нөхөр гарсан. Тэгэхээр нь би араас нь машинаас эд зүйлээ авах гээд  гэрээс гартал О хашааны хаалганы үүдэнд нэг танихгүй эрэгтэй хүнтэй уулзаад чи чимээгүй бай, энд хүүхэд унтаж байна, яагаад хаалга үүд өшиглөөд байгаа юм бэ гэтэл нөгөө залуу миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ гээд байсан. ... манай нөхөр рүү нөгөө залуу дайрч давшлаад байхаар нь би чи болиоч гэж хэлтэл над руу салаавчаа гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр намайг гэртээ оо гэхээр нь би гэртээ орж ... эргээд гарч ирээд нөгөө хоёрын хажууд очтол манай хүүхэд сэрчихсэн байхаар нь ээжийн хамт хүүхдээ гэртээ оруулсан. Тэгээд нөгөө залуу дахиад л манай нөхөр рүү дайраад байсан чинь манай нөхрийн ээж Адилбиш гарч ирээд боль гэтэл мөн л салаавчаа гаргаад хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь нөгөө залуу манай нөхөр рүү дайраад хоорондоо муудалцаад маргалдаж зууралдаж байгаад О эхлээд нөгөө залууг цохих шиг болсон. Нөгөө залуу газар унаад босч ирээд О руу та намайг яаж байгаа юм гээд улам дайраад зууралцсан. ... Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдсээр байгаад хашаанаас холдоод урд талын дэлгүүрийн тэнд очоод манай нөхөр нөгөө залууг чи ер нь ямар ядаргаатай юм бэ гээд зуураад тавихгүй байхаар нь 2 гараас нь барьж байгаад арагшаа түлхсэн чинь нөгөө залуу газар унаад босч ирсэн чинь толгойноос нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад шинжээч М.Аригуунтөгсийн өгсөн:

            “... Үзүүлэгч Ууганбаярын биед учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын яс хуучин хугаралттай, хамрын таславч хуучин мурийлттай байсан байх ба хамрын яс дахин шинээр хугарсан байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 13379 тоот: 

1. Н.Ууганбаярын биед хамар ясны хугарал, дух, баруун тохойнд шарх, дух, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамар, дээд уруул, эрүү, цээж, хэвлий, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

 

            - Хохирол төлсөн баримт /хх-н 49/

 

Шүүгдэгч Б.О-н хувийн байдалтай холбоотой:

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /хх-н 31 дүгээр хуудас/

- АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хавтаст хэргийн 44 дүгннр хуудас/

- Бусад  /хх-н 41-43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 3 дугаар гудамжинд Н.Ууганбаяртай маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, баруун тохойнд шарх, дух, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, хамар, дээд уруул, эрүү, цээж, хэвлий, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Ууганбаяр,  гэрч Б.Энхнасан, шинжээч М.Аригуунтөгс нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 13379 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Н.Ууганбаяр нь “тархины зураг авахуулсан 120,000 төгрөг, бусад эм тарианы мөнгө зардал гээд 650,000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн болон хохирол төлсөн баримт /хх-н 49/ зэргээр шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй болох нь нотлогдож байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.О-н хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдууллаа.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И овогт Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О-н торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ