Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00259

 

Г.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/002568 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 025 812 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 6 440 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Б нь мөнгөний хэрэг гарчихлаа, 40 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр, 3 жилийн хугацаатайгаар зээлээч гэсний дагуу миний бие 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн нөхөр Т.Батбаярын данснаас 29 000 000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн данснаас 10 000 000 төгрөг буюу нийт 39 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Б.Б нь миний орон сууцны зээлийн төлбөрийг cap бүр төлж байхаар тус тус тохиролцсон. Б.Б нь 2014 оны 11 сарын 05-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт нийт 2 010 000 төгрөг төлсөн. 39 000 000 төгрөгийн хүүгийн төлбөр тооцохоор 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг зээлийн хүүгийн төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн cap бүр тогтмол хуваарийн дагуу төлөх байсан ч зарим саруудад төлөлт хийж байгаагүй. Зээлдэгч Б.Б нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт нийт 46 440 000 төгрөг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч анх мөнгө зээлэхдээ сарын 2 хувийн хүүтэй, алданги тооцохоор тохирсон тул сөрөг нэхэмжлэлд дурдсан илүү төлөлт хийгээгүй. Иймд зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 21 025 812 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул уг төлбөрийг хариуцагч Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 4 дүгээр сарын 26 өдрийн зээлийн гэрээний 2.5-д Зээл олгосон хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр олгоно гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаар тусгасан байхаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний дагуу 21 085 812 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэхүү дүнг хэрхэн тооцож гаргаж ирсэн тухай нэхэмжлэлдээ тодорхой зааж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, ойлгомжгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан 2 удаа хойшилсон бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус хэвээрээ, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна. Мөн тус зээлийн гэрээгээр 36 150 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөнгө зээлдүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө зээлсэн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар уг зээлийг төлж дуусгаж илүү төлөлттэй байна. 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг амаар байгуулсан. Иргэний хуулийн 282 зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн амаар байгуулсан зээлийн гэрээгээр зээлийн хүү шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу 36 150 000 төгрөг хариуцагчид шилжүүлээгүй, шилжүүлсэн эсэхийг нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, 21 085 812 төгрөгийн зээлийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б.Б нь Хаан банк ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийг тодруулсан тайлбар зэргээс тооцоо хийж үзэхэд 2014 онд 2 310 000 төгрөг, 2015 онд 5 360 000 төгрөг, 2016 онд 8 040 000 төгрөг, 2017 онд 7 040 000 төгрөг, 2018 онд 22 510 000 төгрөг, 2019 онд 1 780 000 төгрөг, нийт 47 040 000 төгрөг төлсөн байна. Үүнээс үзэхэд Б.Б нь 6 440 000 төгрөг илүү төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу Б.Б нь анх зээлсэн 40 000 000 төгрөг төлсөн ба илүү 6 440 000 төгрөг төлсөн байх тул Г.Т-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-аас 1 768 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Т т олгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 257 162 төгрөгт холбогдох хэсгийг болон 6 440 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Г.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 100 төгрөг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 590 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 43 248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ нэхэмжлэгч ба хариуцагчийн хооронд 2014 онд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд талуудын хооронд хүүгүй, алдангигүй зээлийн харилцаа үүссэн, эргэн төлөлт хийж байсан. Ингэснээр 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар буюу хүү, алдангийн тохиролцоог зохигчид хуульд заасан журмын дагуу бичгээр баталгаажуулах өдрийн байдлаар үндсэн төлбөрт 21 950 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ийнхүү урт хугацааны зээлийн харилцаагаа талууд зохицон өөрчилж, хүүгийн болон алдангийн тохиролцоо нэмж оруулах нь хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэжээ. Уг дүгнэлтээс харвал нотлох баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Б мөнгөний хэрэг гарчихлаа, 3 жилийн хугацаатай 40 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлээч гэсний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 29 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг нийт 39 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг гэрээг бататгах зоилгоор 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 36 150 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг дээр санал нэгдэн зээлийн гэрээг бичгэн хэлбэрт оруулж, нотариатаар гэрчлүүлсэн билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд гэрээний 2.5-д Зээл олгосон хугацаа: 2017 оны 04 сарын 25 өдөр бэлнээр олгоно гэжээ. Мөн уг зээлийн гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд шилжүүлж, хүү тооцох талаар гэрээнд дурдаагүй, бичигдээгүй байна. Тус зээлийн гэрээгээр 36 150 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөнгө зээлдүүлсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй байна. Шүүх ...2017 онд бичгээр байгуулсан зээлийн гэрээ байгаа ч тус гэрээний дагуу мөнгөн хөрөнгө бодитой шилжээгүй гэх үйл баримтуудын тухай зохигчид маргаагүй гэж дүгнэсэн нь зөв байгаа боловч шүүх шийдвэр гаргахдаа 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд шилжүүлж, хүү, алданги тооцож шийдвэрлэсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнээс үзэхэд шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Б.Б-аас 1 768 650 төгрөгийг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн 6 440 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Шүүхийн шийдвэрт тавигдах үндсэн шаардлагын талаар Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргасан байдаг. Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Анхан шатны шүүх нь шүүх хуралдаан хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын алдаа гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг огт шийдвэрлэхгүй орхигдуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нотлох баримт дээр үндэслэж бодит тооцоолол хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцгой зөрчсөн байна. Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 21 025 812 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт илүү төлсөн 6 440 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэхээр шаарджээ.

 

Г.Т , Б.Б нар нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 40 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохирч 39 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 36 150 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 4, 11 дүгээр тал дах баримтаар тогтоогджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг амаар байгуулсан тул хүү шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Хэргийн 52-123 дугаар тал дах баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 46 440 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Талууд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг байгуулах хүртэлх хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 17 050 000 төгрөг төлснийг өмнөх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 39 000 000 төгрөгөөс хасч 21 950 000 төгрөгний үлдэгдэлтэй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Харин талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 36 150 000 төгрөгийг шилжүүлээгүй талаар зохигчдын хэн аль нь маргахгүй байна.

 

Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний үргэлжлэл биш өөр тусдаа гэрээ байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний харилцааг үндэслэж 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахад зээлийн гэрээний үлдэгдэл 21 950 000 төгрөг байсан гэж дүгнэж уг гэрээний дагуу сар бүр 2 хувийн хүүг 2 жилийн хугацаагаар тооцож шийдвэрлэсэн нь хэргийн 52-123 дугаар талд авагдсан баримт болон зохигчдын тайлбарт үндэслэгдсэн байх тул энэ талаарх хариуцагчийн 2014 оны зээлийн гэрээний үлдэгдлийг 2017 онд шилжүүлж шийдвэрлэсэн нь буруу гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулснаас 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу 8 341 000 төгрөгийн хүү төлөх үүрэг үүссэн.

 

Хариуцагчийн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлд төлсөн 44 560 000 төгрөгөөс 2014 оны зээлийн гэрээний үүрэгт төлсөн 17 050 000 төгрөгийг хасч 27 510 000 төгрөг үлдсэн. Үүнээс зээлийн хүү 8 341 000 төгрөгийг хасч тооцоход 19 169 000 төгрөг үлдэнэ.

 

Уг үлдэгдэл 19 169 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн үндсэн төлбөр болох 21 950 000 төгрөгөөс хасч тооцож 2 781 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх зээлийн үлдэгдэл 2 781 000 төгрөгийн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 5 сарын хүү 278 100 төгрөг, үндсэн зээлд 2 781 000 төгрөг нэхэмжлэгчид хариуцагч төлөхөөс түүний 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлсөн 1 880 000 төгрөгийг хасч зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлд 1 179 100 төгрөг, алдангид 589 550 төгрөг нийт 1 768 650 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 257 162 төгрөг гаргуулах тухай хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амаар 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, түүнд 46 440 000 төгрөг төлсөн, зээлсэн 40 000 000 төгрөгөөс 6 440 000 төгрөг илүү төлснийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг хасч тооцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн зөв байна.

 

 

Нэхэмжлэгч талын 2014 оны гэрээний үлдэгдлийг бататган 2017 оны гэрээнд 36 150 000 төгрөгний үлдэгдэлтэй гэж зээлийн гэрээн дээр санал нэгдэн бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2017 оны зээлийн гэрээнд үлдэгдлийг 36 150 000 төгрөг байсан гэх байдлаа баримтаар нотолж чадаагүй болно.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг огт шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь шүүх нэхэмжлэлийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянан шийдвэрлэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/002568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 154 236 төгрөгийг, хариуцагчийн 146 500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ