Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 01-ний өдөр                Дугаар 2023/ДШМ/36                                 Өвөрхангай аймаг

 

Ш.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

           Прокурор М.Мөнхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор

Шүүгдэгч Ш.Б

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг            оролцуулан    

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ш.Бд холбогдох эрүүгийн  2326001180112 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын .... дугаар баг ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ш.Б /РД:....../

Ш.Б нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнөөс хохирогч Н.Лийн эзэмшлийн 510 000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркын гар утсыг авч 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Ш.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Боржигон овгийн Ш.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Бд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б-д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Л-д гар утсыг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Ш.Б нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж иргэн Н.Л-ийн эзэмшлийн 510 000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркын гар утсыг нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд, прокуророос шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7-н сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.11-д “Мөн зүйлийн 145.2 дахь хэсгийн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.” гэж тайлбарласан.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурын зуух Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд хамаарч байна. Шүүгдэгч Ш.Б-гийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус уурын зууханд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан Н.Л, А.Чимэдбавуу нарыг ажлын байраа түр орхин гарсан хугацаанд зөвшөөрөлгүй сэм нэвтрэн орж иргэн Н.Лийн эзэмшлийн 510 000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркын гар утсыг нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Гэтэл Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-г “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байхыг ойлгоно. Шүүгдэгч Ш.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүнийг ... байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнд хууль бусаар нэвтрэн орж хохирогч Н.Лийн эзэмшлийн 510 000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 8 плас” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй... тухайн уурын зууханд нэвтрэхийг зөвшөөрөөгүй арга хэрэгслээр ороогүй...” гэсэн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Б нь хэрэг учрал болсон цаг хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурын зуухны амралтын өрөөнд нэвтрэн орохдоо тухайн цаг хугацаанд ээлжид гарч ажиллаж байсан Н.Л, А.Ч нараас зөвшөөрөл авалгүй, тэдэнд мэдэгдэлгүй сэм нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон байхад хэргийн бодит байдалд нийцээгүй, Улсын дээд шүүхийн “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэсэн ойлголтыг тайлбарласан 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд заасан тайлбараас өөрөөр дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарч, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дониддолгор прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолд гаргасан прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Прокуророос Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокуророос 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнөөс хохирогч Н.Лийн эзэмшлийн 510 000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркын гар утсыг авч 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Прокурорын эсэргүүцэлд Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолыг үндэслэл болгон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурын зуух Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд хамаарч байна гэж үзжээ.

Дээр тайлбараас үзэхэд мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ гэж гэсэн тайлбарыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Хууль бусаар нэвтэрсэн үйлдэл бүрийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх боломжгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан арга, сэдэлт зэргээр тодорхойлогддог.

Хуулийн дээрх тайлбараас үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх зүйлчлэлд хийсэн тайлбар байх бөгөөд мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаа зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ гэсэн нь тухайн тохиолдолд Ш.Бд холбогдох үйлдэл холбогдолд ач холбогдолгүй гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тухайн уурын зуухны хаалга онгорхой байсан нь тогтоогддог.

Энэ талаарх Улсын дээд шүүхээс шийдвэрлэсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн талаарх тогтоолоор... Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэдэг шинжийн хууль зүйн ойлголт нь ...Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. /УДШ-ийн 2019.10.30-ны №570 тогтоол/, Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэх үйлдлийн тухайд ... нэвтрэх сонирхолтой этгээдийн зүгээс төдийлөн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр нэвтрэлт явагдсан бол хэдийгээр нэвтрэх эрхгүй байсан ч энэ бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхгүй. /УДШ-ийн 2020.07.24 №456 тогтоол/

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б-гийн хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр... прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнөөс хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн обьектив талын бүрэлдэхүүнийг хангаж чадахгүй байна. Шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно гэж үздэг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн уурын зуухны орчимд орохыг хориглосон болохыг анхааруулсан мэдээлэл, сануулга тавигдаагүй, мөн шүүгдэгч орохдоо түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй, мөн уурын зуухны хаалга онгорхой байсан, урьдын танил мөн уурын зуухны галчаар ажиллаж байсан байгаа болов уу гээд орсон, би уурын зууханд галчаар ажиллаж байсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Ш.Б нь тухайн амралтын өрөөнд цэнэглэж байсан хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь нотлогдсон бөгөөд хохирогчийн эд зүйлийг авах сэдэлт, санаа уг өрөөнд орсны дараа үүссэн. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн арга нь дээр дурдсан хүндрүүлэх нөхцөл байдлыг хангаагүй байх тул түүнийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчлэх үндэслэлгүй байна.

Харин Ш.Б-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний обьектив талын үндсэн шинж болох “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэж, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор М.Мөнхтайван давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж шүүхэд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоол дээр Ш.Бд холбогдох хэрэгтэй холбоотой үйл баримтыг сэм нэвтрэх гэж тайлбарласан байдаг. Энэхүү тогтоолыг уншиж ойлгоход Ш.Бгийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уурын зууханд ороод хохирогчийн эзэмшлийн 510000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Согтуу явж байгаад гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурор эсэргүүцэлдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолыг үндэслэл болгож уг үйлдэлд эсэргүүцэл бичсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд орон байр агуулах саванд эзэмшигчийн зөвшөөрөлгүй орсныг сэм орсон гэж үзнэ. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах гэж өргөжүүлж оруулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тайлбартай Ш.Б-гийн холбогдсон хэрэг агуулгын хувьд болоод гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд ямар ч ач холбогдолгүй гэж үзэхээр байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болох үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэдэг шинжийн хууль зүйн ойлголт нь хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан тэмдэг тэмдэглээгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно гэж тайлбарласан байдаг. Ш.Б-гийн холбогдсон үйлдэлд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах уурын зууханд өмнө нь галчаар ажиллаж байсан. Ш.Б мэдүүлэгтээ би өмнө нь уурын зууханд галч хийж байсан учраас таньдаг хүнээ байгаа болов уу гэж ороод утас байхаар нь авсан гэдгээ хэлдэг. Ийм учраас Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоолоор үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэх гэсэн хүндрүүлэх шинжийг заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 456 дугаартай тогтоолоор тусгайлсан хамгаалсан орон байранд хууль бусаар нэвтрэх үйлдлийн тухайд нэвтрэх сонирхолтой этгээдийн зүгээс төдийлөн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр нэвтрэлт явагдсан бол нэвтрэх эрхгүй байсан ч энэ бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхгүй гэж заасан. Ш.Б-гийн хувьд тухайн уурын зууханд нэвтрэхдээ хууль бус ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглээгүй, хууль бусаар нэвтрэх гэсэн идэвхтэй үйлдэл гаргаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл буруу харин анхан шатны шүүхээс зөвтгөн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Ш.Бнь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнөөс хохирогч Н.Лийн эзэмшлийн 510 000 төгрөгийн үнэ бүхий “Айпоне 8 плас” маркын гар утсыг авч 510 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Баянтээгийн уурхайгаас уурын зууханд нүүрс ирсэн юм. Би нүүрсний машины жолооч Амархүүтэй цуг нүүрс хадгалах хашаанд нүүрс буулгаж байхад цэнхэр дээлтэй үл таних хүн ажлын өрөө рүү орсон өрөөнд ороод 5 орчим минут болоод ажлын өрөөнөөс гараад явсан. Би нүүрсээ хашаанд буулгаж дуусчихаад А машинтайгаа Баянтээг рүү явсан. Би нүүрс 2 буулгахын өмнө уурын зуухны амралтын өрөөний орон дээр гар утсаа орхичихсон байсан. Би хүнтэй ярих гээд утсаа хайхад миний гар утас алга болчихсон байхаар нь кармадаа болон орны ойр хавиар үзээд байхгүй болохоор нь түрүүний цэнхэр дээлтэй хүн авсан байх гээд тэр хүний араас гүйхэд тэр цэнхэр дээлтэй хүн хаан банкны урд алхаад явж байхаар нь араас очоод миний утсыг өг гэхэд тэр хүн би аваагүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би уурын зуух руу танаас өөр хүн ороогүй миний утсыг өгөхгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд тэр хүн өврөө ухаж байгаад цамцныхаа энгэрийн кармагаасаа миний утсыг гаргаж ирээд энэ үү гээд надад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

Гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би Н.Лийн хамт уурын зууханд ээлжид гарч байсан 17-н цагийн үед цайгаа уух гээд гэр лүгээ явсан. Гэртээ очоод 1 цаг орчим болсон. Тэр хойгуур Н.Л уурын зуухаа хараад ганцаараа үлдсэн намайг цайндаа явсан хойгуур Баянтээгийн уурхайгаас нүүрс ачаад Амархүү ирсэн. Нүүрсний хашаанд нөгөө нүүрсээ буулгасан байсан. Би цайндаа яваад ирэхэд Н.Л миний гар утсыг цэнхэр дээлтэй танихгүй хүн амралтын өрөөнөөс авсан. Би буцаагаад утсаа авсан гэж надад ярьсан гэх мэдүүлэг. Би өөр зүйл мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

Гэрч О.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Баянтээгийн уурхайгаас Хово маркын 26-93 ӨВО улсын дугаартай машинаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн уурын зууханд ирээд нүүрс буулгаж байсан. Нүүрсний хашаа руу ухарч байхад цэнхэр дээлтэй хүн машины хажуугаар зөрөөд өнгөрсөн. Би яг тэр хүнийг уурын зуух руу орж байхыг нь хараагүй. Би нүүрсээ буулгах гээд зогсож байхад Н.Л цэнхэр дээлтэй хүний араас гүйгээд явсан. Тэр хүний араас очоод гудамжны үзүүр дээр тэр хоёр юм яриад зогсоод байсан. Би тухайн үед Н.Лийн таньдаг хүн байх гэж бодсон. Тэгээд Н.Л над дээр буцаж ирээд “Уурын зуух руу орсон чинь утас байдаггүй. Цэнхэр дээлтэй хүн уурын зуух руу орсон юм. Миний утсыг аваад өвөртөө хийчихсэн байна. Би утсаа аваад ирлээ” гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай хөрөнгийг “510,000 төгрөгөөр үнэлсэн” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 17-19-р тал/,

2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч Н.Лийн Ш.Бг таньж олсон ажиллагааны “Миний утсыг хулгайлсан Ш.Б гэх хүнийг би нүүр царай, гадна төрхөөр нь танина” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-27-р тал/,

Шүүгдэгч Ш.Б-гийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ...Би золголтоор яваад айлд ороод жаахан уусан байсан. Нямбаяр гэдэг ах уурын зууханд ажилладаг байсан. Тэр ахтай уулзах гээд орсон. Ийм хэрэг үйлдсэн нь миний буруу гэх мэдүүлэг,

2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-46-р тал/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай уурын зуухны амралтын өрөөнд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Б-д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Прокуророос ...Анхан шатны шүүх 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүхийн 28 дугаартай тогтоолд заасан тайлбараас өөрөөр дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэдэг нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, бусдын халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг ойлгохоор хуульчилсан.

Мөн тусгайлан хамгаалсан байр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байр гэдгийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн гар утсыг хулгайлахын тулд тухайн уурын зуухны амралтын өрөөнд идэвхтэй үйлдэл хийж нэвтрээгүй буюу хаалга, цонх, түгжээг эвдээгүй хаалга нь онгорхой байсан, хүнтэй уулзах зорилгоор орсны дараа хохирогчийн гар утсыг авах сэдэлт үүссэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.