| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/00154/И |
| Дугаар | 191/ШШ2025/00686 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00686
2025 01 27 191/ШШ2025/00686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:.......дүүрэг, ........... тоотод оршин суух Б овогт О.Д /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч:............... хороо, .................давхарт байрлахОТ ХХК /РД:........./-д холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, түүний өмгөөлөгч Б.Ө, Д.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...миний бие ОТ ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн Гэнэтийн ослын багт 2016 оноос эхлэн Гэнэтийн ослын багийн ажилтнаар ажилласан.
ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар тушаалаар 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хүнтэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдөр ажил таслаагүй. Улаанбаатар-ОТ чиглэлд 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өглөөний нислэгтэй /ажилдаа очих/ байсан. Зайлшгүй ажил гарсан тул удирдлагаас чөлөө авч нислэгээ оройны 20 цаг болгож хойшлуулсан. Оройны нислэгийн өмнө өөрийн амьдардаг .... дүүргээс ... аймаг руу нисэх буудал орохоор явж байхад замд автомашин эвдрээд мөн удирдлагад мэдэгдэж нислэгээ хойшлуулж 8 дугаар сарын 25-ны оройн онгоцны хуваарьт оруулуулсан. 25-ны орой хүртэл явахгүй болсон тул ... аймгийн .......... сумын нутагт байх хадлан хадаж байгаа талбай руугаа явсан. Очоод хадлангаа хадаж байгаад ажилдаа явах дөхөх үед буцах гэтэл автомашин доод хэсгээрээ чулуунд цохигдон эвдэрч, сүлжээгүй байдалтай байсан учир цаг хугацаандаа ажилдаа очиж чадаагүй.
Ингээд ажилдаа явах гэтэл оффист ирэхийг удирдлагаас даалгасан тул очиход ажлаас түр чөлөөлөх тухай мэдэгдсэн болно. түр чөлөөлсөн хэмээн ажиллуулахгүй байж байгаад хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал гаргасан байна.
Миний бие 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан байдал үгүй бөгөөд удирдлагаас ийнхүү очиж чадахгүй шалтгааныг мэдэж, ажлаас чөлөөлж, нислэгийн хуваарийг хойшлуулж 8 дугаар сарын 25-ны оройн онгоцны хуваарьт оруулж байсан. Энэхүү шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж байна.
Иймд ОТ ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн гэнэтийн ослын багийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ... гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
...О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн ноцтой зөрчлийг гаргасан болох нь хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь дараах үндэслэлээр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Үүнд:
а/ О.Дтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-д ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Ажил олгогч ба Ажилтан нар дор дурдсан зөрчлүүдийг Ноцтой зөрчил-д тооцохоор тохиролцсон бөгөөд Ажилтан дараах зөрчлүүдээс нэг буюу түүнээс дээш зөрчил гаргасан тохиолдолд Ажил олгогч нь энэхүү Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гээд 10.2.1.г-д ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл Ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авапгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах... гэж заасны дагуу ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах үйлдлийг ноцтой зөрчил-д тооцохоор заасан.
б/ Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.4 дүгээр зүйлийн 17.2.4.8-д ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл удирдах ажилтнаас урьдчилан бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах... гэсэн заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл удирдах ажилтнаас урьдчилан бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах үйлдлийг ноцтой зөрчил-д тооцохоор заасан.
в/ Магадлан шалгалтын тайланд ...ажилтантай хийсэн ярилцпагын үеэр ажилтан 8 дугаар сарын 24-ний өдөр утас нь холбогдох боломжтой байсан эсэх талаараа ярихдаа миний утас холбогдоогүй, сүлжээгүй байсан, сүлжээтэй байсан, интернэт орж байсан гэх зэргээр зөрүүтэй мэдээлэл өгч, ярилцлагын явцад хариултаа өөрчилж байсан. Мөн ярилцлагын үеэр тухайн өдөр удирдах ажилтан Д.М залгаж, мессеж бичихэд яагаад хариу өгөөгүй талаар тодруулахад ямар нэгэн хариу өгөөгүй дуугүй суусан... Тухайн өдөр ажилтны утас холбогдох боломжтой байсан нь ажилтны болон удирдах ажилтны өгсөн тайлбар болон бичсэн мессеж зэргээр нотлогдож байна. Гэвч ажилтан аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн удирдах ажилтантай холбоо бариагүй, удирдах ажилтны дуудлага, мессеж зэрэгт хариу өгөөгүй, улмаар уурхайн талбарт ажилдаа ирээгүй, ажил тасалсан байна. Удирдах ажилтны зүгээс 8 дугаар сарын 24-ний өдөр ажилтанд ямар нэгэн байдлаар аливаа чөлөө, зөвшөөрөл өгөөгүй болох нь түүний тайлбар болон шөнийн ээлжийн ахлах ажилтан Ч.Д-т хэлж нислэгийг тухайн өдрийн орой болгосон зэрэг баримтуудаар нотлогдож байна. ...Улмаар 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн удирдах ажилтанд урьдчилан мэдэгдэж, бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авахгүйгээр ажил тасалсан байна... Ажилтан О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 3 өдөр аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, өөрийн удирдах ажилтанд урьдчилан мэдэгдэж, бичгээр болон цахимаар зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргасан тул О.Дтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцпах саналтай байна... гэж дүгнэсэн байна.
г/ Д.Мыг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэлд ...О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уурхайн талбайд ирэх нислэгийг урьдчилж захиалсан байсан гэсэн үг үү? гэхэд Тийм захиалсан байсан гэсэн, О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн үү? гэхэд Ирээгүй гэсэн, О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тантай холбогдсон уу? гэхэд Холбогдсон. Холбогдоод миний ээлжийг оройны нислэгт оруулж өгөөч ээ надад нэг ажил гарчихлаа гэсэн, Тэр оройны нислэгтээ ирсэн үү? гэхэд Ирээгүй гэсэн, О.Д 2023 оны 8 дугаар сарын 24-ний нислэг захиалсан уу? гэхэд Захиалсан гэсэн. Та өөрөө О.Дтой 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр холбогдох оролдлого хийсэн үү? гэхэд Хийсэн, утас руу нь залгасан, мессеж бичсэй гэсэн, 8 дугаар сарын 24-ний дөөр О.Д нь ажилдаа ирсэн үү? гэхэд Ирээгүй гэсэн, О.Д нь 8 дугаар сарын 25-ны нислэг захиалсан уу? Уг нислэгээр ажилдаа ирсэн үү? гэхэд 25-ны нислэгээр ажилдаа ирээгүй, Та өөрөө 8 дугаар сарын 25-ны өдөр О.Д руу холбогдох оролдлого хийсэн үү? гэхэд Хийсэн. Утас руу нь залгаад мессеж бичээд тэгээд холбогдоогүй гэсэн. О.Дид 8 дугаар сарын 26-ны нислэг захиалсан уу? гэхэд Захиалаагүй. Холбогдох боломжгүй байгаа хүнд дахин дахин нислэг захиалах боломжгүй байдаг. Хоёрдугаарт нислэгийг захиалах журамтай байгаа. Дахин дахин тэр суудлыг гаргана гэдэг хүндрэлтэй гэсэн О.Д-ид 8 дугаар сарын 24, 25, 26-нд чөлөө олгосон уу? гэхэд Үгүй. Тухайн үед менежер үндсэн ажилчиддаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ямар нэгэн зөвшөөрөл олгохгүй гэсэн мэйл явуулсан байсан. Тодорхой хэмжээнд хүн дутуу учраас ажил дээр хүнд нөхцөл байдал үүссэн, заавал тэр хүн ажилдаа ирэх шаардлагатай байсан гэсэн. О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд бүгдэд нь ажиллах хуваарьтай байсан эсэх, аль нэг өдөрт нь амрах байсан эсэх? гэхэд 3 өдөр гурвууланд нь ажиллах хуваарьтай байсан гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.
д/ Б.Дийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэлд ...Удирдах ажилтандаа урьдчилан мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаан тодорхой хэлж чөлөө аваагүй, ажилд ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдлыг ажлаа тасалсан гэж үзэж байгаа... Чөлөөний журам дээр зохицуулсан байгаа. Хөдөлмөрийн гэрээнд ажлын дараалсан 3 өдөр ажил тасалсан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчил гэж заасан. ...Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байгаа. Өвчин тусах, гэнэтийн осолд орох зэрэг тохиолдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулна... Манай тохиолдолд машин эвдрэх дээр хоёр удаагийн асуудал яригдаж байгаа. Нэг нь 23-ныхаа нислэгийг 24-ний өдөр болгож хойшлуулахдаа удирдах ажилтандаа машин эвдэрсэн гэдэг тайлбарыг өгөөд байгаа. Дараа нь ажилд ирээгүй шалтгаанаа тайлбарлахдаа бас машин эвдэрсэн гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа. Хоёр удаа нэг шалтгаанаа хэлж байна гэдэг нь ажилтан өөрөө 14 хоног амралтаараа амраад явж байгаа. Буцаж ирэхдээ унаагаа бэлэн байлгах, ажилдаа ирэх асуудал нь өөрийнх нь хариуцлагын асуудал. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байгаа... Дараалсан 3 өдөр нь ноцтой зөрчил болж байгаа. 1, 2 өдрийн таслалт нь бусад сахилгын арга хэмжээ авагдана гэсэн үг... гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.
е/ Магадлан шалгах ажиллагааны явцад О.Дтой хийсэн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлд
- ...2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс нислэгээ хойшлуулчихаад дараа нь хэзээ Мтой холбоо барьсан бэ? гэхэд 8 дугаар сарын 27-ны өдөр холбоо барьсан гэсэн.
- ...Чи 8 дугаар сарын 24-ний өглөө Мтой холбогдож нислэгээ асуух үүрэгтэй. Асуусан уу? 8 дугаар сарын 24-ний өдөр Мтой ярьсан уу? гэхэд 8 дугаар сарын 24-ний өдөр яриагүй. М залгасан байсан. Тэгээд миний утас холбогдоогүй. Сүлжээгүй байсан. Сүлжээ нь орж гараад яваад байсан гэсэн.
- 8 дугаар сарын 24, 25-ны өдөр яагаад Мтой холбогдоогүй юм бэ? гэхэд Хадлан руугаа явчихсан байсан гэсэн.
- 8 дугаар сарын 24-ний өдөр тан руу олон удаа залгасан боловч та утсаа аваагүй байна. Тухайн өдөр та яагаад ахлах ажилтан Мтой холбогдоогүй вэ? 8 дугаар сарын 24-ний өдөр таны 25-ны өдрийн нислэг ороогүй байсан. Тэгэхээр та яаж 25-ны өдөр нислэгтэй байсан гэдгээ мэдэж байгаа юм бэ? гэхэд Энэ нь Workforce дээр гарч ирсэн гэсэн.
- Чи тэрийг хэзээ харсан юм? гэхэд Хөдөө явж байхдаа 8 дугаар сарын 24-ний үдээс хойш гэсэн.
- 8 дугаар сарын 24-ний өдөр интернэт байсан гэсэн үг үү? гэхэд Байсан гэсэн.
- Та 8 дугаар сарын 25-ны өдөр онгоцондоо суугаагүй байна. Ямар шалтгаантай вэ? гэхэд Хадлан дээрээс наашаа хөдлөх гэж байгаад машинаа дахиж юманд цохиод машин эвдрээд тэгээд хэлэх гэхээр холбоо барьж болохгүй байсан. Хадлан гэхээр манай мал байдаг айлыг хэлж байгаа юм гэсэн.
- 8 дугаар сарын 25-ны өдөр та хэдээс нислэгтэй байсан бэ? гэхэд 21:30 гэсэн.
- Машин чинь хэдээс эвдэрсэн бэ? гэхэд Машин 18:00 цагт эвдэрсэн гэсэн.
- Чиний ростер хэзээнээс эхэлж байгаа билээ? гэхэд 8 дугаар сарын 23 гэсэн.
- Та 8 дугаар сарын 27-ны өдөр Мтой хэзээ холбогдсон бэ? Тэгэхдээ юу гэж ярьсан бэ? гэхэд 10 цаг орчимд гэртээ ирчихлээ гээд ярьсан гэсэн.
- Таны Хөдөлмөрийн гэрээний ажилтны эрх үүрэг хэсэгт өвчин тусах, гэнэтийн аюул осолд орох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай эсвэл Ажил олгогчийн урьдчилсан бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгээс бусад тохиолдолд хэдийд ч ажил таслахгүй байх үүрэгтэй байдаг. Та үүнийг мэдэж байгаа юу? гэхэд Мэдэж байгаа гэсэн.
- Таны Хөдөлмөрийн гэрээнд мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл Ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах нь ноцтой зөрчилд тооцогдоно гэж тусгагдсан байгааг та мэдэж байгаа юу? Та үүн дээр хэлэх тайлбар байгаа юу? гэхэд Мэдэж байгаа гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.
ё/ Хүлээн авсан нотолгоо ба хүлээн зөвшөөрсөн тухай баримтаар О.Д компанийн холбогдох дүрэм, журамтай танилцсанаа баталгаажуулж, цаашид Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу холбогдох бусад баримт бичгүүдтэй өөрөө танилцах үүрэгтэй болохыг бүрэн ойлгож хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь нотлогдож байгаа.
ж/ 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Захирамжийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр 2023 оны 8 дугаар сарын 23-наас 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатараас-ОТ уурхайн чиглэлийн нислэгийн мэдээллийг гаргаж өгсөн бөгөөд тухайн өдрүүдэд өдөр бүр Улаанбаатараас-ОТ чиглэлд нислэгийн хуваарьтай байсан болох нь тогтоогдож байгаа.
з/ 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Захирамжид нэмэлт хариу хүргүүлэх тухай албан бичгээр О.Дийн нэр орсон нислэг захиалсан мэдээллийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч О.Д нь Улаанбаатараас-ОТ уурхайн чиглэлд нисэх 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 07:20 цагийн нислэгийн захиалгад, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20:30 цагийн нислэгийн захиалгад, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18:30 цагийн нислэгийн захиалгад, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21:30 цагийн нислэгийн захиалгад тус тус суудал бичигдсэн боловч тухайн нислэгүүдийн алинд ч суугаагүй болох нь тогтоогдож байгаа.
и/ 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Үзлэг хийсэн үзлэгээр 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 18:30 цагийн нислэг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21:30 цагийн нислэгт тус тус О.Д-ид суудал захиалсан байсан боловч тухайн аль ч нислэгээр О.Д ирээгүй талаар нислэг хариуцсан авиа компани болох А М ХХК-иас ирүүлсэн нислэгийн бүртгэлийн мэдээлэл бүхий 2 и-мэйлд үзлэг хийн бэхжүүлсэн.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Дийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. нэхэмжлэгч талаас: Д.Цд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл,ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар О.Д Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар,ОТ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 275 дугаар тодорхойлолт бүхий албан бичгийн хуулбар, өөрийн 2023 оны 1-9 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,ОТ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №107 дугаар тэмдэглэл/шийдвэр, өмгөөлөгч Д.Цтой байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 3-12, 175-176/-г,
3.2. хариуцагч талаас: П.Өд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /орчуулгын хамт/,ОТ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар О.Д Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/19 дүгээр Эрх олгох тухай тушаал /орчуулгын хамт/-ын хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 12, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хүлээн авсан нотолгоо ба хүлээн зөвшөөрсөн тухай баримтын хуулбарууд, гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 70/21 дугаар Журамд өөрчлөлт оруулах тухай тушаал /хавсралтаар ХН-Ж 3.1: Чөлөө олгох журмын хамт/, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/35 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах журам-д нэмэлт оруулах тухай тушаал /хавсралтаар ОТ-HR-C-H1.1: Сахилгын шийтгэл ногдуулах журмын хамт/-ын хуулбарууд, өмгөөлөгч Б.Өтэй байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн, өмгөөлөгч Д.Бтай байгуулсан 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнүүд, магадлан шалгалтын тайлангийн хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд дуудлага хийсэн, зурвас бичсэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн баримт бичиг хүлээлцсэн тэмдэглэл, гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/38 дугаар Итгэмжлэл олгох тухай тушаал /орчуулгын хамт/-ын хуулбар /хх 20-24, 53-111, 118, 134-160, 161-163, 166-168, 172-173, 196-197/-ыг тус тус гаргаж өгсөн.
-ОТ ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 29, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тайлбар бүхий албан бичиг /тус компанийн ажилчдын 2023 оны 8 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэл хугацааны Улаанбаатараас-ОТ чиглэлд нисэх нислэгийн мэдээлэл,
- О.Дтой байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хавсралтаар ажлын байрны тодорхойлолт/-ний хуулбар /хх 34-45, 48-50/,
шүүгчийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/03725 дугаар захирамжийн дагуу:
-О.Дийн ажилласан сүүлийн 6 сарын хугацааны цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх 217-231/-ийг,
3.4. хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/14878 дугаар захирамжийн дагуу:
- гэрч Б.Д, Д.М нарын мэдүүлэг /хх 119-127/-ийг,
шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/22286 дугаар захирамжийн дагуу:
-............... хаягаас .............. хаягт ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн цахим зурваст үзлэгт хийсэн тэмдэглэл /хх 177-191/-ийг тус тус бүрдүүлсэн.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Д нь хариуцагчОТ ХХК-д холбогдуулан тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж, урьд эрхэлж байсан Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн Гэнэтийн ослын багийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Үүнээс үзвэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй явдал хуульд нийцсэн эсэх, ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч О.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хариуцагчОТ ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн Гэнэтийн ослын багийн ажилтны албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх 5-6, 36-45, 218-231/
5. Улмаар хариуцагчОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/5491 дугаар тушаалаар ...О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул... түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх 4, 53/
6. Ингэхдээ уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 (1), ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, д болон 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.г, 10.4, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 13.1.4, 17.1, 17.2.4.8, 17.3, 18.7.1, 18.7.2, 18.7.3 дахь заалтууд болонОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/38 дугаар талаар олгосон итгэмжлэлийг тус тус үндэслэл болгосон байна. /хх 54-57, 159-160/
7. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, дараа нь шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасантай нийцсэн гэж үзэв. /хх 7-12/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох үндэслэлүүдийг зааж өгсний дотор 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тохиолдлыг хамааруулжээ.
9. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан гэсэн хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн үйл ажиллагааны үндсэн дээр үүсдэг. Энэ ч утгаараа талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, харилцан гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байна.
10. Хөдөлмөрийн гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд чухам ямар зөрчлүүдийг хамааруулах, ямар тохиолдлыг, ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцож, энэ тухай хөдөлмөрийн гэрээндээ тодорхой заасан байх шаардлагатай бөгөөд ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцож, тодорхойлсон нөхцөлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох учиртай.
11. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд ажилтны хүлээх үүргийг, 10 дугаар зүйлийн 10.2.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг тухайлан зааж, тус заалтын г.-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл ажил олгогчоос урьдчилан бичгээр болон цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ.
12. Түүнчлэн Сахилгын шийтгэл ногдуулах журмын ажил үүрэг, хариуцлагатай холбоотой зөрчлийн хэсгийн 17.2.4.8-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эсхүл удирдах ажилтнаас урьдчилан бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр дараалсан 3 ба түүнээс дээш өдөр ажил таслах зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор, 17.3-т энэ журмын 17.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтанд ажлаас халах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар,
Чөлөө олгох журмын 6.3-т төлөвлөх боломжгүй байсан чөлөөг ажилтан өөрийн удирдах ажилтанд аль болох боломжтой хурдан хугацаанд мэдэгдэх шаардлагатай бөгөөд ажилдаа эргэж орсон даруйд чөлөөний хүсэлтээ батлуулж нотлох баримтаар хангахаар, мөн ажилтан 17.1.1.2-т төлөвлөөгүй чөлөөг авахдаа бичгээр мэдэгдэж, шаардлагатай баримтаар хангах, 17.1.1.4-т төлөвлөөгүй чөлөө авах үедээ өөрийн удирдах ажилтанд ажилдаа буцаж ирэхээр төлөвлөж буй өдрөө мэдээлэх үүрэгтэй байхаар тус тус заасан байна. /хх 60-111/
13. Нэхэмжлэгч О.Д нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г.-д заасан ажилтны хүлээх үүргийн дагууОТ ХХК-ийн дээрх дүрэм, журам болон холбогдох гарын авлагуудтай танилцсан, тэдгээртэй холбогдуулан гаргасан компанийн аливаа шийдвэрийг цаашид дагаж мөрдөх тухайгаа хүлээн авсан нотолгоо ба зөвшөөрсөн тухай баримтаар баталгаажуулжээ. /хх 58-59/
14. Нэхэмжлэгч О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд ажиллах хуваарьтай байсан ба тухайн өдрүүдэд ажилдаа ирээгүйд маргаагүй. Гагцхүү ийнхүү ирээгүй шалтгаанаа ...2023 оны 8 дугаар сарын 23-ны өглөөний нислэгээр ажилдаа очих байсан боловч зайлшгүй ажил гарсан учир удирдах ажилтанд утсаар мэдэгдэн чөлөө авч, нислэгийн хуваарийг орой болгож өөрчилсөн. Орой нь өөрийн амьдардаг .... дүүргээс ... аймгийн нутагт байрлах нисэх онгоцны буудал руу явах замд автомашин эвдэрсэн тул удирдах ажилтанд дахин мэдэгдэж, нислэгийн хуваарийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны орой болгож хойшлуулсан. Тэр хүртэл тус аймгийн .......... суманд хадлан хадаж байгаад буцах болоход автомашин мөн л эвдэрч, сүлжээгүй байдалтай байсан учир ажилдаа цаг хугацаандаа очиж чадаагүй... хэмээн тайлбарлаж, удирдах ажилтнаас зөвшөөрөл авсан учир нислэгийн хуваарь хойшлогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр ажил таслаагүй гэж өөрийн гэм буруу, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар маргасан.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлдэг.
16. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох зөрчлийн 3366 дугаартай Магадлан шалгалтын тайлан, гэрч Д.М, Б.Д нарын мэдүүлэг, хуваарьт нислэгийн бүртгэл мэдээлэл, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч О.Д 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, удирдах ажилтнаас урьдчилан зохих хэлбэрээр зөвшөөрөл авалгүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. /хх 120-127, 134-158, 162-163, 166-168, 172-173, 177-191/
17. Тодруулбал, нэхэмжлэгч О.Д нь 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр удирдах ажилтан Д.М-д мэдэгдэж, урьдчилан захиалсан нислэгийн хуваарийг мөн өдрийн орой болгож өөрчлүүлсэн атлаа түүгээр зорчоогүй, улмаар 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд дахин холбогдоогүй ба удирдах ажилтны зүгээс түүнтэй холбогдох оролдлогыг удаа дараа хийсэн боловч огт хариу өгөөгүйн сацуу 24, 25-ны өдрүүдэд ээлж дараалан захиалсан нислэгээр мөн л зорчоогүй байна.
18. Тэрээр шалгалтын ажиллагааны явцад өгсөн ярилцлагын үеэр дээрх байдлыг няцаан үгүйсгээгүй, өөрийн тайлбараа тогтвортой илэрхийлж чадаагүйн гадна, хөдөө байсан, автомашин эвдэрсэн, сүлжээгүй байсан, нислэгийг 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан гэх тайлбар нь өөр бусад баримтаар давхар нотлогдсонгүй.
19. Магадлан шалгалт, түүнийг эрхлэн явуулсан бүрэлдэхүүний үйл ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч О.Дийн гаргасан зөрчлийг шалгах явцад түүнд аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлсөн гэх нөхцөл байдал илэрсэнгүй.
20. Иймд нэхэмжлэгч О.Дийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээ болоод Сахилгын шийтгэл ногдуулах журамд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагчОТ ХХК түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцжээ.
21. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
22. Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагчОТ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлүүлэх тухай О.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН