| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2025/00071/И |
| Дугаар | 191/ШШ2025/00107 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/00107
2025 01 13 191/ШШ2025/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ......... дүүрэг, ......... хороо, ....... хороолол /....../, ...... гудамж, ........ дүгээр барилгын........давхарт байрлах Б ББСБ ХХК /РД:........../-ийн хүсэлттэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Н /РД:.........../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Нг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Зээлдэгч А.Н нь 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №48001600103 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Galaxy A53 маркийн гар утсыг барьцаалж, тус Б ББСБ ХХК-иас 24 сарын хугацаатай 1,719,900 төгрөгийг нэг сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч А.Н нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.7-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус Б ББСБ ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.
Б ББСБ ХХК нь хариуцагчийн оршин суугаа хаяг болох ..... дүүргийн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний үнэмлэхийн хаягаар хандсан боловч бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25566 тоот захирамж гарсан байна.
Иймд хариуцагч А.Н одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Нг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25566 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, А.Нгийн Б ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, А.Нтай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №48001600103 дугаар Барьцаат зээлийн гэрээ, хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 2-12/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Нг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
3. Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
4. А.Н нь Б ББСБ ХХК-тай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №48001600103 дугаар Барьцаат зээлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/25566 дугаар захирамжаар хариуцагч .......дүүрэг, ........хороо, ...............гудамж, ........ тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаагаар тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Нг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А.Н /РД:.........../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Нг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Нгийн оршин суугаа хаягийг олж тогтоон Б ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Ц.А,М.Х утас: ........../-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН