Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 92

 

 

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Хохирогч Х.Энх-Од,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.М-т холбогдох эрүүгийн 1705011270218 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 51 настай эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Б овогт Д.Мг.

 

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байранд иргэн Х.Энх-Од,  О.Баярсайхан нараас БНСУ-д зорчих виз гаргаж өгнө гэж нийт 3,400,000 төгрөгийг бусдыг хуурах аргаар залилан бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:

Би байрандаа 10 жил амьдарч байгаа болохоор хохирогч Энх-Од болон Баярсайхан нарыг танина. Би МАН-ын гишүүн. Айсандаа хохирогч нарт Ардчилсан нам гэж хэлсэн. Би хохирогч нараас нийт 3.400.000 төгрөг авсан. Хохирогч нарт нийт 2.400.000 төгрөг төлөх дутуу байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Энх-Од мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай эмээ над руу  залгаад “манай 51 дүгээр байрны жижүүр БНСУ-руу хүмүүс намын шугамаар гаргаж байна гэж хэлсэн. Би шүүгдэгч М-г сайн мэдэхгүй, мэндийн зөрүүтэй явдаг. Эмээ надад МАН-ын гишүүн 1 хүн дутуу байна гэнэ чи 1.500.000 төгрөг аваад ир итгэлтэй хүн ярьсан гэхээр нь би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд нөгөө хүн мөнгө шилжүүл гэж байна гээд Хас банкаар мөнгө шилжүүлсэн. Тэрнээс шүүгдэгч М надтай утсаар ярьж байгаад 9 дүгээр сарын 26-ны өдөр амь даатгалын 200.000 төгрөгөө  шилжүүл гэж хэлээд утсаа авахгүй таг болсон. Тэгээд залгаад “виз гарсан юм бол харья” гэхээр нэг хүнтэй уулзуулна гэж хэлээд алга болсон. Би М рүү залгаад паспортоо харья гэхэд “нэг хүнтэй уулзуулна, тэр хүн хуралтай байна, паспортыг чинь авч өгнө гэж хэлээд нэг согтуу хүнтэй яриулсан. Тухайн хүн нь надад намын тухай болон нэрээ хэлээгүй. Би хохирлоо барагдуулмаар байна. Шүүгдэгчээс 780.000 төгрөг авна. Шүүгдэгч надад 920.000 төгрөгийн хохирол төлсөн гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.М-н өгсөн:

“... Би 2017 оны 8 дугаар сард ... Баярсайхан, Энх-Од нараас БНСУ-руу Ардчилсан намын шугамаар явах виз гаргаж өгнө гэж тус бүр 1,500,000 төгрөг, ... мөн дээрээс нь амь даатгалын мөнгө гээд тус бүр 200,000 төгрөг нэмж авсан. ... 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сайн ажилласан хүмүүсийг Солонгос улс руу 2 сараар гаргана гэсэн яриа гарсан ба би тэрнээс нь санаа аваад Баярсайхан, Энх-Од нараас тус бүр 1,700,000 төгрөг залилж авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Баярсайханы өгсөн:

            “... 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ... Д.М гэдэг хүнтэй танилцаад БНСУ-ын визийг Ардчилсан намын шугамаар 3 сарын хугацаатай гаргаж өгнө, одоо 1 хүний орон тоо байгаа, 1,500,000 төгрөг өгчихвөл виз гаргаж өгнө гэхээр нь би өөрийнхөө гадаад паспорт 1,500,000 төгрөг өгсөн юм. Тэгээд надад удалгүй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр над руу залгаад виз чинь гарчихсан байна, одоо амь даатгалын мөнгө 200,000 төгрөг хэрэгтэй байна гээд утсаар ярихаар нь гэрт очиж өгсөн. Тэгээд л үүнээс хойш 9 дүгээр сарын 15, 20, 28-нд, 10 дугаар сарын 02, 10-нд утсаар яриад хойшлуулаад байснаа 10 дугаар сарын 15-нд БНСУ-руу ниснэ шүү гэж хэлж байсан. Тэгээд би 19-нд гэрт нь очиж уулзахад М гэх эмэгтэй “би өөрөө цаанаа бас хүнд хулхидуулчихла” гэхээр нь мөнгөө буцааж авъя, одоо гадаад паспортаа авсан ... Би М-т виз гаргуулахаар өгсөн 1,700,000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 9, 29 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Энх-Одын өгсөн:

            “... 2017 оны 8 дугаар сарын 04-ны өдөр ... Д.М гэдэг хүнтэй уулзахад “би БНСУ-руу 7-10 хоногийн дотор виз 1,500,000 төгрөгөөр гаргана, Ардчилсан намын гишүүн хүн” гэсэн. Тэгээд би 1,500,000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгсөн.  Дараа нь амь даатгалын мөнгө гээд 200,000 төгрөг нэмж авсан. Тэгээд виз гарсан уу гээд асуухаар эхлээд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр виз чинь гарчихсан байна, би өөрөө нүдээрээ харсан, 2017 оны 10 дугаар сарын 02-нд явахаар болсон шүү, юмаа бэлдэж байгаарай гэдэг байсан. Тэгээд бас өөр нэг эрэгтэй хүнтэй өөрийнхөө утсаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яриулаад энэ хүн бол намын хүн визийг чинь гаргаж байгаа хүн гэж хэлсэн. ... Ардчилсан намд ажилладаг эсэхийг нь мэдэхгүй, намын шугамаар хорооноос 3-н хүн Солонгос улс руу явуулж байгаа, одоо нэг хүн дутуу байгаа, өнөөдөр материалыг нь өгөхгүй бол болохгүй, яаралтай материалаа өгөх хэрэгтэй гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Цэдэвийн өгсөн:

“... 2017 оны 8 дугаар сарын эхээр манай байрны жижүүр М ... танайхаас Солонгос улс руу явах хүн байхгүй юу, Ардчилсан намаас яаралтай виз гаргаж өгөх гэж байна гэж хэлсэн. ... Энх-Одод хэлтэл Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 51-р байранд ирээд М-тэй уулзсан. М найдвартай ямар ч асуудалгүй 7 хоногийн дотор виз нь гарна гэж хэлсэн. Тэр үед би М-д хандан наад мөнгөө баримттай аваарай гэхэд М намын юм болохоор хамаагүй баримттай байж болохгүй  ээ гэж хэлсэн. Тэгээд манай зээ хүү Энх-Од 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр М-т визний мөнгө гээд 1,500,000 төгрөг бэлнээр өгсөн. ... Манай хүргэн Баярсайхан 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөн М-н байдаг 51-р байранд виз гаргуулахаар 1,500,000 төгрөг аваачиж өгсөн. Харин дараа нь Энх-Од, Баярсайхан нараас виз чинь гарсан байгаа, одоо амь даатгалын 200,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлээд тус бүр 200,000 төгрөг авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч Д.М-н хувийн байдалтай холбоотой:

- АСАП сангийн лавлагаа /хх-н 18/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/,

            -  Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

                        Шүүгдэгч Д.М нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байранд иргэн Х.Энх-Од,  О.Баярсайхан нараас БНСУ-д зорчих виз гаргаж өгнө гэж нийт 3,400,000 төгрөгийг бусдыг хуурах аргаар залилан, бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-н мэдүүлсэн “ ... . Би МАН-ын гишүүн. Айсандаа хохирогч нарт Ардчилсан нам гэж хэлсэн. Би хохирогч нараас нийт 3.400.000 төгрөг авсан ...” гэх,

хохирогч Х.Энх-Одын мэдүүлсэн “... 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай эмээ над руу  залгаад “манай 51 дүгээр байрны жижүүр БНСУ-руу хүмүүс намын шугамаар гаргаж байна гэж хэлсэн. Би шүүгдэгч М-г сайн мэдэхгүй, мэндийн зөрүүтэй явдаг. Эмээ надад МАН-ын гишүүн 1 хүн дутуу байна гэнэ чи 1.500.000 төгрөг аваад ир итгэлтэй хүн ярьсан гэхээр нь би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд нөгөө хүн мөнгө шилжүүл гэж байна гээд Хас банкаар мөнгө шилжүүлсэн. Тэрнээс шүүгдэгч М надтай утсаар ярьж байгаад 9 дүгээр сарын 26-ны өдөр амь даатгалын 200.000 төгрөгөө  шилжүүл гэж хэлээд утсаа авахгүй таг болсон ...” гэх мэдүүлэг,

мөн мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч О.Баярсайхан,  гэрч Л.Цэдэв нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.М-г хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг “... шүүгдэгчийн эрх мөрдөн байцаалтын шатанд зөрчигдсөн. Шүүгдэгч бичиг үсэг мэдэхгүй 4 дүгээр ангийн боловсролтой байхад мөрдөн байцаалт өмгөөлөгчгүй явсан нь хуулинд нийцэхгүй. Тухайн хэргийн ард АН, МАН байсан эсэх талаар яагаад шалгаагүй вэ. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэлсэн зүйлүүдийг үнэн бодит талаар мөрдөн шалгах байсан боловч энэ талаар ажиллагаа дутуу хийгдсэн. Сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалт өмгөөлөгчгүй өгөхөд “миний хэлсэн ярьсан зүйл үнэн зөв” гэж гараар нь бичүүлээд гарын үсэг зуруулдаг. Гэтэл сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийн аль аль дээр нь энэ тухай байдаггүй. Тухайн хэрэгт МАН-ын Алтансүх, Энхбаатар гэх хүмүүс байгаа эсэх талаар асууж байж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Иймд хэргийг прокурорт буцаах хүсэлтэй байна ...” гэж мэтгэлцлээ.

 

Шүүгдэгч Д.М нь бага боловсролтой бөгөөд уншиж бичиж чадах талаар удаа дараа мэдүүлдэг тул түүнийг бичиг үсэг мэдэхгүй гэх, мөн өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нь АН болон МАН-ын нэрийг барьж уг гэмт хэргийг үйлдсэн боловч энэ хэрэгт шууд хамааруулах ямар нэгэн албан тушаалтан болон тэдний ашиг сонирхлын талаарх баримт хэрэгт авагдаагүй. Иймд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэж өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч О.Баярсайхан мөрдөн байцаалтад “би М-т виз гаргуулахаар өгсөн 1,700,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн, хохирогч Х.Энх-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт “... шүүгдэгчээс 780.000 төгрөг авна. Шүүгдэгч надад 920.000 төгрөгийн хохирол төлсөн ...” гэж мэдүүлж байх ат шүүгдэгч Д.М нь хохирлын талаар маргаагүй, хохирогч нарт 2.400.000 төгрөг төлөх дутуу байна гэж мэдүүлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.М-с 2,480,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Энх-Одод 780,000 төгрөг, хохирогч О.Баярсайханд 1,700,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М-т ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн  Монгол Ардын Намын 0155894 дугаартай гишүүний бат илэрхийлэх үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч Д.М-т буцаан олгож шийдвэрлэлээ.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.М-г хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-г 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн Монгол Ардын Намын 0155894 дугаартай гишүүний бат илэрхийлэх үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч Д.М-т буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-с 2,480,000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Х.Энх-Одод 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөг, хохирогч О.Баярсайханд 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ