Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 08-ны өдөр                Дугаар 2023/ДШМ/38                                 Өвөрхангай аймаг

С.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Ц.Нэргүй

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг            оролцуулан    

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Л-д холбогдох эрүүгийн  2326001940146 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн .... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ... сумын .... дугаар багийн .... дугаар байрны 6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн С.Л / РД: ....../

 

С.Л нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн их сургуулийн зүүн талын гүүрний уулзварт, хатуу хучилттай засмал зам дээр 06-55 ӨВЕ улсын дугаартай Тоёота Ланд 200 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, гол замаар зорчиж явсан .... улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд уулзвараар нэвтрэх үед нь зам тавьж өгөлгүй аюултай нөхцөл байдал үүсгэсний дээр аюул, саад бодитой бий болсон нөхцөл үүссэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас .... улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Т.Л-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Л холбогдох 2326001940146 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, шүүгдэгч С.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Бавуудорж давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн 2326001940146 дугаартай С.Л холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ШЗ/419 дугаартай шүүгчийн захирамжаар ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хохирогч Т.Л-гийн жолоодож явсан .... улсын дугаартай “Тоёота Приус” маркын машинд зорчиж явсан О.М, М.Мнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. ...М.М, М.М нарыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь тэдний гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргах хуульд заасан эрх хангагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул шүүх тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй юм.

Иймд шүүгдэгч С.Л-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлээр прокурорт буцааж...шийдвэрлэлээ” гэжээ.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч” гэнэ. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй гэж заасан.

Харин Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна. Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг. Дээрх хуулиудад зааснаар бусдын болгоомжгүйгээр эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг тухайн иргэн нь хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй байна гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ" гэж хуульчилснаас үзэхэд уг хэргийн улмаас О.М, М.М нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан боловч хавтас хэргийн 60 дугаар талд О.Мийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх, үүргийг тайлбарлаж хууль сануулж гэрчээр өгсөн “...Гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Мөнхтөрийн хууль ёсны төлөөлөгч О.М-ийн байлцуулан өгсөн “...Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 61 дүгээр тал/ гэсэн мэдүүлгүүд, хавтаст хэргийн 111-р талд О.М-ийн “...Миний бие болон миний хүү М.Мнь О.Л-д санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” бичгээр хүсэлт гаргасан байхад шүүхээс заавал иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаж, хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал, бодит байдалд үндэслэн хэргийн шүүхэд шилжүүлсэн. Мөн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаартай шүүгчийн захирамжид М.Мөнхчимэг гэдэг хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд уг хэрэгт М.Мөнхчимэг гэдэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учраагүй, харин О.М-т хөнгөн хохирол учирсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/419 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 419 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг улсын яллагчийн зүгээс гаргасан. Эсэргүүцлийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж хуульчилсан. Тухайн шүүгчийн захирамжид М-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг хэрэгт Мөнхчимэгийн эрүүл мэндэд хохирол учраагүй учраас Мөнхчимэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй. Хавтаст хэргийн 61, 111 дүгээр хуудсанд авагдсан О.М, М.М нар нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ бүгдээс дүгнэн үзэхэд Мөнхчимэг, Мөнхтөр нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзэж эсэргүүцлээ дэмжиж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 419 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хохирогч Т.Л-гийн жолоодож явсан .... улсын дугаартай “Тоёота Приус” маркын машинд зорчиж явсан О.М, М.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй. О.М, М.М нарыг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь тэдний гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргах хуульд заасан эрх хангагдах учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Л холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул шүүх тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй тул шүүгдэгч С.Л холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг шалган тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь хэргийг шийдвэрлэхэд буюу шүүхээс цагаатгах болон шийтгэх тогтоолыг гаргахад нөлөөлж болохуйц биш байна.

Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор шийдвэрлэсэн О.М, М.М нарын эрүүл мэндэд хохирол учраагүй, мөн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлэг, тайлбар өгсөн байна. Тэднийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэгчээр тогтоож болохоор хуульчлагдсан.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүрээнд шийдвэрлэх боломж бий учир прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/419 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/419 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.