2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00387

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        01           21                                        191/ШШ2025/00387

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ... дугаар баг, Дэлгэрэхийн дэнж ...  гудамж, ... тоот хаягт оршин суух М.Г  -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... хэсэг, ..., ... тоот хаягт бүртгэлтэй “Б ” ХХК -д холбогдох,

 

140,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

М.Г  миний бие "Б ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Ч.Э тэй 2022 оны 5 дугаар сараас эхлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхэд нь зориулж, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах болсон. Тухайн үед “Б ” ХХК нь дулаан цэвэр, бохирын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх тендерт туслан гүйцэтгэгчээр орох гэсэн боловч гүйцэтгэлийн баталгааны 60,000,000 төгрөг болон шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тухай ярьж байсан. Миний хувьд тодорхой нөхцөлтэйгээр энэ ажилд хөрөнгө оруулалт хийхээр болсон. Нэгт 140,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хоёрт хөрөнгө оруулалт авч байгаа тал нь жил жилд гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгмөгц хийсэн ажлын өртөг магадлангаар орж ирсэн үнийн дүнгийн 30 хувийг хөрөнгө оруулсан талд өгөх, гуравт баталгаанд заасан амлалтаа биелүүлээгүй нөхцөлд оруулсан 140,000,000 төгрөгийн хөрөнгө, жилд гарсан магадлангийн 30 хувийг хөрөнгө оруулсан талд буцаан өгөхөөр тохиролцсон. Энэ тохиролцоог баталгаажуулж 2022 оны 07 сарын 01-ний өдөр нотариатаар баталгаа бүхий бичиг хийлгэсэн. Баталгааг хариуцагч компанийн захирал, шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигч Ч.Э  сайн дурын үндсэн дээр хийсэн. Миний бие тус ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр 140,000,000 төгрөгийг оруулсан боловч хариуцагчийн хэлж байсан төлөвлөгөө биелээгүй. Анх тохиролцохдоо 2024 оны 11 сарын 30-ны хүртэл тус ажлыг гүйцэтгэж, магадлангаар орсон ажлын гүйцэтгэлд өгсөн төлбөрийн 30 хувийг хөрөнгө оруулагчид өгөх тухай ярьж байсан. Гэтэл тухайн ажлыг үндсэн гүйцэтгэгч нь бие даан гүйцэтгэхээр болсон гэсэн үндэслэлээр ажил явагдаагүй. Тиймээс баталгааны дагуу оруулсан 140,000,000 төгрөгийн хөрөнгөө буцаан авахаар удаа дараа шаардсан. Гэвч дуудлага болон захидалд хариу өгөөгүйгээс гадна хөрөнгө оруулсан төлбөрийг өгөөгүй. 2024 оны 05 сарын 08-ны өдөр компанийн гэрчилгээнд тусгагдсан хаягт гэрээг цуцалж, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан шаардсан албан бичгийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлсэн боловч тухайн хаягт “Б ” ХХК болон Ч.Э  гэдэг хүн байдаггүй гэсэн хариу ирсэн. Иймээс хариуцагч компанийн удирдлага байгаа газар буюу Ч.Э гийн амьдарч буй Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 9-826 тоот хаяг руу гэрээ цуцлах, төлбөр буцаан шаардсан албан бичгийг явуулсныг Ч.Э  хүлээн авсан. Албан бичигтээ "миний бие хамтран ажиллах гэрээний харилцааг цуцалж, өгсөн 140,000,000 төгрөгөө баталгааны дагуу буцаан авахаар энэхүү бичгийг хүргүүлж байна. Хөрөнгө оруулсан дээрх мөнгийг 2024 оны 05 сарын 12-ны өдрийн дотор шилжүүлнэ үү” гэж бичсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, мөн төлбөрийг буцаан шилжүүлээгүй. Хөрөнгө оруулсан 140,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн үүсгэн байгуулсан өмчлөлийн “И ” ХХК-ийн данснаас “Б ” ХХК-ийн Хаан банкны ....  дугаартай дансанд 2022 оны 5 сарын 24-ний өдөр 60,000,000 төгрөг, Ч.Э гийн Хаан банкны ....  дугаартай дансанд 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Нийт шилжүүлсэн хөрөнгө оруулалтын мөнгө 140,000,000 төгрөг болох талаар Налайх дүүргийн шүүхэд 2024 оны 07 сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбартаа “Б ” ХХК авч хэрэглэсэн талаар дурдсан байгаа. Хамтын ажиллагааны зорилго биелэх боломжгүй болсон. Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сум, Харцат багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлын туслан гүйцэтгэгчээр орсон энэ ажил нь 2024 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх үе шат бүхий ажил байсан. Гэтэл энэ ажлыг цуцалсан шалтгаан нь “Б ” ХХК-ийн буруутай ажил, ажлын гүйцэтгэл дутуутай холбоотой байсан гэдэг нь энэ ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийн ерөнхий захирал Н.М  гэх хүний гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Энэ гэрээ үргэлжлэх боломжгүй болсон тул М.Г ын хувьд хөрөнгө оруулалт болох 140,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд хариуцагч “Б ” ХХК-аас 140,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б ” ХХК 2022 оны 03 сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболтын ажлын тендерт орох зорилготой байсан боловч манай компанид шаардлагатай тусгай зөвшөөрөл байхгүй байсан тул Э  компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан тус ажлыг гүйцэтгэж тус компанийн нэр болон тусгай зөвшөөрлийг ашиглахдаа ажлын үнийн дүнгийн 4 хувийг өгхөөр гүйцэтгэх захирал Н.Мөнхбаяртай аман тохироо хийж тендерт оролцохоор материалаа бүрдүүлж дээрх тендерт ялсан. Уг тендерийн ажил нь 2022 оны 5 сарын 25-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр дуусахаар гэрээтэй нийт төсөв нь 1,160,374,901 төгрөг, 2022 оны санхүүжилт нь 200,000,000 төгрөг байсан. Тендерт ялж гэрээгээ Барилга, хот байгуулалтын яамтай хийж, манай компани 2022 оны 06 сарын 02-ны өдөр Э  компанийн Ерөнхий захирал Н.М тай түншлэлийн гэрээ хийсэн. Дээрх ажлын гэрээг хийхэд гүйцэтгэлийн баталгаа болох 60,000,000 төгрөг, ажил эхлүүлэхэд шаардлагатай материалын зардалд 72,000,000 төгрөгийг М.Г аас энэ ажлыг эхнээс нь дуустал хөрөнгө оруулж нийт санхүүжилт болон магадлалаар нэмэгдсэн үнийн дүнгийн 30 хувийг авхаар тохирч гэрээ хийсэн. Иргэн М.Г  нь манай компанид хөрөнгө оруулахдаа Э  компанитай 2022 оны 06 сарын 02-ны өдөр хийсэн түншлэлийн гэрээг үндэслэн 2022 оны 07 сарын 01-ний өдөр хөрөнгө оруулах баталгаа гаргасан болно. Манай компани 2022 оны 06 сарын 15-нд Говь-Алтай аймагт ажлаа эхлүүлж 2022 оны санхүүжилт болох 200,000,000 төгрөгөөс 150,000,000 төгрөгний гүйцэтгэлийг Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 12 сард “Э ” ХХК-ийн Хас банкны дансруу шилжүүлсэн. Гэвч “Э ” компани нь дансандаа орсон мөнгийг гэрээнд заасны дагуу 4 хувиа суутгаад манай компаний данс руу шилжүүлэх ёстой байтал санхүүжилтээр орж ирсэн 150,000,000 төгрөгөөс гэрээгээ зөрчин 86,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөнөөс ажилчдын цалин болон материалын өглөгөө өгөөд үлдсэн 30,500,000 төгрөгийг иргэн М.Г ын Хаан банкны дансанд 2022 оны 12 сарын 26, 27-ны өдрүүдэд шилжүүлсэн. Дээрх ажлыг манай компани 2023 он, 2024 онд хийж дуусгах байсан боловч “Э ” компани нь 2022 оны гүйцэтгэлийн дутуу мөнгийг өгөөгүйгээс гадна үлдсэн ажлыг өөрсдөө хийхээр болж нэг ёсондоо манай компанийн олж тендерт материал бэлдэн оруулж ялсан ажлыг маань булаан авч гэрээгээ зөрчсөн тул энэ ажлыг эхнээс нь дуустал хөрөнгө оруулах зорилготой хөрөнгө оруулсан иргэн М.Г ын үлдэгдэл төлбөрийг буцаан өгөхөд хүндрэл учирсан. Иймд дээрх асуудлаас болж гэрээгээ зөрчсөн “Э ” компаниас 2022 оны санхүүжилтын дутуу мөнгө болох 64,000,000 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг мөн дээрх ажлыг дуустал хийснээс гарч болох ашгийг тус тус нэхэмжлэн авч иргэн М.Г ын хөрөнгө оруулсан мөнгөний үлдэгдэл болох 100,000,000 төгрөгийг өгөх боломжтой. М.Г  нь дээрх ажлыг эхнээс нь дуустал хөрөнгө оруулахдаа тухайн ажлын нийт санхүүжилт болох 1,160,374,901 төгрөг буюу магадлалаар орж нэмэгдэх 4,255,000,000 төгрөгийн үнийн дүнгийн 30 хувийг авна гэсэн тохироотой гэрээ хийсэн бол гарч болох гарз хохирлыг хамтдаа даван туулж нэхэмжлэлдээ гэрээгээ зөрчсөн “Э ” ХХК-ийг татан оролцуулах байсан боловуу гэж манай компанийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үедээ нэхэмжлэх эрхгүй байгууллагаас нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Учир нь иргэн М.Г  өөрийн 100 хувь эзэмшлийн компаниас шилжүүлсэн мөнгө Ч.Э  гэх хүний 100 хувь эзэмшлийн компани руу буюу компаниас компани руу шилжсэн мөнгө байдаг. 140,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгөөс бусад нь иргэнээс иргэн рүү орсон. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компанийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй, хувьцаа эзэмшигчийн өр төлбөрийг компани хариуцахгүй гэж тодорхой заасан. Иргэнээс орсон мөнгө, компаниас орсон мөнгө, хоёр компани хоёулангийнх нь эзэн нь зөрсөн, компани компанийн хооронд нэхэж байгаа мөнгийг “Б ” ХХК-аас нэхэж байгаа. “Б ” ХХК-аас нэхэж байгаа иргэн М.Г ын компаниар орсон мөнгө бол компани нь компаниараа, иргэн иргэнээрээ. Тиймээс хувьцаа эзэмшигч болон компанийг зааглаж нэхэмжлээгүй. Хариуцах ёсгүй хүнээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжилсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

            3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2022.07.01-ний өдрийн 0223 дугаартай нотариатын гарын үсэг гэрчилсэн баримт /хх-4/, “Б ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, ХААН банкны ....  дугаартай дансны хуулга /хх-6-20, 28/, “И ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх-21, 22-25/, ХААН банкны ....  дугаартай дансны хуулга /хх-26/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-27/, 2024.05.08-ны өдрийн шаардлага хүргүүлэх албан бичиг /хх-29/, Монгол шуудан ХК-ийн 2024.05.20-ны өдрийн 18/309 дугаартай тодорхойлолт /хх-30-34/, 2024.07.30-ны өдрийн итгэмжлэл /хх-63/,

            3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: “Б ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-38/, Ч.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/, хариу тайлбар /хх-42-43/, ХААН банкны 5000701157 дугаартай дансны хуулга /хх-44/, НӨАТ суутган төлөгчийн тайлан /хх-55-62/, итгэмжлэл /хх-86, 106, 142/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Н.М ын мэдүүлэг /хх-120-121/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М.Г  нь хариуцагч “Б ” ХХК холбогдуулан хөрөнгө оруулалтад шилжүүлсэн 140,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0223 бүртгэлийн дугаартай нотариатын үйлдэл хийсэн баримтад “Б ” ХХК нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээний ажлын туслан гүйцэтгэгчээр 2022 оны 06 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг иргэн Мөнхжаргал овогтой Ганбатаас хөрөнгө оруулалт болгон гаргуулж 2022.05 сард гүйцэтгэлийн баталгаа 60,000,000 төгрөг, 06 сард 80,000,000 төгрөгийг энэ жил хариуцсан ажлаа амжилттай гүйцэтгэж дуусгалаа. /Дээрх мөнгийг Ч.Э гийн Хаан банкны ....  тоот данс руу шилжүүлсэн, цаашид энэ дансаар мөнгөө авна/ Дээрх ажлыг 2024 оны 11 сарын 30-ны дотор улсын комисст хүлээлгэн өгөх гэрээтэй байгаа. Энэ гэрээний хугацаа дуусах хүртэл манай компанийн гаргах хөрөнгийг М.Г  хариуцан гаргаж өгнө. Жилд жилд гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгмөгц хийсэн ажлын өртөг магадлангаар орж ирсэн үнийн дүнгийн 30 хувийг хөрөнгө оруулсан М.Г ад өгөхөө амлаж баталгаа гаргаж байна. Баталгаанд заасан амлалтаа биелүүлээгүй бол иргэний шүүхийн журмаар оруулсан хөрөнгө, жилд гарсан магадлангийн үнийн 30 хувийг нэхэмжлэхэд зомпанийн зүгээс татгалзах зүйлгүй болно гэж бичиж, “Б ” ХХК-ийг төлөөлж Ч.Э  гарын үсэг зурж, компанийн тамга даржээ. /хх-ийн 4/

 

            4. Дээр дурдсан нотариатын үйлдлээр баталгаажуулсан баримт болон уг баримтыг үйлдсэн талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажилд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохирсоны дагуу 140,000,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан.

 

5. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчийн тайлбараар нэхэмжлэгч М.Г  нь хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Ч.Э тэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

            6. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.а. М.Г ын ХААН банкны ....  дугаартай данснаас ХААН банкны    дугаартай данс руу 2022.06.09-ны өдөр 15,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2022.06.11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022.06.16-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022.06.18-ны өдөр 5,902,000 төгрөг, 2022.06.20-ны өдөр 800,000 төгрөг, 2022.06.21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.06.21-ний өдөр 3,130,000 төгрөг, 2022.06.23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022.06.28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022.09.29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.07.01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022.07.07-ны өдөр 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2022.07.08-ны өдөр 1,668,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. /хх-ийн 6-20/

 

6.б. “И ” ХХК-ийн ХААН банкны ....  дугаартай данснаас ХААН банкны ....  дугаартай данс руу 2022.05.24-ний өдөр 60,000,000 төгрөг шилжүүлсэн. /хх-ийн 26/

 

7. Хариуцагч тал нь дээр дурдсан мөнгийг хүлээн авсан болон шилжүүлгийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй боловч “И ” ХХК-ийн данснаас “Б ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Г  иргэний хувьд шаардах эрхгүй, иргэн М.Г ын данснаас иргэн Ч.Э гийн данс руу шилжүүлсэн мөнгийг хариуцагч “Б ” ХХК-аас шаардах эрхгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

8. Дээр дурдсанаар нэхэмжлэгч М.Г ын данснаас хариуцагч компанийн захирал Ч.Э гийн данс руу, нэхэмжлэгч М.Г ын “И ” ХХК-ийн данснаас хариуцагч “Б ” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч эдгээр шилжүүлсэн мөнгийг бүхэлд нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн дулаан, цэвэр, бохирын шугамын ажилд зарцуулахаар тохиролцсон болох нь талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 6-20, 26/

 

9. Хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Ч.Э  нь нийт 140,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, зөвшөөрсөн болох нь тухайн баримтаар тогтоогдож байх ба хариуцагчаас 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч М.Г аас шилжүүлэн авсан мөнгийг “Б ” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын баталгаа болон ажлыг эхлүүлэхэд шаардлагатай материалын зардалд зарцуулсан, 30,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэгдэл 100,000,000 төгрөгийг санхүүжилт орж ирсэн тохиолдолд төлөх боломжтой гэх тайлбарыг гаргаснаас үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагч “Б ” ХХК хүлээн авсан байна. /хх-ийн 42-43/

 

10. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд Ч.Э гийн дансаар шилжүүлэн авсан мөнгө болон мөн “И ” ХХК-ийн данснаас хариуцагч “Б ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч М.Г тай харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн авсан болохыг хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Ч.Э  хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 4, 42-43/

 

11. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч “Б ” ХХК-ийн захирал Ч.Э д хамтран ажиллах гэрээг цуцалж, хөрөнгө оруулсан 140,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг Монгол шуудан ХК-ны баталгаат шуудангаар илгээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 29-34/

 

12. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн дулаан, цэвэр, бохирын шугамын ажлыг хийх яюцад хариуцагч “Б ” ХХК хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан ажлын ерөнхий гүйцэтгэгч “Э ” ХХК ажлыг туслан гүйцэтгэгч “Б ” ХХК-аар гүйцэтгүүлэхээс татгалзаж, ажлыг өөрсдөө үргэлжлүүлэн гүйцэтгэсэн болох нь гэрч Н.М ын мэдүүлгээр тогтоогдсон. /хх-ийн 120-121/

 

13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Г  нь хамтран ажиллах гэрэний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг 140,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

14. Хариуцагч нь нэхэмжлэгч М.Г  ажлын ерөнхий гүйцэтгэгч “Э ” ХХК-тай хуйвалдаж “Б ” ХХК-ийн гэрээт ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болгосон, санхүүжилт орж ирэхгүй болсон асуудалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн тайлбар тогтоогдоогүй.

 

15. Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь тухайн мөнгийг хамтран ажиллах гэрээгээр 30 хувийн ашиг шилжүүлнэ гэж тохиролцсоны дагуу шилжүүлсэн мөнгө тул түүний шилжүүлсэн мөнгөн дүнгээс хасагдахгүй гэх тайлбарыг гаргасан.

 

16. Зохигчийн харилцан тохиролцсон хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байх нэхэмжлэгчийн шилжүүлсэн 140,000,000 төгрөгөөс хариуцагчаас шилжүүлсэн 30,500,000 төгрөгийг хасаж тооцон 109,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч “Б ” ХХК-аас 109,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857,950 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 705,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг  баримтлан хариуцагч “Б ” ХХК-аас 109,500,000 /нэг зуун есөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,500,000 /гучин сая таван зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857,950 төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээж, хариуцагч “Б ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 705,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦЭРЭНДОЛГОР