| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/06286/И |
| Дугаар | 191/ШШ2025/00559 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00559
| 2025 01 23 | 191/ШШ2025/00559 | g |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, … дугаар хороо, … байр, …. тоот хаягт оршин суух Д.И /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Төмөр зам ... гудамж, АОС ... тоот хаягт оршин суух Ж.Э /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.И ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Миний бие 2023 оны 05 сарын 05-ны өдөр Ж.Э т 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэвч Ж.Э зээлийн хүүгээ ч төлөөгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн. Зээлээ төл гэхээр хүүхдээ харж байгаа, ажилгүй байна гэх мэтээр элдэв шалтаг тоочоод өнөөдрийг хүргэлээ. Энэ оны 6 дугаар сард хүүгийн төлбөрт 300,000 төгрөг нэг удаа шилжүүлсэн. Миний хувьд удаа дараа залгаж утсаар ярих болон мессежээр мэдэгдэж байсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд Ж.Э ээс үндсэн зээл 3,000,000 төгрөг, 13 сарын хүү 3,900,000 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангид 1,500,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, ХААН банкны .... дугаартай дансны хуулга /хх-4/, 2023.05.05-ны өдрийн зээлийн гэрээ /хх-5-8/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн:иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Ж.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, 13 сарын хүүгийн төлбөр 3,900,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Ж.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх ба шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
4. Д.И болон Ж.Э нар 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-8/
5. Зохигчийн хооронд мөнгө зээлдүүлэх, зээлсэн мөнгийг буцаан төлөх талаар харилцан тохиролцсон зээлийн харилцаа үүссэн байх ба байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч Д.И нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ХААН банкны .... дугаартай данснаас .... дугаартай данс руу 3,000,000 төгрөгийг “zeel olgow. 3 sar. 3,000,000” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байх ба хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл олгох үүргээ гүйцэтгэсэн байх тул зээлийг гэрээгээр тохирсон хугацаагаар заасан хувь хэмжээгээр тооцон шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, 13 сарын хүүгийн төлбөр 3,900,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
8. Хариуцагч Ж.Э нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл 3,000,000 төгрөгийг сарын 10 хувиар тооцож 3 сарын хүүгийн төлбөрт 900,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх ба хариуцагчийн хүүгийн төлбөрт төлсөн 300,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч нь зээл, хүүгийн төлбөрт нийт 3,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
9. Зохигчдын хооронд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 6.2-т “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан байх ба анз тогтоосон зээлийн гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн үүрэгт төлбөл зохих үндсэн зээл болох 3,000,000 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 1,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт алданги 1,500,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ж.Э ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.И -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 23 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ж.Э ээс 5,100,000 /таван сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.И -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 96,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР