Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С6У-д холбогдох эрүүгийн 1703000010067 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сүлжигчийн технологич мэргэжилтэй, Роялбросс ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 13 дугаар хороо 3 дугаар хороолол 3 дугаар байр 10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Б овогт С.У.

 

Шүүгдэгч С.У нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон зоорь гэх газарт маргааны улмаас Р.Оюунгэрэлийн толгойн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ:

2017 оны 7 дугаар сарын 20-ны өмнөх өдөр үзүүлэнгийн шинэ бараа буусан болохоор чингэлэгнээсээ бараагаа авахаар очсон. Гэтэл хашааны гадна дотор олон хүн цугларсан Рояал шүр ХХК-ийн захирал Мөнхжаргалтай маргалдаж байсан. Уртаа бид хоёрыг яваад очиход Мөнхжаргал над руу дайраад доромжилсон. Хохирогч Оюунгэрэл гэх хүнийг би танихгүй. Тухайн газрын хаалгаар нь орох боломжгүй байсан болохоор хашааг нь даваад орсон. Тэгээд Мөнхжаргалтай уулзахаар очиход харуулын байр руу яваад орсон. Харуулын байр нь хоёр хүн босоогоороо зогсох боломжтой байсан. Мөнхжаргал намайг доромжилж байгаад орон дээрээ суухаар нь гэдэс рүү нь өшиглөсөн. Мөнхжаргал болон Оюунгэрэл нар нь надад зодуулах хүмүүс байгаагүй. Би 16 настайгаасаа анген өвчнөөр өвдсөн учраас миний гарын үе өвчилж гараа чанга атгаж чаддаггүй. Гэтэл намайг хүн цохиод хана мөргүүлсэн гэж хэлсэнд нь гайхаж байна. Хохирогчийн хэлж байгаа шиг зүйл болоогүй. Намайг ороход Оюунгэрэл ногоон нүүр гарын алчуураар толгойгоо боосон байсан. Надад Оюунгэрэл гэх хүнийг үснээс нь зулгаагаад хана мөргүүлэх боломж байгаагүй. Би бодохдоо Мөнхжаргал өөрөө эхнэрээ гэмтээчихээд над руу чихсэн гэж бодсон. Би хүнд гэмтэл учруулаагүй гэж бодож байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

            Мөрдөн байцаалтад хохирогч Р.Оюунгэрэлийн өгсөн:

 “... 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... манай нөхөр хашааны хаалганы наана цаанаас нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад манаачийн пүтгэнд орж ирээд сандал дээр сууж байтал маргаж байсан эмэгтэй төмөр хашааны хаалгыг давж орж ирээд манай нөхрийн гэдсэн тус газар нэг удаа өшиглөн пудволкны захаас нь заамдан авахаар нь би салгах гээд дундуур нь ортол шууд миний үснээс зулгааж доошоо саваад, мөн адил хана руу саваад толгойн тус газар гараараа цохиосон. ... Тэр эмэгтэйгээс ямар ч архи согтууруулах ундаа үнэртээгүй эрүүл байсан. Харин маш их ууртай байсан. Төмөр хашааны хаалгыг давж орж ирээд цохин зодоон хийгээд гараад явсан. ... 120,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө надаас гарсан толгой тархины зураг авахуулсан мөнгө байгаа юм ...  ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ш.Батцэцэгийн өгсөн:

            “ ... Тэр уурлаад байсан эмэгтэй хашааны хаалгыг даваад хашаан дотор орж ирээд манаачийн пүтгэн дотор сууж байсан захирал Мөнхжаргалыг хэл амаар доромжлон гараа савчин Мөнхжаргал захирлын гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд заамдаад авсан чинь захирлын эхнэр Оюунгэрэл эгч тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон чинь Оюунгэрэлийн тархи толгой руу нь цохиж, үснээс нь зулгааж, манаачийн пүтгэн дотор талын хана руу толгойгоор нь савсан ... Тэр эмэгтэйн бүтэн нэрийг нь мэдэхгүй ямар ч байсан У гээд дуудаад байдаг. Дараа нь нэрийг нь мэдсэн чинь Удаанжаргал гэдэг нэртэй юм байна лээ ... Оюунгэрэл эгчийн толгойн тус газар нь 1-2 удаа гараараа цохиж үснээс нь зулгаасан ... ” /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,          

           

            Мөрдөн байцаалтад гэрч М.Энхбаатарын өгсөн:

            “ ... Мөнхжаргал хүнд зодуулаагүй. Харин эхнэр нь тэр хашаа даваад орсон эмэгтэй хүнтэй хэрэлдээд зууралцсан байсан. Би хүмүүс зодоон хийсэн талаар яг хараагүй... ” /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,       

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхжаргалын өгсөн:

            “ ... Намайг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ эхнэр Оюунгэрэл болон ажилчин Батцэцэгийн хамт Улаанбаатар төмөр замын ногоон зоорь гэдэг газар байж байхад У гэдэг эмэгтэй манйа байгууллагын хашааг давж орж ирээд над руу хэл амаар доромжлон миний гэдсэн тус газар баруун хөлөө нэг удаа өшиглөөд миний цамцнаас зуураад дайрсан. Тэгэхээр нь манай эхнэр Оюунгэрэл салгах гэтэл манай эхнэр Оюунгэрэлийг шууд үсдэж аваад доош нь нэг удаа толгойг нь сэгсрээд хана руу толгойгоор нь савсан. Тэгээд гараараа толгойн тус газар нь хүчтэй цохисон ... ” /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Алтнайгийн өгсөн:

“... Роял шүр ХХК Д.Мөнхжаргалтай гэрээ байгуулж түрээсийн мөнгөө өгөхгүй байсан чинь Д.Мөнхжаргал ногоон зоорины хаалгийг хаачихаад түрээслэгч нараас хэнийг нь оруулахгүй, хүмүүст барааг нь өгөхгүй байгаад байсан. ... 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ... С.У Д.Мөнхжаргалд хандан чи наад хаалгаа нээгээчээ гэсэн чинь Д.Мөнхжаргал чиний авлигатай тэмцэх газарт ажилладаг хүүхдээс чинь би айхгүй шүү гэ жих зэвүүнээр хэлсэн чинь У хашааны хаалгаар нь даваад хашаан дотор нь яваад ороход Д.Мөнхжаргал цаашаагаа яван манаачийн пүтгэнд яваад орчихоор нь С.Уд очоод дотогшоогоо орох гээд хаалгийг нь татсан чинь онгойлгохгүй дотор талаас нь татаад байсан чинь С.У хаалгийг нь 2 удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 9314 тоот: 

1. Р.Оюунгэрэлийн биед тархи доргилт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

             - Хохирогчийн хохирлын баримт /хх-н 41/,

            - Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 106-107/,

 

Шүүгдэгч С.У-н хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

-  Оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-н 48,

- Эрүүл мэндийн байдал тодорхойлсон баримтууд /хх-н 120-148/

- Бусад /хх-н 49-51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч С.У нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон зоорь гэх газарт маргааны улмаас Р.Оюунгэрэлийн толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан           болох нь:

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Р.Оюунгэрэлийн “...маргаж байсан эмэгтэй төмөр хашааны хаалгыг давж орж ирээд манай нөхрийн гэдсэн тус газар нэг удаа өшиглөн пудволкны захаас нь заамдан авахаар нь би салгах гээд дундуур нь ортол шууд миний үснээс зулгааж доошоо саваад, мөн адил хана руу саваад толгойн тус газар гараараа цохиосон ...” гэх,

            гэрч Ш.Батцэцэгийн “...Оюунгэрэл эгч тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон чинь Оюунгэрэлийн тархи толгой руу нь цохиж, үснээс нь зулгааж, манаачийн путгэн дотор талын хана руу толгойгоор нь савсан ...” гэх,

            гэрч М.Энхбаатарын “ ... Мөнхжаргал хүнд зодуулаагүй. Харин эхнэр нь тэр хашаа даваад орсон эмэгтэй хүнтэй хэрэлдээд зууралцсан байсан ...” гэх,

            гэрч Д.Мөнхжаргалын “...У гэдэг эмэгтэй манйа байгууллагын хашааг давж орж ирээд над руу хэл амаар доромжлон миний гэдсэн тус газар баруун хөлөө нэг удаа өшиглөөд миний цамцнаас зуураад дайрсан. Тэгэхээр нь манай эхнэр Оюунгэрэл салгах гэтэл манай эхнэр Оюунгэрэлийг шууд үсдэж аваад доош нь нэг удаа толгойг нь сэгсрээд хана руу толгойгоор нь савсан. Тэгээд гараараа толгойн тус газар нь хүчтэй цохисон ...” гэх,

            гэрч Ж.Алтнайгийн “...С.У Д.Мөнхжаргалд хандан чи наад хаалгаа нээгээчээ гэсэн чинь Д.Мөнхжаргал чиний авлигатай тэмцэх газарт ажилладаг хүүхдээс чинь би айхгүй шүү гэ жих зэвүүнээр хэлсэн чинь У хашааны хаалгаар нь даваад хашаан дотор нь яваад ороход ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 9314 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч С.У нь “...Мөнхжаргал болон Оюунгэрэл нар нь надад зодуулах хүмүүс байгаагүй. Би 16 настайгаасаа анген өвчнөөр өвдсөн учраас миний гарын үе өвчилж гараа чанга атгаж чаддаггүй. Гэтэл намайг хүн цохиод хана мөргүүлсэн гэж хэлсэнд нь гайхаж байна. Хохирогчийн хэлж байгаа шиг зүйл болоогүй ... Би хүнд  гэмтэл учруулаагүй ...” гэж мэтгэлцсэн боловч түүний энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтад шүүгдэгч С.У-г буруутган мэдүүлсэн хохирогч Р.Оюунгэрэлийн, гэрч Ш.Батцэцэгийн, М.Энхбаатарын, Д.Мөнхжаргалын мэдүүлгүүдийг няцаах, үгүйсгэх нөцхөл байдал үүсээгүй тул шүүгдэгчийн саналыг хүлээж авах хууль үндэслэлгүй юм.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас С.У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Р.Оюунгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан 128,000 / тархины томографикийн зураг авахуулсан төлбөрийн баримт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  төлбөрийн баримт/ төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч С.У-с 128,000 төгрөг гаргуулж хохирогч Р.Оюунгэрэлд олгох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч С.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж торгох ял биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоосон болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт С.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.У-д торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.У-с 128,000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Р.Оюунгэрэлд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.У-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ