Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШ/973

 

 

 

 

    2023          10             10                                        2023/ДШМ/973

 

Ч.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхбуян, 

шүүгдэгч Ч.Сийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,     

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс  даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/769 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Энхбуянгийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Ч.Ст холбогдох 2309000001200 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зуут овгийн Ч.С, 2004 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 20 дугаар сургуулийн 12д ангид суралцаж төгссөн, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 7-125 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УХ04271716/, 

Ч.С нь 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 02 дугаар орцны 12, 13 давхарт байхдаа 14 нас 5 сар 3 хоногтой Б.Дг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зуут овгийн Ч.Сийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 6 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Энхбуян бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Ч.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж, яллагдагч Ч.С хүлээн зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Мөн шүүгдэгчид оногдуулах 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох саналыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх уг саналын хүрээнд шийдвэрлэн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийг “...1. Шүүгдэгч Зуут овогтой Ч.Сийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Сайханбилэгт шүүхээс оногдуулсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэж уншиж сонсгосон. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэхдээ “Тодорхойлох” болон Тогтоох” хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэпг зааснаар шүүгдэгч Ч.Ст шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэж гарган, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэн, шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсан атлаа бичгээр гаргасан шийдвэрийн “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсэгт бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн мэтээр дүгнэж бичсэн буюу уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн үүнээс шалтгаалан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг зөрүүтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийны шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтуудад зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Мөн шүүх шүүгдэгч Ч.Ст холбогдох хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоол 2022 оны огноо, дугаартай бичигдсэн. Тодорхойлох хэсэгт “...Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэж дүгнэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.               

Шүүгдэгч Ч.Сийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.               

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ “...Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэн, шийтгэх тогтоолыг уншиж танилцуулсан атлаа бичгээр гаргасан шийдвэрийн “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсэгт бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн, шүүгдэгч Ч.Ст холбогдох хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоол 2022 оны огноо, дугаартай бичигдсэн, Тодорхойлох хэсэгт “...Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэж буруу дүгнэсэн. ...” гэжээ.

Прокуророос шүүгдэгч Ч.Сийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 517 дугаар байрны 02 дугаар орцны 12, 13 давхарт байхдаа 14 нас 5 сар 3 хоногтой Б.Дг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Сийг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сийг 6 /зургаа/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Ч.Ст шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мөн шийтгэх тогтоолын оныг “2022” гэж буруу бичсэн, түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж, мөн хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шийдвэрийг хэзээ, хаана гаргасан; ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд шийтгэх тогтоолыг албажуулан гаргахдаа “2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр” гэж оныг буруу бичжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол; ...” гэж, мөн дээрх хуулийн зүйл, хэсгийн 1.9 дэх заалтад “...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол; ...” гэж хуульчилсан ба Ч.Ст зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсэгт бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн үүнээс шалтгаалан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж хуульчилсныг зөрчиж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. ...” гэж дүгнэсэн бөгөөд дээрх алдаануудыг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй гэж дүгнэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна. ...” гэж хуульчилсан ба уг хэргийг нээлттэй хянан хэлэлцсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Энхбуянгийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шүүгдэгч Ч.Ст урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/769 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Энхбуянгийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Ч.Ст урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                     Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ