| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/00105/И |
| Дугаар | 316/ШШ2025/00177 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 316/ШШ2025/00177
| 2025 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 316/ШШ2025/00177 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: С** аймгийн С******* сумын ** дугаар баг, Шарын **-р байр 1* тоотод оршин суух,татварын байцаагч ажилтай,1996 онд төрсөн 29 настай, эмэгтэй Ө******* овогт Б******* У******* (РД:МЮ *******)
Б.У*******ын хүсэлттэй Эцэг тогтоолгох-ыг хүссэн 316/2025/00105/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.У******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.У******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа... Миний бие нөхөр М.М******* 2021 онд танилцан үерхэж дотносоод 2022 оноос эхлэн гэр бүл болон хамт амьдарсан.Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан. Гэтэл нөхөр маань цусны цагаан эсийн хавдар гэх өвчнөөр оношлогдон эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Нөхөр бид хоёр химийн эмчилгээ эхлэхээс өмнө ярилцаад Өөжинмед эмнэлэгт хандан нөхрийнхөө эр бэлгийн эсийг авч үлдэн, үр суулгах эмчилгээнд орж би 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр жирэмлэн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дутуу төрөн хүүтэй болсон. Бид хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн хүү маань төрсөн эцгээрээ овоглох нь зүйтэй гэж үзэж Иргэний бүртгэлийн байгууллагад хандахад шүүхээр заавал эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд миний хүүгийн биологийн эцэг нь М.М******* мөн тул 2025 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн хүү А эцгээр М.М******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, талийгаач М******* М*******ын нас барсны гэрчилгээ, хүү У.А төрсний гэрчилгээ, Өөжинмед эмнэлгийн Б******* У*******, М******* М******* нарыг биологийн эцэг, эх мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.У******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн хүү У.А биологийн эцгээр М******* М*******ыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Зохигчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б.У******* нь М.М******* 2021 онд танилцаж 2022 оноос эхлэн гэр бүл болон хамт амьдарсан ба албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байх хугацаанд нөхөр М.М******* нь цусны цагаан эсийн хавдар гэх өвчнөөр оношлогдон улмаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нас барсан байна. Хүсэлт гаргагч Б.У*******, талийгаач М.М******* нар химийн эмчилгээ эхлэхээс өмнө ярилцаад Өөжинмед эмнэлэгт хандан нөхрийнхөө эр бэлгийн эсийг авч үлдэн, үр суулгах эмчилгээнд 2024 оны 05 дугаар сарын 29-нд орж, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү У.Анандыг төрүүлсэн болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, талийгаач М******* М*******ын нас барсны гэрчилгээ, хүү У.А төрсний гэрчилгээ, Өөжинмед эмнэлгийн Б******* У*******, М******* М******* нарыг биологийн эцэг, эх мөн болохыг тодорхойлсон тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Б******* У*******ын хүсэлтийг хангаж, түүний 2025 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн хүү У.А биологийн эцгээр М******* М*******ыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.У*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Б******* У*******ын 2025 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн хүү У.А биологийн эцгээр М******* М*******ыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ