Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/1049

 

   2024        12           18                                    128/ШШ2024/1049

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 8 тоот орон сууцны оршин суугч Бын Э /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 1 тоот орон сууцны оршин суугч Гын Т /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 2 тоот орон сууцны оршин суугч Л Г /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 4 тоот орон сууцны оршин суугч Мийн У /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 5 тоот орон сууцны өмчлөгч Үрчгээгийн Б*******э /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 7 тоот орон сууцны оршин суугч Тгийн М /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 8 тоот орон сууцны оршин суугч Сын Энхжаргал /РД:УХ68011760/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 10 тоот орон сууцны оршин суугч Ж С /РД:/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******, , 10 тоот орон сууцны оршин суугч Эын И /РД:/,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Гуравдагч этгээд: Х НҮТББ,

Маргааны төрөл: орон сууцны барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн норм ба дүрэм зөрчсөн хэмээн Х ТББ-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавартай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Ё., нэхэмжлэгч Ж.С, Э.И нарын өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я., М., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахим/, Б.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг М.Дэлгэрмөрөн хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа:

1.1. Х НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох,

1.3. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж,

Хоёр. Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа:

2.1. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тоот “2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тус тус тодорхойлсон.

Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар Х ТББ-д 1134 м.кв газрыг сургалт судалгааны төвийн зориулалтаар эзэмшүүлсэн ба, 2018 оны дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 1539 м.кв хэмжээгээр эзэмшүүлж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалтаар дээрх хэмжээнд эзэмшүүлсэн,

3.2. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-ын барилгад МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр, 2020/04-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон,

3.3. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд хотын ерөнхий архитектор Х НҮТББ-ын барилгын Д ХХК-ийн боловсруулсан загвар зургийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, И ХХК-ийн боловсруулсан шинэчилсэн загвар зургийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус баталсан, 

3.4. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-ын барилгад дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр,  БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус тус олгосон.

Дөрөв. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

4.1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Барилгын ажлын зөвшөөрөл болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26, 27, 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3 дахь хэсэг, "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-д заасан төлөвлөлтөд хөрш зэргэлдээ иргэдийн оролцоог хангах, санал авах журмыг бүхэлд нь зөрчиж уг төлөвлөлтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд буюу нэхэмжлэгч нараас санал гаргах, саналаа хэлэлцүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр олгогдсон.

Нэхэмжлэгч нарын оршин суугаа орон сууцны барилгад хэт ойр байрлуулан, хэт жижиг талбайд өндөр барилга барих зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3, 14.1.4 дэх заалтууд, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасан хот байгуулалтын болон барилгын зураг төсөл, барилга байгууламжид тавих шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2 дахь хэсэг, БНбД-31-01-10-ын 4.18-д баталсан барилга хоорондын зай хэмжээ, нар ээвэрлэлтийн норм, нормативуудыг зөрчсөнөөрөө нэхэмжлэл гаргагч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

1/ Барилгын зөвшөөрөл болон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль, журам зөрчиж олгогдсон талаар:

Нэхэмжлэгч Б.Э нарын 10 иргэн Хан-Уул дүүргийн *******, хд 75 дугаартай 6 давхар 10 айлын орон сууцанд оршин суудаг бөгөөд тухайн орон сууцны баруун талд газар эзэмшигч Х ТББ хуучин 3 давхар барилгыг буулгаж 9 давхар, 3 давхар 2 блок бүхий барилга шинээр барих тухай мэдээллийн самбарыг хүний нүдэнд өртөхөөргүй газарт байрлуулсан байхыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олж мэдсэн. Тухайн самбарт "Санал өгвөл зохих оршин суугчид саналаа бичгээр буюу хуралд төлөөлөл оролцуулах замаар гаргана. Нийт иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно. Тус самбарыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 14 хоног байршуулж хүсэлтийг "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлнэ. Энэ хугацаанд санал, гомдол ирээгүй бол журмын дагуу дахин хэлэлцэхгүйг анхаарна уу" гэсэн сануулга байгаатай танилцаж, 06 дугаар сарын 14-ний бүх нийтээр амрах амралтын өдөр хд 75 дугаар байрны оршин суугч 10 өрхийн насанд хүрсэн бүх гишүүд хуралдаж санал хураасан бөгөөд орон сууцны барилгын хажууд 10 метрийн зайтай өндөр барилга барих нь барилга, байгууламж барихад тавигдах норм, нормативыг бүхэлд нь зөрчсөнөөр оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэж 100 хувийн саналтайгаар эсэргүүцсэн санал хүргүүлэхээр тогтсон.

Иргэдээс санал авах тухай самбарт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг мэдэгдсэн тул бид 06 дугаар сарын 15-ны өдөр 15:30 цагт эсэргүүцсэн саналаа бичгээр гаргаж Нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Х ТББ-ын барилга барих хүсэлтийг "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцсэн эсэх, манай гаргасан саналыг тусгасан эсэх талаар ямар нэг хариу өгөөгүй тул 06 дугаар сарын 24-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж лавлахад "Бүртгэл хяналтын карт"-д тэмдэглэснээр бидний бичгээр гаргасан саналыг тухайн байгууллага 06 дугаар сарын 16-ны өдрийн 16.29 цагт /бичгээр санал гаргаснаас хойш 1.5 хоногийн дараа/ хүлээн авснаар бүртгэж, холбогдох албан тушаалтнуудад цохож дамжуулсаар 06 дугаар сарын 17-ны өдрийн 13.01 цагт асуудлыг судалж, шийдвэрлэх хариуцсан мэргэжилтэн Б.Б хүлээн авч, "06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байна" гэсэн тайлбартайгаар 06 дугаар сарын 24-ний өдөр "өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ" гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, хөрш зэргэлдээ иргэдийн санал оролцоог огт хангаагүй, огт санал авалгүйгээр дээрх гэрчилгээг олгосон байна.

"Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-д барилга барих хүсэлтийг хүлээн авч, иргэдээс санал авах самбарыг барилга барих байршилд 14 хоногийн турш байршуулан хөрш зэргэлдээ иргэдээс санал авах, иргэдээс ирүүлсэн саналыг барилга барих хүсэлтийн хамт "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр зохицуулсан.

Гэтэл Хөгшрөлт судлалын төв ТББ-д 06 дугаар сарын 16-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байгаа нь 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал иргэдээс санал хүлээн авах хугацаа дуусаагүй байхад зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон, тухайн байгууллагын барилга барих хүсэлтийг "Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар огт хэлэлцүүлэлгүйгээр шууд зөвшөөрч гэрчилгээ олгосон гэж үзнэ. Энэ нь Барилгын тухай, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтууд болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг зөрчсөн байна.

2/ Тухайн байрлалд барилга барих зөвшөөрөл олгосон нь холбогдох хууль тогтоомж, гомдол гаргагч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар:

Нэхэмжлэгч нарт барихаар төлөвлөж буй барилгын зай хэмжээний зураг, барилгын эскиз зураг болон барилгын ажлын зураг гэх мэт тодорхой төлөвлөлтүүдийг танилцуулаагүй боловч иргэдээс санал авахаар байршуулсан самбарт байгаа "Харагдах байдал", "төлөвлөлт" гэсэн зургуудаас харахад барихаар төлөвлөж буй барилга нь гомдол гаргагч нарын оршин суугаа хд 75 дугаар орон сууцны барилгатай хэт ойр буюу орон сууцны  барилгын тууш хананаас 10-11 метрийн зайд төлөвлөгдсөн, мөн хэт жижиг зайд эргэн тойрны бусад барилгуудад шахаж төлөвлөсөн нь тодорхой харагдаж байна.

Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2-т зааснаар барилгын норм, норматив нь барилгын зураг төсөл боловсруулах, барилга барихад заавал мөрдөх баримт бичиг байх бөгөөд тухайн барилга нь гомдол гаргагч нарын оршин суугаа 6 давхар орон сууцны барилгын тууш ханаас 10-11 метрийн зайд төлөвлөгдсөн БНБД-31-01-10-ын 4.18-д баталсан барилга хоорондын зай хэмжээ 30 м байх норм, норматив, нар ээвэрлэлтийн норм, нормативуудыг зөрчсөн байна. Мөн хэт бага зайд өндөр барилга барихаар төлөвлөсөн нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3, 14.1.4-д заасан барилгын зураг төсөл болон барилга байгууламжид тавих шаардлагын “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, ... зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх", "зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх" гэсэн шаардлагуудыг зөрчиж төлөвлөгдсөнөөрөө нэхэмжлэгч нарын өөрийн орон сууцыг ая тухтай хэвийн ашиглах, орон сууц руу орох орц, гарц чөлөөтэй байх нөхцөл алдагдахаар төлөвлөж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт "Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ" гэж заасан үүргээ биелүүлээгүй, харин ч барилгын байршил тогтоох, барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдүүдээс санал авалгүйгээр, бидний оршин суугаа орон сууцны барилгад барилгын норм, нормативыг зөрчин хэт ойр байрлуулан, хэт бага талбайд шахаж Х ТББ-д 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7., 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3, 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйлийн 75.1, 75.3, 81 дүгээр зүйлийн 81.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг тус тус заасныг үндэслэн Х ТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг" Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.2. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “1/ Х НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгохоор /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3/ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2/ Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны МЗХ дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгохоор /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5/, 3/ Х НҮТББ-д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1/ нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

1/ Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байсан болохыг тогтоолгох өөрчилсөн шаардлагын үндэслэл:  Нэхэмжлэл гаргасны дараа буюу тухайн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон, энэ талаар нотлох баримтыг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчээс түүнийг хүчингүй болгохоор шаардсан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхны нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

2/ 2019, 2020 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны МЗХ2019/05/39, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь дараахь үндэслэлээр эрх зүйн үйлчлэлгүй, эрх зүйн үйлчлэл байсан бол өнөөдөр эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсныг дараахь үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлд энгийн зөвшөөрлийн жагсаалтыг, энэ зүйлийн 3-т Барилга, хот байгуулалтын чиглэлээр холбогдох эрх бүхий этгээдээс олгох энгийн зөвшөөрлийн жагсаалтыг хуульчилсан байна. Энэ жагсаалтад "Архитектур төлөвлөлтийн даалгавар" гэсэн араасаа ямар нэг эрх зүйн үр дагавар дагуулах зөвшөөрлийг Засаг дарга эсвэл төрийн захиргааны ямар нэг байгууллага барилга барих зөвшөөрөл хүссэн этгээдэд олгохоор заагаагүй.

Харин Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д барилгын зураг төсөлд тавигдах шаардлагын нэг нь тухайн зураг төсөл зургийн даалгаварт үндэслэн боловсруулагдсан байхаар заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 3.6, 3.7, 3.8-д барилга барих хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дэмжсэн бол хотын ерөнхий архитектор архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөх, даалгаврыг хүлээн авсан иргэн даалгаварт заасан шаардлагуудад нийцүүлэн барилгын эх загвар зураг хийлгэж хянуулж батлуулахаар зохицуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын ажлын зөвшөөрөл олгох үндэслэл болсон гол баримт бичиг гэж тайлбарлаж байх боловч дээрх зохицуулалтаас үзэхэд архитектур төлөвлөлтийн даалгавар нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглээгүй, зөвхөн хүсэлт гаргагч болон зураг төсөл гүйцэтгэгчид чиглэсэн, мөн хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан зэрэг захирамжилсан шинжгүй, иймд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон баримт бичиг биш, харин зураг төсөл боловсруулахад баримтлах хуулиар нэгэнт тогтоосон барилгын норм норматив, стандартыг сануулж заасан, барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол зэрэг үзүүлэлтийг хангаж зураг төсөл боловсруулахыг даалгасан шинжтэй баримт бичиг байна.

Мөн түүнчлэн, 2019 оны МЗХ2019/05/39, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудын дагуу 2020 онд Д ХХК-ийн хийсэн барилгын зураг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчингүй болж, тухайн барилгын эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, архитектурын шийдэл зэрэг гол үзүүлэлтүүдийг өөрчилсөн барилгын зураг төсөл батлагдсан, улмаар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өмнөх батлагдсан зургаар барилга барих барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болсон байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавартай нэхэмжлэгч маргаагүй тул өмнөх барилгын зураг төсөл болон барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон ч хүчин төгөлдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн шинээр зураг төсөл хийх, батлах /батлуулах/, барилгын ажлын зөвшөөрөл олгох /гаргуулах/ эрхтэй гэж маргаж, улмаар шүүхээр маргаан шийдвэрлэгдсэний дараа ч хүчингүй болгосон барилгын ажлын зөвшөөрлийг шинээр дахин олгож, /гаргуулж/ барилгаа барина гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд архитектур төлөвлөлтийн даалгавар нь захиргааны актын шинжийг агуулаагүй, эрх зүйн үр дагаваргүй зураг төслийн баримт бичиг байх бөгөөд, тэгээд ч хариуцагчийн төлөөлөгчөөс гаргаж буй тайлбарт дурдсанаар ямар нэг эрх зүйн үр дагавар байсан бол энэ архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу хийгдэж батлагдсан барилгын зураг, төсөл, түүнд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болсноор тэр "эрх зүйн үр дагавар" нь дуусгавар болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны М3Х2019/05/39, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоож өгнө үү.

3/ Х НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна", 12.1.1-д "эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх" гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "...энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно" гэж, 27 дугаар зүйлийн 27.3.1-д "хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй" гэж, "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 8.1.5-д "архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эх загвар зураг боловсруулах, батлагдсан эх загвар зураггүйгээр ажлын зураг төсөл боловсруулахыг хориглоно" гэж тус тус заасан.

Мөн Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна" гэж, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7.1 дэх хэсэгт "Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно" гэж, 7.2 дахь хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно" гэж тус тус заажээ.

Хариуцагч байгууллагаас Хд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олгосон гэх БАЗГ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь өмнө олгогдсон байсан гэрчилгээтэй холбоогүй, шинээр олгогдсон гэрчилгээ байх тул энэ гэрчилгээг олгох үйл ажиллагаа нь шинээр гэрчилгээ олгох журам шаардлагыг зохицуулсан Зөвшөөрлийн тухай, Барилгын тухай хуулиуд, "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм", "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын холбогдох заалтуудад нийцсэн байх ёстой.

Гэтэл Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримтыг хавсаргаж хүсэлт гаргаагүй, гаргасан хүсэлтийг холбогдох зөвлөлийн ямар нэг хурлаар хэлэлцүүлж эрх бүхий этгээд хянаагүй, эскиз зураг нь батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зургийн даалгаврын дагуу хийгдсэн байх тухай барилгын зураг төсөлд тавигдах үндсэн шаардлагыг хангаагүй байхад олгогдсон буюу зохих ёсоор зөвшөөрөл олгогдоогүй байхад барилгын ажлыг эхлүүлж үргэлжлүүлсэн, энэ барилгад 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр БАЗГ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нөхөж олгосон нь тухайн зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй хариуцагчийн хууль бус үйлдэл байна. Мөн тухайн барилга барих зөвшөөрлийг анх баталгаажуулсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тухайн байгууллага гуравдагч этгээд Х НҮТББ-д олгосны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүхэд маргаж байх явцад шинээр зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь холбогдох хууль тогтоомжоор хориглосон үйлдэл төдийгүй нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт болно гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Х НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр олгосон БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ.

4.3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг эс зөвшөөрч байна. Шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд,

1/ Нэхэмжлэгч нар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, ихэсгэх тухай хүсэлт гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын нэг нь "Хөгшрөлт судлалын төв НҮТББ- д Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г хүчингүй болгуулах" гэсэн шаардлага байгаа тул гуравдагч этгээдээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд "шинээр олгосон БАЗГ дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-тэй холбоотой ямар нэгэн захиргааны хэрэг маргаан үүсээгүй байгаа", "... БАЗГ дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-тэй холбоогүй шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй" гэх тайлбарууд үндэслэлгүй байна.

2/ Гуравдагч этгээдээс БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлснийг эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан, энэ гомдлыг Нийслэлийн Засаг дарга хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгснийг гуравдагч этгээд эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ гомдлоо эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан, шүүхээр эцэслэн шийдээгүй байна. Гэтэл гуравдагч этгээд "... Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн акт нь зөвхөн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд үйлчлэхээр байхад ... шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй" гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй тайлбар байна.

3/ Шаардлагын үндэслэлд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд барихаар төлөвлөж буй 2 барилга нь ямар нэг барилгын норм дүрэм, стандарт зөрчөөгүй, нарны ээвэрлэлтийн стандарт хангагдаж байгаа болохыг тогтоосон байхад шинээр олгосон БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэр нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Гэтэл үндсэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад өмнө батлагдсан шинжээчийн дүгнэлт гарсан барилгын зураг төслийг хүчингүй болгож 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинэ зураг төсөл баталсан, барилгын суурийн хэмжээ, байршил, өндрийн хэмжээнд өөрчлөлт орсон зэрэг шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас тухайн хэрэгт дахин шинжээч томилох талаар шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7003 дугаартай захирамж гарч, төлөвлөж буй 2 барилга нь нэхэмжлэгч нарын байрны хувьд барилгын зай хэмжээний болон ээвэрлэлтийн норм, стандартыг хангасан эсэх талаар шинжээчийн дүгнэлт шинээр гарсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ" гэж заасан тул дахин шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамж гарснаар өмнөх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг бүхэлдээ, эсвэл зарим хэсэг нь үндэслэлгүй байсан болохыг тогтоосон гэж үзнэ. Иймд шүүхээс "үндэслэлгүй" гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" дугаар шийдвэрийг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөн хуулийн 96 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан байх тул гуравдагч этгээдийн "Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах" бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.

4.4. Нэхэмжлэгч Б.Эгийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэл 3 шаардлагатай, 1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага санаачилгаараа хүчингүй болгосон. Тэгэхээр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзсэн, энэ захиргааны акт нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгоно. 

Хүчингүй болсон 2 блок барилга барих ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ яагаад хууль бус байсан гэхээр иргэдээс санал авах ёстой байсан. Саналын самбар байрлуулсан бөгөөд санал авах хугацаагаа самбарт бичсэн атлаа санал авах хугацаа дуусаагүй байхад барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон учраас иргэдийн оролцоог хангаагүй гэж үзсэн. Энэ нь Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн. Барилгын ажлын зөвшөөрлийн олгож байх үед газар эзэмших зориулалт өөр байсан.

Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуульд заасан зориулалтын дагуу барилга барих зөвшөөрлийг олгоогүй нь хууль бус байсан болохыг нотолж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр газрын үзлэг хийхэд 2020 оны “Д” ХХК-ийн зургаар барилгаа барьсан гэж хэлсэн атлаа 2022 онд батлуулсан зургийн дагуу барилгаа барьсан нөхцөл байдалтай байгаа нь нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хүчин болгосон нь захиргааны актыг хууль бус байсан болохыг нотолно. Хүчингүй болгож буй хариуцагчийн үйлдэл нь хууль бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Хэрвээ хүчингүй болгоогүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болгож шинээр эрх олгохыг хориглосон. Журмын 8.1.4 дэх хэсэгт заасан шүүхээр маргаж байгаа тохиолдолд ямар нэгэн хүсэлтийг хэлэлцэхгүй гэсэн журмаа зөрчсөн. Хэдийгээр уг гэрчилгээ нь хүчингүй болсон хууль бус байсан болох нь тогтоогдсон учраас нэгдүгээр шаардлагыг хангаж өгнө үү

2/ Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас /хуучин нэрээр/ “Х” НҮТББ-д нэг объект дээр 2 удаа архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан. 2019 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон талаарх баримтыг ирүүлээгүй. Хоёр архитектур төлөвлөлтийн даалгавар нь хоорондоо ялгаа харагдахгүй, 2019, 2020 оны хоёр даалгавар байгаа. Хоёр архитектур төлөвлөлтийн даалгаврын алийг хүчингүй болгосон ч гэдэг юм уу баримт ирүүлээгүй учраас энэ хоёр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хоёуланг нь эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт болохыг тогтоолгох гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзсэн ч амьдралд хэрэгжсэнээр газарт барилга барих, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, өөрчлөх зөвшөөрөл олгох үндэслэл болдог гэх тайлбарыг хариуцагчаас гаргасан. Манай тохиолдолд  2019 оны МЗХ/, 2020 оны ГБМЗХ 2022/04-015 гэсэн 2 архитектур төлөвлөлтийн даалгаврын үйлчлэл аль хэзээ дууссан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, Барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны  журмын 8 дугаар зүйлийн 8.15 дахь хэсэгт архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эх загвар зураг боловсруулах, батлагдсан эх загвар зураггүйгээр ажлын зураг боловсруулахыг хориглоно гэж заасан. Хариуцагчаас түдгэлзүүлсэн барилгын ажил эхлүүлэх гэрчилгээний дагуу барилга барих боловч Барилгын тухай хуульд барилга байгууламжийн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна гэсэн заалттай. Мөн барилгын ажил эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол бий. Тэгэхээр уг заалт нь архитектур төлөвлөлтийн даалгавартай яаж холбогдож байгаа гэхээр зураг төсөл боловсруулах бүрд архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулах үүрэгтэй. 2019, 2020 оны архитектур төлөвлөлтийн даалгаварт “Д” ХХК-иар зураг төсөл хийлгээд барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд мөртлөө А блоктой холбоотой хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа зөвшөөрлийн дагуу 3 биш 4 давхар байшин барьсан байсан нь 2022 оны 10 дугаар сард шүүхээс газрын үзлэг хийхэд тогтоогдсон. Зураг төсөл зөрчиж 4 давхар барьсан гэдэг асуудал тодорхой болмогц 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Д” ХХК-ийн хийсэн эскиз зураг буюу эх загвар зургийг хүчингүй болгуулаад 4 давхар барилга барихаар анхнаасаа зөвшөөрөл авсан мэтээр “И*******” ХХК-иар архитектур төлөвлөлтийн зураг хийлгүүлж батлуулсан байдаг. Тэгэхээр 2019, 2020 оны  архитектур төлөвлөлтийн даалгаврын үйлчлэл аль хэзээ дууссан. Яагаад гэвэл барилга байгууламжийн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авахаар зохицуулсан учраас Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримтуудыг дахин шинээр бүрдүүлэх ёстой. Шинээр авна гэдэг нь эхнээс нь хүсэлтээ гаргаж, дахин шинээр авна гэсэн үг. Зөвшөөрсөн тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгаврыг өгнө. Гэтэл өнөөдөр бүх бичиг баримтыг харахаар бүгдийг нь нөхөж авсан байдаг. Д ХХК-ийн зураг болон архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр байхад 4 давхар барилга барьчхаад дараа нь нөхөж 4 давхар зураг гаргуулдаг. Түүний дараа Б блок барилга дээр  “И*******” ХХК-иас хийсэн 2 өөр зураг байгаа. Анхны хийсэн зурагт ямар нэгэн консоль буюу маргаж байгаа иргэдийн орон сууцны байшин руу ойртуулж барьсан зураг төсөл байхгүй байхад өнөөдөр каркас, консольтой босчихсон дараа нь нөхөж зураг төслөө батлуулдаг. 

Хийц бүтээц гэдэг үг Барилгын тухай хуульд байдаггүй гэсэн байдаг юм.  Хийц гэдэг нь хэмжилт хийц өөрчлөгдвөл зургаа шинэчлүүлнэ. Зургаа шинэчлүүлбэл дахин шинээр зөвшөөрөл авах ёстой байхад зөрчсөн. Тийм учраас хоёр дахь шаардлага болох 2019, 2020 оны 2 архитектур төлөвлөлтийн даалгавар нь эрх зүйн үйлчлэлгүй баримт болохыг тогтоох бүрэн үндэслэлтэй байна гэж үзлээ. Өнөөдрийн зураг төсөлтэй архитектур төлөвлөлтийн даалгавар дотор заасан барилгын хийц, хэмжээ, инженерийн шугам, сүлжээ, эзлэхүүн зэрэг бүх зүйлүүд зөрнө. Тийм учраас Б блокийн барилгыг барихад зориулж боловсруулсан зургийн даалгавар биш гэдэг нь нотлогдож байгаа. 

Гурав дахь шаардлагын хувьд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаа архитектур төлөвлөлтийн даалгавартай нэгтгээд хэлчихлээ. Барилгын тухай хуульд зургийн даалгаврын дагуу хийгдсэн боловсруулагдсан байх ёстой, норм норматив баримт бичгийн стандарт, технологийн даалгавар, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх ёстой гэснийг яаж зөрчсөн гэхээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр зургийг баталсан нь хууль зөрчиж байна. Мөн Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагад олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан гэтэл 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчиж байгаа. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт барилга эхлүүлэх зөвшөөрлийг нөхөж олгосон нь барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан. Мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаартай тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд барилга барих зөвшөөрлийг нөхөж олгох хориотой, хэрвээ олгосон тохиолдолд Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгохоор заасан. Эдгээр үндэслэлүүдээр хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа. 

Хариуцагчаас бичиг баримтын зөвшөөрлүүдийг нөхөж олгосноор зураг төслийг хүчингүй болгосноор, захиргааны актуудад өөрчлөлт орсноор нэхэмжлэгч нарын ямар эрхийг зөрчиж байгаа вэ, энэ тусдаа асуудал гэж хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зураг төслийг өөрчилж барилгаа барьдаг. Ингэж өөрчлөх бүрд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшаар нөлөөлж байгаа. Нарны ээвэрлэлттэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг компьютер дээр байшин босгодог аргачлал байдаг гэсэн, тэр аргачлалаар хийсэн. Гэхдээ нэг, хоёр давхрын баруун тийшээ харсан нэг айл байгаа юм шиг харагдах боловч цаана нь хэд хэдэн айл улсын бүртгэлд бүртгэлтэй амьдарч байдаг. Гэтэл нар хаасан цонхтой хэсгийг огт дүгнээгүй. Ерөнхий байшинг дүгнэсэн. Энэ шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж дахин шинжилгээ хийлгэсэн ч өмнөх дүгнэлтийг тэр хэсгийг харна уу гэсэн дүгнэлт л ирсэн байсан. Нар ээвэрлэлттэй холбоотой 2 шинжээчийн дүгнэлтэд гуравдагч этгээдийн өмгөөлөгч болон шүүгч захирамждаа дурдсан. Хүсэлтийг хүлээж авахаас татгалзахдаа энэ захирамжийг үндэслэл болгож байгаа харагдаж байна. Гэхдээ 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нарны ээвэрлэлттэй холбоотой анхны дүгнэлтэд барилга угсралтын ажил батлагдсан зураг төслөөс тэнхлэгийн болон давхрын зөрүүтэй байна гэж дүгнэсэн. Тэгэхээр  өмнөх нарны ээвэрлэлттэй холбоотой 2 дүгнэлт зөрүүтэй байгаа юм. Зөрүүг нарийвчилж 4.1 метр, 5.7 метр ч гэдэг юм уу хэмжээгүй боловч шүүх 2 удаа газрын үзлэг хийж, хэмждэг багажаар хийсэн учраас үүгээр нотлогдож байна гэж үзсэн.

2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Б блок 18.15 метрийн хэмжээтэй гэж заасан. Хот байгуулалт, хотын стандартын газраас 26 хуудас гаргаж өгсөн. Тухайн зурагт бүтнээрээ харагдаж байгаа. Каракаст тааруулж ханаа төмөр бетон зэргээр хийгээд гадуурх дулаалгын материал нь хамгийн багадаа 10-15 метр байна гэж заасан. Нэмээд үзэхээр галын норм дүрэм хангагдахгүй болно. Үүнийг энд ярихгүй, манайх нэг хүсэлт гаргасан гэтэл хурал дээр мэтгэлцэх зарчмаар хэлэлцэнэ гээд хойшлуулж байсан. Гэхдээ 10-15 см дулаалгын хучлага нь шинжээчийн дүгнэлтүүдэд бичсэн хэмжээнээс өөр болно гэж үзсэн. Б блок дээр гарсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг нэхэмжлэгчээс хуулийн заалтуудыг нарийн нэг бүрчлэн дурдчихсан учраас хуулийн заалтыг хэлмээргүй байна. Үүн дээр ямар үндэслэл байгаа гэхээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь архитектур төлөвлөлтийн даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоосон тохиолдолд эрх зүйн үйлчлэлгүй баримтыг мөн үндэслэж гарсан болно. Эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоогүй байсан ч тэр хэмжээгээр барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэн ч гаргаагүй өөрөө зураг төслөө өөрчилсөн. Гэрчилгээ олгох үндэслэл болсон сүүлд гаргаж өгч байгаа газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилсөн гэрчилгээнүүд нь дандаа нөхөж гаргасан гэрчилгээ юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөж олгох тухай заалт бол байхгүй. Гэхдээ Барилгын тухай хуульд зааснаар барилга барих зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн заалтыг Засгийн газраас баталсан. Газрын үзлэгт 75 дугаар байрнаас параллель түвшинд огтлолцоогүй биш огтлолцсон байсан. Ямар хэлбэрээр огтлолцож байна гэхээр анхны зураг төслөө зөрчөөд барьчихсан учраас 75 дугаар байрнаас хойш тууш хана консоль гэдэг зүйл гарч ирсэн. Тэр нь Б блокоос тууш хана руу хэмжсэн хэмжээснүүд байдаг. Газрын үзлэгээр шүүгч лазер гэрэл барьж, 4,81 гэж хэмжсэн бөгөөд фото зургаар баталгаажуулсан.  Үүний дараа нэхэмжлэгч нар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г цуг явж 4,74 гэж хэмжсэн бөгөөд үүнийг хүлээж авах эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Үүн дээр шүүх, шинжээч зэргийг байлцуулахгүйгээр хэмжсэн учраас заавал хүлээж авна, авахгүй гэдэг асуултад маргахгүй. 

Тууш хана байхгүй гэсэн дүгнэлтийн тухайд 18*15 гэсэн хэмжээгээр зураг төсөл харагдаж байгаа. 1,5 метр консоль илүү гаргаж барихад тууш ханатайгаа параллель түвшинд давхацсан учраас 3 цэг дээр хэмжилт хийсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Тэгэхээр галын улсын байцаагчаас газарт нь очиж хэмжилт хийгээгүй. Гэтэл бодит байдалд консоль илүү барьчихсан. Барилга барьсан зураг төсөл нь DAT-ийн хийсэн зургаас ялгаатай. Загвар зурагт 6*6*6 метрийн урттай хана нь 6*6*7.5 метрийн урттай болсон. 

Хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх тайлбарыг өгдөг. Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд барилга барихдаа нийтийн эрх, ашиг сонирхлыг харгалзахаар заасан. Үүнд, барилгын зураг төслийг хийхэд машин явах боломжгүй бол яах талаар бодит илчлэг шаардлагуудыг заасан бөгөөд барилга барихад тавигдах шаардлагыг тусгасан. Гэхдээ тус шаардлагуудад нийцэхгүй байгаа. Тэгэхээр хуулиар олгогдсон эрхийг хөндөж байгаагаа зөвшөөрөлгүй байсан ч энд барилга барих нь чамд ямар хамаатай гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  Хот байгуулалтын тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах ёстой байтал хүссэн бүхэнд зөвшөөрөл гаргаж өгдөг. Энэ нь захиргааны байгууллагаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндсөн хууль бус үйл ажиллагаа гэж үзсэн.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох нэг үндэслэл нь барилгыг барихад техникийн нөхцөлийг авснаар ажлын зураг, экспертиз хийгдэх ёстой байтал хугацаа нь дууссан байсан. Ув сувгийн удирдах газраас техникийн нөхцөлийн хугацаа дууссан учраас өмнөх техникийн нөхцөлөөр сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бусад хүмүүсийн хувьд ялгаагүй, техникийн нөхцөлөө сунгуулж чадаагүй нь учир нь зураг төсөл өөрчлөгдсөнтэй холбоотой. Зураг төслөө өөрчилснийг баталснаар Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ- дугаартай Б блокийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь эдгээр үндэслэлүүдээр хүчингүй болох үндэслэлтэй байна.

Тиймээс гуравдугаар шаардлага буюу Хот байгуулалт, хотын стандартын газраас олгосон 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.” гэв.

4.5. Нэхэмжлэгч Ж.С, Э.И нарын өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч Ё. нарын гаргасан тайлбартай адил байр суурьтай байгаа.” гэв.

4.6. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Эгийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Хот байгуулалт, хөгжлийн газраас "Х" ТББ-д олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 424/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тайлбар гаргаж байна.

"Х" ТББ нь Хан-Уул дүүргийн *******, Улаанбаатар сувиллын урд талд 1539 м.кв газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг судлан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 615 м.кв талбайд буюу Барилгын бүрхэцийн харьцааны 0.4 үзүүлэлтийг баримтлан эдэлбэр газрын 40 хувиас дотогш 09 давхар хүртэл сургалт, судалгааны төвийн барилга барих 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-015 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаа ирүүлж 2020 онд батлуулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх энэ заалт нь орон сууцны барилгын дундах талбайд санал авах зохицуулалт бөгөөд тухайн маргаан бүхий барилга нь барилгын талбайд самбар байршуулан иргэд оршин суугчдаас санал авч журмын заалтыг хэрэгжүүлсэн байдаг.

"Х” ТББ-ын барилгыг "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны хангамж" БНбД 23-04-07-ийн 3.2 дахь заалт нормчлогдох хугацааг хавар, намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын онцлогийг тусган тооцно. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй. "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" БНбД 31-01-10-ийн 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн.

"Х" ТББ нь манай байгууллагад Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т тус тус заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн ирүүлсэн. Баримт бичгийг хянан үзээд 2020 оны 424/2020 дугаартай "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г олгосон болно.

"Х" ТББ-аас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт ирүүлсэн "....75 дугаар байрны оршин суугчдын зүгээс барилга хоорондын зайг хангуулах гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж дээрх барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үүнийг дагуу уг байрны баруун талд тууш байршилтай тус төвийн тэнхлэгээрээ 15*18 хэмжээтэй 3 давхар А блокийн барилгын хэмжээг 3 метрээр хасаж тэнхлэгээрээ 12*18 хэмжээтэй 4 давхар болгож эскиз зураг шинэчлүүлж батлуулсан. Мөн түүнчлэн 75 дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ байршилд баригдаж байгаа тус төвийн тэнхлэгээрээ 18*15м хэмжээтэй 9 давхар Б блок барилга нь шүүхээс томилсон шинжээчийн газар дээр хийсэн хэмжилтээр барилга хоорондын зай хэмжээ нь галын нормоор зохицуулагдах заалттай бөгөөд нормын шаардлагыг хангасан болно. Иймд маргаанд хамааралгүй "Х"-ийн 9 давхар Б блок барилгад тусад нь Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож өгнө үү." гэх хүсэлтийг ирүүлснийг судлахад тус барилгын А, Б блок нь тусдаа барилга болох нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Загвар зураг, Барилгын ажлын зураг, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагддаг. "Х"-ийн барилгын ажлын ажлын зургаас үзэхэд нам блок барилга нь аяган суурьтай, нөгөө блок 9 давхар барилга нь шугаман суурьтай буюу 2 өөр төрлийн суурьтай 2 тусдаа ажлын зурагтай, 2022 оны 09 дүгээр сард шүүгч маргаан бүхий газар дээр үзлэг хийх үед 4 давхар А блокийн барилгын суурь, каркас цутгагдаж дууссан бөгөөд 9 давхар Б блок барилгын суурийн ажил хийгдэж эхэлсэн байна. Энэ нь 2 барилгын суурь тусдаа хийгдсэн, тусдаа 2 барилга болохыг баталсан /Эдгээр нь шүүгчийн үзлэгийн үед авсан фото зургууд болохыг баталж байна. Хавтаст хэрэг 1-ийн 192, 193, 194 хуудас./ Мөн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд "...Төсөл хэрэгжиж буй газар дээр хэмжилт хийхэд А, Б 1 блокийн барилгын А блок нь тэнхлэгээрээ 12.0м*18.0м хэмжээтэй, ±0.00 түвшнээс доош 1 давхар, ±0.00 түвшнээс дээш 4 давхрын цутгалт, "Б" блок нь тэнхлэгээрээ 18.0м*15.0м суурь болон зоорийн цутгалт хийгдсэн байна..." гэж байгаа нь эдгээр барилгууд нь 2 тусдаа баригдсан барилгууд болохыг баталж байна. Энэ нь "Хавтаст хэрэг 2"-ийн 180 дугаар хуудаст тодорхой тусгагдсан байна.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг хангасан тул Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийг мөрдөн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосноор маргаан бүхий 2022 оны дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад баримт бичгийг шаардахыг хориглосон зохицуулалттай. Иймд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох асуудлыг хэлэлцэх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Мэргэжлийн зөвлөлийн хурлаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох эсэх асуудлыг хэлэлцдэг.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь одоогоор Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зөвшөөрлийн кодоо бүртгүүлдэггүй бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн 2 дахь заалтад "Зөвшөөрлийн баримт бичиг нь зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд зөвшөөрөл олгосон шийдвэр, зөвшөөрлийн лавлагааны нэгэн адил эрх зүйн хүчинтэй байна." гэж заасан байх тул эрх зүйн хүчин чадалтай байна.

Иймд маргаан бүхий "Х" ТББ-д олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болсноор маргаан бүхий барилгын барилга угсралтын ажил үргэлжлэх боломжгүй болсон бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй болно.” гэжээ.

4.7. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “1/ Маргаан бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Х НҮТББ-аас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт ирүүлсэн... 75 дугаар байрны оршин суугчдын зүгээс барилга хоорондын зайг хангуулах гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж дээрх барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Үүнийг дагуу уг байрны баруун талд тууш байршилтай тус төвийн тэнхлэгээрээ 15*18 хэмжээтэй 3 давхар А блокийн барилгын хэмжээг 3 метрээр хасаж тэнхлэгээрээ 12*18 хэмжээтэй 4 давхар болгож эскиз зураг шинэчлүүлж батлуулсан. Мөн түүнчлэн 75 дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ байршилд баригдаж байгаа тус төвийн тэнхлэгээрээ 18*15м хэмжээтэй 9 давхар Б блок барилга нь шүүхээс томилсон шинжээчийн газар дээр хийсэн хэмжилтээр барилга хоорондын зай хэмжээ нь галын нормоор зохицуулагдах заалттай бөгөөд нормын шаардлагыг хангасан болно. Иймд маргаанд хамааралгүй "Х"-ийн 9 давхар Б блок барилгад тусад нь Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож өгнө үү." гэх хүсэлтийг ирүүлснийг судлан тус барилгын А, Б блок барилга нь тусдаа барилга болох нь тус газарт ирүүлсэн "Х"-ийн барилгын ажлын ажлын зургаас үзэхэд нам блок барилга нь аяган суурьтай, нөгөө блок 9 давхар барилга нь шугаман суурьтай буюу 2 өөр төрлийн суурьтай 2 тусдаа ажлын зурагтай, 2022 оны 09 дүгээр сард шүүгч маргаан бүхий газар дээр үзлэг хийх үед 4 давхар А блокийн барилгын суурь, каркас цутгагдаж дууссан бөгөөд 9 давхар Б блок барилгын суурийн ажил хийгдэж эхэлсэн байна. Энэ нь 2 барилгын суурь тусдаа хийгдсэн, тусдаа 2 барилга болохыг баталсан. Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм", Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг хангасан тул 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БА дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "22.1. Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ", 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно." гэж тус тус заасны дагуу Х НҮТББ-ын хүсэлтийг судалж нөхцөл байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна. Маргаан бүхий дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан бөгөөд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж явцад нөхцөл байдлын улмаас гуравдагч этгээдийн хүсэлтээр хүчингүй болсноор маргаан бүхий барилгын барилга угсралтын ажил үргэлжлэх боломжгүй болсон бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3. дах хэсэгт "хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ." гэж заасны дагуу шийдвэрлэсэн болно.

2/ Архитектур төлөвлөлтийн даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

"Х"-өөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А-02/1 дугаартай "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр 2019 оны МЗХ2019/05-039 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлүүлэх хүсэлтийг судалж 2020 оны ГБМЗХ2020/04-015 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм"-ийн 3.1.8. Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн хот, тосгонд шинээр барих, өргөтгөл, шинэчлэлт хийх барилга байгууламжийн байршлыг сонгож шийдвэрлүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд тусгуулан хянаж, зөвшөөрөлцөх" эрх үүргийг олгож, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтад барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих эрхийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд уг эрхийг тус газар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Архитектур төлөвлөлтийн даалгавар нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламж барих үед эрх бүхий байгууллагаар батлагдсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилготой дагаж мөрдөх мэргэжлийн байгууллагын анхан шатны шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад" захиргааны акт", 11.1.2 захиргааны гэрээ, 11.1.3 захиргааны хэм хэмжээний акт гэсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэлбэрийг хуульчилж өгсөн байдаг.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт "Барилга барих хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн шийдвэрийг үндэслэн "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг ажлын 2 хоногт багтаан Улаанбаатар хотын ерөнхий архитектораар баталгаажуулж, түүнийг хүсэлт гаргагчид хүлээлгэн өгнө", 3.7 дахь хэсэгт Архитектур төлөвлөлтийн даалгавар хүлээн авсан иргэн, хуулийн этгээд барилгын эх загвар зургийг боловсруулахад хот байгуулалтын мэдээллийн сан дахь дэвсгэр зурагт үндэслэн эрх бүхий байгууллагаар хийлгэнэ" гэж заасан бөгөөд Барилга байгууламж барих үе шатны зөвшөөрлийн тухай захиргааны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа" юм.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт "Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгох бөгөөд чиглэсэн этгээдэд мэдэгдэхээс биш өөр этгээдэд мэдэгдэх шаардлагагүй. Түүнчлэн Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдахад Зөвшөөрлийн тухай хууль хэрэглэгдэхгүй.  

3/ Хийн 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагын тухайд: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад 9 давхар Б блок нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч нь Б блок болох 9 давхар барилгатай маргахгүй гэж хүсэл зоригоо илэрхийлсэн нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны 128/ТМ2023/2333 дугаартай тэмдэглэлд илэрхийлсэн байдаг бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны хүсэлтийг захиргааны байгууллага чиг үүргийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Тэр үүргээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлсэн.

Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтад “27.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдсон буюу 27.3.1 хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй” гэж, Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих барилгын эх загвар зургийг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 8.1.5 дах хэсэгт "Архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр барилгын эх загвар зураг боловсруулахыг хориглоно” гэж маргажээ. Дээр дурдсан Архитектур төлөвлөлтийн даалгаваргүйгээр загвар зургийг боловсруулаагүй бөгөөд 2020 оны ГБМЗХ2020/04-015 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Загвар зургийг боловсруулж, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан байх тул Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан дүрмийн дагуу БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.” гэжээ.

4.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хот байгуулалт, хөгжлийн газраас /хуучин нэрээр/  2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/2190 дугаартай  албан бичгээр “Х” НҮТББ-д сонсох ажиллагааны мэдээллийг явуулсан. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх болсон үндэслэл буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд иргэн Б.Эгийн гомдлын дагуу иргэн Б.Э нарын 11 иргэний нэхэмжлэлтэй хэрэгт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Дээрх үндэслэлийн дагуу тайлбар, нотлох баримтаа ирүүлнэ үү гэх сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр хариу ирүүлэх тухай албан бичиг хүргүүлсэн. “Х” НҮТББ-иас хугацаа сунгах хүсэлт ирүүлсний дагуу 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10/2311 дугаартай албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 35 дүгээр зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу “Х” НҮТББ-ын зүгээс холбогдох тайлбар, нотлох баримтыг ирүүлж, үүнийг судалсны  үндсэнд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/2302 дугаартай дугаартай барилгын ажлын гэрчилгээг түдгэлзүүлэх тухай албан бичгийг “Х” НҮТББ-д хүргүүлсэн.

Гуравдагч этгээдээс дээд шатны захиргааны байгууллага гомдол шалган шийдвэрлэж түдгэлзүүлэх ёстой байтал акт гаргасан байгууллага өөрөө түдгэлзүүлж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 23 дүгээр зүйлийн 23.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагууд буюу иргэн Б.Э тус газарт гомдол гаргасны үндсэнд энэ хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад Захиргааны ерөнхий хуулийн 96 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн бөгөөд 97.1, 97.2, 97.3 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй байгаа учраас захиргааны хэргийн үндсэн маргаан хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр биш.

Барилгын ажил нь үе шаттайгаар зөвшөөрөл авч явагддаг болохыг цохож хэлмээр байна. Аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, газартаа барилга барих зөвшөөрөл хүсэж Хот байгуулалт, хотын стандартын газарт ханддаг. Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Хот байгуулалт, хотын стандартын газар энэ асуудлыг шийдвэрлэдэг. Энэ чиг үүргийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн. Нийт эзэмшиж байгаа 1.500 м.кв газрын 40 хувьд нь  барилга бариарай гэж энэ хүрээнд загвар зураг батлахдаа хариуцагч байгууллагаас алдаа гаргасан. Гэхдээ захиргааны байгууллага гаргасан алдаагаа засах эрхтэй. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж загвар зураг боловсруулагдаж байгаа. Загвар зургийг үндэслэж барилгын ажлын зураг боловсруулагдаж байгаа. Тэгэхээр энэ утгаараа эхний алдаатай буюу барилга хоорондын зай ойртсон байсан загвар зургийг өөрсдөө хүчингүй болгож, шинээр загвар зураг баталж өгсөн. Шинэ загвар зургийг үндэслэж барилгын ажлын зураг хийгдэж улмаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдож, барилга угсралтын ажил хийгдсэн. Үүнд шүүгчийг нэг зүйл анхаараасай гэж хүсэж байна. Монгол Улсад барилга байгууламж барихад Барилгын тухай хууль тогтоомжоос гадна норм дүрэм заавал мөрдөх ёстой. Үүнд, хоёр янзын даалгавар өгөгдсөн байдаг. Зөвлөмжийн шинж чанартай өгөгдсөн хэмжээг ямар тохиолдолд багасгаж болох вэ гэдэг зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нарын маргаад байгаа 4.80 сантиметр барихаар барилгыг төлөвлөсөн. Анх 3 давхар өргөн хэмжээтэй байсныг шинэчилж өгөхдөө барилга хоорондын зайг норм дүрэмд хангуулаад өндрийг нь барилга бүтцийнхээ хэмжээнд багтаагаад 3 давхар байсныг 4 давхар болгосон. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчинтэй, хүчингүй, үндэслэлтэй, үндэслэлгүй, хууль ёсны, хууль бус гээд байгааг бид түрүүн хангалттай ярилцсан. Энэ 2 блокт зэрэг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон байж байгаад дараа нь салгаад олгосон. Салгаж олгосны дагуу эрх ашиг нь хөндөгдөхгүй гэсэн жишүү байрлалтай Б блок бөгөөд нэхэмжлэгч нарын консоль гэж яриад байгаа нь Б блокийн урд талд байгаа. Түүнээ биш А блокийн урд  75 дугаар байртай харьцаж байгаа талд байхгүй. Тэгэхээр барилга хоорондын зайг энд нормчлоогүй гэдгийг хэлмээр байна.

Тухайн үед иргэдээс санал авч болно гэсэн заалтай байсан. Саналыг ямар ямар түвшинд авах вэ гэхээр орон сууцны хороолол дунд барьж байгаа тохиолдолд авах зохицуулалттай байсан. Саналыг авч захиргааны байгууллагаас хийх ёстой зүйлээ хийсэн. НИТХ-ын 5/14 дүгээр тогтоолоор баталсан журмын заалт нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр хүчингүй болсон. Барилгын тухай хуулийн 23 дүгээр зүйлийн 23.1 дэх хэсэгт барилга байгууламжийн байршил тогтоох, загвар зураг батлах асуудлыг 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой бөгөөд эс бөгөөс шийдвэрлээгүй эс үйлдэхүй болохоор хуульчилсан. Энэ утгаараа Нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлж үүний хүрээнд чиг үүргийг хэрэгжүүлсэн. Гаргасан алдаагаа засварлах, зөвтгөх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдсан асуудал учраас алдаагаа өөрөө зассан. Тэгэхээр барилгын норм дүрэмд нийцүүлж хийсэн төлөвлөлтийн дагуу баригдаж байгаа барилга байгууламж учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.9. Гуравдагч этгээд “Х” НҮТББ бие даасан шаардлагадаа: “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" дугаар шийдвэрийг хүчингүй болгох.

Манай "Х” НҮТББ нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/616 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн *******ны нутаг дэвсгэрт Улаанбаатар сувиллын урд 1539 м.кв газар эзэмшдэг бөгөөд уг газар дээрээ Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-015 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулан, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч 2 блок бүхий барилгын ажил эхлүүлсэн билээ.

Дээрх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг манай баригдаж буй газрын зүүн талд байрлах орон сууцны 75 дугаар байрны нэр бүхий оршин суугчид эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Б.Э нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж манай барихаар төлөвлөж буй 2 барилга нь барилгын норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэх, нэхэмжлэгч Б.Э нарын орон сууцны нарын ээвэрлэлтийг хангаж байгаа эсэхийг тогтоохыг даалгасан билээ. Шүүхээс томилогдсон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр манай барихаар төлөвлөж буй 2 барилга нь ямар нэгэн барилгын норм, дүрэм, стандарт зөрчөөгүй, нэхэмжлэгч Б.Э нарын нэхэмжлэгч нарын орон сууцны нарны ээвэрлэлтийн стандарт хангагдаж байгаа болохыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл манай барьж буй 2 блок барилгын нэг болох 9 давхар барилга нь ямар нэгэн норм, дүрэм, стандарт зөрчөөгүй болохыг тогтоосон байсан тул манайх 9 давхар барилга дээрээ шинээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан билээ. Манай хүсэлтийн дагуу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож, манай 9 давхар барилгад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгосон билээ. Уг шинээр олгосон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоотой ямар нэгэн захиргааны хэрэг маргаан үүсээгүй байгаа билээ.

Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/2190 тоотоор сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд манайд олгосон 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх болсон талаар дурдсан байдаг. Бид дээрх мэдэгдлийн дагуу тайлбар баримтыг хүргүүлсэн боловч тус газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасны дагуу манай 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелэлтийг түдгэлзүүлсэн байна.

Бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06/7163 тоот албан бичгээр манай гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн тул тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Нэгэнт манай барьж буй 9 давхар барилга нь барилгын норм, дүрэм, стандарт зөрчөөгүй болохыг мэргэжлийн шинжээч тогтоосон байхад, уг барилгад олгосон гэрчилгээг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Маргаан бүхий Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" дугаар шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийг үндэслэсэн хэрнээ шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Учир нь тус хуулийн 96 дугаар зүйлийн 96-2-т зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн акт нь зөвхөн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд үйлчлэхээр байхад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоогүй шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийлгүйгээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Энэхүү Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлснээр манай барилгын үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн алдагдалд ороод байгаа бөгөөд манай 9 давхар барилга нь барилгын хууль тогтоомжид нийцсэн, гомдол гаргагч 75 дугаар байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй байгаа тул гэрчилгээний биелэлтийг түдгэлзүүлэх бодит шаардлага үүсээгүй гэж үзэж байна.

Уг барилгад манай зүгээс өнөөдрийн байдлаар барилгын ажлын зардал, банк болон бусад байгууллагаас авсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зардалд ихээхэн хөрөнгө оруулалт зарцуулаад байгаа бөгөөд барилгын ажил зогссон нөхцөлд энэхүү зардал нь хохирол болж эрсдэлд орж, манай эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тул уг эрхээ шүүхийн журмаар хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.10. Гуравдагч этгээд “Х” НҮТББ нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох тайлбартаа: “Санал авах хуудсыг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас тогтоосон журмыг баримтлан боловсруулж 75 дугаар байр луу харуулан байрлуулсан. Энэ нь хэргийн материал хуудас 48-аас харагдаж болно. Иймд нүднээс далд байршуулсан асуудал байхгүй болно. Хэргийн материал хуудас 48-д байгаа зургуудаас самбар ил тод, бүрэн харагдахуйц байгаа нь маш тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгч нар 06 дугаар сарын 13-ны өдөр зөвхөн мэдсэн байх боломжгүй. Учир нь самбарыг байршуулсны маргааш буюу 06 дугаар сарын 04-ний өдөр тухайн байрны оршин суугч Г.Т хэмээх хүн утсаар холбогдож барилгын тухай мэдээллийг тодруулан асуусан байдаг. Мөн дээрх асуудлаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Бүх оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулсан байдаг. Энэ тухай Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт ирүүлсэн "Барилга барих хүсэлтийг эсэргүүцэх тухай" өргөдөлд тусгасан байна. Энэ нь нэхэмжлэгч 06 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй буюу илтэд худал мэдүүлсэн болохыг харуулж байна. Дээрх тайлбар дээр үндэслэн хэлэхэд нэхэмжлэгчээс санал авах, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж боогдуулсан ямар ч үйлдэл гаргаагүй, холбогдох журам зөрчөөгүй болно.

Барилга хоорондын зай хэмжээ 30м байх норм, норматив, нар ээвэрлэлтийн норм, норматив зөрчсөн талаар гаргах тайлбар: Хавтас хэргийн нэхэмжлэлд дурдсан дагуу "Х” НҮТББ-ын төлөвлөсөн барилга нь хоёр тусдаа суурь, бүтээц, зориулалт бүхий 9 давхар Б блок, мөн 3 давхар А блок бүхий барилгууд байхаар төлөвлөгдсөн юм. Б блок 9 давхар барилгын тухайд гомдол гаргасан 75 дугаар байрны ташуу баруун урд талд байрлуулж төлөвлөсөн тул БНбД 31-01-10-ын заалт 4.18 "Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт"-д заасан зай хэмжээний нормативд тодорхойлсон "Барилгын тууш /урт/ талуудын хооронд" болон "Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд" заалтууд хэрэгжихгүй болно. А блок 3 давхар барилга нь мөн нэхэмжлэлд дурдсан дагуу төвийн 15м өргөнтэй 17,5м урттай хуучин барилгыг буулгаж суурин дээр 15м өргөнтэй 18м урттай байхаар төлөвлөсөн болно. Энэ нь 75 дугаар байрны оршин суугчдын нөхцөл байдлыг дордуулаагүй, хуучин барилгын суурины хэмжээг томруулаагүй, байр луу ойртуулж барилга хоорондын зай хэмжээг ойртуулаагүй юм. Иймд 30м зайг хангуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй болно

Төвийн барилгыг "Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын нарны хангамж" БНбД 23-04-07-ийн 3.2 дахь заалт Нормчлогдох хугацааг хавар, намрын улиралд тооцох ба тухайн орон нутгийн байршил, байгаль цаг агаарын болон барилгажилтын  онцлогийг тусган тооцно. Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаанд нар мандсаны дараах болон жаргахын өмнөх нэг цагийг тооцохгүй. "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 5.26-д сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх тохиромжтой гэж үзнэ гэсэн заалтыг орчны барилгуудад хангуулан төлөвлөсөн болно. Тухайлбал 9 давхар барилгыг төлөвлөхдөө БНбД 23-04-07 дагуу нарны шууд тусгалын /ээвэрлэлтийн/ хангамжийг хугацааг тооцсон загварчлалаас үзэхэд 75 дугаар байрны өрөө тасалгааны нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нь уг нормд заасан 2.5 цагаас багагүй байх хугацааг давуулан хангаж байгаа бөгөөд нарны гэрлийг бүрэн хаасан зүйл огт үгүй болно.

Барилгажих талбай, нийт эзэмшил газрын 70 хувь хүртэл барилга төлөвлөж болдог бол бид орчны өнгө үзэмж, оршин суугчдын таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс өөрийн газрын дөнгөж 39 хувьд барилгажих төлөвлөлт хийж үлдсэн хувьд буюу 900м2 гаруй талбайд ногоон тохижилт, зам талбай, орц гарц, зогсоол байхаар төлөвлөсөн болно. Энэ нь бид орчны байдлыг давчуу болгохоос сэргийлсэн, зөвхөн том барилга барих өөрийн эрх ашгийг нэн түрүүнд тавихгүйгээр, байгууллагын зүгээс уян хатан хандаж гаргасан шийдвэр юм.

Орчны өнгө үзэмж: хуучин байсан хэмжээгээр нь барилга барьж орчны өнгө үзэмж харин ч эсрэгээрээ илүү сайхан болж, нэмэгдэхээр байгаа. Үүнийг дагаад орчны ая тух нэмэгдэнэ. Энэхүү төлөвлөлтийг эсэргүүцэж байгаа нь өөр ашиг сонирхол агуулж байх хардалтыг бий болгож байна.

Орц гарц, манай газрын орц гарц давхардаж ачаалал үүсгэх, эсвэл орц гарцыг хааж, саад учруулж байгаа ямар ч нөхцөл байдал байхгүй бөгөөд өөр өөрийн тусдаа орц гарцтай бөгөөд тус тусдаа эзэмшил газар, зогсоолтой тул энэхүү нэхэмжлэгчийн агуулга нь үндэслэлгүй гэж үзэж байна. /Зураг хавсаргав/

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх хүсэлтэд гаргах тайлбар, "Х" НҮТББ нь Монгол Улсад төдийлөн хөгжөөгүй герантологийн шинжлэх ухааныг хөгжүүлж хөгшрөлтийн процесс эрт эхэлж байгаа шалтгааныг орчин үеийн шинжлэх ухааны аргаар судлан тогтоох нь хөгшрөлтийг удаашруулах, хөгшрөлттэй тэмцэх, өндөр настны хөдөлмөрийн чадварыг хамгаалах, сайжруулах улмаар нийт хүн амын эрүүл мэндийн асуудлыг сайжруулахад хувь нэмэр оруулахаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Манай төв нь Хан-Уул дүүргийн *******, "Улаанбаатар сувилал"-ын зүүн талд байрлах 15м х 17,5м буюу 262,5 м.кв бетон суурьтай, тоосгон бүтээцтэй өөрийн байрыг судалгааны баазын зориулалтаар ашиглаж ирсэн. Цаашид дэлхий нийтэд хөгшрөлт судлалын үндсэн чиглэл болох мэдрэлийн эсийн үйл ажиллагааны нөхөн төлжих асуудлаар судалгаа шинжилгээ хийх, дадлага туршлага хуримтлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор лабораторийн тоног төхөөрөмж бүхий өндөр настны асаргаа сувилгаа, өтлөлтөөс урьдчилсан сэргийлэх, хөгшрөлттэй тэмцэх, хөгшрөлтийг удаашруулахад зөвлөгөө өгөх орчин үеийн олон улсын төвийг байгуулахаар зорин ажиллаж байна.

Энэхүү зорилгын хүрээнд судалгаа шинжилгээний шаардлагад нийцсэн өөрийн байртай болох нь хамгийн нэн тэргүүний асуудал болсон. Иймд "Тансаг баян хишиг" ХХК-тай Барилга бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ажиллаж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шинэ байшинг барихын тулд хуучин 15м х 17,5м буюу 262,5 м.кв бетон суурьтай, тоосгон бүтээцтэй өөрийн хуучин байрыг нураасан ба шинэ барилгын ажил цаашид зогсолтгүй амжилттай явагдсанаар дараах давуу тал үүснэ.

Монгол улсад энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, орчин үеийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн өндөр настангуудад хөгшрөлтийн үйлчилгээ үзүүлдэг төв Монгол улсад анх удаа байгуулагдах юм. Нийгэмд чиглэсэн хөгшрөлттэй тэмцдэг, судлаач шинжээчид ажиллаж судалгаа шинжилгээ хийх нөхцөл бололцоотой, байртай байгууллага Монгол Улсад нэг ч байхгүй байна. Герантологийн чиглэлээр гадаадын судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах, гадны туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж нээгдэнэ. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн өндөр настангуудад чиглэгдэх биш бөгөөд мэдрэлийн эсийн мембрам, нейрон, теломейрыг судлан тогтоосноор хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, удаашруулах зөвлөгөө, үйлчилгээний чиглэлээр ажилласнаар нийгэмд идэр залуу /30-60/ настангуудад мөн зөвлөгөө өгөх, судалгаа хийх боломжтой. Түүнчлэн тархины эсийг нөхөн сэргээх тархинд цус харвалт болон бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан өвчтөн болон бусад эрүүл мэндийн шалтгаанаар тархины саажилт үүссэн, хөдөлгөөний дутмагшилтай хүүхдүүдэд мэдрэлийн эсийг нөхөн сэргээх эмчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм.

Өөрөөр хэлбэл шинэ барилгын ажлыг зогсоосноор манай төв нь цаашид үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй болох, хуучин байшин нураасан тул өөрийн байргүй болох эрсдэлүүд үүсээд байна. Түүнчлэн Тансаг баян хишиг ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тус компанийн оруулсан хөрөнгө оруулалт, зээл, зээлийн хүү болон бусад гэрээний дагуу үүсэх алдагдлын асуудал хэрхэн шийдэх нь тодорхойгүй ба томоохон өр төлбөр, алданги нэмэгдэх, зээлээ төлж чадахгүй байх, маргаан үүсгэн эрсдэлийг ихэсгэж байна. Одоогийн байдлаар нийт дүнгээр 1.3 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээ хэлцэл хийгдсэн мөн 227 сая төгрөгийн зээлийн хүүгийн болзошгүй эрсдэл буюу нийт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрсдэлд орохоор байна. Энэ хэмжээний мөнгөний эрсдэлийг “Х” барагдуулах боломжгүй юм. Барилгын ажлыг зогсоож хугацаа алдсанаар өнөөдрийн барилгын салбарын хүнд нөхцөл байдал, барилгын материалын үнийн өсөлт зэргээс барилгын хөрөнгө оруулалт нэмэгдэж цаашид барилга бүр баригдахгүй үлдэх эрсдэлийг мөн бий болгож байна.

Бидний зүгээс тухайн орчны нөхцөл байдлыг дордуулаагүй бөгөөд хууль ёсоор олгогдсон зөвшөөрлийн дагуу барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар төвийн Б блок 3 давхар барилгын бетон цутгалтын ажил дууссан бөгөөд гадна тохижилтын ажил хийгдсэнээр орчны нөхцөл байдал хэвийн болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4.11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Маргаад байгаа орон сууцны хоорондын зайны талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Барилгын норм дүрмийн хавсралтууд бүгд зөвлөмжийн хавсралтууд байх бөгөөд 12 дахь  хүснэгтэд барилга хоорондын ойролцоо зай хэмжээ гэж байгаа. Ойролцоо зай хэмжээг заахдаа 2-4 давхарт 15 метр гэдэг байна гэсэн зөвлөмжийн шинжтэй зүйл байгаа. Энэ нь барилгын тууш урт талуудын зайны асуудал яригдана. 9 давхар барилгын хувьд энэ норм үйлчлэхгүй гэдгийг шинжээч дүгнэсэн.

Нэхэмжлэгч Б.Эгаас 9 давхар барилгатай маргахгүй гэж хоёр ч удаагийн шүүх хуралдаанд илэрхийлсэн байсан. Тэр утгаараа тусад нь зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулсан. Байшингаа цааш болговол маргахгүй гэдэг асуудал ярьсан учраас 3 метр хассан. Зөвлөмжийн норм дээрх тоог ойролцоогоор жишиж авч байсан учраас бид нар барилгуудаа норм дүрмийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа учраас бие даасан шаардлагаа дэмжиж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн суурь концепци руу нэг харах ёстой. Бид хуулийн өмнө бүгдээрээ эрх тэгш байх ёстой. Бид хотод амьдарч байгаа хүмүүс, хөдөө биш шүү дээ. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байдаг орон зай бөгөөд үүнийг зохицуулдаг норм дүрэм гэж байгаа. Заавал мөрдөх, зөвлөмжийн гэдэг 2 заалт байгаа. Тэгэхээр манай байгууллагын хувьд хууль тогтоомжийн дагуу хүсэлтээ гаргаж, холбогдох захиргааны байгууллагуудаас шийдвэрийг авч барилгаа хийсэн. Бид нар хориглосон ямар ч заалтыг хөндөөгүй заавал мөрдөх ёстой ямар ч заалтыг бид хөндөөгүй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон. 2 жилийн процесс явлаа, санхүүгийн хувьд маш хүн нөхцөл байдалд орсон. Жижиг байтугай том ч байгууллагыг дампууруулах хэмжээнд хүрч байна. Хамгийн гол нь хуулийн дагуу л эрхээ эдлэх хүсэлтэй байгаа.” гэв.

4.12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж тайлбар хэлье. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 426 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол түүнийг хүчингүй болгоно. Нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа уг актыг цуцалсан эсхүл эрх зүйн үр дагаваргүй болсон бөгөөд тус хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.3 дахь хэсэгт  заасан шаардлагыг сонгохоор хуульчилсан. Нэхэмжлэгч нарын зүгээс хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан ямар онцгой ашиг сонирхол, нөхцөл байдал үүсээд байна гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэдэг нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандаж өргөдөл гаргасан этгээдийг бол ойлгож байгаа. Давуу зүйл нь, шүүхийн өмнө өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тодорхойлох ёстой. Миний ойлгож байгаагаар нэхэмжлэгч нар барилга хоорондын зай хэмжээ, галын аюулгүй байдлын норм, нар ээвэрлэлт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.

Хэргийн үйл баримтын тухайд, нотлох баримт судлах учраас тайлбартаа бол товчхон дурдъя. Галын аюулгүй байдлын норм дүрэм хангагдсан эсэх талаар Барилгын хөгжлийн төвийн 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын 2 удаагийн шинжээчийн дүгнэлт болон зураг төсөлд магадлал хийсэн магадлалын 2 удаагийн дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газраас зураг төсөлд хийсэн дүгнэлт гээд нийтдээ 7 дүгнэлт гарсан байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн зүгээс барихаар төлөвлөсөн барилгатай бол барилгын хууль тогтоомж болон норм стандартуудад нийцүүлж, барилгын зураг төсөл зохиолгож, эрх бүхий байгууллагаар хянуулаад холбогдох техникийн нөхцөлийг авч хуулиар эрх олгогдсон этгээд нь дээрх нөхцөл байдлыг хянаж үзээд анх 2020 оны 424 дугаартай зөвшөөрлийг олгосон. Энэ зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Зөвшөөрөл хүчингүй болгосноос хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол үүсээгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй.

Хоёр дахь шаардлагын тухайд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.5 дахь хэсэгт заасан нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх гэдэг шаардлага гаргаж байгаа ч томьёоллыг харахаар архитектур төлөвлөлтийн даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох гэсэн байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа захиргааны акт гэдэг бол эрх зүйн үйлчлэлтэй, үр дагавартай байж Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт  захиргааны актын 6 шинжийг агуулснаар нэхэмжлэгчээс маргах үндэслэл бүрдэнэ. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай журам яриад байна. Түүнээс биш акт биш болохыг тогтоолгоно гэдэг агуулгаар маргах боломжгүй. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.5 дахь хэсэгт заасан архитектур төлөвлөлтийн даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүлээн авахаас татгалзах үндэслэл байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.5 дахь хэсэгт нийтийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлснээр нэхэмжлэгчид ямар хууль ёсны ашиг сонирхол бий болох вэ гэдгээ тодорхойлох ёстой болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дүгээр зүйлийн 52.5 дахь хэсэгт заасан. Энэ нөхцөлүүдээ огт тодорхойлоогүй 106.3.5 дахь заалт нь 106.3.1 дэх хэсгээс ялгаатай хуульчлагдсан. Энэ талаар хуульд маш тодорхой зохицуулсан.

Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.1 дэх хэсэгт хамаарах үндэслэлүүд бичсэн байгаа болохоос тухайлан 106.3.5 дахь хэсэгт хамаарах нөхцөл байдлаа бичээгүй гэж үзэж харж байна.

Гурав дахь шаардлагын тухайд, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагатай холбоотой 2 блок дээр шинжээчийн дүгнэлт гарсан. 2 блокийн тухайд хангалттай мэтгэлцсэн учраас товчхон хэлье. А блокийн тухайд 20 метр байх ёстой байтал 13 гаруй метр байна гэж н.Цэнд-Аюуш шинжээчээс анхны дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчээс давхрын болон тэнхлэгийн зөрүүтэй байна гэдэгт багасгаад 4 давхар болгож баригдсаныг хэлж байгаа. Б  блок буюу 9 давхар барихаар төлөвлөгдсөн барилгын тухайд н.Цэнд-Аюуш болон  н.маа шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн зан хэмжээ, норм дүрэм зөрчөөгүй гэсэн учраас 2022 оны И******* ХХК-ийн боловсруулсан зургийн дагуу 2 тусдаа байгаа барилгын зөвшөөрлийн гэрчилгээг салгая. Учир нь, Б блок дээр ямар нэгэн нормын зөрчил гараагүй учраас салгаад Б блок дээр тусад нь зөвшөөрөл авъя гээд 2023 оны 06 дугаар сард хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийн дагуу 284 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Б блок дээр салгаж олгосон нь  нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

Хууль зүйн үндэслэлийн тухайд нэг дэх шаардлагад хэлсэн үйл баримтууд адилхан учраас давтах шаардлагагүй байх. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай дугаартай шийдвэрийг хүчингүй болгох шаардлага гаргасан. “Х” НҮТББ нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 616 дугаар захирамжаар эзэмшиж байгаа өөрийн эзэмшил газартаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас авсан 2020 оны 0415 архитектур төлөлтийн даалгавар, нотлох баримтуудаа үндэслээд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч 2 блок бүхий барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.  2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй холбоотойгоор нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 01 дүгээр сарын сарын 02-ны өдрийн захирамжаар Барилга хөгжлийн төвийг шинжээчээр томилж, дээрх 2 барилга нь барилгын норм дүрэм стандартад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгасан байдаг. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр 2 барилга ямар нэгэн барилгын норм дүрэм зөрчөөгүй, нарны ээвэрлэлтийн стандарт хангагдаж байна гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, дээрх 2 барилгын 9 давхар барилга нь ямар нэгэн норм дүрэм, стандарт зөрчөөгүй болох нь тогтоогдсон учраас шинжээчийн дүгнэлтээр зөрчилгүй гарсан. 9 давхар барилгад тусад нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасныг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас /хуучин нэрээр/ хянаж үзээд нэхэмжлэгчийн маргаж байгаа гэрчилгээ болох 2022 оны 424 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож 9 давхар барилгад 2023 оны БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгосон.

Манай маргаж байгаа 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн түдгэлзүүлэх шийдвэр гарах үед ямар нэгэн шүүхийн маргаан үүсээгүй. Өөрөөр хэлбэл, 2023 оны БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэмэгдүүлсэн. Гэтэл нэмэгдүүлэхээс өмнөх хугацаанд буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд нэхэмжлэгч барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх шийдвэрээ гаргасан. Гэтэл Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас /хуучин нэрээр/ өмнө манай гаргасан хүсэлтийг хянаад 9 давхар барилгын тухай ямар нэгэн зөрчил байхгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч тусад нь салгаж өсөн.

Өмнөх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэл нь зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 12-р хүснэгтэд заасан 2-14 давхарт барилга хоорондын тууш ба өндөр талуудын зай 20 метр байна гэснийг 13.5 метр гэж тогтоосон хэсгийг шүүх шийдвэрлэх хүртэл А блокийг салгаад Б блок дээр гэрчилгээ гаргасан хэрнээ 3 сарын дараа энэ актаа түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл маргаан бүхий 09 дүгээр сарын 18-ны өдрийн 242 дугаартай шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг үндэслэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн. Ингэхдээ 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлд заасан заалт нь зөвхөн дээд шатын захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцэх асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд актын биелэлтийг түдгэлзүүлж гомдлыг хангавал захиргааны байгууллага өөрийн шийдвэрээ  хүчингүй болгоно. Гомдлыг хэрэгсэхгүй болговол захиргааны актын үйлчлэл сэргэх ёстой байхад захиргааны байгууллага 96 дүгээр зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч нараас гомдол гаргасан. Гомдлыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хангах эсхүл хэрэгсэхгүй болгох гэдэг шийдвэрийн аль нэгийг гаргах байтал түдгэлзүүлэх гэсэн Захиргааны ерөнхий хуульд байхгүй шийдвэр гаргасан. Уг түдгэлзүүлсэн шийдвэрийн үр дагавар тухайн үед үүсээгүй байсан. Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль зүйн ашиг сонирхлыг зөрчиж байна.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны  418 дугаартай тушаалаар батлагдсан 310110 дугаартай норм нь зөвлөмжийн норм бөгөөд 2-4 давхар барилгын хоорондын зай 15 метр байна гэсэн зохицуулалт нь ойролцоо зай хэмжээг зөвлөмж болгож зохицуулсан зохицуулалт юм. Үүний хүрээнд шинжээчийн дүгнэлт, нотлох баримтаар тогтоогдсон 9.1 метр зайтай байсныг 3 метр татаж 13.6-13.8 хэмжээгээр А блокийг төлөвлөсөн гэдэг нь тогтоогдсон. Ойролцоо зай хэмжээ төлөвлөсөн байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч “Х” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн зүгээс 2 удаагийн шинжээчийн ажлын хөлсөнд 3,440,000 төгрөг дээр 4,000,000 төгрөг нийт 7,440,000 төгрөгийн хөлс төлснийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа.

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд санал авах байсан ч санал авах боломжоор хангахгүйгээр энэ зөвшөөрлийг олгосон гэж нэхэмжлэгч нар маргадаг. Хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан байгаа 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан нэхэмжлэгч нараас Барилга барихыг эсэргүүцэх тухай өргөдөл гаргасан. Өргөдөлд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс самбараа үзээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр оршин суугчдын хурал зарлаж худалдуулсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд санал өгөх боломжоор хангасан. Түүнээс биш огт мэдэгдээгүй, чимээгүй байж байгаад авсан биш самбар байрлуулж, хавтаст хэрэгт албан ёсоор 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өргөдөл бүртгэгдсэн, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр оршин суугчид энэ асуудлаар хуралдаж байгаа нь санал өгөх боломжоор хангасан гэдгийг харуулж байна. Хэргийн үйл баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар түрүүн тодорхой ярьсан учраас эдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан хамгаалагдах ашиг сонирхол үүсээгүй юм байна.

Хоёр дахь шаардлагын тухайд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 болон 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу энэ 3 шаардлагыг хэрэгсэхгүй болгох, хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Бие даасан шаардлагатай холбоотой нэг зүйлийг хэлье. Манайхаас Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зохицуулалт нь 92 дүгээр зүйлийн 92.1 дэх хэсэгт  заасан дээд шатны буюу гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллагад л байдаг эрх юм. Бидний зүгээс түдгэлзүүлсэн гээд агентлагийн гаргасан шийдвэртэй холбоотой Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд зааснаар дээд шат байгууллагад гаргана, дээд шатны байгууллага байхгүй бол өөрт нь гаргана. Дээд шатны байгууллага учраас гаргасан. Нийслэлийн Засаг даргаас түдгэлзүүлсэн бол өөр асуудал байх байсан.

Гэтэл энэ тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага гэдэг 96.2 дахь хэсэгт заасан субъект биш атлаа өөрт байхгүй эрх хэмжээг эдэлж шүүхийн маргаан дуустал түдгэлзүүллээ гэдэг байдлаар бие даасан шаардлагад дурдсан актыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Үүнээс улмаас манай барилгын ажил зогсох, барилгад оруулсан хөрөнгө оруулалт хохирол болох нөхцөл байдлууд байна гэж үзсэн.

Миний үйлчлүүлэгч нарын зүгээс эрх бүхий этгээдээр хянуулж, магадлалаа хийлгээд олгосон зөвшөөрлийн хүрээнд хууль тогтоомжийн дагуу барилга төлөвлөж, улмаар маш их хэмжээний зардал гаргаж, энэ зардлын баримтуудыг хэрэгт өгсөн. Энэ үйл ажиллагааг явуулсан нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж, орц гарцыг хааж, байшинг үнэгүйдүүлж барилгыг төлөвлөсөн зүйл  байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар ч тогтоогддог, шүүхийн үзлэгээр ч тогтоогддог. Ялангуяа Б блокийн тухайд удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр жишүү барилга, жишүү барилгын норм байхгүй тохиолдолд 4.12 дахь заалтыг баримтлахгүй гээд галын аюулгүй байдал нормын дагуу байна гээд тусгай мэдлэгийн хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.12. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний дүгнэлтэд: “Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай магадлалын дүгнэлтээр ... барилгын ажлын зураг төсөл нь "А, Б" 2 блок, "А" блок нь тэнхлэгээрээ 15.0 м х 18.0 м, ± 0.00 түвшнээс доош 1 давхар, ± 0.00 түвшнээс дээш 3 давхар, "Б" блок нь тэнхлэгээрээ 18.0 м х 15.0 м, ± 0.00 түвшнээс доош 1 давхар, ± 0.00 түвшнээс дээш 9 давхар, техникийн давхартай байхаар батлагдсан.

Газар дээр хэмжилт хийхэд "А" блок нь тэнхлэгээрээ 12.0 м х 18.0 м, ± 0.00 түвшнээс доош 1 давхар, ± 0.00 түвшнээс дээш 4 давхрын цутгалт, "Б" блок нь тэнхлэгээрээ 15.0 м х 18.0 м хэмжээтэй, суурь болон зоорийн цутгалт хийгдсэн байна. Барилга угсралтын ажил нь батлагдсан зураг төслөөс тэнхлэгийн болон давхрын зөрүүтэй.

1/ 75 дугаар байр, түүний баруун талд тууш байршилтай баригдаж буй 4 давхар "А" блок барилгын хоорондох зай хэмжилтээр үндсэн хийцээс 13.6 м, "Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18 "Орон сууцны өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно", хавсралт 4-ийн 2.5-д "Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмжийн 12 дугаар хүснэгтэд үзүүлэв", 12 дугаар хүснэгтэд дээрх хэмжээ 15 м байхаар тусгасан.

2/ 75 дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй 9 давхар "Б" блок хэмжилтээр "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн тууш болон хөндлөн байршил байхгүй тул барилга хоорондын зай хэмжээний асуудал нь галын нормоор тогтоогдох бөгөөд нормын шаардлага хангаж байна.

3/ А, Б блок барилгын нарны ээвэрлэлтийн хангамжийн үргэлжлэх хугацааг тооцохдоо газар дээр хийсэн хэмжилт, 2021.10.28-ны өдрийн ******* дугаартай магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажсан барилгын зураг төсөл болон БХБСайдын 2007 оны 179 дүгээр тушаалаар батлагдсан "Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмийн 3.2-т зааснаар нормчлогдох хугацааг хавар-намрын улиралд тооцно гэж зааснаар 3 дугаар сарын 22-ны өдрөөр тооцсон, байршил, цаг агаар, барилгажилтын онцлогийг тусгав. Улаанбаатар хот хойд өргөргийн 47°55'-т байрлах тул нормын 3.6-ын дагуу нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа нь 2 цагаас багагүй байна.

Нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг компьютер программ хангамжийн тусламжтайгаар /online Sketchup pro2022/ тодорхойлно гэсэн заалтуудыг үндэслэн "А" 11,3,4,6,8 тоот/ айлууд тус заалтыг хангаж байгаа учир зөвхөн "Б" /2,10,5,7,9 тоот/ айлууд дээр тооцоог хийж гүйцэтгэв.

Нэхэмжлэл гаргасан Б.Э нарын иргэдийн 75-р байр:

10 айл

Зүүн зүгт харсан 22 цонх

Схем зураг

 

Баруун зүгт харсан 19 цонх

Урд зүгт харсан 12 цонх

Хойд зүгт харсан 10 цонх

Хавсралт нарны тусгалын хангамжийн зурагт үзүүлснээр:

75-р байр

Нар үзэж буй цонх

Нар үзсэн хугацаа

БНбД 23-04-07-г хангаж байгаа эсэх

1-р давхрын Б айл

Д цонх

06:57-11:48

Хангаж байна.

Е цонх

06:57-11:32

2-р давхрын Б айл

Д цонх

06:57-11:48

Хангаж байна.

Е  цонх

06:57-11:32

3-р давхрын Б айл

Б цонх

15:16-15:45

Хангаж байна.

Д цонх

06:57-11:48

Е цонх

06:57-11:32

4-р давхрын Б айл

А цонх

15:40-16:37

Хангаж байна.

Б цонх

14:35-16:37

Д цонх

06:57-11:32

Е цонх

15:40-16:40

5-р давхрын Б айл

А цонх

15:05-17:37

Хангаж байна.

Б цонх

12:40-17:37

Д цонх

06:57-11:48

Е цонх

06:57-11:32

Д цонх (мансард)

06:57-11:48

Иймд “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж” /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримтбичгийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Э нарын оршин суугаа 10 айлын 75-р орон сууцны барилгын нарны шууд тусгал хангаж байгаа тул А,Б блок барилгууд нь тус нормын шаардлагыг хангаж байна.” гэжээ.

4.13. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд: "Д" ХХК-ийн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан барилгын загвар зургийн А блок нь тэнхлэгээрээ 15м х 19м хэмжээтэй 3 давхар барилга. Батлагдсан загвар зургаар 75 дугаар байрны барилгын баруун талын хананаас А блокийн зүүн хойд цэг хүртэл 8.8м, зүүн хана хүртэл 8.9м, зүүн урд цэг хүртэл 9м.

"Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургийн А блок нь тэнхлэгээрээ 12м х 19.45м хэмжээтэй 4 давхар барилга. Батлагдсан загвар зургаар 75 дугаар байрны барилгын баруун талын хананаас А блокийн зүүн хойд цэг хүртэл 13.6м, зүүн талын хана хүртэл 13.4м, зүүн урд цэг хүртэл 13.28м.

2020 онд батлагдсан загвар зургаар А блокийн барилгын суурийн өргөний хэмжээ 15м байснаас 3м хасагдаж, А блокийн барилгын суурийн уртын хэмжээ 19м байснаас 45см нэмэгдэж баригдсан байна. Байршил дээрх хэмжилтээр барилга сууриараа 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургийн дагуу баригдсан байна.

"Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургаар 75 дугаар байр ба түүний баруун талд баригдаж буй 4 давхар А блок барилгын хоорондын зай 3 цэгт барилгын загвар зурагт хэмжилт хийхэд 13.28м-13.6м байхаар төлөвлөсөн байна. "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18-т "Орон сууцны өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно" гэж заасан. "Интелект тауэр" ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар барилга хооронд 15м байх барилгын норм ба дүрмийг 75 дугаар байрнаас хангуулаагүй байна.

Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт А, Б блок барилгын нарны ээвэрлэлтийн үргэлжлэх хугацааг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургийг үндэслэсэн байна.

"Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургийн хэмжээнд Б блокийн суурь баригдсан. 75 дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй "Б" блок нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ийн тууш болон хөндлөн байршилд хамаарахгүй тул барилга хоорондын зай хэмжээний асуудал нь галын зай хэмжээгээр зохицуулагдана. 75 дугаар байр ба 9 давхар Б блок барилгын хоорондох зайг барилгын загвар зураг болон байршил дээр 2 цэгт хийсэн хэмжилтээр 6.19м болон 10.78м байна. Барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг Дэд бүтцийн хөгжлийн Сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/-ийн хавсралт 4-ийн 1-р хүснэгтийн дагуу тогтооно. 1-р хүснэгтэд барилгын гал тэсвэршилтийн 2-р зэргийг барилга хоорондох зай хэмжээ нь 6 м байхаар туссан. "Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зураг болон байршил дээрх хэмжилтээр гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ нь "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/- ийн шаардлагыг хангаж байна.” гэжээ.

4.14. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд: “"Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн "Тайлбар" хэсгийн 2-т Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлно гэж заасан ба 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар Б блок барилгаас 75 дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байна” гэжээ.

4.15. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтэд: “Б блок барилгаас 75 дугаар байрны барилга байгууламж хүртэлх галаас хамгаалах зай хэмжээг шалгахад Б блок барилгын ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хавтгайлжин хананы гадаргуу хэсэг 75 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун тийш харсан барилгын хавтгайлжин хананы гадаргуу хоёрын хооронд паралел түвшинд огтлолцохгүй буюу Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын тайлбар хэсгийн 2 дугаар зүйл "Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлно"-д заасныг мөрдлөг болгон хэмжилт хийх үндэслэлгүй байна. Интелект тауэр ХХК-ийн боловсруулсан зургаар Б блок барилга нь төмөр бетонон каркасан бүтээцтэй, блокон дүүргэлттэй буюу Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй. Орон сууцны 75 дугаар байр хийцлэл нь төмөр бетонон каркасан бүтээцтэй, тоосгон дүүргэлттэй, БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмээр барилга байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэг нь нормын хүрээнд хангагдсан.” гэжээ.inTop of Form

Bottom of Form

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд. Х НҮТББ-д олгогдсон маргаанд хамаарах архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу  баригдаж буй А, Б блок бүхий барилга нь Хан-Уул дүүрэг, ******* /*******/-нд орон сууцны 75 байрны баруун талд тууш А блок, баруун урд талд ташуу зэргэлдээ Б блок баригдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нар 75 дугаар байрны өмчлөгч, иргэний бүртгэлээр тухайн хаягт оршин суугчид, тухайлбал, 75 дугаартай 6 давхар орон сууцны барилгын 1 дүгээр давхрын 1 тоотод Г.Т, 2 тоотод Л.Г, 2 дугаар давхрын 10 тоотод Ж.С, Э.И, 3 дугаар давхрын 4 тоотод М.У, 5 тоотод Ү.Б*******э, 4 дүгээр давхрын 7 тоотод Т.М, 8 тоотод Б.Э, С.Энхжаргал нар оршин суудаг тул тэдгээр иргэдийг уг орон сууцны зэргэлдээ барилга баригдах нь барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм, дүрмийг зөрчсөн эсэхэд маргах эрхтэй хэмээн үзсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан доорх шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анх 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан, 07 дугаар сарын 19-ний өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Хд олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн дээрх шаардлагаа,

Х НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтаар/ хэмээн өөрчилж,

2.2. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтаар/,

2.3. Х НҮТББ-д олгосон Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан.

2.4. Гуравдагч этгээд Х ТББ нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан байна.

Гурав. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар Х НҮТББ-д 1134 м.кв газрыг сургалт судалгааны төвийн зориулалтаар эзэмшүүлсэн ба, 2018 оны дугаар захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж 1539 м.кв хэмжээгээр эзэмшүүлж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчилж худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалтаар дээрх хэмжээнд эзэмшүүлсэн[1].

3.2. Хариуцагч болон холбогдох эрх бүхий байгууллагаас дараах эрх зүйн актууд гуравдагч этгээд Х НҮТББ-ын маргаанд хамаарах барилгад олгогдсон.

- Хариуцагч байгууллагаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[2] олгосныг хүчингүй болгож шинэчлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2020/04-015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[3] олгосон,

- Д ХХК-ийн боловсруулсан барилгын загвар зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталж[4], улмаар ажлын зураг[5] төсөлд магадлал хийж Барилгын хөгжлийн төв 2021 оны 10 дугаар сарын 28-нд ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт[6] гаргасан,

- Хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр[7] сургалт, судалгааны төвийн зориулалтаар, В1-3 давхар сууриараа 18.0м х 33.0м, 4-9 давхар сууриараа 18.0м х 15.0м хэмжээтэй, 9 давхар, 1 блок барилга И******* ХХК-ийн боловсруулсан 2022 оны загвар зургаар барих зөвшөөрөл олгосон,

- уг барилгад цахилгааны[8], цэвэр ус хангамж, бохир ус татан зайлуулах шугамын[9], дулааны шугамын[10], холбооны шугамын[11] техникийн нөхцөлийг холбогдох байгууллагуудаас олгосон,

- Улаанбаатар хотын ерөнхий архитектор 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр И******* ХХК-ийн боловсруулсан барилгын загвар зургийг шинэчилж баталж[12], улмаар ажлын зураг[13] төсөлд магадлал хийж Барилгын хөгжлийн төв 2023 оны 05 дугаар сарын 8-нд ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт[14] гаргасан.

- Хариуцагч 2023 оны 06 дугаар сарын 02-нд БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[15] сургалт судалгааны төвийн зориулалтаар, сууриараа 18м х 15м хэмжээтэй, 9 давхар 1 блок буюу Б блок барилгад И******* ХХК-ийн боловсруулсан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар олгосон,

- 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр “2023 оны 06 дугаар сарын 02-ны БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г “шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд” түдгэлзүүлсэн[16] байна.

3.3. Нэхэмжлэгч нар баригдаж буй А, Б блок барилгыг 75 дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийг хангуулаагүй төлөвлөж, барьснаас тэдгээрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн маргадаг тул нэхэмжлэгч талын хүсэлтүүдээр “баригдаж буй А, Б блок барилгыг нэхэмжлэгч нарын орон сууцны 75 дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн  холбогдох норм, дүрэм зөрчиж төлөвлөсөн, барьсан эсэх”-ийг тогтоолгохоор шинжээч томилж, дараах дүгнэлтүүдээр доорх нөхцөл байдал тогтоогджээ.

3.3.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 303 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр[17] 1/ 75 дугаар байр ба түүний баруун талд тууш байршилтай баригдаж буй 4 давхар А блок барилгын хоорондох зай хэмжилтээр 13.6 м байгаа нь  Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18, Хавсралт 4-ийн 2.5, 12 дугаар хүснэгтэд 15 м байхаар тусгасныг хангаагүй. 2/ 75 дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ баригдаж буй Б блок барилгын хувьд хэмжилтээр "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн тууш болон хөндлөн байршил байхгүй тул барилга хоорондын зай хэмжээний асуудал нь галын нормоор тогтоогдох бөгөөд нормын шаардлага хангаж байна. 3/ Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмийг 1 дүгээр давхрын 1 тоот Г.Тын, 3 дугаар давхрын 4 тоот М.Уянгын, 5 дугаар давхрын 8 тоот нэхэмжлэгч Б.Э, С.Энхжаргал нарын орон сууц зүүн тийш харсан 2 цонх, урагшаа харсан 2 цонхоор хангаж байна, 1 дүгээр давхрын 2 тоот Л.Ггийн орон сууцны зүүн тийш харсан 2 цонхоор /06:57-11:32, 06:57-11:48 цагуудад/, 2 дугаар давхрын 10 тоот Ж.С, Э.И нарын орон сууцны зүүн тийш харсан 2 цонхоор /06:57-11:32, 06:57-11:48 цагуудад/, 3 дугаар давхрын 5 тоот Ү.Б*******ийн орон сууцны зүүн тийш харсан 2 цонхоор /06:57-11:32, 06:57-11:48 цагуудад/, баруун тийш харсан 1 цонхоор /15:16-15.45 цагуудад/, 4 дүгээр давхрын 7 тоот Т.Мын орон сууцны зүүн тийш харсан 1 цонхоор /06:57-11:32 цагуудад/, баруун тийш харсан 2 цонхоор /14:35-16:37, 15:40-16:37 цагуудад/ хангаж буй нь тогтоогдсон.   

3.3.2. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7003 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтээр[18] "Д" ХХК-ийн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан барилгын загвар зургаар А блок 15м х 19м, 3 давхар, батлагдсан загвар зургаар 75 дугаар байрны баруун  хананаас А блокийн зүүн хойд цэг хүртэл 8.8м, зүүн хана хүртэл 8.9м, зүүн урд цэг хүртэл 9м.   

"Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургаар А блок 12м х 19.45м, 4 давхар, 75 дугаар байрнаас 13.6м, 13.4м, 13.28м, хэмжилтээр барилга сууриараа 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургийн дагуу баригдсан. 13.28м-13.6м байхаар төлөвлөсөн нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18-т "Орон сууцны өөр хоорондоо болон орчны барилга байгууламжтай харьцах зай хэмжээг энэхүү норм ба дүрмийн зөвлөмжийн 4 дүгээр хавсралт ёсоор тогтооно" гэж зааснаар 15м байх барилгын норм ба дүрмийг 75 дугаар байрнаас хангуулаагүй. 

"Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан барилгын загвар зургаар Б блок нь загвар зургийн хэмжээгээр суурь нь баригдсан. 75 дугаар байрны баруун урд талд ташуу зэргэлдээ бөгөөд "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ийн тууш болон хөндлөн байршилд хамаарахгүй тул барилга хоорондын зай хэмжээ нь галын норм дүрмээр зохицуулагдана. 75 дугаар байрнаас хэмжилтээр 6.19м болон 10.78м, барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг Дэд бүтцийн хөгжлийн Сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" /БНбД 30-01-04/-ийн хавсралт 4-ийн 1-р хүснэгтээр барилгын гал тэсвэршилтийн 2-р зэргийг барилга хоорондох зай хэмжээ нь 6 м байхаар туссан нь шаардлагыг хангаж байгааг тогтоожээ.

3.3.3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 4389 дугаар захирамжаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас томилогдсон шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр[19] "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийн "Тайлбар" хэсгийн 2-т Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлох ба 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар Б блок барилгаас 75 дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байгааг тогтоосон. 

3.3.4. Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 6230 дугаар захирамжаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас өмнө томилогдсон шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт дүгнэлтээр[20] 1/ Б блок барилгын зүүн талын хавтгайлжин хананы гадаргуу 75 дугаар байрны баруун талын хавтгайлжин хананы гадаргуу хооронд паралел түвшинд огтлолцохгүй буюу Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30-01-04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын тайлбар хэсгийн 2 дугаар зүйл "Барилга байгууламжийн хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зайг гадна хавтгайлжин ханын гадаргуу хоорондын хэмжээгээр тодорхойлно"-д заасныг мөрдлөг болгон хэмжилт хийх үндэслэлгүй. 2/ Интелект тауэр ХХК-ийн боловсруулсан загвар зургаар баригдах Б блок барилга нь төмөр бетонон каркасан бүтээцтэй, блокон дүүргэлттэй буюу Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгтээр гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, 75 дугаар байр төмөр бетонон каркасан бүтээцтэй, тоосгон дүүргэлттэй, БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгтээр  гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, гал тэсвэршилтийн зэрэг нь нормын хүрээнд хангагдсаныг тогтоосон.

Өөрөөр хэлбэл шинжээчдийн дүгнэлтээр А блок барилга “Д" ХХК-ийн боловсруулж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан загвар зургаар ч, "Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар ч "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18-д заасныг 75 дугаар байрнаас хангуулаагүй төлөвлөгдсөний дээр зай хэмжилтээр ч хангуулаагүй баригдсан нь тогтоогдсон, харин Б блок барилга "Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар төлөвлөсөн хэмжээндээ баригдсан ба 75 дугаар байртай тууш, хөндлөн зэргэлдээ биш, барилга хоорондын зай хэмжээ тодорхойлогдох галын аюулгүй байдлын норм ба дүрмийг хангуулсан. А, Б блок барилга 75 дугаар байрны нарны ээвэрлэлтийн норм ба дүрмийг хангуулан төлөвлөгдөж, баригдсан нь тогтоогджээ. 

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлага бүрээр дүгнэж дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.

4.1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ТББ-д олгосон 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдуулан гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгуулах агуулгаар тодорхойлсон байсан бөгөөд уг захиргааны актыг захиргааны байгууллага өөрөө хүчингүйд тооцож, эрх зүйн үйлчлэлгүй болгосноор “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилж, энэ шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

4.1.1. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас Х НҮТББ-д олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр И******* ХХК-ийн боловсруулсан загвар зургаар, В1-3 давхар сууриараа 18.0м х 33.0м, 4-9 давхар нь 18.0м х 15.0м хэмжээтэй, нийт 9 давхар, 1 блок, дунд төвөгшилтэй барилга барих зөвшөөрөл олгосон.

Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 27 дугаар зүйлийн 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 28 дугаар зүйлийн “28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”-ийг барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргана” гэж зааснаас үзэхэд батлагдсан загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг, ажлын зураг боловсруулагдана, эх загвар зураг, ажлын зурагт магадлал хийгдэнэ, загвар зураг, техникийн нөхцөлүүд, магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлтийг хавсаргаж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүснэ, зураг төсөлд магадлал хийгдээгүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана гэж хуульчилсан.  

Гэтэл маргаан бүхий дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон атал үндэслэл болгосон "Интелект тауэр" ХХК-ийн боловсруулсан загвар зураг нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсоноос хойно батлагдсан, түүнд хийгдсэн ******* дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн, өөрөөр хэлбэл “батлагдаагүй, магадлалын дүгнэлт хийгдээгүй зураг төсөл”-д барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4.1.2. Маргаан бүхий дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдох үед эрх бүхий этгээдээс батлагдсан байсан "Д" ХХК-ийн боловсруулсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан загвар зургаар А блок барилга 75 дугаар байр хооронд 8.8м-9м зайтай төлөвлөсөн нь Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18, Хавсралт 4-ийн 2.5, 12 дугаар хүснэгтэд 15 м байхаар заасныг хангуулаагүй буюу зөрчиж төлөвлөгдсөн нь хөрш зэргэлдээ барилгын оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөржээ.

4.1.3. Маргаан бүхий дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндэслэл болсон "Интелект тауэр" ХХК-ийн боловсруулж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан загвар зургаар  А блок барилга "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18-д заасныг 75 дугаар байрнаас хангуулаагүй буюу зөрчиж төлөвлөгдсөн нь хөрш зэргэлдээ барилгын оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөржээ.

4.1.4. 75 дугаар байр "А" блок барилгын хоорондох зай бодит хэмжилтээр 13.6 м /гадна засал хийгдээгүй үндсэн хийцээс/ байгаа нь Орон сууцны барилгын зураг гадна Төлөвлөлт /БНбД 31-01-10/ барилгын норм ба дүрмийн 4.18, Хавсралт 4-ийн 2.5, 12 дугаар хүснэгтэд 15 м байхаар заасныг мөн хангуулаагүй буюу зөрчиж баригдсан нь хөрш зэргэлдээ барилгын оршин суугчид, өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөржээ.

4.1.5. Ийнхүү батлагдаагүй загвар зургаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь, барилга нь төлөвлөлтийн загвар зургаар болон бодит байдалд баригдсан хэмжээний хувьд зэргэлдээ орших орон сууцны барилгаас зай хэмжээний норм ба дүрэм хангуулаагүй нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4 “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” шаардлагыг зөрчжээ.

4.1.6. Хариуцагч захиргааны байгууллага барилгын баримт бичгийг батлах, шийдвэрлэх эрх хэмжээний хүрээнд өөрийн гаргасан шийдвэрээ өөрчлөх, шинэчлэн батлах эрх хэмжээтэй ба Х НҮТББ-д 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо өмнө олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй гэж үзвэл захиргааны актыг эерэг нөлөөлөл бүхий ч захиргааны байгууллага захиргааны актыг батлан гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгох” зохицуулалтын хүрээнд байна.

4.2. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн “архитектур төлөвлөлтийн даалгаврууд эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох” энэ шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтаар “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх” шийдвэрийн төрлөөр тодорхойлжээ. 

4.2.1 “Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх” буюу эрх зүйн харилцаа байгаа, эсхүл байхгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд гаргадаг[21], тухайлбал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй байх. Түүнчлэн нэхэмжлэгчид эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох онцгой ашиг сонирхол байхыг шаардана. Гэтэл а/ нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн өөр төрлөөр эрхээ хангуулах боломжгүй болсон гэж тайлбарлаагүй, б/ түүнчлэн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгааг тодорхойлоогүй.

4.2.2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн “эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлээ “архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын зураг төсөл боловсруулахад баримтлах норм хангуулах төлөвлөлтийн баримт бичиг буюу захиргааны акт биш, үндэслэж хийгдсэн загвар зураг, барилгын ажлын зөвшөөрөл хүчингүй болсноор эрх зүйн үр дагавар нь дуусгавар болсон” гэх агуулгаар тайлбарлаж буй нь нэхэмжлэлийн энэ төрлийн шаардлагын шалгуурт хамаарахгүй юм. Тодруулбал а/ маргаж буй эрх зүйн актыг захиргааны акт биш гэж үзэж байгаа бол түүнд холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй. б/ үндэслэлдээ тайлбарласанчлан “хүчингүй болсон, эрх зүйн үр дагавар нь дуусгавар болсон” гэж үзэж буй бол шаардлагаа шүүхээс гарах шийдвэр, нэхэмжлэлийн өөр төрлөөр тодорхойлох байсан, гэхдээ ийнхүү тодорхойлоогүй.

4.2.3. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д "барилга байгууламжийн зураг төслийн магадлал гэдэгт барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг ойлгохоор”, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Барилгын зураг төсөл эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх шаардлагыг хангасан байхаар” заасан ба архитектур төлөвлөлтийн даалгавар нь эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн хувь, эдэлбэр газрын аль хэсэгт барилгажих талбайг төлөвлөснийг харуулдаг, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоодог баримт бичиг бөгөөд түүнд заасан зориулалт, хүчин чадлын хүрээнд барилгын загвар зургийг боловсруулдаг, энэ шаардлагыг хангаагүй зургийг батлахгүй үр дагавар агуулах тул нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн тодорхой үр дагавартай захиргааны акт гэж үзэхээр байна.

4.2.4. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар Х НҮТББ-ын барилгын төсөлд архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ГБМЗХ дугаараар шинэчилж олгохдоо өмнө олгосон 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тул хүчингүй болсон уг актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

4.2.5. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-д эзэмшил газарт нь сургалт судалгааны төвийн зориулалттай барилгын төсөлд олгосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчин төгөлдөр бөгөөд эдэлбэр газар, түүн дээрх барилгажих талбайн төлөвлөлт, барилгын зориулалт, хүчин чадал, ерөнхий төлөвлөгөө, төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам хангамж зэрэг шаардлагуудыг тогтоосон, түүнд үндэслэж барилгын загвар зураг боловсруулагдан, батлагдаж, зураг төсөлд магадлал хийгдсэн, тэдгээр нь хүчин төгөлдөр байна.

4.2.6. Нэхэмжлэгч нар архитектур төлөвлөлтийн энэ даалгавраар тогтоосон төлөвлөлтийг хууль бус гэж маргаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ “2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд нь эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.3. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн “Х НҮТББ-д олгосон Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага үндэслэлгүй болох нь дараах байдлаар  тогтоогдлоо.

“Х” НҮТББ-д олгосон Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр Б блок буюу 75 дугаар байрны баруун урд талд ташуу /тууш, хөндлөн биш/ зэргэлдээ байршилд баригдаж /суурийн ажил хийгдсэн/ буй 9 давхар 1 блок барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож[22], улмаар өмнө А, Б блок буюу 18м х 33м В1-3 давхар, 18м х х15м 4-9 давхар барилгад олгосон 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон[23].

Нэхэмжлэгч нар энэ шаардлагын үндэслэлээ мөн баригдаж буй Б блок барилгыг 75 дугаар байрнаас барилга хоорондын зай хэмжээний норм ба дүрмийг хангуулаагүй төлөвлөж, барьснаас тэдгээрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн маргадаг.

4.3.1. Хариуцагч барилгын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар “барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээх” ба, 35 дугаар зүйлийн 35.1.2. “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 35.1.3. “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих”, 35.1.6. “... барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” бүрэн эрхийг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.   

Нөгөө талаас барилгын захиалагч буюу энэ хэргийн хувьд гуравдагч этгээд Х НҮТББ нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.2. “... барилга байгууламж болон үйл ажиллагааныхаа талаарх иж бүрэн мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт нийтэд ил тод байрлуулах”, 37.1.3. “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх” үүргийг хүлээнэ.

И******* ХХК-ийн боловсруулсан загвар зургийг 2022 оны 10 дугаар сарын 24-нд хотын ерөнхий архитектор баталж, барилгын ажлын зураг төслийн өөрчлөлтөд Барилгын хөгжлийн төв 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан, шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т тоочсончлон холбогдох техникийн нөхцөлүүдийг 2022, 2023 онд шинэчлэн батлуулсан буюу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх Барилгын тухай хуулийн холбогдох баримт бичгийг бүрдлүүд хангуулсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй байна.

Тодруулбал, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон захиргааны шийдвэр гаргах ажиллагаа Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 27 дугаар зүйлийн 27.3.2-т “зураг төсөлд магадлал хийгдээгүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.2-т “28.2.1-д “барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт”-ийг барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргана” гэж заасны дагуу эзэмшил газарт, өгөгдсөн төлөвлөлтийн даалгавар, батлагдсан загвар зураг, олгогдсон техникийн нөхцөлүүд, тэдгээрт үндэслэн боловсруулагдсан зураг төсөл, түүнд хийгдсэн магадлалын дүгнэлт зэрэг барилгын ажлын зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийг үндэслэсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна.

4.3.2. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны дүгнэлтээр Б блок барилга нь 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургийн  хэмжээнд сууриараа баригдсан, нэхэмжлэгч нарын орон сууцны 75 дугаар байртай аль ч талаараа хөндлөн болон тууш байршилд биш, баруун урд ташуу буюу Б блок барилгын зүүн хойд цэг 75 дугаар байрны баруун урд цэгтэй зэргэлдээ байрлалтай тул эдгээр барилга хоорондын зай хэмжээ галын норм ба дүрмээр зохицуулагдах ба галын норм ба дүрмийн шаардлагыг хангаж байгааг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоожээ. Тухайлбал,

а. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургаар Б блок барилгаас 75 дугаар байр хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээ хангагдаж байгааг,

б. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр Интелект тауэр ХХК-ийн боловсруулсан загвар зургаар Б блок барилга нь Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, орон сууцны 75 дугаар байр нь БНбД 21-02-02 норм ба дүрмийн 2 дугаар хавсралтын хүснэгт тайлбарт зааснаар гал тэсвэршилтийн 2 дугаар зэрэгтэй, Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм БНбД 21-02-02 норм ба дүрмийг үндэслэн дүгнэхэд барилга байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэг нь нормын хүрээнд хангагдсан болохыг тус тус тогтоожээ.

4.3.3. Мөн дээр дүгнэгдсэн шинжээчийн дүгнэлтээр Хийн А болон Б блок барилга И******* ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан эх загвар зургаар “Орон сууц, олон нийтийн барилга сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж" /БНбД 23-04-07/ барилгын норм ба дүрмийг 1 дүгээр давхрын 1 тоот Г.Тын, 3 дугаар давхрын 4 тоот М.Уянгын, 5 дугаар давхрын 8 тоот нэхэмжлэгч Б.Э, С.Энхжаргал нарын орон сууц зүүн тийш харсан 2 цонх, урагшаа харсан 2 цонхоор хангаж байна, 1 дүгээр давхрын 2 тоот Л.Ггийн орон сууцны зүүн тийш харсан 2 цонхоор /06:57-11:32, 06:57-11:48 цагуудад/, 2 дугаар давхрын 10 тоот Ж.С, Э.И нарын орон сууцны зүүн тийш харсан 2 цонхоор /06:57-11:32, 06:57-11:48 цагуудад/, 3 дугаар давхрын 5 тоот Ү.Б*******ийн орон сууцны зүүн тийш харсан 2 цонхоор /06:57-11:32, 06:57-11:48 цагуудад/, баруун тийш харсан 1 цонхоор /15:16-15.45 цагуудад/, 4 дүгээр давхрын 7 тоот Т.Мын орон сууцны зүүн тийш харсан 1 цонхоор /06:57-11:32 цагуудад/, баруун тийш харсан 2 цонхоор /14:35-16:37, 15:40-16:37 цагуудад/, 5 дугаар давхрын 9 тоот /нэхэмжлэл гаргаагүй/ орон сууц хангаж буй нь тогтоогдсон.  

4.3.4. Урагшаа болон баруун, зүүн харсан цонхтой орон сууцны хувьд 1 орон сууцанд хэд хэдэн айл өрх байдаг тул “Нарны тусгалын хангамжийн норм ба дүрмийг хангасан” гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эгийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, учир нь түүний үйлчлүүлэгч нар 75 дугаар байрны 8 тоотод оршин суудаг, тэрээр бусад нэхэмжлэгч нарын болон нэхэмжлэл гаргаагүй бусад оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг төлөөлж илэрхийлэхгүй бөгөөд, хэрэгт 1 орон сууцанд хэд хэдэн өмчлөгч, айл өрх оршин суудаг гэх баримт авагдаагүй болно.

4.3.5. Ийнхүү шинжээчийн дүгнэлтүүдээр Хийн Б блок барилга И******* ХХК-ийн боловсруулсан 2022 оны 10 дугаар сарын 24-нд батлагдсан загвар зургийн хэмжээнд баригдаж буй нь, нэхэмжлэгч нарын орон сууцны нарны ээвэрлэлтийн норм дүрмийг хангуулсан нь, барилга хоорондын зай хэмжээний норм дүрмийг хангуулсан нь тогтоогдож байх тул 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр баригдаж буй барилга нь барилга байгууламжид тавигдах Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2 “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4 “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” шаардлагыг хангаагүй гэх, нэхэмжлэгч нарын оршин суух орон сууцны хувьд барилга хоорондын зай хэмжээ, нарны ээвэрлэлтийн норм дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 303 дугаар захирамжаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн шийдвэр нь актын хэрэгжилтийг л түр хязгаарласан агуулгатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын шийдвэр бөгөөд захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг зөвтгөх буюу хүчингүй болгож, өөрчилж, дахин гаргах Барилгын тухай хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийг хязгаарласан агуулгагүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг өөрчлөх, шинэчлэн батлах эрх хэмжээний хүрээнд шинэчлэн батлах нь эрх зүйн хувьд боломжтой.

Харин ийнхүү 2020 оны эх загвар зураг, 2022 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг эрх зүйн үйлчлэлгүй болгож, улмаар 2022 онд батлагдсан шинэ загвар зургаар 2023 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгосон нь “2022 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Тав. Гуравдагч этгээд Х НҮТББ-ын “нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.1. Юуны өмнө гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар тодорхойлсон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Х НҮТББ-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай албан бичиг нь “хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан, тухайн барилгын ажлын зөвшөөрлийн хувьд гомдол гаргаж маргаан үүссэнээр биелэлтийг түдгэлзүүлж тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд буюу Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх харилцаанд эрх бүхий этгээдээс тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг тодорхой этгээдэд зөвшөөрсөн баримт бичгийн үйлчлэлд гадагшаа чиглэсэн, зөвшөөрлийн хэрэгжилтийг гомдол, маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд түр зогсоосон эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, хэрэгжүүлээгүй тохиолдолд албадлага хэрэглэх захирамжилсан” шинжээрээ бичгээр гаргасан захиргааны акт байна.

5.2. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлээр нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тохиолдолд эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагаанд харгалзах нөхцөл байдал, шийдвэрлэх эрх хэмжээг зохицуулсан, тухайлбал, эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагаанд 7.1.1. барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2. иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол  байгаа эсэхийг харгалзаж, улмаар 7.2-т зааснаар нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргах эрх хэмжээтэй бөгөөд, 7.5-д зааснаар  барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох шийдвэр гаргах ажиллагаанд барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг хүлээнэ.

5.3. Тиймээс ч хариуцагч байгууллага нь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх хүрээнд маргаанд хамаарах барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэлээр үүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг зөрчөөгүй бөгөөд 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т “захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ” гэж заасанд  нийцжээ гэж шүүх үзлээ.

5.4. Хариуцагч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Тухайлбал, хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/2190 тоот албан бичгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гомдол, маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаагаар Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 зааснаар 96.2-т заасан хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийн үндэслэл, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар буюу 97 дугаар зүйлийн 97.1-д заасан “түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал бий эсэхэд тайлбар санал гаргах хугацаа тогтоосон” сонсох ажиллагааны мэдэгдлийг[24] хүргүүлсэн байдаг. 

Зургаа. Маргаанд хамаарах барилгын газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар  зориулалт өөрчлөн “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц”-ны зориулалтаар эзэмшүүлсэн байхад үүнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 16-нд олгож буй дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг эрх зүйн үйлчлэлгүй болсон 2018 оны дугаар захирамжаар газрын эзэмших эрхэд үндэслэн олгож, цаашлаад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн БАЗГ/ дугаартай олгохдоо ч энэ алдааг засаагүй байна. Энэ нь барилгын зураг төсөлд тавигдах Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөлд үндэслэн боловсруулагдсан байх шаардлагыг хангаагүй, улмаар уг шаардлагыг хангаагүй загвар зургаар барилгын ажлын зөвшөөрөл олгосон байх ч, энэ нь нэхэмжлэлийн шаардлагын “барилга хоорондын зай хэмжээний болон нарны ээвэрлэлтийн норм, дүрэм зөрчсөн гэх” үндэслэлд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын субьектив эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр гуравдагч этгээдэд эерэг үйлчлэл бүхий актын хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэж болохгүй. Түүнчлэн газрын зориулалтаас хамаарч маргаанд хэрэглэгдэх барилгын норм ба дүрэм өөрчлөгдөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэл болгоогүй.

Долоо. Хариуцагч байгууллага Х НҮТББ-ын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүссэн хүсэлтийг шийдвэрлэхдээ “эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, сонсох, нөхцөл байдлыг тогтоох” шийдвэр гаргах ажиллагааны нарийвчилсан журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.  

Тодруулбал хариуцагч  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 нөхцөл байдлыг тогтоох, 26 дугаар зүйлийн 26.1 захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох, Барилгын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагаанд 7.1.1. барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, 7.1.2. иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол  байгаа эсэхийг харгалзах, энэ талаарх нарийвчилсан зохицуулалт бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх барилгын талбайд самбар байршуулж хөрш зэргэлдээ иргэд, оршин суугчдаас санал авах, саналыг шийдвэр гаргахдаа үндэслэх зохицуулалтыг хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

Тухайлбал хөрш зэргэлдээ байрны оршин суугчдын саналыг авах зорилгоор санал авах хугацааг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тогтоосон барилгажих талбайн схем зураг, төлөвлөлт бүхий самбарыг барилга барих талбайн орчимд байршуулсан байх бөгөөд улмаар орон сууцны 75 дугаар байрны оршин суугчид 6 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, барилга барихыг эсэргүүцэж буй талаараа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоотын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдлыг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гаргасан[25], улмаар 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр оршин суугчдын гарын үсэггүй гомдлыг дахин гаргасан[26] байдаг.

Нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагыг “шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” хэмээх үндэслэлээ “санал авах самбарыг нүдэнд харагдахуйц байршуулаагүйгээс 06 дугаар сарын 13-ны өдөр мэдсэн, улмаар санал өгөх боломжит хугацаа олгоогүй” хэмээн нэхэмжлэлдээ дурдсан ч энэ нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 тоотын оршин суугчдын гарын үсэг бүхий гомдол гаргаснаар, гомдолдоо “бүх оршин суугчдын хурал 06 дугаар сарын 08-ны хийсэн” талаар дурдсанаар няцаагдаж байна.

Найм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлаар.

8.1. Нэхэмжлэгч Б.Э бусад нэхэмжлэгч 10 иргэнийг итгэмжлэлээр төлөөлж шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 19-нд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэгч С.******* бусад нэхэмжлэгч нарыг төлөөлөхөөс татгалзсанаа илэрхийлсэн, улмаар шүүх бусад нэхэмжлэгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох замаар оролцохыг, эрх үүрэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/7545, 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/7676, 11 дүгээр сарын  04-ний өдрийн 01/8301, 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/8887 тоот албан бичгээр болон тухай бүр шүүхийн мэдэгдэх хуудсаар, утсаар хийсэн, улмаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Т /2 тоот/, түүний өмгөөлөгч Н.Оюунгэрэл, нэхэмжлэгч С.У /4 тоот/, түүний өмгөөлөгч У.Урангоо, нэхэмжлэгч Л.Г /2 тоот/, нэхэмжлэгч Ү.Б*******э /5 тоот/, нэхэмжлэгч Т.М /7 тоот/ нар шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй, хэргийн бусад оролцогчид тэдгээрийг оролцуулах хүсэлт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар тэдгээрийг эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн болно.

8.2. Нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, тэдгээрийн “өмгөөлөгч авах”, өмгөөлөгчийн “хэргийн материал танилцах” үндэслэлүүдээр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 10 дугаар сарын 04, 10 дугаар сарын 18, 11 дүгээр сарын 01, 11 дүгээр сарын 08, 11 дүгээр сарын 21, 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд шүүх хуралдааныг хойшлуулсан, тухай бүр нэхэмжлэгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.3, 91.5-д заасан “хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийг эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэж болох” үр дагаврыг тайлбарласан байдаг.

Нэхэмжлэгч Д.******* 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгч авч, хэргийн материал танилцуулах боломжит хэмээн түүний тодорхойлсон хугацааг харгалзан 12 дугаар сарын 18-ны өдрийн энэ хурлыг товлосон бөгөөд нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ бүхий өмгөөлөгч шүүх хуралдаанд “хэргийн материал танилцах” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.

Шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын удаа дараа гаргаж буй ижил агуулга бүхий хүсэлтээр шүүх хуралдааныг ийнхүү удаа дараа хойшлуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах үр дагаврыг харгалзан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг хэрэглэн нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч Б.Э нарын 9 иргэний нэхэмжлэлтэй хэргээс тусгаарлаж, Д.*******, Б.******* нарын өмгөөлөгчийн “хэргийн материал танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтээр тусгаарласан хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

8.3. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгчөөс Онцгой байдлын ерөнхий газрын галын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны дүгнэлтийг эс зөвшөөрч,  энэ шинжээч томилсон агуулгаар өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулах хүсэлт шүүх хуралдаанд гаргасан бөгөөд хүсэлтэд дурдсан асуулга нь дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд дүгнэгдсэн, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, үндэслэлгүй, дутуу гэх “дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх” үндэслэл, нөхцөл үүсээгүй, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж талууд шүүх хуралдааны явцад маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд мэтгэлцэх боломжтой байна гэж үзээд хүсэлтийг хангаагүй хэргийг хэлэлцсэн болно.

8.4. Шинжээчийн зардал 7,440,000 төгрөгийг гуравдагч этгээд Х НҮТББ урьдчилж төлсөн[27].

 Хэдийгээр нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж ажиллуулсан ч  гуравдагч этгээдийн барилга нэхэмжлэгч нарын өмчлөлийн, оршин сууж буй барилгаас барилгын норм дүрэм хангуулан төлөвлөгдөж баригдсан эсэхийг, нарны ээвэрлэлтийн норм дүрмийг хангуулсан эсэхийг тогтоолгох зорилготой шинжээчийн дүгнэлтүүд гаргуулсан, нөгөөтээгүүр энэ хэрэгт хамтатган нэгтгэж шийдвэрлэсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардал 7,440,000 төгрөгийг гуравдагч этгээдэд хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2,  35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, Захиргааны ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э нарын 9 иргэний нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж Х НҮТББ-д Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Х НҮТББ-д олгосон 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоолгох, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн БАЗГ/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг, гуравдагч этгээд Х НҮТББ-ын бие даасан “нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч бөгөөд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Х НҮТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид тус тус 70,200 төгрөг урьдчилан төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 7,440,000 төгрөгийг гуравдагч этгээд Х НҮТББ-д хариуцуулж, төлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 3 дугаар хавтсын 157 дугаар хуудас

[2] Хэргийн 5 дугаар хавтсын 203-205 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 51-53 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 57-74, 2 дугаар хавтсын 112-129 дүгээр хуудас

[5] Хэргийн 4 дүгээр хавтсын 227-244 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 75-90, 4 дүгээр хавтсын 58-71 дүгээр хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 91-92, 3 дугаар хавтсын 14-15 дугаар хуудас

[8] Хэргийн 3 дугаар хавтсын 244-249, 4 дүгээр хавтсын 6-8 дугаар хуудас

[9] Хэргийн 4 дүгээр хавтсын 10-12, 23-25, 28-30, 38-40 дүгээр хуудас

[10] Хэргийн 4 дүгээр хавтсын 42-46 дугаар хуудас

[11] Хэргийн 4 дүгээр хавтсын 48-49 дүгээр хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 87-111 дүгээр хуудас

[13] Хэргийн 4 дүгээр хавтсын 245-250, 5 дугаар хавтсын 1-16 дугаар хуудас

[14] Хэргийн 3 дугаар хавтсын 21-23, 79-94, 4 дүгээр хавтсын 72-84 дугаар хуудас

[15] Хэргийн 3 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас

[16] Хэргийн 3 дугаар хавтсын 140 дүгээр хуудас

[17] Хэргийн 2 дугаар хавтсын 173-174, 182-193 дугаар хуудас

[18] Хэргийн 3 дугаар хавтсын 125-126, 128-136 дугаар хуудас

[19] Хэргийн 5 дугаар хавтсын 19, 23-24 дүгээр хуудас

[20] Хэргийн 5 дугаар хавтсын 19, 72-74 дүгээр хуудас

[21] Г.Банзрагч, “Захиргааны процессын эрх зүй”, 2019, хэв.,х.201

[22] Хэргийн 3 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас

[23] Хэргийн 3 дугаар хавтсын 14-15 дугаар хуудас

[24] Хэргийн 3 дугаар хавтсын 167 дугаар хуудас

[25] Хэргийн 2 дугаар хавтсын 21-22 дугаар хуудас

[26] Хэргийн 1 дүгээр хавтсын 18-19 дүгээр хуудас

[27] Хэргийн 2 дугаар хавтсын 180-181,  3 дугаар хавтсын 127 дугаар хуудас