Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ц.Алимаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ц.Д-д холбогдох эрүүгийн 1703000010123 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвийн 77 тоот павилонд туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АБТ-5 дугаар гудамж, 29 тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  .... регистрийн дугаартай, И овогт Ц.Д.   

 

Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын баруун талын замд улсын дугааргүй мопед жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Сарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ:

2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед ажлаа тараад гэмтлээс баруунаас зүүн тийшээ мопедоор явж байгаад явган хүний гарцан дээр хүн гарч ирснийг анзааралгүй толь хэсгээрээ мөргөсөн. Тэгээд би цагдаа дуудаад хохирогч түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн. Би ийм үйлдэл хийсэн дээ харамсаж байна. Би хохирогчийг гарч ирэхийг нь анзаараагүй. Би хохирогчийг байнга эргэж тойрч байсан. 2,000,000 гаруй төгрөг төлсөн  гэв

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сарантуяагийн өгсөн:

            “... 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Өргөө кино театрын баруун талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа ганцаараа зам гараад явж байгаад мопедод мөргүүлсэн. ... зам ачаалал ихтэй, машинууд надад зам тавьж өгөөд би гарцаар явж байсан. Мопед гэнэт гарч ирээд мөргөчихсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Очирхуягийн өгсөн:

            “ ... 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын хажууд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явган хүний гарцаар зам гараад явж байх үед ард чимээ гарахаар нь эргээд хартал 1 эмэгтэй хүн газар гараараа тулаад суучихсан, гарцнаас нилээн зайтай зүүн талд мопед гулсчихсан байдалтай газар, жолооч нь нүүр нь цус болчихсон алхаад ирж байсан. ... Тэгээд би 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/   

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 11736 дугаартай:

1. Б.Сарантуяагийн биед баруун тал бөмбөлгийн тенториум, дух, чамархай, дагз хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, дагзны хуйханд няцарсан шарх, баруун, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрмийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 568 дугаар:

1. Улсын дугааргүй мопед жолоодон явсан Ц.Д нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Осол хэргийн газрын үзлэг дээр тоормосны мөр байхгүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй.

3. Явган зорчигч Б.Сарантуяа нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

 

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-14/

            - Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 15-16/

            - Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 17-18/

            - Хохирогч Б.Сарантуяагийн өвчний түүхийн хуулбар /хх-н 32-42/

            - Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2017 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-н 56-57/

            - Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 89/

            - Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-н 91/

            - Хохирол нөхөн төлсөн баримтууд /хх-н 92-98, 112-120/

 

            - Хохирогч Б.Сарантуяагийн “... Ц.Д-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, миний эд материалын хохирлыг бүрэн барагдуулсан ...” гэх хүсэлт /хх-н 129-130/

           

шүүгдэгч Ц.Д-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Оюунхүүгийн өгсөн:

 “... Миний хүү Д нь их зөөлөн дуулгавартай, аав ээж ахынхаа үгээр, хүмүүжил сайтай, даруу төлөв, тусархуу зантай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/

- АСАП сангийн лавлагаа /хх-н 74-75/

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 78-83/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын баруун талын замд улсын дугааргүй мопед жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Сарантуяаг мөргөж, эрүүл мэндэд нь баруун тал бөмбөлгийн тенториум, дух, чамархай, дагз хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, дагзны хуйханд няцарсан шарх, баруун, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

            мөрдөн байцаалт болон шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Б.Сарантуяа, гэрч Б.Очирхуяг нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн 11736 дугаар, Техникийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 568 дугаар дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвийн Дуудлагын лавлагааны хуудас, Түргэн тусламжийн дуудлагын хуудас, хохирогч Б.Сарантуяагийн өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Тээврийн прокурорын газраас Ц.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Сарантуяа нь “Ц.Д-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, миний эд материалын хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн, шүүгдэгч Ц.Д нь хохирогч Б.Сарантуяад 3,761,100 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Ц.Д-н үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, хорих ялын доод хэмжээг оногдууллаа.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч И овогт Ц.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д-д оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Даваажамц бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Ц.Д-н 1026011 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ