2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01513

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         02           18                                       191/ШШ2025/01513

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, Бага тойруу ... тоотод байрлах, Т  ХК /Регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, Овоот ..... тоотод байрлах “Н ” ХХК /Регистрийн дугаар ./,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Зайсан, Дүнжингарав гудамж, .... дүгээр байр, ... тоотод оршин суух, Э.Б /Регистрийн дугаар .../,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, .... байр, .... тоотод оршин суух, Ч.Э  /Регистрийн дугаар ..../,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, Овоотын .... дугаар гудамж, .... тоотод оршин суух Т.Х  /Регистрийн дугаар ...../,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... дүгээр хороо, ...  давхарт байрлах, ЗБДС  /Регистрийн дугаар .... / нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт “Н ” ХХК, Э.Б  нараас 633,603,985.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,  үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувийг ЗБДС  төлөх нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

хариуцагч Н  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р,

хариуцагч Э.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А,

хариуцагч Ч.Э , Т.Х  нарын өмгөөлөгч Б.Р,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Зээлдэгч “Н ” ХХК, Э.Б  нар нь Т тай 2018 оны 05 сарын 18-ны өдөр хэвлэлийн тоног төхөөрөмжийн төслийн зээлийн гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийг сарын 0,66 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн ...  хороо, ...  /13374/, Манлайбаатар дамдинсүрэн гудамж, ...  байрны зоорийн давхарт байрлах, 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн ...  хороо, Овоот ...  гудамжны ... тоотод байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн ...  хороо, ...  гудамжны ... тоотод байрлах 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV PRINTER/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/ зэргийг барьцаалсан. Мөн ЗБДС  нь Т тай 2018 оны 05 сарын 18-ны өдөр дугаар 1 тоот батлан даалтын гэрээ байгуулан 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувийн батлан даалтыг гаргасан. Зээлдэгч Н  ХХК болон хамтран зээлдэгч Э.Б  нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүнээс 51,457,243.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 00 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөг төлсөн. 2021 оны 08 сарын 18-ны байдлаар Н  ХХК, хамтран зээлдэгч Э.Б  нар нь үндсэн зээл 203,840,985.38 төгрөг, үндсэн хүү 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358,780.97 төгрөг, нийт 277,420,542 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байсан. Харин ЗБДС  нь батлан даалтын гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэлийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. “Н ” ХХК, хамтран зээлдэгч Э.Б  нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулж талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээний хугацааг цуцалж, ЗБДС гаас талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний дагуу төлөх 274,658,980.3 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 сарын 10-ны өдөр 2021.08.18-2022.01.10-ны өдөр хүртэл хугацааны үндсэн хүү 15,102,245.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223,347.23 төгрөг, нийт 15,325,592.65 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2023 оны 08 сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Н ” ХХК, хамтран зээлдэгч Э.Б  нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 567,405,114 төгрөг гаргуулах, хариуцагч нарын барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулсан ч зээл, зээлийн хүүний төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд 2018 оны 05 сарын 18-ны өдрийн Батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь болох 274,658,980 төгрөгийг ЗБДС гаас гаргуулж Т инд олгуулах, нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2023 оны 09 сарын 25-ны өдөр 2022.01.11- 2023.09.25-ны өдөр хүртэл хугацааны үндсэн хүү 65,338,184.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 860,686.96 төгрөг, нийт 66,198,871.06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2023 оны 10 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985.34 төгрөгийг хариуцагч Н ” ХХК, хамтран зээлдэгч Э.Б  нараас гаргуулах, хариуцагч нарын барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулсан ч зээл, зээлийн хүүний төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд ЗБДС гаас үндсэн зээлийн үлдэгдэл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь болох 274,658,980 төгрөгийг гаргуулж Т инд олгуулах, тус санг нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н ” ХХК, хамтран зээлдэгч Э.Б  нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985.34 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ...  хороо, ...  /13374/, Манлайбаатар дамдинсүрэн гудамж, ...  байрны зоорийн давхарт байрлах 168,61 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн ...  хороо, Овоот ...  гудамжны ... тоотод байрлах, 70 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүргийн ...  хороо, ...  гудамжны ... тоотод байрлах 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV PRINTER/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/ зэрэг хөрөнгөөр хангуулж, хариуцагч нарын барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулсан ч зээл, зээлийн хүүний төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд ЗБДС гаас үндсэн зээлийн үлдэгдэл 478,499,965.68 төгрөгийн 57,4 хувь болох 274,658,980 төгрөгийг гаргуулж Т инд олгох нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч “Н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Н  ХХК нь Т тай 2018 оны 05 сарын 18-ны өдөр 480 сая төгрөгийг 120 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, үйл ажиллагаандаа хэрэглэсэн, үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Зээл 10 жилийн хугацаатай олгогдсон,  гэрээний хугацаа 2028 он хүртэл үргэлжлэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчийн хувьд төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хасуулах хүсэлтэй байна. Т  нь хугацаанаас өмнө гэрээг цуцалж 2021 оны 8 сард анх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн үүргээ шаардсан. Н  ХХК нь хэвлэлийн тоног төхөөрөмжийг зээлээр аваад үйл ажилллагаа явуулах гэж байсан боловч ковидын үе таараад үйл ажиллагаа нь зогссон. Зээл нь Жайка олон улсын байгууллагын Т аар дамжуулж зээлсэн төслийн зээл байсан. Хугацаанаас өмнө гэрээг цуцалсанд хариуцагч гомдолтой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын 277,420,542 төгрөгийг Н  ХХК зөвшөөрч байгаа, өөрийн үл хөдлөх хөрөнгөөр хариуцан төлөхөө илэрхийлж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жилийн хугацаанд үргэлжлэхдээ Н  ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болоогүй. Хугацаанаас өмнө гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг авна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу энэ харилцаа зохицуулагдах учиртай. 277,420,542 төгрөгийг Н  ХХК зөвшөөрч, үүнээс хойших нэмэгдүүлсэн хүү, хүүг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ЗБДС гаас 274,658,980.3 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй. Барьцаа хөрөнгийн үнэ үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй тул Зээлийн батлан сан гэрэээний дагуу төлөх үүрэг хүлээсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаад гэрээгээ цуцалсан тул хүү нэмж шаардах эрхгүй гэж байгаа. Манай зүгээс энэ мөнгөн дүнг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд гэрээ цуцлагдах хүртэл үүргийг шаардах эрхтэй, уг үүргийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Т  ХК-ийг зээлийн гэрээг цуцалсан гэж ойлгоно, зээлийн гэрээ цуцлагдсанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхгүй гэж компанийн зүгээс маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн шаардлагыг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч Э.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т  болон Н  ХХК зээлийн гэрээ байгуулахад Э.Б  хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч тухайн үед гэрээний хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлаагүйн улмаас ийм асуудал үүсээд байгаа. Э.Б  хамтран зээлдэгчийн хувиар л гарын үсэг зурсан болохоос зээлийг төлөх ёстой гэх учрыг ойлгоогүй. Хамтран зээлдэгчийн орлогын талаар судалсан баримт байхгүй. Э.Б  судалгаагүйгээр гарын үсэг зурснаас болж өөрөө төлбөрт уначихаад байгаад гомдолтой байгаа. Зээлийн хувийн хэрэг нь бүрдүүлбэр хангаагүй, шаардлага хангаагүй хүнийг судалгаагүйгээр хамтран зээлдэгчээр оруулсан тул хариуцах боломжгүй. Зээлийг Н  ХХК-ийн дансанд шилжүүлсэн, зээлийн зориулалтыг гэрээнд зээлийг төслийн хөрөнгө оруулалтад ашиглана гэж заасан. Э.Б  энэ зээлийг хэрэглээгүй, Н  ХХК-д ажилладаггүй, хувь эзэмшдэггүй, ямар нэгэн байдлаар үр шим хүртээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Н  ХХК болон Э.Б  нар нь бие даасан этгээдүүд, Э.Б  Н  ХХК-д ямар нэгэн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш, хувьцаа эзэмшигч биш. Өөрөөр хэлбэл зээлийн болон санхүүгийн мэдээллийг Э.Б  нь олж авах боломжгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 8 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа  зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тэр хугацаа хүртэлх зээлийн үүргийг шаардсан. Ийнхүү гэрээ цуцалж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 2...  зүйлд заасан нөхцөл буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, үүрэг гүйцэтгэх боломжийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нарт олгох ёстой, хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа юм бол Э.Б ын хувьд ч энэ боломжийг олгосон мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан гэж үзэж байна. 2019-2020 онд Н  ХХК-ийн захиралд 22 удаа гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн, Э.Б д мэдэгдэл ирээгүй. Гэрээг цуцалж байгаа бол Иргэний хуулийн 225.1-д заасан зохицуулалт хэрэгжих ёстой, үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээх ёстой гэж байгаа боловч хугацаа сунгаж байгаа мэдэгдлийг хүргүүлээгүй. Т.Х аас тусдаа амьдарч байсан тул зээл олгогдсон, зээлийн зөрчил, зарцуулалтыг мэдэхгүй байсан учраас Э.Б д зөрчлийг арилгах үүрэг үүсэхгүй. ЗБДС гийн асуудал нь Э.Б ын хувьд сөрөг үр дагавар авчрах боломжтой тул энэ дээр тайлбар хэлсэн нь зөв байх. Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэнэ, батлан даагч хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасны дагуу биелүүлж зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ. ЗБДС г үндсэн үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Т ны нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байгаа, гэрээг цуцлаж байгаа учраас дуусгавар болсноос хойш үүрэг дуусгавар болсон. Нэмэгдүүлсэн шаардлагыг хангасан хэсгийг Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсныг анхаарах нь зүйтэй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа” гэв.

 

4. Хариуцагч Ч.Э , Т.Х  нарын өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Т.Х ын хувьд тухайн зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ...  хороо, ... , Манлайбаатар дамдинсүрэн гудамж, ...  байрны зоорийн давхарт байрлах, Ү-2204055431 улсын бүртгэлийн дугаартай, 168,61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, барьцаалагчаар бүртгэлтэй байгаа. Зээлийн гэрээнд барьцааны гэрээ, барьцаалбар хийгдсэн. Т.Х ын зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт үүргийн гүйцэтгэл хангуулахад ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй, үүнийг шүүхийн шийдвэрт дурдахад хүлээн зөвшөөрнө. Ч.Э ийн зүгээс Баянзүрх дүүргийн ...  хороо, Овоот ...  гудамжны ... тоотод байрлах, Г.... улсын бүртгэлийн дугаартай 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тухайн газар дээрх Ү-2204052618 улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай хувийн сууцыг Т.Х т барьцаалах итгэмжлэл олгосон. Т.Х ын хувьд тухайн итгэмжлэлийн хүрээнд 10 жилийн хугацаатай зээл авч байгаа, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд Т анд барьцаалсан. Ч.Э ийн зүгээс миний барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөөч гэж удаа дараа Т тай харилцаж байсан боловч тодорхой хэмжээний төлбөрийн хүрээнд барьцааны үнэлгээг төлсөн тохиолдолд чөлөөлөх хариу ирсэн боловч шүүхийн шийдвэр гараагүй гэх үндэслэлээр энэ барьцааны эд хөрөнгө чөлөөлөгдөөгүй байгаа. Ч.Э ийн зүгээс тухайн зээл эрсдэлд орсон гэдгийг мэдээгүй, шүүхэд очсоны хүрээнд охиноороо дамжуулж мэдсэн гэж хэлдэг. Ч.Э ийн зүгээс уг барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахдаа барьцааны гэрээнд тусгагдсан үнэлгээгээр хангуулахыг хүлээн зөвшөөрдөг” гэв.

 

5. Хариуцагч ЗБДС гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“ЗБДС  нь ЗБДС гийн тухай хуульд зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан Н  ХХК-ийн Т наас 2018 оны 05 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 480,000,000 төгрөгийн зээлийн 57.4 хувьд батлан даалт гаргаж, БДГ1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Т  анх хариуцагч Э.Б , “Н ” ХХК нараас 270 хэдэн сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан, одоо үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 663,603,985.34 төгрөгийг нэхэмжилж байгаа. Т инд хариуцагч нараас шаардах өөр дүн байхгүй. Гэхдээ ЗБДС гаас 274,658,980.3 төгрөг гаргуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөөч гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн шийдвэр дээр 900 орчим сая төгрөгийг төлүүлэхээр тусгуулах гэж байгаа агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Т  болон ЗБДС , Н  ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаж, ямар нөхцөлд батлан даах талаар зохицуулсан байгаа. Зээлийг төлүүлэх талаар нэхэмжлэгч талаас арга хэмжээ авсан байх ёстой, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ёстой гэж заасан. Энэ нөхцөл биелээгүй тохиолдолд ЗБДС  үүргээ гүйцэтгэх боломжгүй, мөн үндсэн зээлийн төлөгдөөгүй дүнгээс хувь төлөх учраас зээлийн үлдэгдэл тодорхойгүй байгаа учраас ЗБДС д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ процессийн дараа ЗБДС гаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийж болно. Мөнгөн дүн тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгөн дүн ороод ирвэл шүүхийн шийдвэр тодорхой биш болно. Үндсэн зээлтэй холбоотой ажиллагаа дууссаны дараа шүүхийн журмаар эсвэл шүүхийн бус журмаар ЗБДС  нөхөх хариуцлага хүлээнэ. Нэхэмжлэгч талаас үндсэн зээлийн үлдэгдлийн 57,4 хувь гэсэн, барьцаа хөрөнгөөр хангуулаад хасахаар өөр дүн гарна, тэр дүнгийн 57,4 хувийн хариуцлагаа хүлээ гэвэл зөвшөөрнө. Гэрээ үргэлжилж байгаа гэж үзэж байгаа бол манай зөвшөөрөл хэрэгжих боломжгүй. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал яригдахгүй. ЗБДС д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

6.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /1хх-1-3/, Т ны улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-4/, улсын тэмдэгтийн хураамж иөлсөн баримт /1хх-6, 7/, зээл, хүүний тооцооны хуудас /1хх-8-9/, зээлдэгчийн анкет /1хх-10, 11/, 2017.12.14-ний Зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр /1хх-12/, 2018.05.18-ний 107400212331 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /1хх-13-16, 17-18/, 2018.08.03-ны 107400212331 дугаартай Барьцааны гэрээ /1хх-19-20/, 2017.12.01-ний итгэмжлэл /1хх-21/, 000117539 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-22/, 000303047 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-23/, 1183649 дугаартай Барьцаалбар /1хх-24-25/, 000642026 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-26/, 1183647 дугаартай Барьцаалбар /1хх-27-28/, 2018.05.18-ний өдрийн 1 дугаартай Батлан даалтын гэрээ /1хх-29-31/, ЗБДС гийн 2020.08.14-ний 1/365 дугаартай албан бичиг /1хх-32/, Н  ХХК-н дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-33-34, 35/, 2019.03.15, 2019.04.09, 2019.04.18, 2019.04.25, 2019.05.10, 2019.06.03, 2019.06.20, 2019.07.05, 2019.07.30, 2019.08.01, м2019.08.07, 2019.09.05, 2019.09.11, 2019.09.17, 2019.09.23, 2019.09.26, 2019.10.07, 2019.10.11, 2019.10.18, 2019.10.28, 2019.11.13, 2019.11.27, 2020.01.27-ны Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /1хх-37-59/, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн лавлагаа /1хх-61/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-62/, Т.Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-63/, 2021.09.28-ны тайлбар /1хх-89-92/, 107400212331 дугаартай зээлийн дансны хуулга /1хх-93-96/, 2022.01.10-ны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /1хх-209/, зээл, хүүгийн тооцоолол /1хх-210-211/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-212/, 2023.08.14-ний нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим хэсгээс татгалзсан баримт /2хх-226/, 2023.09.25-ны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /2хх-230/, зээл, хүүгийн тооцоолол /2хх-231/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх-232, 233/, 2023.10.04-ний нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /2хх-236-237/, 2024.11.06-ны нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /3хх-53-55/, 2024.12.17-ны тодруулсан шаардлага /3хх-80/,

6.2..Хариуцагч “Н ” ХХК-аас ирүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-84/, итгэмжлэл /1хх-106/, 2024.05.03-ны өдрийн нэмэлт хариу тайлбар /3хх-18-19/, хүсэлт /3хх-43, 44/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /3хх-58/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /3хх-89/,

6.3..Хариуцагч Э.Б аас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-86/, итгэмжлэл /1хх-124, 2хх-92/,

6.4..Хариуцагч Т.Х аас ирүүлсэн: итгэмжлэл /2хх-249/,

6.5..Хариуцагч Н.Энхчимэгээсс ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-118/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-144-146/, итгэмжлэл /1хх-167/, хүсэлт /3хх-31/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /3хх-41/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /3хх-88/,

6.6. Хариуцагч ЗБДС гаас ирүүлсэн: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-71/, итгэмжлэл /1хх-72, 73, 135, 3хх-42/, хариу тайлбар /1хх-85/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч Т  ХК хариуцагч Н  ХХК, Э.Б , Ч.Э , Т.Х , ЗБДС  нарт холбогдуулан 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээг цуцалж,  “Н ” ХХК, Э.Б  нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулах, ЗБДС гаас батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, 2023 оны 10 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985.34 төгрөгийг хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нараас гаргуулах, барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Э , Т.Х  нарын барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулсан ч зээл, зээлийн хүүний төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд ЗБДС гаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 57,4 хувийг гаргуулж Т инд олгуулах нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

2. Хариуцагч “Н ” ХХК нь нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж шаардсан тул анх нэхэмжилсэн 277,420,542 төгрөгийг хүлээн зөвшөөрнө,  гэрээг цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхгүй гэж,

            хариуцагч Э.Б  нь банк хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг хийгээгүй хамтран зээлдэгчээр оролцуулсан, зээлийг авч ашиглаагүй тул хамтран үүрэг гүйцэтгэгч болох үндэслэлгүй, мөн банк зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардах эрхгүй гэж,

            хариуцагч Т.Х  нь түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй гэж,

хариуцагч Ч.Э  нь түүний өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, 

хариуцагч ЗБДС  нь батлан даалтын гэрээний урьдчилсан нөхцөл болох зээлдэгч нараар зээлийн төлбөрийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсаны дараа үлдсэн үндсэн зээлийн төлөгдөөгүй дүнгээс гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй, мөнгөн дүн тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тус тус гаргаж маргаж мэтгэлцсэн.

 

            3. Т болон “Н ” ХХК, Э.Б  нар 2018 оны 05 сарын 18-ны өдөр 107400212331 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулан, банк 480,000,000 төгрөгийг төслийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, Н  ХХК, Э.Б  нар тохирсон хугацаанд төлбөрийг хүүгийн хамт төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т.Х ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ...  хороо, ...  /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ...  байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204055431 дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Э ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ...  хороо, Овоотын ...  гудамжны ... тоотод байрлах, нэгж талбарын 18648312700785 дугаартай, улсын бүртгэлийн Г.... дугаарт бүртгэгдсэн, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204052618 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалуулж, 1183649, 1183647 дугаартай барьцаалбар үйлдэн, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1хх-13-16, 17-28/

 

Дээрх зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байх ба зохигч гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

            4. Мөн Т  нь “Н ” ХХК, Э.Б  нартай 2018 оны 08 сарын 03-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, “Н ” ХХК-ийн өмчлөлийн хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг барьцаалсан байх ба Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэвлэх машин нь барьцааны зүйл байх боломжтой хөрөнгө, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны эрх нь барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд барьцааны гэрээг бичгээр байгуулснаар үүснэ гэж заасны дагуу талууд хөдлөх эд хөрөнгийг бичгийн гэрээ байгуулах замаар барьцаалж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.4-т зааснаар барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зохигч уг гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /1хх-ийн 19-28/

 

5. 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор ЗБДС , Т  ХХК, “Н ” ХХК нар 2018 оны 05 сарын 18-ны өдөр 1 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгчийн 480,000,000 төгөргийн зээлийн 57,4 хувьд 275,500,000 төгрөгийн  батлан даалтыг 120 сарын хугацаатай гаргах, батлан даагч нь гэрээний 2.4, 2.5-д заасан батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс 57,4 хувиар нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон байх ба талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /1хх-ийн 29-31/

 

 6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т  болон хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нарын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.

 

7. Т  нь 770034107400212331 дугаартай зээлийн данс нээж, 2018 оны 05 сарын 18-ны өдөр 480,000,000 төгрөгийг зээлийг олгож, зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. /1хх-ийн 8-9, 93-96/

 

8. Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч “Н ” ХХК болон хамтран зээлдэгч Э.Б  нар үндсэн зээлд 1,500,034.32 төгрөг, үндсэн хүүнд 51,457,243.65 төгрөг, нийт 52,957,277.97 төгрөгийг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээл, хүүний тооцооны хуудас, зээлийн дансны хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-ийн 8-9, 93-96/

 

9. Зохигчийн хооронд байгуулсан 107400212331 дугаартай зээлийн гэрээг 120 сарын хугацаатай буюу 2028 оны 05 сарын 18-ны өдөр дуусахаар тохиролцож, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу 2018 оны 06 сарын 02-ны өдрөөс 2020 оны 05 сарын 02-ны өдрийг хүртэл зээлээс зөвхөн хүүг сар бүр төлөхөөр, 2020 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн хамт сар бүр төлөхөөр тохирсон байх ба зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр тохирсон хугацаанд дуусгавар болох байжээ.

 

10. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт сүүлийн төлөлтийг 2020 оны 10 сарын 29-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр хүүгийн төлбөрт 1,799,900 төгрөгийн төлөлтийг тус тус хийж, үүнээс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 

11. Нэхэмжлэгч Т  зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан  гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг зээлдэгч “Н ” ХХК-д 2019.03.15, 2019.04.09, 2019.04.18, 2019.04.25, 2019.05.10, 2019.06.03, 2019.06.20, 2019.07.05, 2019.07.30, 2019.08.01, 2019.08.07, 2019.09.05, 2019.09.11, 2019.09.17, 2019.09.23, 2019.09.26, 2019.10.07, 2019.10.11, 2019.10.18, 2019.10.28, 2019.11.13, 2019.11.27-ны өдрүүдэд хүргүүлсэн ч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-ийн 37-59/

 

12. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч тал болох нэхэмжлэгч нь зээлдэгчээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Зээлдүүлэгч Т  нь зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль зөрчөөгүй байна.

 

13. Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба хуулийн 2...  зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.

 

Хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нар нь 2019 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 52,957,277.97 төгрөгийг төлж, зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчээс зээл төлөх нэмэлт хугацаа олгосон боловч зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөөр байгаа болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 2...  зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хэдий ч хариуцагч талын үүргийн зөрчлийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч нар зээлийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж, хариуцагч нар нь хэтрүүлсэн хугацааны буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэгч талын санаачлагаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй буюу талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй.

 

14. Нэхэмжлэгч Т  нь 2021 оны 08 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нараас зээл, зээлийн хүүний төлбөрт 277,420,542 төгрөг гаргуулах, ЗБДС гаас батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцож хариуцагч “Н ” ХХК, хамтран зээлдэгч Э.Б  нараас үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүү 153,661,204.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,442,815.16 төгрөг, нийт 633,603,985.34 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар гэрээ байгуулагдсан хугацаанаас гэрээ цуцлагдах хүртэл хугацааны үүссэн үүргийг шаардах эрхтэй.

 

15. Нэхэмжлэгч Т  нь хариуцагч талын гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардсанаар Т  болон “Н ” ХХК, Э.Б  нарын хооронд байгуулсан 107400212331 дугаартай Зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд хариуцагч нар нь гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээнэ.

 

            16. Хариуцагч Э.Б  нь зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч тэрээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талын хувьд Иргэний хуулийн 24...  зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч байх ба 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаар “Н ” ХХК, Э.Б  нарыг татан зээлийн гэрээний үүрэг шаардсан нь хуульд нийцсэн.

 

17. Зээлийн гэрээнд хариуцагч Э.Б  нь хамтран зээлдэгчээр оролцсон, тэрээр гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй атлаа зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгөн хөрөнгийг компани авсан тул энэхүү зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, зээлдэгчийн хувьд судалгаа хийгээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байх ба түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч “Н ” ХХК болон Э.Б  нарын хэн нь ямар байдлаар хэрхэн захиран зарцуулах эсэх нь тэдний өөрсдийн хүсэл зоригийн асуудал бөгөөд  хариуцагч “Н ” ХХК зээлийн гэрээний үүргийг хариуцах талаар тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч Т  нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж буй тохиолдолд хариуцагч нарын тайлбарыг үндэслэн хариуцагч Э.Б ыг гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

 

18. Дээр дурдснаар хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч нараас 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 358,780.97 төгрөг, нийт 552,079,521.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т  ХК-д олгох нь зүйтэй.

 

 19. Нэхэмжлэгч нь хариуцагч төлбөр төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Х ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ...  хороо, ...  /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ...  байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204055431 дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Э ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ...  хороо, Овоотын ...  гудамжны ... тоотод байрлах, нэгж талбарын 18648312700785 дугаартай, улсын бүртгэлийн Г.... дугаарт бүртгэгдсэн, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204052618 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууц, “Н ” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгө болох Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/ хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Т.Х , Ч.Э , “Н ” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон ба энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцэж байна.

 

 Хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасыг баримтлан нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцааны зүйл болох эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

            20. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, ЗБДС гийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах үйл ажиллагааг явуулах гэж зааснаар ЗБДС  нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Батлан даалтын гэрээгээр зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан 107400212331 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх үүргийг хүлээсэн байна.

            Батлан даалтын гэрээгээр ЗБДС  нь зээлдэгч “Н ” ХХК, Э.Б  нарын 480,000,000 төгрөгийн зээлийн 57,4 хувьд, 275,500,000 төгрөгийн батлан даалтыг, 120 сарын хугацаатайгаар гаргаж, гэрээний 2.4-т заасан нөхцөл биелэгдсэн бол батлан даалтаар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх нөхцөл бүрдэхээр тохирсон ба 2.4.1-д Үндсэн зээлийн эргэн төлөлт 90 ба түүнээс дээш хоногоор хугацаа хэтэрч зээлийн ангилал шилжсэн байх, 2.4.2-т Зээл төлүүлэхтэй холбоотой дараах арга хэмжээг авсан байх. Үүнд: 1/ Зээлдэгчид зээл төлөхийг сануулж мэдэгдэх /шаардах хуудас өгөх/, 2/ Зээл төлөгдөөгүй шалтгааныг тогтоосон байх, 3/ Зээлдэгчийн үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгөд шалгалт хийсэн байх, 4/ Банк өөрийн холбогдох журам, зааварт заасан бусад арга хэмжээг авсан байх,, 2.4.3-т Зээлдэгчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарч болзошгүй эрсдэлийн санг 25 ба түүнээс дээш хувьтайгаар байгуулсан байх, 2.4.4-т Зээлийн гэрээний хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж шаардах эрхээ хэрэгжүүлж эхэлсэн байх, 2.4.5-д Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаалсан хөрөнгө, бусад хөрөнгө, бусад батлан даагчаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх гэж заажээ. /1хх-ийн 29-31/

 Мөн гэрээний 2.5-д Батлан даагч нь энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дүнгээс гэрээний 2.1-д заасан хувиар нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч ЗБДС  нь нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Т  ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ЗБДС гаас батлан даалтын гэрээний дагуу зээлийн үлдэгдэл дүнгийн 57,4 хувь буюу 274,658,980.3 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулсан ч зээл, зээлийн хүүний төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд ЗБДС гаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 57,4 хувийг Т инд олгуулах нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт тусгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан нь гэрээ болон хуульд нийцсэн.

21. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нараас 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 107400212331 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 478,499,965.68 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 73,220,774.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 358,780.97 төгрөг, нийт 552,079,521.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81,524,463.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч ЗБДС  нөхөх хариуцлага хүлээхийг шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,866,839.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,988,547.60 төгрөг /2,918,347.60+70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

23. Хариуцагч Ч.Э , Т.Х  нар нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн ба хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45...  зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 552,079,521.63 /таван зуун тавин хоёр сая далан есөн мянга таван зуун хорин нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 81,524,463.71 /наян нэгэн сая таван зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун жаран гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч “Н ” ХХК, Э.Б  нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа эд хөрөнгө болох Т.Х ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ...  хороо, ...  /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ...  байрны зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204055431 дугаарт бүртгэгдсэн, 168.61 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Э ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ...  хороо, Овоотын ...  гудамжны ... тоотод байрлах, нэгж талбарын 18648312700785 дугаартай, улсын бүртгэлийн Г.... дугаарт бүртгэгдсэн, 421 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204052618 дугаарт бүртгэгдсэн 70 м.кв талбай бүхий хувийн сууц, хөдлөх эд хөрөнгө болох Хавтгай гадаргуу дээрх хэвлэх машин /UV printer/, YSY-SUV-180615 /DY04-8030BL/3020HBL/-ыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч ЗБДС  нь барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцээгүй тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн 57,4 хувийн хэмжээнд нөхөх хариуцлага хүлээж, зохих төлбөрийг нэхэмжлэгч Т инд төлөхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,866,839.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н  ХХК, Э.Б , Ч.Э , Т.Х  нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,988,547.60 төгрөг /2,918,347.60+70,200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР