Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2025/00090

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

     Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн сумын ...-р багт оршин суух, утасны дугаар ......, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн сумын ....-р багт оршин суух, утасны дугаар ..... ******* ******* холбогдох

 

түрээсийн гэрээний үүрэгт 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсаны төлбөр 350,000 төгрөг нийт 20,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Хариуцагчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсаны төлбөр 350,000 төгрөг нийт 20,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: 1.1. Би харилцан тохиролцож 300 толгой бог малыг 2022 оны 10 сарын 14-ний өдрөөс хоёр жилийн хугацаатай мал түрээслэх гэрээгээр хээлтэгч малын төлийг тавь тавин хувиар хувааж авахаар тохиролцож гэрээ байгуулан малаа маллуулхаар болсон.

Гэрээнд зааснаар 130 эм үржлийн хонь, 70 үржлийн эм ямаа, дагалдах 24 шүдлэн ямаа, 50 хурга, 26 ишиг нийт 300 толгой бог малыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Жил бүр түрээслэсэн эм хониноос 65 хурга, эм ямаанаас 35 ишгийг шүдлэн төлөг болгож дараа хавар нь гар тэмдэглэгээ хийн намар 11 дүгээр сард бүрэн авахаар тохиролцсон.

Ямаа тус бүрээс 350 грамм ноолуур авч өгөх, түрээсээр өгсөн малыг жил бүр нэр дээр тоолуулж, мал аж ахуйн татварыг төлөх үүргийг хүлээхээр, хүлээн авсан малын арчилгаа, маллагаа, бүрэн бүтэн байдал, тэжээл, зоо мал эмнэлгийн бүх арга хэмжээний зардлыг мал түрээслэн авсан түрээслэгч хариуцахаар тохиролцсон.

Би 2023 оны хавар 4 дүгээр сарын сүүлээр оос ноолуураа очиж авсан. Тэгтэл нь 2023 оны 6-р сарын эхээр над руу утсаар яриад 20 гаруй төлөг чинь үхсэн гэж хэлэхээр нь би үхсэн төлөгнийхөө зургийг явуулчих гэтэл тухайн үед нь зураг явуулаагүй. Сүүлд нь хогийн цэгээс утсгалд орсон юмуу, юу нь ч мэдэгдэхгүй зураг явуулсан байсан. Үнэхээр миний 20 гаруй төлөг үхсэн бол им тамгатай зургийг надад явуулах боломжтой байсан. Би 2023 оны 6 дугаар сараас хойш холбоо бариагүй байж байтал манай эгч 2023 оны 10 дугаар сарын эхээр надтай утсаар холбогдож ******* байгаа чиний мал дуусч байгаа юм биш үү, ирж малынхаа учрыг ол

гэсэн. Тэгэхээр нь би тэр даруйдаа уулзах гэж сум руу мал руугаа очсон. Очоод уулзаад би малаа авъя гэхэд тэрээр мал үхсэн гээд хонь ямаа нийлсэн 50 толгой мал өгсөн. Түүнийгээ ачих гэтэл аав Баяжих нь чи энэ хэдэн малаа яах гэж байгаа юм бэ гэхэд би энэ хэдэн малаа өөр айлд тавина гэхэд тэрээр чи энэ хэдэн малаа хэрэгтэй цагтаа ирж аваа, бид энэ малыг чинь нэмнэ үү гэхээс хасахгүй гэж хэлээд миний авах гэж байсан 50 толгой малыг будаг түрхээд аваад үлдсэн. Ингээд би гэртээ хариад хэдхэн хоноод буцаад д малаа авна гэж очиход 100 толгой мал өгсөн. Эдгээр мал нь тийм ч сайн тарган мал биш байсан.

******* хандаж гэрээнд заасан ёсоор үлдэгдэл 250 толгой малаа яаж

цайруулах юм бэ , би заавал бүгдийг нь авна гэхгүй, чи 100 толгой малыг л надад

ямар ч хэлбэрээр өгч болно бог, богд хамаагүй гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс надад өгөх мал байхгүй гэж хэлсэн. Ингээд бидний хооронд үл ойлголцол үүссэн. Үүнээс хойш би удаа дараа утсаар ярьж ямар нэгэн хэлбэрээр 100 толгой малыг надад өгчих гэж хэлсэн. Тэгтэл аав нь бидэнд чамд өгөх мал байхгүй гэсэн хэрнээ намайг малаа авахад хотондоо 1000 гаруй малтай байсан.

Ингээд би эв зүйгээ олоод хоорондоо тохиролцох гэсэн боловч өмнөөс түүний аав энэ асуудалд оролцсоноос болж түүнтэй

хэл амаа олж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Одоо би оос авах ёстой малынхаа 50 хувь хүрэхгүй л мал гаргуулах хүсэлтэй байна.

Би аймгийн үнэлгээний компаниар оос авах мал болон ноолуурыг

зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд дараах үнэлгээ гарсан. Үүнд:

Эм хонь 60 х 175= 10,500,000 , эм ямаа 40 х 120,000= 10,500,000, хурга 30х

75000= 2,250,000, ишиг 20 х 50 = 1,000,000, ноолуур 120,000x12 кг=1,440,000 нийт 19,990,000 төгрөг болсон. Үнэлгээ хийлгэхэд зардалд төлсөн 350,000 төгрөгийг нэмж нийт 20,340,000 төгрөг нэхэмжилсэн. Би утсаар ярьж хоорондоо тохирох зөндөө хугацаа байсан тэрээр миний саналыг хүлээж аваагүй.

Өнөөдрийн шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан 150 толгой бог мал болон 12 кг ноолуурыг 2023, 2024 оны ханшаар үнэлсэн 2 үнэлгээний 150 толгой малыг 16,021,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 16,021,000 төгрөгийн хэмжээнд шийдэхэд татгалзах зүйлгүй. Энэ үнэлгээнд 12 кг ноолуурын үнэ, үнэлгээний 350,000 төгрөгийг оруулаагүй гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны намар хадмаа дагаад суманд малтайгаа очсон. Баян багийн “Энгэрийн бууц” гэдэг газар нутаглаж байсан. Манайх 300 толгой бог малтай байсан. Гэтэл хадам аав - энд айлд түрээсийн мал байна, авбал яасан юм гэхээр нь бид гэртээ ярилцаад авахаар шийдсэн. тай би очиж уулзаж, малыг авахаар тохиролцсон. Хадамтай хамт очиж малыг нь тоолж хүлээж авсан. Анх түрээсээр 130 эм  хонь, 70 эм ямаа нийт 200 толгой мал өгөхөөр тохиролцсон боловч хүлээлгэж өгөхдөө 24 охин ишиг, 26 эм шүдлэн ямаа, 50 охин төлөг нэмж нийт 300 толгой мал өгсөн. Ах нь 100 мал дагуулж өгье сардаа 20л бензин өгье, өвс тэжээл өгч байя гэж хэлээд гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Гэрээгээ сумын төвд хийгээд нотариатаар батлуулсан.

Өвөл 2022 оны 11 сард суманд цас их орж, хүйтэрч мал хорогдож, хээл хаяж эхэлсэн учраас т хэлсэн. Зөвхөн манайх ч биш тэр хавийн айлын малууд олноор үхэж хорогдож байсан. Муудсан 28 охин төлөг 22 охин ишгийг нь ачиж аваачиж өгсөн. малдаа ганц шуудай тэжээл өгсөн. Өөр ямар ч өвс тэжээл, хашаа хороо бэлдээгүй, малчиндаа унаарын морь ч өгөөгүй, бензин шатахуун ч огт өгөөгүй, ямар ч сэтгэл гаргаагүй тэр чигээр нь орхисон.

Би өөрийн зардлаар сум руу явж аавынхаасаа өвс тэжээл авчирч тэжээж байсан. Тэр нь ч даруй дуусч байсан. Тэр өвөл суманд цас ихтэй, улс орон даяар түлш ховор хүнд өвөл байсан.

2023 оны 2 сарын сүүл хүртэл тээ байж байгаад pyу нүүсэн. Нүүхээс өмнө малыг чинь буцааж өгье, би нутаг буцлаа гэсэн чинь ах нь хотод эмчилгээтэй явж байна, одоо малаа авах боломжгүй, аваад нүүчих, бензин тос нэмэрлэнэ гэж ярьсан. Ядарч дор орсон малаа өөрийн болон аав, ахын Пронтер, Бонго, Портер машинаар ачиж тээвэрлэсэн. Арай чадалтайг нь 130-аад км газраар хөөж, 10 хоног явж нутагтаа ирсэн. Өвлийн хар цасанд хол газар хөөсөн учраас мал ядарсан, хээл хаясан, ирээд үхэж эхэлсэн. Нүүж ирээд аавын өвс тэжээлээр малаа тэжээж, хар цайгаар угжиж, нэмнэж өргөж арчилж эхэлсэн боловч ямар ч нэмэр болоогүй үхээд л байсан. Бид нар малаа гэртээ хүртэл оруулж арчилж тордоод нэмэр болоогүй.

З сарын сүүлээр 2-3 хүнтэй ирж ямаагаа самнасан. Энэ үед хонь ямаа нь бүр дор орчихсон ядарсан байсныг өөрөө харсан. Ядарсан ямаа нь самнаж болохгүй, самчид нь биеийг нь урснаас болж шархалж, шархны халуунаасаа болж 10-аад ямаа үхсэн. Эм хонь, эм ямаа нь хээлээ хаях юмуу төллөж чадахгүй ирсэн хүмүүс нь ч мэднэ. Ингээд тэр хавар хүний өөрийнгүй төл ч авч чадаагүй хамаг мал үхэж хорогдсон. Хорогдол ихтэй жил байсан. Салхи, хавсарга ихтэй улаанаар эргэлдсэн л хавар болсон. Бороо орохгүй ногоо оройтож цухуйсан. ******* эгч Байгаль нь манай багийн малын эмчээр ажилладаг. Үхрийн тарилга туулгаар 4 сард ирэхэд нь дүүгийн чинь мал, манай мал үхээд байна гэдгийг ч хэлүүлсэн боловч ирээгүй.  2023 оны 05 сарын 19-ний өдөр, шөнө хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болсон. Гурван аймгийн хэмжээнд маш олон хүн нас барсан. Маш олон айлын мал хотондоо дарагдаж үхсэн. Олон айл өрхүүд малгүй болсон. Yхсэн малыг нэгдсэн журмаар устгалд оруулсан. Энэ шуурганаар үхсэн малын үхэл хорогдлыг бүртгэж байсан. Шуурга манай хотыг тойроогүй дайрсан. Манай аавын болон миний данстай мал бүгд хотондоо дарагдсан. Энэ дарагдсан малд ******* мал ч дарагдсан. т шуурганы дараа малаа ирж үз гэсэн ирээгүй. Тэр дарагдсан малаас ******* малыг ялгаж, зургаар баталгаажуулах ямар ч боломжгүй, их мал дарагдсан ойртохын аргагүй байсан. Уурхайн ковш, хово машин ирж ачилт, устгал хийсэн. Зуны улирал учраас халуунд маш амархан хөөж, муудаж, өмхийрч хүн ойртохын аргагүй болсон. Манай хотноос 900 толгой мал хорогдож, 2 хово машин сэг зэм устгасан. Зураг тодорхойлолт нь байгаа ямааны самнаас хойш огт ирээгүй, малдаа санаа тавиагүй. Үлдсэн малаа ирж ав гэхээр өөрөө ирдэггүй байсан. Тэртэй тэргүй гэрээтэй юм чинь үхэж хорогдсон ч малаа бүтнээр нь эргүүлж авна гэсэн бодолтой л байсан юм байна. Ингээд 2023 оны 10 сард малаа авна гэж ирсэн. Өөрийнх нь зүсний 50 толгой мал байсныг нь хүлээлгэж өгсөн. Мөн би аав, ах дүү нараасаа цуглааж 50 толгой мал өгсөн. Энэ нь 65 хонь, 35 ямаа болсон. Энэ vед би ч өөрөө малгүй болсон байсан. 2022 оны жилийн эцсээр 250 толгой бог мал тоолуулж байсан бол үхэж үрэгдээд 2023 оны жилийн эцсээр аавынхаасаа 10 толгой бог мал өөр дээрээ тоолуулсан.

Миний хувьд ******* малаас нэг ч мал өөртөө ашиглаж завшаагүй байгалийн гамшиг, цас зуданд нэрвэгдэж үхэж хорогдсон. Хүний эд хөрөнгийг авчихсан учраас өөрийн чадлаар, аав ээжтэйгээ хамт л арчилж малласан боловч яаж ч чадаагүй. Өвс тэжээл, бензин шатахуун, хашаа хороо, унаа уналга гээд бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Төл ч авч чадаагүй учраас үндсэндээ ямар ч цалин хөлсгүй, өөрийн зардлаар ******* малыг малласан. Харин ч 150 толгой малыг нь буцааж өгсөн ******* хувьд гэрээгээрээ бүх зардлыг малчин хариуцна гэж заачихаад нэг ширхэг өвс, эм тариа, хашаа хороо, уналга өгөөгүй. Нэг ч удаа малдаа санаа тавьж ирээгүй. Түлш шатахуун өгнө гэсэн боловч өгөөгүй. Миний хүргэж өгсөн 50 малыг ч өөрөө тэжээж чадаагүй үхүүлсэн л гэсэн.

Нэгэнт байгалийн гамшиг, цас зуданд нэрвэгдэж үхэж хорогдсон малыг би төлөх боломжгүй. Тохиролцох ч боломжгүй. тэр жилийн цаг агаарын нөхцөл цас зуд байгалийн гамшиг болсныг мэдсээр байж үхсэн малаа төлүүлнэ гэж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үнэлгээний мөнгө төлсөн баримт, малгүй болон цөөн малтай айлыг малжуулах зорилго бүхий төмөр сүргийн түрээсийн гэрээний хуулбар, Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, малын им, тамгыг харуулсан малын фото зураг,

 

5. Хариуцагч талаас нэхэмжлэлийн хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын 2023 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтын хуулбар, малгүй болон цөөн малтай айлыг малжуулах зорилго бүхий төмөр сүргийн түрээсийн гэрээний хуулбар, Сүхбаатар аймгийн сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, үхсэн малын фото зургууд, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн 2024 оны 09 сарын 12-ны өдрийн Болор үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, *******ын 2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримтын хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс түрээсийн гэрээний үүрэгт 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсаны төлбөр 350,000 төгрөг, нийт 20,340,000 төгрөг гаргуулах шаардлагын 16,021,000 төгрөгийг хангаж, 4,319,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Би Б.******* түрээсийн гэрээний дагуу 2022.10.14-нд 300 толгой бог мал хүлээлгэн өгснөөс 150 толгой малыг авсан. Үлдэгдэл 150 толгой малыг өгөхгүй байх тул малын үнэ (2024 оны 5 сарын байдлаар үнэлсэн үнэлгээгээр) 19,990,000 төгрөг, үнэлгээ гаргуулсаны төлбөр 350,000 төгрөг, нийт 20,340,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан 150 толгой бог малыг 2023 оны 10 сарын байдлаар үнэлсэн үнэлгээний дагуу 150 толгой бог малын үнэ 16,021,000 төгрөгөөр тооцож хохирлыг гаргуулахад татгалзахгүй, ноолуурын үнэ болон үнэлгээний 350,000 төгрөгийг оруулж тооцоогүй гэв.

3. Хариуцагч ******* анх түрээсээр 300 толгой мал хүлээн авч 150 толгой малыг буцаан өгсөн. Тухайн үед сумын баруун хэсэг зудтай байсан. Малын тарга хүч барагдсаныг өөрөө харсан. А. тэр жилийн цаг агаарын нөхцөл цас зуд байгалийн гамшиг болсныг мэдсээр байж зуданд үхсэн малаа төлүүлнэ гэж байгаад гайхаж байна. Би өөрөө малгүй болсон. Ах дүү нараасаа цуглуулж, 150 толгой малыг өгсөн. ******* малыг би хувьдаа ашиглаагүй, зуданд үхэж, үрэгдсэн тул төлөх боломжгүй гэж маргасан. (хх-27-29х)

 

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан зохигчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 130 толгой үржлийн эм хонь, 70 толгой үржлийн эм ямаа, дагалдах хязаалан ямаа 24, шүдлэн ямаа сувай 50, хурга 20 нийт 300 толгой богийг 2 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, “Төмөр сүргийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээг байгуулсан байна. (хх-6-7х)

Төлбөрийн нөхцлийг талууд гэрээ байгуулагдсаны дараагийн дараа жилээс төлийг төлөг, шүдлэн эр, охиныг 50%, 50%-аар тус тус авахаар тохиролцжээ.

Мөн гэрээгээр ямаа тус бүрээс авах ноолуурын хэмжээ 350 гр байхаар, мөн гэрээний хугацаа дуусахад 300 толгой малыг бүрэн түрээслүүлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгөхөөр түүнчлэн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 14ий өдрөөс 2 жил байхаар заажээ.

Гэрээг талууд бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

5. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цагийн байдал хүндэрч, цас зуд болсноос ******* мал үхэж үрэгдсэн тул төлөх учиргүй гэж тайлбарлах боловч энэ талаар гэрээгээр тохиролцсон зүйл байхгүй, мөн Иргэний хуулийн 319-р зүйлийн 319.2-т заасны дагуу талууд тохиролцохгүй байгаа бөгөөд уг шалтгаан нь түүнийг түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

 

6. Харин нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт авагдсан 2 үнэлгээний тайлангийн 150 толгой малыг 16,021,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу нэхэмжлэлийн нийт шаардлагыг 16,021,000 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласны дагуу Болор үнэлгээ ХХК-ийн 2024 оны 09-р сарын 12-ны өдрийн үнэлгээний тайланг үндэслэж нэхэмжлэлийн 20,340,000 төгрөгийн шаардлагын 150 толгой малын үнэ 16,021,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн 12 кг ноолуурын үнэ, үнэлгээний тайлангийн зардал 350,000 төгрөг, малын үнэлгээний зөрүү нийт 4,319,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид түрээсээр 300 толгой бог мал хүлээлгэн өгсний үлдэгдэл 150 толгой бог малыг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.5-т “...энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж, 289-р зүйлийн 289.1.5-д “...гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгнө.” гэж тус тус заасны дагуу түрээсийн гэрээний эд хөрөнгө болох 150 толгой малын үнийг 16,021,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  259,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,021,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжт 239,055 өгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 16,021,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4,319,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  259,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,021,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжт 239,055 өгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.БОЛОРМАА