Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/975

 

 

 

 

 

   2023           10            10                               2023/ДШМ/975                     

 

  Н.Нт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Өнөбат, 

хохирогч Лян Жин Чиу /Liang Jin Qiu/, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргал,

яллагдагч Н.Нын өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас,     

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Лян Жин Чиу /Liang Jin Qiu/-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Н.Нт холбогдох 2209033201058 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гончигсүрэн овгийн Н.Н, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, АВО ложистик ХХК-ийн дэд захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4б байр 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НК90070218/;

Н.Н нь “Жи Эс Ресурс Интернэшнл" ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар “нүүрс нийлүүлэх арвин туршлагатай, нүүрс нийлүүлж чадна” гэж итгүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Лян Жин Чиу /Liang Jin Qiu/-тай 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай “Нүүрс худалдан авах” гэрээг цахимаар байгуулж, улмаар “нүүрс нийлүүлэх гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.086.750 юань буюу 484.484.017.5 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 582.750 юань буюу 273.187.372.5 төгрөгийг, нийт 757.671.390 төгрөгийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн “Жи Эс Ресурс Интернэшнл” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 436009889 дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагчийн Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлүүлэх болон оролцогчийн гомдол хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна.

Оролцогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид өмгөөлүүлэх эрхээр бүрэн хангагдах ёстой. Яллагдагч Н.Н нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй оролцжээ. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авахдаа яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулсныг өмгөөлүүлэх эрхээр бүрэн хангасан гэж үзэхгүй.

Мөрдөгч нь 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 55 минутад яллагдагч Н.Нт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл үйлдэж, мөн өдрөө хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал үйлдэн 2023 оны 07 дугаар сарын 07- ны өдөр прокурорт хүргүүлжээ. Хэрэгт яллагдагчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн гэх баримт авагдаагүй ба цаг хугацааны хувьд танилцах боломж нөхцөлөөр хангасан гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлд зааснаар оролцогч нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд “гомдол, хүсэлт гаргах” эрхтэй ба оролцогчийн дээрх эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлүүлсэн эсэхийг прокурор хянаж, зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээ авч, хуульд заасан эрхийг эдлүүлэх үүрэгтэйгээр хуульчилсан.

Прокуророос шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт гардуулсан тухай тэмдэглэл үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс нийтээр амрах баяр ёслолын өдрүүд таарсан, мөн дээрх цаг хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийн дагуу ээлжийн амралт эдэлж байснаас шалтгаалж, хүндэтгэн үзэх шалтгаанаар хэргийн материалтай танилцах боломжгүй байсан гэх тайлбар гаргадаг ба энэ талаарх баримтыг гаргаж өгсөн байна.

Мөн яллагдагч Н.Н нь хэргийн материалтай танилцахдаа болон яллах дүгнэлт гардаж авах үедээ “өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт, гомдол гаргах боломжоор хангаж өгөөч” гэх хүсэлтийг удаа дараа илэрхийлж байсан байна.

Гэтэл прокуророос яллагдагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцахаас өмнө яллах дүгнэлт үйлдэж, оролцогчийн гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлэх эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуульд заасан эрхийг хангалттай, бүрэн эдлүүлээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхой бус байна. Хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Лян Жинчиу /Liang Jin Qiu/ нь нийт 757.671.390 төгрөгийг Хятадын бүтээн байгуулалтын банкнаас шилжүүлсэн, яллагдагч Н.Н нь өөрийн эзэмшлийн “Жи Эс Ресурс Интернэшнл” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжпийн банкны 436009889 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг Монгол улсын хилийн гадна үйлдэгдсэн, эсхүл Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эсэхийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй, прокурорын зүгээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Нт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Лян Жин Чиу /Liang Jin Qiu/-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Яллагдагч Наранбаатарын өмгөөлөгч Ш.Алтангадас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...Өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн материал танилцуулахгүйгээр прокурор болон хохирогч талтай мэтгэлцэж чадахгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгч өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй. ...” гэж урьдчилсан хуралдаан дээр гомдол гаргасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ. ...” гэж хуульчилсан байдаг. Яллагдагч Наранбаатарын өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарт мөрдөгч хуульд заасны дагуу хавтаст хэрэгтээ танилцахыг мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгч нар өөрсдөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Прокурорын шатанд хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс “...Яллагдагчийн өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас нараас Н.Нт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтаст хэрэгт байгаагүй. 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгч санал гаргаж 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр прокурорын байгууллагад хүлээлгэж өгсөн. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Н.Нтай утсаар ярьсан. Ярьсан шалтгаан нь яллагдагч Н.Н хэргийн материалтай танилцаад “...Хавтаст хэрэгтээ уншиж танилцлаа. Гэрч болон мэдүүлэг хүмүүсийн өгсөн мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Мушгин гуйвуулж, худал мэдүүлэг өгсөн байна. Өөрийн талаас нотлох баримтуудыг гаргаж өгч прокурорт гомдол гаргана. ...” гэж бичсэн байсан. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, 17-ны өдөр, 18-ны өдөр, 19-ний өдрүүдэд утсаар холбогдсон. 07 дугаар сарын 19-ний өдөр ярихад өөрийн өмгөөлөгчийнхөө дугаарыг миний дугаар руу мессежээр явуулж байсан. Өмгөөлөгч рүү нь ярьсан. Энэ хэрэг дээр шүүхэд шилжүүлэх саналтай ирсэн. Яллах дүгнэлт үйлдэх гээд хяналтын хугацаа дуусаж байна. Та гомдол гаргах уу? гэж асуух гээд залгахаар утсаа авдаггүй. Яллагдагч Н.Н руу яриад “хэзээ гомдлоо гаргах вэ? гэж асуухаар “манай өмгөөлөгч хөдөө явж байна 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ирнэ гэсэн” гэж хэлсэн. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ирээгүй, мөн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ирээгүй учир гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор яллах дүгнэлт үйлдэнэ, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах, хэргийг хэрэгсэхгүй болгох, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах саналыг гаргана. ...” гэж заасан.

Хуульд заасан хугацаандаа прокурор шийдвэр гаргасан. 2023 оны 7 дугаар сарын 21 -ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагч Н.Ныг дуудаж ирүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр яллагдагч Н.Н, Т.Багахүү өмгөөлөгчийн хамт ирсэн. Дуу, дүрс, камерын бичлэгтэй уулзалтын өрөөнд уулзсан. “Яллах дүгнэлтийг үйлдсэн, гардуулах гэж байна. Яллах дүгнэлт гардаж болно, гардаж авахаас татгалзаж болно” гэж хэлж байсан. Би “яллах дүгнэлтээ гардаж авна” гэж хэлсэн. Мөн ганцаарчилж өмгөөлөгчтэйгөө уулзсан. Өмгөөлөгч нь “яллах дүгнэлтээ гардаж ав” гэсэн зөвлөгөө өгсөн байх. Эргээд яллах дүгнэлтээ гардаж авна гэж хэлснээс харахад. Яллах дүгнэлтээ гардаж авч, хуулийн зөвлөгөө үзүүлсэн атал гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. “Хэргийн материалтай танилцаагүй. Тийм учраас гомдол гаргаж чадахгүй байна” гэж хэлж байна. Тухайн үед яллах дүгнэлт гардуулахад “өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй” гэх асуудлыг хэлдэг. Яллах дүгнэлт гардуулах үед “хэргийн материалтай танилцах уу” гэж хэлэхэд “яллагдагчийн өмгөөлөгч Т.Багахүү нь хэргийн материалтай танилцах эсэх тухай тодруулахад шүүхийн шатанд танилцана” гэж хэлсэн талаарх тэмдэглэл байгаа. Яллагдагч Н.Н мөн бичсэн байгаа. “Өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах боломж олгоно уу” гэж хэлсэн учир өмгөөлөгч нарын эрхийг хангасан. Шүүхийн шатанд танилцана гэж хэлсэн талаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн урьдчилсан хуралдаан дээр хуулийн дагуу яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг няцаасан байтал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Үүнээс гадна хэрэг шүүхэд шилжиж ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүтэн 1 сарын хугацаагаар сунгаж урьдчилсан хуралдааныг зарлаж байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж, үүргээ биелүүлэхгүй байхад шүүх энэ байдлыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан заалтыг зөрчиж байна гэж дүгнэсэн нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт “...Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ. ...”, 7 дахь хэсэгт “...Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ. ...”, 8 дахь хэсэгт “...Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ. ...” гэсэн заалтуудыг хяналтын прокурорын зүгээс зөрчөөгүй байхад анхан шатны шүүх илтэд хууль зөрчсөн яллагдагчид ашигтай шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүх захирамжийнхаа 2 дахь үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал тодорхой бус байна гэж дүгнэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг Монгол улсын хилийн гадна үйлдэгдсэн, эсхүл Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эсэхийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй, прокурорын зүгээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр тус шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн нь үндэслэлгүй байна. ...” гэж тодорхойлсон нь үндэслэлгүй.

Анх Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргасан хохирогчийн гомдлыг Улсын ерөнхий прокурорын газраар хянуулаад мөрдөн шалгах ажиллагааны харьяалал, хяналтыг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ. ...” гэж хуульчилсан. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд мөнгөн хөрөнгийг БНХАУ-ын барилгын банкны 21050169760100000701 дугаар данснаас 1.086.750 юанийг Наранбаатарын компанийн Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг 436009889 дугаарын данс руу шилжүүлсэн нь тогтоогдсон. Мөн Худалдаа Хөгжлийн Банкны төв байр нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 тоот хаягт байрладаг нь тодорхой байсаар байтал шүүх “...Монгол улсын хилийн гадна үйлдэгдсэн, эсхүл Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эсэхийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй. ...” гэж дүгнэснийг хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Яллагдагч Гончигсүрэн овогт Н.Нт холбогдох хэргийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.Нын өмгөөлөгч Ш.Алтангадас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би ээлжийн амралттай байсан бөгөөд баяр наадмын олон хоногийн амралттай байсан. Орой нь хотоос гарах гэж байхад мөрдөгч залгаад “хэргийн материалтай ирж танилцах уу, хэргийг прокурорт шилжүүлэх гэж байна” гэсэн. Би өөрийн учир шалтгаанаа хэлээд “би ирээд танилцаж болох уу” гэж асуухад “ойлголоо” гэсэн. Ийм л үйл явдал болсон. Хавтаст хэргийн материалтай танилцахын ач холбогдол нь тухайн хэргийн материалтай танилцаад тухайн хэрэгт дутуу шалгасан асуудал байна уу, нэмэж материал өгөх үү, хүсэлт гаргах эрхийг хэрэгжүүлэх боломж олгох зэргээр өргөн хүрээгээр ойлгох нь зүйтэй. Өмгөөлөгч бид нарын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах асуудал байгаагүй. Мөн шүүхийн харьяалалыг тодорхойлох асуудлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Н.Нын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хуульд заасан үндэслэлээр гаргасан гомдол гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар буюу аль үндэслэлээ гомдол гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч юм уу, эсхүл түүний өмгөөлөгч нь юм уу тодорхойгүй буюу яг ямар байр суурьнаас гомдол, тайлбар хэлж байгаа нь ойлгомжгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр миний үйлчлүүлэгч надтай уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэх аман гэрээг хийж, прокурорын дуудсан цагт очиж “хэргийн материалтай танилцаагүй, танилцах хүсэлтэй байна, мөн гомдол хүсэлт гаргах хүсэлтэй байгаагаа” хэлсэн бөгөөд прокурор “тэгэх шаардлагагүй, гардаж авч болно, гардаж авахгүй гэвэл би тэмдэглэл үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлнэ” гэж хэлсэн. Энэ нь миний хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл юм. Тухайн хэргийн материал нотлох баримтууд дутуу авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт гардуулсаны дараа гаргасан хүсэлтийг шүүхэд хүргүүлэхээр хуульчилсан боловч бидний хүсэлтийг шүүхэд хүргүүлээгүй. Шүүхийн харьяалалын асуудал нь хэрэг шүүхэд шилжиж очоогүй байхад шүүхээс хэргийн харьяалалыг тогтоогоогүй байсан. Шүүхийн харьяалалыг Улсын Ерөнхий прокурор тогтоохгүй. Энэ асуудлын талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие энэ хэргийн дагнасан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бол шүүхийн харьяалалыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн тогтоохоор хуульчилсаны дагуу энэ хэргийн харьяалалыг тогтоох ёстой гэсэн байр суурьтайгаар оролцсон. Прокурор хэргийг шүүхэд хүргүүлсэнийхээ дараа хэргийг татаж авсан. Татаж авсан үндэслэл нь хэргийн харьяалалыг Улсын Дээд шүүхээр тогтоолгуулах шаардлагатай гэж хэргийг татаж авчихаад Улсын дээд шүүхээр хэргийн харьяалалыг тогтоолгохгүйгээр хэргийг буцаагаад шүүх рүү хүргүүлсэн. Шүүх хуралдааны явцад хэргийн харьяалалын талаар маргаан гараагүй бөгөөд хэлэлцүүлэгийн явцад маргаан үүссэн. ...” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй буюу танилцах боломжоор хангаагүй гэх асуудал огт байхгүй. Энэ нь үндэслэлгүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцах талаар удаа дараа утсаар ярьж хэлсэн. Энэ нь хэргийн прокурорт буцаасан захирамжийн 9-өөс 10 дугаар талд байгаа. Яллагдагч өөрөө “манай өмгөөлөгч нарт прокуророос утсаар мэдэгдсэн, манай өмгөөлөгч нар ирээгүй” гэдгээ хэлсэн байдаг. Яллагдагч “хэргийн материалтай өмгөөлөгчөө танилцуулах хүсэлтэй байна, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулах боломж олгоно уу” гэж бичсэн байдаг. Өмгөөлөгч Т.Багахүүгээс дуу, дүрсний бичлэгтэйгээ өрөөнд асуухад “хэргийн материалтай танилцахгүй” гэж хэлсэн. Өөрөө ингэж хэлчихээд урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийн материалтай танилцуулаагүй гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн  прокурорын байгууллагад 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийг прокурорт 14 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалттай бөгөөд үүний дагуу прокуророос 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хугацаанд Ш.Алтангадас өмгөөлөгчид 3 удаа өөрийн гар утасаар залгахад утсаа нэг ч удаа аваагүй. Энэ асуудал нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагчийн өмгөөлөгч нар тайлбар хэлсэн бөгөөд “прокурор залгасан” гэдгийг хэлсэн байдаг. Мөрдөгч хэргийн материалтай танилцуулаагүй байсан зөрчлийг прокурор илрүүлээд өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч танилцаагүй. Өмгөөлөлийн тухай хуульд шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн бүхий л арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг авна гэсэн хуулийн зохицуулалттай. Улсын Ерөнхий прокурорын газраас энэ хэргийг гадаадын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэж үзэж харьяалалыг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тогтоосон. Улсын Ерөнхий прокурорын газраас мөрдөн байцаалтын болон хяналтын харьяалалыг тогтоохдоо уг хэрэг гадаадын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэх үндэслэлээр хэргийн харьяалалыг тогтоогоогүй бөгөөд хэргийг түргэн, шуурхай шийдвэрлүүлэх дагнасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилготойгоор харьяалал тогтоосон. Уг тогтоолд удирдлага болгосон зүйл, заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгосон. Энэ нь гадаад улсын нутаг дэвсгэр дээр энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзсэн. Гэмт хэрэг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төгссөн. Тухайн өмчлөлийн эд хөрөнгө хэзээ, хаана өөрийнх нь өмчлөл, эзэмшил, ашиглалтанд шилжсэн бэ гэдгээс хамаарч гэмт хэрэг төгссөн хугацаа болон нутаг дэвсгэрийг тодорхойлдог. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцэх бүрэн боломжтой. Мөн хохирогч нь яллагдагчид 757.671.390 төгрөгийг залилуулсан. Энэ асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгээр 10 асуудал яригдсан. Өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй байж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар 8 асуудлыг ярьсан. Өмгөөлөгч нар хэргийг бүхэлд нь уншиж судалсан, ажиллагаа дутуу гэж ярьдаг атлаа хэргийн материалтай танилцаагүй гэж үзэх боложмгүй нь харагдаж байна. Хэргийн материалтай танилцаагүй бол улсын яллагчтай 2 цаг мэтгэлцээд байгааг ойлгохгүй байна. Энэ хэрэгт нотлогдбол зохих байдлуудыг бүрэн хангагдсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааны үе шат руу хэргийг шилжүүлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдааны шат руу шилжүүлж өгнө үү. Мөн тухайн хэрэгт миний зүгээс эсэргүүцэл бичээгүй нь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой яв цав нийцэж, утга агуулгын хувьд зөрүүгүй байсан тул эсэргүүцэл бичих шаардлагагүй гэж үзсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Лян Жин Чиу /Liang Jin Qiu/-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Н.Нт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид заасан “...өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн гэх баримт авагдаагүй, өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт, гомдол гаргах боломжоор хангаагүй, шүүхийн харьяалал тодорхой бус байна. ...” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх бөгөөд эдгээр үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад “...хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах; ...” гэж, мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ. ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ. ...” гэж, мөн хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх; ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөгч, прокурор хэргийн оролцогч нарт хавтас хэргийн материалыг танилцуулах, танилцахыг мэдэгдэх ба тэдгээрээс гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын харьяалалыг тогтоосон тогтоол /1хх 9-10/ авагдсан байх бөгөөд харин хэргийн шүүхийн харьяалалын талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийж ирүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Лян Жин Чиу /Liang Jin Qiu/-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргал “...хавтаст хэрэгтээ танилцахыг мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгч нар өөрсдөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхийн харьяалалын талаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/2023 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Лян Жин Чиу /Liang Jin Qiu/-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ