Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхзул,

Насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Бямбацэцэг,

Шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ж.А-д холбогдох эрүүгийн 1705014130296 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Эрдмийн Ундраа хүүхэд хөгжлийн төвд багш ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо Зүүн баян уулын 8-47 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, А овогт Ж.Амаржаргал.

 

Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 40 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдмийн Ундраа” хүүхэд хөгжлийн төв дотор насанд хүрээгүй 5 нас 10 сартай Б.Цэцэнг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ:

Хэрэг гарах үед сурагчдийн 1 дүгээр улирлын амралт эхэлсэн байсан. Би 5 дахь өдөр өнжүүлэхэд сурдаг хүүхдүүдээ 2 нүүр хуулан бичиг хийгээд ирээрэй гэсэн даалгавар өгөөд явуулахад 1 дэх өдөр Цэцэн юм бичээгүй ирсэн. Тэгэхээр нь “Цэцэн нэг бол дээшээ хараад суугаад хичээлээ хийхгүй байна. Та нар гэрт гэрийн даалгаварыг нь хийлгээд ирэхэд яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Цэцэнг хичээлээ хийгээрэй гэж суулгачихаад хэсэг хугацааны дараа очиход Цэцэн юу ч хийгээгүй сууж байхаар нь хажуугаар нь гарах даа цохисон нь үнэн. Хэсэг хугацааны дараа харахад Цэцэн нүдээ  нухаад суугаад байхаар нь “яагаад нүдээ нухаад байгаан юм” гээд очоод харахад зүүн нүдний дээд зовхинд цус гарсан зүйл байхгүй болохоор нь би маш их гэмшээд хүйтэн жин тавьсан. Тухайн үед хүний бие муудсан гээд хөдөөнөөс дуудлага ирсэн байсан болохоор би “Цэцэнд чи даалгавараа хийсэн бол юу гэж ийм зүйл болох вээ дээ, багшийгаа уучлаарай” гэж хэлээд хөдөө явсан. Тэгээд орой нь манай тогтооч залгаад Цэцэнгийн ээж нь ирж Цэцэнг аваад явлаа ууртай байна гэж хэлсэн. Даалгавараа хий гээд ар нуруу руу нь цохисон нь миний буруу. Би хохирогчид нийт 230.000 төгрөгийн хохирол барагдуулсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Бямбацэцэг мэдүүлэхдээ:

Тухайн хэрэг гарсан өдөр би гэртээ амарч байсан болохоор манай ээж Цэцэнг өдөр өнжүүлэхэд нь хүргэж өгсөн. 14 цагийн үед манай ээж Цэцэнгийн  хувцасны өлгүүрийг нь өгөхөөр гарсан. Би 18 цагийн үед очиж хүүхдээ авах гэхэд нэг нүд нь нилээн нуухтай байхаар нь юу болсон талаар асуухад А багш зодсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө багшаас нь А багш хаана байна гэж асуухад “гараад явсан мэдэхгүй” гэж хэлэхээр нь би маш их хэмжээгээр уурласан. Би А багшийн утас руу залгаад “миний хүүхдийн нүдийг яасан бэ” гэхэд надтай эвгүй өнгө аясаар ярьсан. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ хугацаанд А багш надтай нэг ч удаа холбогдож яриагүй. Би маш их ачаалалтай ажил хийдэг учраас хүүхдийнхээ хичээлийг нь хийлгэхээр сарын 200.000 төгрөгийн төлбөртэй сургалтанд явуулж байсан. Гэтэл тухайн асуудлаас болж миний хүүхдийн нүд сохорсон бол яах байсан бэ. А багш эмээтэй нь уулзаж хохирол төлбөр төлсөн. Одоо миний хүүхдийн нүд эдгэрсэн. Хүүхдийн нүдийг гэмтээчээд  эцэг эхэд нь мэдэгдээгүй хэнэггүй зан гаргасанд нь уур хүрч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Б.Цэцэнгийн өгсөн:

 “... 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө эмээ Алтанчимэгийн хамтаар өвөө эмээгийн амьдардаг гэрээс гараад өдөр өнжүүлэх төв дээрээ очсон юм. ... А багш монгол хэлний дэвтэр дээр хэдэн үсэг ... бичиж өгөөд энийг бичээд сууж байгаарай гэж хэлэхээр нь би багшийн ширээн дээрээс очиж дэвтэрээ аваад өөрийн суудаг ширээн дээр очиж суусан. Ингээд багшийн бичиж өгсөн үсгийг эмээ Алтанчимэгийн авч өгсөн хичээл бичдэг цэнхэр өнгийн балаар хичээлээ бичих гээд балаа аль гартаа барьж байснаа санахгүй байна, багш А нь ирээд дэвтэр дээрх үсгээ бичээд гэж хэлээд макюун машины зурагтай хичээлдээ үүрдэг баруун гар талд шалан дээр тавьчихсан байсан цүнхийг аваад толгойны зүүн хойд хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед би барьж байсан балныхаа бичдэг хэсгийн нөгөө тал, ар тал хэсгээр нь зүүн нүд рүү хатгасчихсан. Тэгээд би нүүрээ дараад сууж байтал багш А нь ирээд нүдийг хараад аймаар байна, цус гарчихсан байна гэж хэлээд нойтон сальфетка авч өгөхөөр нь би нүдээ арчсан ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

            Мөрдөн байцаалтад гэрч З.Алтанчимэгийн өгсөн:

            “... зээ хүү Цэцэнгийн нүдийг харахад зүүн талын нүд нь улайгаад нуухадсан байдалтай байсан ... Цэцэнгээс яагаад багш нь цохисон талаар асуухад багш даалгавар хийгээгүй гэж загнаж байгаад эмээг гарсны дараахан хичээлийн цүнхээр хичээлээ хийхгүй яасын гээд цүнхээр цохисон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/   

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр М.Бямбацэцэгийн өгсөн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 цаг 45 минутын орчимд хүү Цэцэнг өдөр өнжүүлэх төвөөс асуухад багш намайг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад цохисон талаар асуухад хичээлээ хийгээгүй гэж хэлээд миний хичээлийн цүнхээр толгойны хойд талын зүүн хэсэгт цохисон. Тэгээд барьж байсан хичээл барьдаг балаараа нүдээ хатгачихсан гэж хэлсэн ...” /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/

 

             Мөрдөн байцаалтад гэрч Ч.Золсайханы өгсөн:

            “... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ... А багш гал тогтоонд орж ирээд би яаралтай ажил гараад хөдөө явахаар болчихлоо, би Цэцэнг хичээлээ хий гээд араас нь нуруу руу нь цохичихсон чинь гартаа барьж байсан балаараа нүдээ зурчихсан юм шиг байна, би сая хүйтэн жин тавьж өглөө, чи анзаарч байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн ...” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад шинжээч М.Аригуунтөгсийн өгсөн:

            “... Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тул балны ар зүүлт буюу хугарсан хэсэгт цохигдох үед үүсгэгдэх боломжтой ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 13928 тоот: 

1. Б.Цэцэнгийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

            - Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 5/,

            - Насанд хүрээгүй хохирогч Б.Цэцэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 6/,

            - Насанд хүрээгүй хохирогч Б.Цэцэнгийн гэмтэл авсан үеийн фото зураг /хх-н 7/,

            - Насанд хүрээгүй хохирогч Б.Цэцэнгийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 49-50/

            - Хохирол төлсөн баримт /хх-н 70/,

 

Шүүгдэгч Ж.А-н хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бүжинлхамын өгсөн:

“... Манай ээж зан байдлын хувьд их нийтэч, ажилсаг, хүүхдэд их хайртай, ажилдаа их дуртай, түргэн уурлаад байдаггүй, юманд хүлээцтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 23/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

- Эрдмийн Ундраа Хүүхэд хөгжлийн төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 44, 69 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /хх-н 37 дугаар хуудас/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

- АСАП сангийн лавлагаа  /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 40 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Эрдмийн Ундраа” хүүхэд хөгжлийн төв дотор насанд хүрээгүй 5 нас 10 сартай Б.Цэцэнг хичээлээ хийсэнгүй гэх шалтгаанаар цохиж, эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А-н мэдүүлсэн “...Цэцэнг хичээлээ хийгээрэй гэж суулгачихаад хэсэг хугацааны дараа очиход Цэцэн юу ч хийгээгүй сууж байхаар нь хажуугаар нь гарах даа цохисон нь үнэн ...” гэх мэдүүлэг,

            мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Цэцэнгийн “...багшийн бичиж өгсөн үсгийг эмээ Алтанчимэгийн авч өгсөн хичээл бичдэг цэнхэр өнгийн балаар хичээлээ бичих гээд балаа аль гартаа барьж байснаа санахгүй байна, багш А нь ирээд дэвтэр дээрх үсгээ бичээд гэж хэлээд макюун машины зурагтай хичээлдээ үүрдэг баруун гар талд шалан дээр тавьчихсан байсан цүнхийг аваад толгойны зүүн хойд хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед би барьж байсан балныхаа бичдэг хэсгийн нөгөө тал, ар тал хэсгээр нь зүүн нүд рүү хатгачихсан. Тэгээд би нүүрээ дараад сууж байтал багш А нь ирээд нүдийг хараад аймаар байна, цус гарчихсан байна гэж хэлээд нойтон сальфетка авч өгөхөөр нь би нүдээ арчсан ...” гэх,

            гэрч З.Алтанчимэгийн “... зээ хүү Цэцэнгийн нүдийг харахад зүүн талын нүд нь улайгаад нуухадсан байдалтай байсан ... Цэцэнгээс яагаад багш нь цохисон талаар асуухад багш даалгавар хийгээгүй гэж загнаж байгаад эмээг гарсны дараахан хичээлийн цүнхээр хичээлээ хийхгүй яасын гээд цүнхээр цохисон гэж хэлсэн ...” гэх

            гэрч М.Бямбацэцэгийн      “... 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 цаг 45 минутын орчимд хүү Цэцэнг өдөр өнжүүлэх төвөөс асуухад багш намайг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад цохисон талаар асуухад хичээлээ хийгээгүй гэж хэлээд миний хичээлийн цүнхээр толгойны хойд талын зүүн хэсэгт цохисон. Тэгээд барьж байсан хичээл барьдаг балаараа нүдээ хатгачихсан гэж хэлсэн ...” гэх,

            гэрч Ч.Золсайханы “... А багш гал тогтоонд орж ирээд би яаралтай ажил гараад хөдөө явахаар болчихлоо, би Цэцэнг хичээлээ хий гээд араас нь нуруу руу нь цохичихсон чинь гартаа барьж байсан балаараа нүдээ зурчихсан юм шиг байна, би сая хүйтэн жин тавьж өглөө, чи анзаарч байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн ...”,

            шинжээч М.Аригуунтөгсийн  “... Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тул балны ар зүүлт буюу хугарсан хэсэгт цохигдох үед үүсгэгдэх боломжтой ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 13928 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бямбацэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, 230,000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж байх тул шүүгдэгч Ж.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Ж.А-н хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А овогт Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А-н торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ