2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00397

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21

191/ШШ2025/00397

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................. тоотод байрлах, Х ХХК /РД:Б/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.................... тоотод байрлах, Б ХХК /РД:55555555/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920 381 000, алданги 332 400 000 төгрөг, нийт 1 252 781 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н. нар оролцов. 

 

1.Хариуцагч Б ХХК-ийн захирал Г.В шүүх хуралдааны тов мэдэгдэхэд манай өмгөөлөгч оролцоно гэж, түүний өмгөөлөгч П.Б шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүлйинй 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2.Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Х ХХК нь Б ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Бурхант Өргөө зочид буудал болон үйлчилгээний цогцолбор барих ажлыг гүйцэтгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж санхүүжилтийг шилжүүлсэн.

Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй чанаргүй, доголтой барилгын ажлыг гүйцэтгэж улмаар компанид их хэмжээний хохирол учруулаад байна.

 

Х" ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Б ХХК-тай нийт 9 удаагийн Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 12 удаа Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж инженерийн тодорхойлолт акт үйлдэж, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэрээнд заасан ажпыг хугацаандаа хийж гүйцэтгэх талаар албан бичгийг тус тус хүргүүлж, 5 удаа Б ХХК-ний захирал болон менежертэй уулзалт хийж гэрээний биелэлт хангалтгүй байгаа, заасан хугацаанд ажлыг чанартай хийж дуусгах талаар гэрээнд зааснаар удаа дараа мэдэгдсэн билээ.

 

Гэвч Б ХХК нь гэрээнд заасан 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд заасан хугацаанд ажлыг 100 хувь хийж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар барилгын ажлыг орхиж явсаны улмаас чанаргүй дээврээс борооны ус орж барилгын дотор заслыг чанарыг алдагдуулж дахин хийх хэмжээнд хүргэсэн болно.

 

Иймд Б ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Бурхант Өргөө зочид буудал, кино театрын барилгын чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,421,855 төгрөгийн хамт гаргуулж Х ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 1,158,699,890 төгрөгөөр үнэлсэн бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй анх гаргасан шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

3. Хариуцагч Б ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

 

Манай компани нь Х ХХК-тай 2015 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд Эрдэнэт хот дахь Өргөө кино театрын барилгын ажил, Дархан-Уул аймгийн Дархан Өргөө кино театрын барилгын ажлыг гүйцэтгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай 17-1039 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх болон өр авлага барагдуулах, санхүүжилтийн талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ болон Эрдэнэт өргөө кино театрын 17-1041 тоот гэрээ, Дархан өргөө цогцолборын 17-1040 гэрээг тус тус байгуулагдсан. Энэхүү гэрээний 3.3 дахь заалтаар нэхэмжлэгч Х ХХК-ийн толгой компани болох Сод монгол групп ХХК-ийн Дархан төмөрлөг ТӨХК-аас авах авлага болох 1 867 989 300 төгрөгийн авлагыг шилжүүлэн тооцохоор ажлын санхүүжилтэд зарцуулахаар тохирсон. Ингээд 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 17-1040 тоот гэрээгээр гүйцэтгэх ажлын зурагт өөрчлөлт орж нэмэлт ажил хийх шаардлагатай болсон учир дээрх гэрээг талууд хааж, 2018 оны 04 сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх 18-1900 тоот гэрээг байгуулсан.

 

Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэ 2 300 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд энэхүү төлбөрийн 1 867 989 300 төгрөгт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Хаппи таун хотхон-д 18 ширхэг орон сууцыг 2017 оны 05 дугаар сард шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацааг 2018 оны 09 сарын 30-ны өдөр гэж талууд тохирсон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас талууд харилцан тохиролцож хугацааг сунгаж 2019 оны 09 сарын 25-ны өдөр болгон өөрчилсөн.

 

Манай комппанийн зүгээс өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлэн нэхэмжлэгч байгууллагын шилжүүлсэн бартерыг борлуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын толгой компани болох Сод монгол групп ХХК-ийн удирдлагуудын удаа дараагийн шийдвэр болох, барилгын ажлын хийц болон загвар, материалын өнгөний сонголт өөрчлөх, дуусгавар болсон өмнөх гэрээний санхүүжилтийн үлдэгдлийг олгоогүй зэргээс шалтгаалан тухайн ажлын цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байдал удаа дараа үүсч байсан. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагын удирдлагад албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд дээрх бартерт өгсөн бараа материалыг зах зээлийн үнээс хямд борлуулж бид мөн их хэмжээний алдагдал хүлээж байна.

 

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17/1041 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Эрдэнэт өргөө кино театрын барилгын ажлыг гүйцэтгэж 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолтоор 100% гэж дүгнэн дуусгавар болгон ашиглалтанд оруулсан. Уг ажлын үлдэгдэл төлбөрийг байнга хойшлуулах болон удаашралтайгаар шийдвэрлэж байсан бөгөөд одоогийн байдлаар Б ХХК нь 388,387,108 төгрөгийн авлагатай гарсан.

 

2020 оны 04 сарын 17-ны өдөр өр, авлагын хувьд хоёр байгууллага тооцоо нийлсэн. 2018 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний Дархан өргөө цогцолбор барилгын урьдчилгаа төлбөр болгон Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах, Хаппи таун хотхонд 18 ширхэг орон сууцыг 1 867 989 300 төгрөгт тооцон өгсөн нь үе шатны явцын ажлын гүйцэтгэлээр хаагдсан. 2020 оны 03 сарын 09-ний өдрийн байдлаар ажлын явц 94,6%-тай байна гэж талууд дүгнэснээр манай компанийн авлага 263,884,444.87 төгрөг болж байна.

 

Ингэснээр Х ХХК-ийн захиалгаар Эрдэнэт өргөө кино театр болон Дархан өргөө цогцолборын барилгуудын гэрээт ажлуудын авлага 652 271 552,87 төгрөг болсон байна. Гэвч энэхүү авлага нь шийдэгдэхгүй компанийн бусад санхүүгийн эх үүсвэр хүндрэлтэй болсноос хугацаа хэтэрч одоогийн байдал үүсээд байна. Бид үлдэгдэл санхүүжилтээ шийдэх хүсэлт удаа дараа гаргасан бөгөөд Х ХХК нь энэ асуудлыг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломж бидэнд байсан.

 

Нэхэмжлэлд дурдсан чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг болон гэрээний алданги 332,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн барилгын дээвэр болон гадна фасаданд гарсан эвдрэл гэмтэлийг тухайн эвдэрсэн хэсэгт нь шинэчлэн засварлах боломжтой өөрөөр хэлбэл дээвэр фасадыг бүхэлд нь солих шаардлагагүй. Гэрээт ажил нийтдээ 2 тэрбум гаруй төгрөг байсан бөгөөд тухайн барилгад гарсан жижиг хэмжээний гэмтлийг нийт ажил гүйцэтгэсэн төсөвт өртгийн 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр засварлана гэх шаардлага нь бодит байдалд нийцэхгүй.

 

Ер нь ажил хугацаандаа дуусаагүй шалтгаан нь Х ХХК ажил гүйцэтгэх төлбөрөө хугацаанд нь өгөөгүй байдлаас болсон, мөн бид хийсэн ажлаа дүгнэж тооцоо нийлсэн бөгөөд нийт гүйцэтгэсэн ажлыг 94,6%-тай гэж талууд хүлээн зөвшөөрч тухайн тооцоо нийлсэн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, хугацаа алдсан шалтгаан ажил гүйцэтгэгчээс болоогүй. Энэхүү үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тохиолдолд бид ажлаа гүйцээж хийх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэгч талаас Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.04.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018.05.02-ний өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ №1, №2, Үнэлгээчин Д.Энхтуяагийн 2020.07.29-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, Хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Нью тур сафарис ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт акт, Дархан өргөө синема-6, Бурхант өргөө барилгын түрээслэгч нарын гомдол, түрээслэгч нартай байгуулсан Түрээсийн гэрээ, 2020.02.21-ний өдрийн 04/2020-Д дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2017.05.24-ний өдрийн Гэрээ дүгнэж, үүрэг харилцан дуусгавар болгох акт, орон сууц хүлээлгэх акт, 2017.06.02-ны өдрийн Орлогын падаан, 2019.02.20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2020.05.04-ний өдрийн Протокол, Нью тур сафарис ХХК-ийн 2020.01.06-ны өдрийн А/333 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2019.05.07-ны өдөрийн 02/218-19 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар: Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.01.18-ны өдрийн 17-1039 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх болон өр авлага барагдуулах, санхүүжилтийн талаар хамтран ажилах ерөнхий гэрээ, 2018.04.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Х ХХК-ийн гэрээ дүгнэх, инженерийн тодорхойлолт алданги тооцох, Тооцооны үлдэгдэлийн баталгаа, Авлага өглөгийн тооцоо 2х, Б ХХК-ийн 2018.05.14-ний өдрийн 18/07, 2018.07.18-ны өдрийн 18/40, 2018.08.06-ны өдрийн 18121, 2018.08.13-ны өдрийн 18/123, 2018.08.29-ний өдрийн 18/132, 2018.09.12-ны өдрийн 18/40, 2018.12.18-ны өдрийн 18/198, 2019.02.25-ны өдрийн 19/35, 2019.05.06-ны өдрийн 19/60, 2019.07.04-ний өдрийн 19/96, 2020.01.17-ны өдрийн 20/05, 2020.5.04-ны өдрийн 20/29, 2020.05.04-ний өдрийн 20/30, 2020.05.11-ний өдрийн 20/45 дугаар албан бичгүүд зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

6. Шүүх талуудын хүсэлтээр: Лэндс үнэлгээ ХХК-ийн 2024.08.26-ний өдрийн Барилгад чанаргүй хийсэн ажил ба ашиглалтын явцад гаргасан доголдолын хэмжээг тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлт зэргийг шинэчлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920,381,000 төгрөг, алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

3. Нэхэмжлэгч Х ХХК нь ажил гүйцэтгэгч Б ХХК-ийг барилгын ажлыг хугацаанд нь 100% гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй орхиж явсан, чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн гэх үндэслэлээр доголдлыг арилгахад гарах зардал 920,381,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 332,400,000 төгрөг тус тус шаардсан.

 

4. Хариуцагч Б ХХК эс зөвшөөрч, санхүүжилтыг хугацаанд нь өгөөгүйгээс өр авлага үүсч хугацаа хэтэрсэн, нийт гүйцэтгэсэн ажлыг 94,6%-тай гэж талууд хүлээн зөвшөөрч тухайн тооцоо нийлсэн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой, тухайн барилгын дээвэр болон гадна фасаданд гарсан эвдрэл гэмтлийг тухайн эвдэрсэн хэсэгт нь шинэчлэн засварлах боломжтой, дээвэр, фасадыг бүхэлд нь солих шаардлагагүй гэж маргасан.

 

5. Х ХХК нь Б ХХК-тай 2018.04.30-ний өдөр, 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Б ХХК нь захиалагчийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багт баригдаж буй Дарханы Өргөө палас нэртэй кино театр бүхий худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын гэрээнд заасан 27 ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид актаар 2018.09.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид гэрээгээр тохиролцсон үнэ 2,300,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй болно. /1хав 6-11, 52-57 хуу/

 

5.1. Талууд 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №1-ээр барилгын фасадыг зургийн дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлс 470,000,000 төгрөг байх, гэрээний хугацааг 2019.05.01-ний өдөр байхаар тогтоосон, №2-оор нэмэлтээр хоёр барилгын хоорондын сендвичен дээвэр хийх, үүдний хэсгийн орон зайн хучилт хийх, дээврийн усны хаялга хийх, дотор өрлөгийн ажил зэргийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, гэрээний хугацааг 2019.09.25-ны өдөр байхаар тогтоосон байна. /1хав 12-14 хуу/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

 

5.2. Дээрхи гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэгч Б ХХК нь гэрээгээр тохиролцсон бүхий л ажлыг 2019.09.25-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж захиалагч Х ХХК-д актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн болохыг Нью тур сафарис ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулсан байна. /1хав 58-60 хуу/

 

6. Ажил гүйцэтгэгч Б ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын 5.4%-ийг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.1, 3.4-д зааснаар санхүүжилт 2,300,000,000 төгрөгийн урьдчилгаа 1,867,989,300 төгрөгийг захиалагчийн толгой компани болох Сод монгол групп ХХК-иас 2017.01.18-ны өдрийн 17/1039 тоот гэрээний 3.3-т зааснаар 2017.08.09-ний өдөр 3 талын орон сууц хүлээлцэх актаар бүрэн төлж дуусгасан. /2хав70-73 хуу/

 

Үлдэгдлийг ажлын гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр тооцож төлөхөөр, мөн 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №1-ээр барилгын фасадны ажлын хөлс 470,000,000 төгрөгийг Дархан өргөө кино театрын барилгын талбайгаас үнийн дүнд дүйцэх талбайг өгөхөөр тохиролцжээ.

 

Иймээс нийт санхүүжилтын 2,337,989,300 төгрөгийн төлбөрийг бартераар төлж, үлдэгдэл 432,010,700 төгрөгийг мөнгөөр дүнгээр буюу ажлын Гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр тооцож төлөхөөр тохиролцсон байх бөгөөд ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасантай нийцсэн гэж үзнэ. 

 

7. Талууд ажлын гүйцэтгэлийг 2 удаа актаар баталгаажуулсан байна.

Үүнд:а/. 2019.01.30-ны өдөр байдлаар ажлын явц 74%-тайг баталгаажуулж, нэмэлт гэрээгээр гадна фасаданд нэмэлт ажил орж ирснээр гүйцэтгэгч тал нэмэлт фасадны материал татан авах санхүүжилт гаргах зорилгоор 4-н /№ 6, 7, 17, 21/ нэр төрлийн ажлын гүйцэтгэлийг 2019.05.01-нээс өмнө хийж гүйцэтгэнэ гэж хоёр талын захирал шийдвэрлэснийг үндэслэж 20-н нэр төрлийн ажлаар гүйцэтгэлийг тооцоход 89% гарсныг Х ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулсан байна. /1хав 91-93 хуу/

 

б/. 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн болохыг Х ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулжээ. /1хав 58-60 хуу/

 

8. 2019.01.30-ны өдөр ажлын явцыг баталгаажуулсны дараа хоёр байгууллагын нягтлан бодогч нар 2019.02.20-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлж, 741,727,908 төгрөгнөөс 350,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 391,727,908 төгрөгийн тооцоотой гарсныг баталгаажуулан Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлджээ. /2хав 74 хуу/

 

Иймээс нэхэмжлэгч Х ХХК-ийг хариуцагч Б ХХК-д санхүүжилтын үлдэгдлийг ажлын Гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр тооцож төлөхөөр тохиролцсны дагуу 350,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Байгууллагын нягтлан бодогч нар 2020.04.17-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлж 388,387,108 төгрөгийн тооцоотой гарсныг баталгаажуулан Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдсэн боловч бусад гэрээт ажлууд /Эрдэнэт өргөө - 830,000,000 төгрөг, гэрээ 19-1522 тоот -60,420,000 төгрөг гэх мэт/-ын төлбөр тооцоог оруулан нийт үлдэгдлийг 388,387,108 төгрөгөөр тогтоосон байна. / 1хав 61-62 хуу/

 

Иймээс энэхүү тооцооны үлдэгдэл 388,387,108 төгрөгийг талуудын 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б ХХК-ийн 2020.05.04-ны өдрийн 20/29 тоот Гэрээ дүгнүүлэх хүсэлт хүргүүлэх тухай албан бичигт 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот гэрээний төлбөр тооцоог хавсаргав гэсэн байх боловч хариуцагч талаас хавсралтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 2020.05.04-ний өдрийн 20/30, 2020.05.11-ний өдрийн 20/45 дугаар албан бичгүүдээр санхүүжилтын үлдэгдэл шаардаагүй байна.

 

9. Эдгээр үндэслэлээр хариуцагч Б ХХК-ийн санхүүжилтыг хугацаанд нь өгөөгүйгээс өр авлага үүсч хугацаа хэтэрсэн, үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэх тайлбарыг үндэслэлгүй гэж шүүх үзэв. 

 

10. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Ажил гүйцэтгэгч Б ХХК нь гэрээгээр тохиролцсон бүхий л ажлыг 2019.09.25-ны өдрийн дотор гүйцэтгэж захиалагч Нью тур сафарис ХХК-д актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн болохыг Х ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулсан. /1хав 58-60 хуу/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй. Ажил гүйцэтгэгч Б ХХК нь 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэж, санхүүжилт хийгдээгүй гэх үндэслэлээр 2020.07 сард ажлын талбайг орхисон гэж тайлбарлаж байх тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талууд 2018.04.30-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.2-т гэрээний 2.1-т заасан 27 ажлыг 2018.09.30-ний өдөр хүртэл хугацаанд багтаан бүрэн хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгнө. 4.1.6-д 2.2-т заасан хугацаанд гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0,5% иар тооцож гэрээний төлбөрөөс суутган шилжүүлнэ гэж тохиролцсон тул нэг хоногийн алданги 3,324,000 төгрөгийг 235 хоногоор тооцоход 781,140,000 төгрөг боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алданги 332,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

11. Иймд хариуцагч Б ХХК-иас алданги 332,400,000 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920,381,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, 

 

12. Хариуцагч Б ХХК нь 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багт баригдаж буй Дарханы Өргөө-палас нэртэй кинотеатр бүхий худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын ажлыг Барилгын норм ба дүрэм, ажлын зураг, стандартын хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.-д Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгч Б ХХК нь нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын барилгын дээвэр болон гадна фасаданд бага зэргийн эвдрэл гэмтэл гарсан талаар маргаагүй. Харин засварлахад гарах зардлын хэмжээний талаар маргасан. 

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэгч Х ХХК нь 2020.01.06-ны өдөр Б ХХК-д гэрээт ажлын гүйцэтгэл дутуу, хүлээлгэж өгөөгүй байгаатай холбогдуулан шаардлага хүргүүлж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх нэмэлт хугацаа тогтоосон. Мөн 2020.05.04-ны өдрийн Протокол-оор барилгын ажлыг дуусгах, дээврээс борооны ус дуслаад байгааг засварлах талаар шаардлага тавьсан байна. / 2хав 75-77 хуу/

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ээр шаардах эрхтэй гэж заасны дагуу Х ХХК нь доголдлыг арилгах зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. 

 

Ажил гүйцэтгэгч Б ХХК-ийн 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Дархан хотод байрлалтай, Бурхант өргөө, Дарханы өргөө палас нэртэй кино театрын барилгын гадна металл фасадны болон шилэн фасад, дээврийн ажил доголдолтой, барилгын дээврээс ус алдсаны улмаас барилгын дотор засалд гэмтэл учирсан бөгөөд чанаргүй хийсэн ажил, ашиглалтын үед чанаргүй ажлаас болж гарсан хохирлыг арилгах зардал 920,381,000 төгрөг болох нь үнэлгээчин Д.Энхтуяагийн Хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Лэндс ХХК-ийн үнэлгээний тайлан, түрээслэгч нарын гомдол, барилга угсаралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /1хав-16-36, 137-197, 227-250, 2 хав 1-51, 81-133хуу/

 

Хариуцагч Б ХХК нь гадна металл фасадны болон шилэн фасад, дээврийн ажлын доголдлыг арилгахад бага хэмжээний зардал гарах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт шүүхэд ирүүлээгүй болно.

 

13. Иймд хариуцагч Б ХХК-иас ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарах зардал 920,381,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгдийн хураамжид урьдчилан төлсөн 6,421,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Б ХХК-иас 1,252,781,000 төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,421,855 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 6,421,855 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б