| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03686/И |
| Дугаар | 191/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/00380
| 2025 01 20 | 191/ШШ2025/00380 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, байрлах, Г б ХК /Регистрийн дугаар:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, оршин суух, Ж-ны Х /Регистрийн дугаар: 00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.945.810 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ж.Х нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г банкнаас R00 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1405170045 тоот зээлийн данс үүсгэж, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Ж.Х 1405170045 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 146 хоног хугацаа хэтрэлттэй. Энэ хугацаанд үндсэн зээлд 805.129 төгрөг, хүү 490.547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342 төгрөг, нийт 1.296.019 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9.194.870 төгрөг, үндсэн хүү 899.263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.034 төгрөг, нийт 10.107.169 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар анх шаардлага гаргасан. Өнөөдрийн байдлаар хариуцагч 5.161.358 төгрөгийг төлсөн байгаа тул үндсэн төлбөрөөс хасаж үлдэх 4.945.810 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Ж.Х миний бие Г банк ХК-д байсан цалингийн зээлийн алдангийг бүрэн төлж барагдуулаад одоо сар бүр хэвийн 428.000 төгрөгийн төлөлт хийгээд явж байгаа гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн RI150013527 дугаар Банкны банзны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ, Ж.Хулангийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Г банк ХК дахь 0000 тоот дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, Г банк ХК дахь 000000 тоот зээлийн дансны хуулга зэрэг баримт ирүүлжээ. /хх 4-15, 39 /
Хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г банк ХК нь Ж.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.107.169 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4.945.810 төгрөг болгож багасгасан тул шүүх энэ хүрээгээр шийдвэрлэнэ.
2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1.Нэг талаас Г банк ХК, нөгөө талаас Ж.Х нар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, банкнаас санал болгож буй зайны сувгаар дамжуулан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авахаар тохирч банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулсан байна. /хх 7-12/
Энэ гэрээнд интернэт банк болон смарт банкны үйлчилгээ, сошиал пэй үйлчилгээ, мобайл банкны үйлчилгээ, киоск төхөөрөмж гэх мэт зайны сувгаар дамжуулж банкны үйлчилгээг авахаар, банкнаас зарласан тухайн үеийн нөхцө лийн дагуу төлбөр тооцооны үйлчилгээ, харилцах дансны үйлчилгээ, картын үйлчилгээ, хадгаламжийн үйлчилгээг үзүүлэхээр тусгажээ. Дээрх хоёр гэрээнд банкнаас зээл олгох үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээг зайнаас олгох талаар тусгажээ.
3.Нэхэмжлэгч үндэслэлээ: 2022 онд байгуулсан дээрх хоёр үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний үндсэн дээр 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цахимаар олгосон гэж тайлбарласан.
3.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. Гэж заасан. Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д хуульд зааснаар бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэж, 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгчээс баримтаар ирүүлсэн дансны хуулгад Ж.Х-ийн Г банк дах 00000 тоот дансанд 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээл утгаар шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд банк, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээх тул нэхэмжлэгч төлөгдөөгүй зээлийг шаардах эрхтэй.
3.2.Нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө банкны санаачилгаар цуцалж зээлийг буцаан шаардсан гэж тайлбарласан.
Хэрэгт талуудын хоорондох 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн цахимаар байгуулсан зээлийн гэрээ авагдаагүй, нэхэмжлэгч баримтаар ирүүлээгүй тул шүүх гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй, мөн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг дүгнэх боломжгүй.
Гэвч хуулиар зээлдэгч зээлийг буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч олгосон зээлээ буцаан шаардсаныг буруутгах үндэслэлгүй.
4.Талуудын хоорондох 2022 онд байгуулсан зайнаас үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээнд зээлийн хүүгийн талаар тусгагдаагүй. Түүнчлэн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн цахим зээлийн гэрээг шүүхэд баримтаар ирүүлээгүй. Шүүх хуралдааны явцад техник хөгжүүлэлтийн явцад энэ зээлийн тухайд зээлийн нөхцөлийг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй, байхгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна.
Энэ нөхцөлд зээлийг хүүтэй байхаар бодитоор тохиролцсон ч нэгэнт хуульд заасан хэлбэрээр байгуулсан гэрээгүй тул нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, алдсан гэж үзнэ. Иймд хасч тооцно.
Зээлдэгч зээл олгосноос хойш үндсэн зээл 805.129 төгрөг, хүү 490.547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 342 төгрөг нийт 1.296.019 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэлд 9.194.870 төгрөг, хүү 899.263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.034 төгрөг нийт 10.107.169 төгрөг анх шаардсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5.161.358 төгрөгийг төлсөн үндэслэлээр дээрх төлсөн мөнгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч, нэхэмжлэгч шаардлагаа 4.945.810 төгрөг болгож багасгасан.
Шүүх нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 9.194.870 төгрөгөөс төлсөн 5.161.358 төгрөгийг хасч үлдэх 4.033.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Харин зээлийн хүү 899.263 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.034 төгрөг гаргуулах шаардлагын тухайд дээр дурдснаар шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгоно. Харин энэ хугацаанд зээлийн хүүд төлсөн 490.547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 342 төгрөгийн тухайд хэдийгээр нэхэмжлэгч шаардах эрхгүй боловч хариуцагч хүлээн зөвшөөрч төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар буцаан гаргуулах үндэслэлгүй, нэхэмжилсэн зээлээс хасаж тооцохгүй. Түүнчлэн хариуцагч энэ талаар маргаан үүсгээгүй болно.
5.Хариуцагч Ж.Х-д өнөөдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрөө гардан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ж.Х-с 4.033.512 /дөрвөн сая гучин гурван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 912.298 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176.665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162.068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ