2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00381

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20

191/ШШ2025/00381

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, ХХХ тоотод оршин суух, Ш овогт Б-гийн Д- /регистрийн дугаар: ХХХХХХХХ/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж 31, ХХХХХ байрлах, М ХХК /регистрийн дугаар:ХХХХХ/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 106.899.464 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, гэрч Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 106.899.464 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Б.Д 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт ******* 2 орон сууцны хотхоны С-блок, 1 орц, 4 давхар, 404 тоот, 61.74 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг М ХХК-аар захиалан бариулахаар №П2-С-0Х-ХХ-ХХ тоот гэрээг гүйцэтгэх захирал Н.Б-тай байгуулсан. Тухайн үед урьдчилгаа төлбөрийг нэхсэн тул 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус байгууллагын Голомт банкны ХХХХХХХ тоот дансанд нийт 39.000.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хаан банк ХХХХХХХХ тоот дансанд 19.000.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мөн данс руу 8.000.000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 0647 УНР улсын дугаартай, Тоёота приус альфа XW маркийн ХХХХХХХ арлын дугаартай автомашиныг бартерын журмаар 25.000.000 төгрөгөөр тооцон өгч нийт 91.000.000 төгрөг төлсөн.

Орон сууцны гүйцэтгэгч М ХХК гэрээний дагуу орон сууц угсарч ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй бөгөөд уг орон сууцыг барих нь нэгэнт биелэгдэх боломжгүй болсон. Би 2024 оны 6 дугаар сард бичгээр өргөдөл өгч мөнгөө нэхсэн боловч уг компанийн удирдлага нь өнөөдөр маргааш дээрх мөнгийг өгнө гэж худлаа хэлж хуурч явсаар өдий хүрлээ.

Бид дээрх мөнгийг М ХХК-д олж өгөхдөө эд зүйлээ банкны барьцаанд тавьж хүү төлж, цалингийн зээл авч, улмаар өөрсдөө амьдрах байргүй болсон тул арга буюу орон сууц хөлсөлж амьдарч байгаа.

Би 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цалингийн зээл 19.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22.000.000 төгрөг тус тус үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон урьдчилгаа төлбөр төлөх, автомашин худалдан авах зориулалтаар Худалдаа хөгжлийн банкны Ривер гарден салбараас цалингийн зээл авсан, эхнэр Р.С-ын нэр дээр 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хан-уул дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах Хаан банкны Цамхаг" салбараас 22.160.000 төгрөгийн зээл авсан, орон сууц хөлслөх гэрээ 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай 1 сарын төлбөр 1.100.000 төгрөгөөр харилцан тохирч байгуулан амьдарч байна.

Ийнхүү "М" ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас манай гэр бүл амьдрах байр оронгүй болж, эд зүйлээ барьцаалан зээл авч банкны зээлийн өр ширэнд орж, орон сууцны түрээсийн төлбөрт 7.700.000 төгрөг, зээлийн үлдэгдэл хүүд 8.199.464 төгрөг буюу нийтдээ 15.899.464 төгрөгийн хохирол учруулаад байна.

Иймд М ХХК-аас гэрээний үүргийн биелэлтэд төлсөн 91.000.000 төгрөг дээр 15.899.464 төгрөгийг нэмж нийт 106.899.464 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн лавлагаа, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, автомашин хүлээлцэх акт, банкны дансны хуулгууд, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ цуцалсан акт, гэрээний хяналтын хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ хуулбар, зээлийн дансны хуулга, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Цалингийн зээлийн гэрээ хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ хуулбар, зээлийн дансны хуулга, 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хуулбар, дансны хуулга баримтууд, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Онлайн цалингийн зээлийн гэрээ хуулбар, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ хуулбар, зээлийн дансны хуулга, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга баримтууд, Гэрлэсний бүртгэлийн лавалгаа зэргийг ирүүлжээ.

Хариуцагчаас: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.Д нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 106.899.464 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: 2023 онд гэрээ байгуулагдсан, талууд 2024 оны 8 дугаар сард харилцан тохирч гэрээг цуцалсан тул төлсөн мөнгийг хохирлын хамт буцаан гаргуулна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн ч хүрэлцэн ирээгүй байна. Түүнчлэн хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж хуралдааныг хойшлуулж байсан. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Б.Д, нөгөө талаас М ХХК нар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******-2 нэртэй орон сууцны хотхоны С блок, 1 дүгээр орц, 4 давхар 404 тоот 61,74 мкв талбай бүхий гурван өрөө орон сууцыг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 1.553.302 төгрөгөөр тооцон нийт үнэд 95.900.865 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдрөө 39.000.000 төгрөг, 25.000.000 төгрөгт тооцон 0674 УНР улсын дугаартай Toyota prius alpha маркийн тээврийн хэрэгслийг бартерт тооцож авахаар, 25.000.000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор, үлдэх 6.900.866 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохирч, П2-С-01/31-107 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулжээ. /хх 6-10/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэрээ байна.

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч бэлэн болон бэлэн бус хэлбэрээр нийт 91.000.000 төгрөг төлсөн, улмаар харилцан тохиролцож 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цуцалсан акт үйлджээ. /хх 15/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байхаар тус тус зохицуулсан.

Талуудын хоорондох гэрээний 3.2-т орон сууцны барилгыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өнөөдрийн байдлаар барилгын ажил огт эхлээгүй, суурийн цутгалт хийгдээгүйгээс хэзээ ашиглалтад орох тодорхойгүй хэмээн нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, С блок баригдаж эхлээгүй болох нь тогтоогдсон. Улмаар зохигчид 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээг цуцласан протокол үйлдснээр гэрээг дуусгавар болгосон, ийнхүү гэрээг цуцалж дуусгавар болгохоор тохиролцсон нь хуульд нийцнэ.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцалснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 91.000.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

6.Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд 15.899.464 төгрөг шаардсан.

Нэхэмжлэгчээс орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй тул байр түрээслэсэн 7.700.000 төгрөг, дээрх мөнгийг банкнаас хүүтэйгээр зээлж хариуцагчид шилжүүлсэн байсан тул хүүд төлсөн 8.199.464 төгрөгийг хохирлоор гаргуулна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Гэрээний 3.1, 3.2-д зааснаар барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх хугацааг 2024 оны 1 дүгээр улирал буюу 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэж тохиролцсон. Хэрэгт нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хоёр жилийн хугацаагаар иргэн Ю.А-аас түүний өмчлөлийн орон сууцыг нэг сард 1.100.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон орон сууц хөлслөх гэрээ, гэрээний дагуу хөлс төлсөн банкны дансны хуулгыг ирүүлсэн тул шүүх үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал-д 2024 оны 4-10 дугаар сарын төлбөрийг тооцож 6.600.000 төгрөг гаргуулах нь зүйтэй. /хх 63-69/

Банкны зээлийн хүүг гэрээнээс учирсан хохиролд шууд тооцож гаргуулах боломжгүй. Харин хэргийн баримтаар 91.000.000 төгрөгийг нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сард төлсөн байсан үйл баримт тогтоогдсон тул энэ мөнгийг хэрэв нэхэмжлэгч банкинд хадгалуулсан бол гэрээг цуцалсан 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс нэмэгдүүлсэн шаардлага гаргах хүртэлх 3 сарын хугацаанд 3.420.000 төгрөгийн хэмжээнд зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэж хохирлоор гаргуулах нь зүйтэй нийцнэ гэж үзэв. /ХХБанкны хадгаламжийн хүүгээр тооцов./

Дээрхийг нэгтгээд үндсэн төлбөр 91.000.000 төгрөг, хохиролд олох ёстой байсан орлого 3.420.000 төгрөг, орон сууц хөлсөлсний төлбөрт төлж гарсан зардал 6.600.000 төгрөг, нийт 101.020.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар М ХХК-иас 101.020.000 /нэг зуун нэг сая хорин мянган/ төгрөг гаргуулж, Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.879.464 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850.397 /612.950+237.447/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 663.050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ