Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/1016

 

   2023            10              19                                    2023/ДШМ/1016

 

 

Б.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдэр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1057 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Од холбогдох эрүүгийн 2308000001193 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О,

Шүүгдэгч Б.О нь иргэн Н.Бөд “гар утсаа өгөөч, ломбардад тавиад буцаагаад аваад өгье” гэж хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Айфон-11 загварын гар утсыг авч, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Good нэртэй ломбардад 550.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хохирогчийн гар утсыг тус ломбарднаас авч, бусдад зарж борлуулан бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан, хуурч 1.050.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Боржигон овгийн Баасангийн Оыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Оаас таван зуун мянган төгрөгийг гаргуулан хохирогч Н.Бөд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Оы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би анхан шатны шүүх хуралд “Талх чихэр” ХК-д технологийн ажилтнаар ажилладаг, цалин орлоготой тул торгох ялаар шийтгүүлэх саналаа гаргасан боловч анхан шатны шүүхээс надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь, би нийтэд тустай ажилд өдрийн 8 цагаар ажиллах ба энэ үед өөрийн ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг торгох ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгч Б.О нь анхан шатны шүүх хуралд “Талх чихэр” ХК-д технологийн ажилтнаар ажилладаг, цалин орлоготой тул торгох ялаар шийтгүүлэх саналаа гаргасан боловч анхан шатны шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсны улмаас ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь, Б.О нь нийтэд тустай ажилд өдрийн 8 цагаар ажиллах ба энэ үед түүний ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Мөнхтүвшин шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс “Талх чихэр” ХХК-д ажилладаг талаар хэлж байсан боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй учир улсын яллагчийн зүгээс 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О нь иргэн Н.Бөд “гар утсаа өгөөч, ломбардад тавиад буцаагаад аваад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Айфон-11 загварын гар утсыг авч, 2023 оны 4 дүгээр 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Good” нэртэй ломбардад 550.000 төгрөгийн барьцаанд тавьж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хохирогчийн гар утсыг тус ломбарднаас авч, бусдад зарж борлуулан бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан, хуурч 1.050.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Бийн “... О найзтай 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Цамбагаравын буудлын хойно байрлах тоглоомын газарт уулзсан. Тухайн үед надаас “гар утсаа өгч байгаач, ломбарданд тавиад буцаагаад аваад өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн үед 550.000 төгрөгөөр миний гар утсыг ломбарданд тавьсан байсан. “Миний гар утсыг хэзээ авч өгөх юм бэ, удлаа шүү дээ” гэхэд “маргааш өвч өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш удаа дараа залгахад м”өнгөгүй байна, маргааш өглөө өгье” гэх зэргээр худлаа ярьсаар сүүлдээ миний дугаарыг блоклоод алга болсон. 14 хоногийн дараа миний утсыг ломбардсан гэх ломбардын газар руу залгахад “утсыг чинь яг одоо чөлөөлж авч байна” гэхээр нь “ямар хүн байна, би ярья” гэхэд О надтай ярьж “утсыг чинь авч байна, нөгөө цахим тоглоомын газар уулзъя” гэхээр нь очиход байхгүй байсан. Тэрнээс хойш алга болсон. ... ” гэх /хх 8-10/,

 

Б.Оы яллагдагчаар өгсөн “... Б найзтайгаа Цамбагарав үйлчилгээний төвийн цахим тоглоомын газарт 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр таарсан. Би Бөөс “гар утсыг нь ломбарданд тавьчихаад буцаагаад 1 хоногийн дараа аваад өгье” гэж хэлсэн. Б надад Айфоне 11 загварын гар утсыг өгөхөөр нь аваад Саппоро худалдааны төвийн ойролцоо ломбарданд 7 хоногийн хугацаатай 550.000 төгрөгөөр барьцаанд тавьж, “маргааш утсыг нь авч өгнө” гэж хэлээд салсан. Тэр орой нь мөнгөөрөө тоглоод алдчихсан. Надад мөнгө олдохгүй байсан учраас утсыг нь авч өгч чадалгүй 7 хоног болсон. Хугацаа дуусахын өмнө би зар дээрээс хүн хайж байгаад 710.000 төгрөгөөр хүнд зараад 610.000 төгрөгөөр утсыг нь авч, 100.000 төгрөгийг өөрөө авсан ...”  гэх /хх 32-33/ мэдүүлгүүд,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Ц-524 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-22/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

 

          Анхан шатны шүүхээс Б.Оыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Мөн шүүгдэгч Б.Оы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байгаа хэдий ч шүүгдэгч Б.Оы давж заалдах шатны шүүхэд гаргасан ажил хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотой “Талх чихэр” ХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 168 дугаартай гүйцэтгэх захирлын “Ажилд томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж байх явцад бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын “... анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/1057 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.“ гэснийг,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.“ гэж өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ