Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/1042

 

   2024          12          17                                        128/ШШ2024/1042

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.З /ҮД:/

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.Б /РД:/

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.Т /ҮД:/ нарын хооронд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд

2.1. Увс аймгийн Н сумын "Б" нэртэй газарт орших 79.90 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр "Х*******" ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

2.2. “Х*******” ХХК болон “Х” ХХК нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

2.3. Нэхэмжлэгчээс өөрийн ашигт малтмалын хайгуулын /одоо дугаартай байгаа/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д бүхэлд нь шилжүүлэх өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын тосны газрын кадастрын хэлтэст ирүүлсэн байна.

2.4. “Х*******” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн дугаартай өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр Увс аймгийн Н сумын нутаг дахь Б нэртэй 79.90 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тус компаниас “Х” ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн байна.

2.5. Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. “Х*******" ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын /одоо дугаартай байгаа/ тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр "Х” ХХК-д шилжсэн. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т заасан байх ба баримт бичгүүд нь дараах байдлаар дутуу, хуулийн шаардлага хангаагүй байхад шилжүүлж шийдвэрлэсэн байна.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж шилжүүлэхээр заасан бөгөөд шилжүүлж байгаа болон үйлдэж байгаа талбайн тодорхойлолт маягт К-10 бөглөхөөр журамд тусгасан. Гэтэл шилжүүлж байгаа талбайг тодорхойлох К-10 маягт нь шилжүүлгийн өргөдөлд хавсаргагдаагүй байна. Мөн хуулийн 49.4.5-д байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн .1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримтыг өргөдөлд хавсаргахаар заажээ. Манай компани тухайн жилийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал 2,000,000 төгрөгөөр төлөвлөгөө гаргасан бөгөөд 50% буюу 1,000,000 төгрөгийг Увс аймаг Н сумын Байгаль хамгаалах санд шилжүүлсэн. Харин хуульд 2,000,000 төгрөгийг шилжүүлэхээр заасан байх тул 1 сая төгрөг дутуу шилжүүлсэн байна.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2. тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, 7.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэсэн хуулийн шаардлага байхад Х ХХК-ний татвар төлөгчийн гэрчилгээ нь шилжүүлгийн өргөдөлд хавсаргагдаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49.4.6 хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримтыг шаардсан байхад эхний жилийн хайгуулын ажлын тайлан батлагдаагүй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлж шийдвэрлэсэн байна.

3.4. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.8-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулгыг өргөдөлд хавсаргах”-аар заажээ. Гэвч тус татварын тооцооллыг хянасан баримт бичиг нь дараах байдлаар зөрчилтэй байна. Татвар төлсөн баримт нь байхгүй байхад шийдвэр гаргасан байна. Мөн "Х*******" ХХК нь "Х" ХХК-ний 5%-ын хувьцааг эзэмшдэг бөгөөд харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд тусгай зөвшөөрлийг шилжүүлж байгаа тул татварын ногдлыг зөв тодорхойлсон эсэх дээр тодорхойлолт гаргаагүй байхад шилжүүлсэн байна.

3.5. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 1 дүгээр хавсралт Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлох маягт 1 дүгээр хавсралт Маягт Т3-01 маягтын Хайгуулын ажлын тайлангийн мэдээлэл баганад Хайгуулын ажлын тайланд тусгасан хайгуулын зардлын дүнг харгалзаж татвар ногдуулах дүнг тодорхойлохоор заажээ. Хайгуулын ажлын тайлангийн Маягт-10 Хайгуулын ажлын зардлын дүнгийн задаргаа маягтаар тус зардлын дүнг тодорхойлдог. Гэвч манай байгууллага нь эхний жилийн хайгуулын ажлын тайланг батлуулахаас өмнө тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тул хайгуулын ажлын тайланд тусгагдсан хайгуулын ажлын зардлын дүнг тодорхойлох боломжгүй юм.

3.6. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.4-т заасан өргөдлийг хүлээн авмагц бүртгэж дараахь зүйлийг тодруулна: 49.5.1-т “өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”,  49.5.2-т “шилжүүлэх тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа эсэх”, 49.5.3-т “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан эсэх”, 49.5.4-т “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан эсэх”, 49.5.5-т “хайгуулын ажилд энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан доод хэмжээнээс багагүй зардал гаргасан эсэх” гэж хуульд заасан бөгөөд дараах зүйлсийг тодруулалгүй шийдвэр гаргасан байна.

3.7. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1. өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дээр дурдсан 49.4-т заасан баримт бичгийн бэл хангаагүй байгааг харгалзаж үзээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49.5.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар буюу шилжүүлэн авч байгаа тал "Х" ГХОХХК нь Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд мөн эсэхийг хянаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.5. хайгуулын ажилд энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан доод хэмжээнээс багагүй зардал гаргасан эсэхийг хянаагүй бөгөөд эхний жилийн хайгуулын ажлын тайлан батлагдахаас өмнө тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргаж байгаа нь хуульд нийцсэн эсэхийг хянаагүй байна.

3.8. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 49.6.1. хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх 49.6.2. өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргасан этгээдээс шаардах гэж заасны дагуу шийдвэр гаргахдаа татварын албаны тодорхойлолт нь хуульд заасан шаардлагыг дараах байдлаар хангаагүй байхад шийдвэр гаргасан байна.

3.9. Сангийн сайдын 2019 оны дугаар тушаалаар татварын ногдлыг татварын алба хянана гэж заасан бөгөөд маягтад татварын улсын байцаагч гарын үсэг зурахаар маягтыг баталжээ. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.2.-д "Монголын татварын алба нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг, тосгоны татварын газар, хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч, хураагчаас бэнэ" гэжээ. Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар тушаалын 57 дугаар хавсралт Том татвар төлөгчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод татвар төлөгчөөс ирүүлсэн тусгай зөвшөөрлийн үнэлгээний тооцооллыг хянах, тодорхойлолт гаргах чиг үүрэггүй байх ба Татварын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар тушаалын 67, 102 дугаар хавсралт Том татвар төлөгчийн Эрдэс баялгийн татварын хэлтсийн дарга болон тус хэлтсийн татварын улсын байцаагч тодорхойлолт гаргах чиг үүргийг гүйцэтгэхээр заажээ. Том татвар төлөгчийн газрын дэд дарга нь татвар төлсөн талаар тодорхойлолтыг гаргахдаа эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан тул тус тодорхойлолт нь эрх зүйн үндэслэлгүй байна.

3.10. Тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн өргөдөлд хавсаргасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлох маягтад татварын улсын байцаагч, Эрдэс баялгийн асуудал хариуцсан нэгжийн дарга тооцооллыг хянаж гарын үсэг зураагүй байх тул татварын ногдлыг хянаагүй байхад тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргасан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдахаар заажээ.

3.11. "Х*******" ХХК нь тусгай зөвшөөрлийг "Х" ХХК-нд шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн 2022 оны 01 сарын 06 өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээний маргаан гарч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан "Х" ХХК нь тус маргаанд “… Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг танай компанид шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийг хавсралтад тэмдэглэгээ хийснийг мэдэгдье гэсэн байдаг.

3.12. Энэ албан бичигт заасан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэхдээ үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдогч хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлж болно гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрлийг биш харин эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг худалдахыг л уг хуулиар зөвшөөрснийг үндэслэлдээ заасан байна. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн "Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ" нь анхнаасаа дээр дурдсан хуулийн 49 дүгээр зүйлийн аль ч заалтын дагуу хийгдээгүй тул Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй юм" гэсэн хариу тайлбар гаргаж маргаж байгаа.

3.13. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж байгаа үндэслэл болсон анхдагч материал, тайлан буюу хайгуулын ажлын эхний жилийн тайланг батлаагүй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэгч болон шилжүүлэн авагч талууд болох "Х*******” ХХК болон "Х" ХХК-уудын хооронд маргаан үүсэж байна. Учир нь энэ тайланг үндэслэж татварын байгууллага татварыг тодорхойлох байсан. Ийнхүү дээрх дутуу шалгаж, хуульд заасан үндэслэл байхгүй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлж шийдвэрлэсэн шийдвэрийн улмаас манай байгууллага нь татварын 110 сая төгрөгийн өрөнд орж, улмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээний төлбөрөө авах боломжгүй болоод байна.

3.14. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн дугаартай тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

4.1 " “Х*******" ХХК-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гаж заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Увс аймгийн Н сумын "Б" нэртэй газарт орших 79.90 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр "Х*******" ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байна.

4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно" гэж, 49.2-т "Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлж болно" гэж тус тус заасныг үндэслэн "Х*******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргажээ.

4.3. "Х*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын дугаартай Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49.4-т заасан тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана" гээд 49.4.1.шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл 49.4.2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт, 49.4.3. тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, 49.4.5. байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн .1.8. 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, 40.4.6. хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, 49.4.7 үйлчилгээний хөлс төлсөн баримт, 49.4.8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцоон үнэ, тайлбар, танилцуулга гэж заасан шаардлагыг хангаж байсан тул Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар шийдвэрээр ХV-021858 дугаартай тусгай зөвшөөрлийг "Х” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

4.4. Төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 49.5-д заасан ажиллагaar хийж, хянаж үзсэний үндсэн дээр мөн хуулийн 49.6.1-д заасны дагуу "хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээг хийх" гаж заасны дагуу шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.1. дэх хэсэгт заасны дагуу татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох хууль, журмын дагуу татвар төлсөн тодорхойлолтыг гарган ирүүлсэн байна.

4.5. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана "мөн хуулийн 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянах шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана.” гэж заасан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

Тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:

5.1 “Нэхэмжлэгч "Х*******" ХХК нь тус "Х” ХХК-тай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах" гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан, мөн "Х******* ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газарт Тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл, албан тоот, худалдах, худалдан авах, бусад баримтыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу бүүлэн бэлтгэн өгч, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХV-021658 дугаартай Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай дугаартай шийдвэр гаран, мэдэгдэл ирүүлсний дагуу манай "Х” ХХК-ийн нэр дээр Увс аймгийн Н сумын Б нэртэй газарт орших 7,9.90 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл шилжин бүртгэгдсэн.

5.2. Ийнхүү ХV-021858 дугаартай тусгай зөвшөөрлийг тус "Х" ХХК-д шилжүүлэн өгөх, авахтай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн захирал Д.О******* /мөн Д.О******* нөхөр Н.С******* болон манай "Х" ХХК-ийг үүсгэн байгуулагч Ж******* нарын хооронд 2021 оны 6 дугаар сараас эхлэн яриа тохиролцоо хийгдэн, дараах 3 ширхэг баримтаар нотлогдох, нийт 2,155,614,000 /хоёр тэрбум нэг зуун тавин таван сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг "Х*******" ХХК-д хүлээлгэн өгсөн. Төлбөрийн баримт 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай, тендерийн төлбөр болох нийт 4,100,000 юанийг Д.О******* нөхөр Н.С******* хүлээн авснаа баталгаажуулан, "Х*******" ХХК-ий тамгыг дарсан байдаг.

5.3. Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримт-2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой, “Х*******” ХХК-ийн захирал Д.О******* нөхөр Н.С******* дансанд 222,500,000 /хоёр зуун хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн төлсөн. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн огноотой, "Х*******" ХХК-ийн захирал Д.О******* нь тоот тусгай зөвшөөрлийг худалдахтай холбоотойгоор Татварын ерөнхий газарт төлөгдөх төлбөр болох 121,000,000 төгрөгийг “Х" ХХК-ийн гүйцэтгэх захирал Жэн Шо Гуо /Z*******/-с бэлнээр хүлээн авч төлсөн нь үнэн болно.

5.4. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн огноотой "Х*******" ХХК-ийн төлөөлөгч Найдансүрэнгийн С******* хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор “Х" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жэн Шо Гуо /Z*******/-с бэлнээр 10,000,000 /арван сая/ төгрөг хүлээн авсан  нь үнэн болно. Манай "Х" ХХК нь ХV-021858 дугаартай Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, гэрчилгээг гээгдүүлсэн тул Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гарган 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шинээр ХV-022101 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүлээн авсан болно.

5.5. Ийнхүү нэхэмжлэгч нь нийт 2,155,614,000 /хоёр тэрбум нэг зуун тавин таван сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг манай компаниас хүлээн авсны дараа, Ашигт малтмалын тухай хуульд заасныг баримтлан Х*******" ХХК-аас өөрсдөө боловсруулж бэлтгэн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл, тайлан, албан татвар ногдуулалтын тооцоолол, албан тоотыг 2022 оны 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гарсан.

5.6. Гэтэл тухайн шийдвэр гарч 2 жил гаран хугацаа өнгөрсний дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж хуульчилсныг ноцтой зөрчин нэхэмжлэгч "Х*******” ХХК-аас ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүй, нотлох баримтгүйгээр хоёр жил гаруйн дараа энэ нэхэмжлэлийг гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү.

 5.7. Нэхэмжлэгч "Х*******" ХХК нь иргэний хэргийн шүүхэд авагдсан өөрийн компанийн нэхэмжлэл, нотлох баримт, бодит байдлыг илт гуйвуулан, биднээс нийт 2,155,614,000 /хоёр тэрбум нэг зуун тавин таван сая зургаан зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг “Х*******” ХХК бүрэн хүлээн авсан байтлаа энэ төлбөрийг хүлээн аваагүй хэмээн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нуун, өөрийн хууль бус үйлдэлд дан ганц хариуцагчийг буруутган бодит байдлыг илт гуйвуулан, худал нэхэмжлэлийн үндэслэл дурдан Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Энэ нь манай компанийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмших зорилгодоо хүрэхийн тулд санаатайгаар хуурамч баримт ашиглаж байгааг харуулж байна.

5.8. "Х*******" ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өөрийн нэхэмжлэлдээ дурдсанаар “бэл дутуу, хуулийн шаардлага хангаагүй байсан” хэмээн Монгол улсын холбогдох хуулийг ноцтой зөрчсөн, өөрийн хууль бус удаа дараагийн үйлдлийг тоочин илэрхийлсэн байх тул энэ хууль бус үйлдлийг нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд тус тус заасны дагуу цагдаа, Авлигатай тэмцэх газар зэрэг төрийн тусгай байгууллага нягтлан шалган шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарах асуудал байх тул “Х*******” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

6. Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчээс “...шилжүүлж байгаа талбайг тодорхойлох К-10 маягт нь шилжүүлгийн өргөдөлд хавсаргагдаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал 1 сая төгрөг дутуу төлөгдсөн,  “Х” ХХК-ний татвар төлөгчийн гэрчилгээ нь шилжүүлгийн өргөдөлд хавсаргагдаагүй, эхний жилийн хайгуулын ажлын тайлан батлагдаагүй, татварын тооцооллыг хянасан баримт бичиг нь зөрчилтэй байхад тусгай зөвшөөрлийг шилжүүлж шийдвэрлэсний улмаас манай байгууллага  татварын 110 сая төгрөгийн өрөнд орж, улмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээний төлбөрөө авах боломжгүй болоод байна…”, хариуцагчаас “... маргаан бүхий акт хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээг хийсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна...” гуравдагчаас “...бодит байдлыг илт гуйвуулан, худал нэхэмжлэлийн үндэслэл дурдсан, тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр нь хуульд нийцэн...” гарсан гэж тус тус тайлбарлан маргасан.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаатай олгожээ.

9. Нэхэмжлэгчээс  дээрх тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдлийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн хандан гаргасныг өргөдлийн ТR-009179 дугаарт бүртгэн хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг гарган тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэж нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт мэдэгдсэн байна.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “...тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”,  шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн .1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, үйлчилгээний хөлс төлсөн баримт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дахь хэсэгт заасан аргачлалын дагуу тооцсон үнэ, тайлбар, танилцуулга” гэж заасан баримтуудыг хавсарган тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдлийг гаргахаар.

11. Харин хариуцагчийн хувьд ийнхүү гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх” гэж заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдөл, шилжүүлж буй хуулийн этгээдийн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдөл, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр н ХХК-аас тусгай зөвшөөрөл шилжүүлэх төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн баримт, Татварын албаны тендерийн тодорхойлолт, Том татвар төлөгчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/59 дугаар тодорхойлолт, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гаргасан зөвшөөрлийн нотолгоо гаргасан тодорхойлолт, хайгуулын ажлын оновчтой төлөвлөлт зэрэг бичиг баримтуудыг бүүлэн нэхэмжлэгч талаас өгснийг хариуцагч хүлээн авч өргөдлийн дугаарт бүртгэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэн байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.”Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно” гэж зааснаар гуравдагч этгээдийн 5 хувийн хувьцааг эзэмшигч нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрлөө түүнд шилжүүлж байгаа нь хууль зөрчөөгүй.

14. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.5-д заасан ажиллагааг өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гүйцэтгэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх” гэж зааснаар олгогдсон байхад хариуцагчийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад маргаан бүхий шийдвэрийг гаргасан, үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

14. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д  “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр маргаан бүхий шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .5 “...илт хууль бус болохыг тогтоолгох...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, дээр дурдсан үндэслэлүүдийг тайлбарлан маргадаг. Гэвч эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх , хууль ёсны ашиг сонирхолд халдсан илэрхий эрх зүйн алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно.

15. Өөрөөр хэлбэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн даргад хуулиар нэхэмжлэгчийн гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлэх өргөдлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж, шилжүүлэх шийдвэр гаргах эрх олгогдоогүй, эсхүл маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн заалт баримтлаагүй, хуульд үндэслээгүй байхыг ойлгохоор байна.

16. Энэхүү тохиолдолд маргаан бүхий акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” заасан заалтыг үндэслэсэн, мөн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гаргах, өргөдлийг хүлээн авч хянах эрх нь хариуцагч төрийн захиргааны байгууллагад олгогдсон эрх зүйн үндэслэлтэй байх тул түүнийг илэрхий эрх зүйн алдаатай захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн эрхэд халдсан гэж үзэхгүй.

17. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн тусгай зөвшөөрлөө шилжүүлэх өргөдөл гаргаж, холбогдох баримтыг бүүлэн өгсөн, түүнийг нь үндэслэж маргаан бүхий акт гарсан байхад зарим баримтын бэл дутуу, татварын тооцоолол буруу байхад хүлээн авсан зэрэг үндэслэлүүдийг хариуцагч байгууллага хянах ёстой байсан гэх үндэслэл нь хэрэгт авагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн баримт, Том татвар төлөгчийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/59 дугаар тодорхойлолтоор тус тус үгүйсгэгдэж байна.

18. Татварын тооцоолол гаргах эрх нь нэхэмжлэгчид байсан, нэхэмжлэгчээс өгсөн татварын тооцооллыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хянаж ирүүлсэн тодорхойлолтыг дахин хариуцагч байгууллагаас хянах үүрэггүй, татварын өрөнд орох, гэрээгээр тохирсон төлбөрөө авах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй.

19. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.6, 49.6.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ