Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт О.О-д холбогдох 1705018590006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 25-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 43-152 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Ч овогт О.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.О-н өгсөн:

 2017 оны 12 дугаар сарын 17-ны 22 цагийн үед найз Төмөрөө, Даваа нартай ... 0.75 литрийн архинаас 1 шилийг уусан. Ууж дуусаад гарч яваад Бумбаяр гэх найзтайгаа таараад 0.5 литрийн архинаас 1 шилийг уусан. Тэгээд Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээрээс такси барьж гэртээ харих гээд буудал дээр зогсож байсан маркыг нь санахгүй байгаа машинд очоод явах уу гэтэл явахгүй гэхээр нь ... нэг мэдэхэд л тэр ахыг би зодож байсан. ... Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Батгэрэлийн өгсөн:

“... 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 06 цагийн орчим ... Өргөө кино театрын автобусны зогсоол дээр зогсоод бүсээ тайлах гэж байтал үл таних залуу цонх тогшоод явах уу гэхээр нь би явахгүй гэтэл шууд хаалга онгойлгоод баруун гараараа миний нүүр рүү 3 удаа цохисон.  ... О.О гэх үл таних залуу таксинд явсангүй гэх шалтгаанаар намайг зодож, эдгээр гэмтлүүдийг учруулсан. Миний хүзүүн дээрээс хазсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 362 тоот:

               1. Ш.Батгэрэлийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал   гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

 

- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 25/,

- О.О-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-н 26/

 

          Шүүгдэгч О.О-н хувийн байдалтай холбоотой:

          Мөрдөн байцаалтад гэрч Х.Очирхуягийн өгсөн:

          “... О ээж Оюунгэрэлийн хамтаар амьдардаг. ... Ээжтэйгээ их элгэмсэг харьцдаг, хүмүүстэй харилцахдаа учраа хурдан олдог, сэргэлэн зантай ... хүнд тусархуу, даруухан дуу цөөтэй ...” гэх мэдүүлэг /хх-н 10/,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Түвдэнгийн өгсөн:

          “... О.О их дөлгөөхөн, асуудалд нухацтай ханддаг, тайван хүн ...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

            - АСАП сангийн лавлагаа /хх-н 19-21/,

                        - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 16/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 18/,

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 17/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч О.О-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.О нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 7 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Батгэрэлийг “таксинд явсангүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун доод зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч О.О-н “...  2017 оны 12 дугаар сарын 17-ны 22 цагийн үед найз Төмөрөө, Даваа нартай ... 0.75 литрийн архинаас 1 шилийг уусан. Ууж дуусаад гарч яваад Бумбаяр гэх найзтайгаа таараад 0.5 литрийн архинаас 1 шилийг уусан. Тэгээд Өргөө кино театрын урд талын автобусны буудал дээрээс такси барьж гэртээ харих гээд буудал дээр зогсож байсан маркыг нь санахгүй байгаа машинд очоод явах уу гэтэл явахгүй гэхээр нь ... нэг мэдэхэд л тэр ахыг би зодож байсан. ... Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна ...” гэх,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Ш.Батгэрэлийн “...  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 06 цагийн орчим ... Өргөө кино театрын автобусны зогсоол дээр зогсоод бүсээ тайлах гэж байтал үл таних залуу цонх тогшоод явах уу гэхээр нь би явахгүй гэтэл шууд хаалга онгойлгоод баруун гараараа миний нүүр рүү 3 удаа цохисон.  ... О.О-д гэх үл таних залуу таксинд явсангүй гэх шалтгаанаар намайг зодож, эдгээр гэмтлүүдийг учруулсан. Миний хүзүүн дээрээс хазсан ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 362 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ш.Батгэрэл нь нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “О.О-с хохирлын мөнгө болох 150,000 төгрөгийг хүлээн авлаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-н 25/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 41/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч О.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.О-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч овогт О.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О-г торгох ялыг биелүүлэх хугацааг 2 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, О.О бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ