Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00316

 

ХДЦНХ-ийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/00140 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХДЦНХ-ийн хүсэлттэй, гуравдагч этгээд Б.Д-д холбогдох архины албадан эмчилгээ хийлгэх тухай хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Н.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

ХДЦНХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчиж, агсам согтуу тавьж иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа эрүүлжүүлэгдсэн тул Монгол улсын Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах талаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Охин, хүргэн, зээтэйгээ хамт амьдардаг. Архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Балжиннямын Даваадэмбэрэлд архины албадан эмчилгээ хийж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Б.Д ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд уг хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүн болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэл болгосон шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдооо: Миний бие Балжинням овогтой Даваадэмбэрэл нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хагалгаанд орсон. Сөүл эмнэлэгт хагалгаанд орж эмчийн хяналтанд байгаа. Агаарт гарах гэж зайсанд очоод хүүхдийн тоглоомын талбайд зогсож байтал хөндлөнгийн дуудлагаар цагдаа ирээд архидан согтуураагүй байхад цагдаа ирээд баривчлаад аваад явсан. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-нд дугаар 183/ШШ2021/00140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Миний биеийн байдал тааруу хагалгаа эдгээгүй үе цус гардаг учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

ХДЦНХ-ийн гаргасан хүсэлтийн дагуу Б.Д ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Б.Д давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Хэргийн 17 дугаар тал дах баримтаар Б.Д архинд донтох өвчний 3 дугаар зэрэг, эмчилгээнд хамруулж болно гэх эмнэлгийн дүгнэлт нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай энэ хуулийн 5.6-д заасан жагсаалтад үндэслэн тодорхой бичнэ гэсэнтэй нийцсэн эсэхийг шүүх анхаараагүй байна.

 

Гуравдагч этгээд Б.Д нь давж заалдах гомдолдоо хавсарган ирүүлсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл гэх баримтад ...Б.Д нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 хоногийн хугацаанд Сөүл эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж, геморройн мэс засал хийлгэсэн гэж тусгагдсанаас гадна тэрээр ходоодны шархлаа өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, артерийн даралт ихсэх өвчин 2 дугаар зэрэг гэх өвчний оноштой болох нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг гарах үеийн эпикриз баримт болон Клиник лабораторийн шинжилгээний хариу, хэвлий эхо харуулсан хариу, зүрхний бичлэг, ходоод дурандуулсан дүгнэлт, хэвлий аарцгийн эрхтэнүүдийн тодосгогч бодистой олон зүслэгт кт хариу зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гуравдагч этгээд Б.Д нь давж заалдах гомдолдоо 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сөүл эмнэлэгт хагалгаанд орж эмчийн хяналтанд байдаг талаар дурджээ. Гэтэл Б.Д ийн эрүүл мэндийн байдал албадан эмчилгээ хийлгэхэд хориглох эмгэгийн жагсаалтад хамаарах эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, эмнэлгийн байгууллагаас дүгнэлт гаргасан боловч уг дүгнэлт нь Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтад хамаарах эсэх болон түүнийг архины албадан эмчилгээ хийлгэхэд эрүүл мэндэд нь харшлах зүйл байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан өдрөө иргэний хэрэг үүсгэн, Б.Д ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас оролцуулан, мөн өдрөөр шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/00140 дугаар шийдвэрээр Б.Д ийг албанд эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж буй тул Б.Д-д анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй албадан эмчилгээг зогсоох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/00140 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/00140 дугаар шийдвэрийн дагуу Б.Д-д хийгдэж буй албадан эмчилгээг зогсоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ