Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 381

 

Г.Ш-, Н.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Г.Ш-, Н.Х- нарт холбогдох 1835001730167 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, *** Б овогт Г-н Ш-,

2. Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй ***, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт ***, Х овогт Н-н Х-.

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Х- тус сумын цагдаагаар ажиллаж байсан Г.Ш- нар нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б- нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ш-, Н.Х- нарт прокуророос Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш-, Н.Х- нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн нэхэмжилсэн оршуулгын зардал, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.      

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. Нямсүрэнгийн давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа гаргасан гомдолдоо “...Цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Г.Ш-, Н.Х- нарын албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх эс үйлдэхүй нь хохирогч О.Б-ын амиа хорлох шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгт дурджээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэсэн зохицуулалтыг шат шатны шүүх анхаарч үзээгүй шийдвэр гаргасан.

Шүүгдэгч Г.Ш- нь хэрэг учрал болсон өдөр цагдаагийн хэсгийн байрны хашаа янзлуулж байсан ба тухайн үед Н.Х- Г.Ш-д хохирогч О.Б-ыг хүлээлгэн өгөөд өөрөө гадуур ажилтай байсан ба ажлын байран дээрээ 2-3 удаа ирэхэд, Г.Ш- нь Б-ыг шонгийн модноос гавласан байсныг харсан хэрнээ гавыг нь тайлах талаар ямар нэгэн шаардлага тавиагүй, хохирогч О.Б-ыг 17-19 цагийн хооронд гадаа цахилгааны модноос гавлаастай байлгаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан болох нь цагдаагийн газраас явуулсан албаны шалгалтын материал, шүүгдэгч Г.Ш-, Н.Х- нарын болон гэрч Л.Энхбатын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон.

Цагдаагийн албан хаагчийн хохирогчийг 3 цаг гаруй цахилгааны шонгийн модонд гавлаж байгаа энэ үйлдэл нь иргэн хүнийг тарчлаан зовоож, эрүүдэн шүүсэн үйлдэл мөн.

Талийгаачийг Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд саатуулахдаа уг саатуулагдаж буй байр нь албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй гэдгийг цагдаагийн албан хаагчид өөрсдөө мэдсээр байж, гавалж саатуулж эрдэнэт хүний амь насыг хохироосон энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн тус хэргийн эд мөрийн баримт солигдсон нь шүүх хуралдаан дээр улсын яллагч эд мөрийн баримт шинжлэн судлахдаа пүүзний шинэ цагаан уяаг шинжлэн судалсан. Гэтэл шүүгдэгч Г.Ш- “энэ уяа биш байна” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Хавтаст хэргийн 3-4 дүгээр талд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Уг тэмдэглэлд цогцсын баруун гар дээрх саарал өнгийн олсыг 3 цэгээр тэмдэглэв. Хэргийн газраас 1. Суран бүс 1 ширхэг, 2. Улаан өнгийн бүс 1 ширхэг, 3. Саарал өнгийн олс 1 ширхэг тус тус хураан авав гэсэн тэмдэглэл байгаа. Эд мөрийн баримт солигдсон нь хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаас илт харагдаж байна. Эд мөрийн баримт хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөх учраас хэргийн газрын үзлэгээр тэмдэглэл хөтөлж, хураан авах хуулийн зохицуулалттай. Гэтэл уг зохицуулалтыг илт ноцтой зөрчсөнийг шат шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

Дээрх байдлаар эрх бүхий албан тушаалтан эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглээгүй, хуулийг ноцтой зөрчиж, эрдэнэт хүний амь нас хохироосон явдал нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдний үйлдэл эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа хэлсэн саналдаа “Мөрдөгч прокурорын даалгавраар О.Б-оос хүчингийн хэрэгт гэрчээр мэдүүлэг авч байсан. Хэрэг гарах үед талийгаач согтуу байсан. Тухайн үед зөрчил гаргасан байсан. Энэ нөхцөлд цагдаагийн байгууллагаас хуульд заасан ажиллагааг хийсэн. Гагцхүү хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа үйлдэл, эс үйлдэхүйд тооцно гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг барьж хяналтын журмаар гомдол гаргасан.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийг тал бүрээс шинжлэн судалсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу талуудыг мэтгэлцүүлсэн. Улсын яллагч гэм буруутай болохыг нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн 2 албан хаагч албан үүргээ дутуу биелүүлснээс болж хохирогчийн амь нас хохирсон болох нь тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал нь шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан.

Мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Цагдаагийн газрын даргын тушаалаар хяналт шалгалт хийж, шүүгдэгч нарт цол буруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар амь хохирогчийг түр саатуулах байранд гэрчээр асуухаар авчирсан гэх боловч саатуулж 3 цаг шонгийн модноос гавласан, түр саатуулах байранд оруулахдаа хувцас болон биед үзлэг хийж, аюултай, нөхцөл байдал бий болгохоор эд зүйлийг хураан аваагүй, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу ажиллаагүй, хохирогчийг согтуу байсан талаарх зөрчлийн хэрэг бүртгэлтийн тэмдэглэл, нотлох баримтыг баримтжуулаагүй зэрэг нь цагдаагийн алба хаагч нар үүрэгт ажилдаа хайнга хандсан, хууль бус ажиллагаа нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл муутай дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож энэ хэрэгт гэм буруутай болохыг нарийвчлан шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Г.Ш-, Н.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Ш-, Н.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ш-, Н.Х- нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн О.Б-ыг 16 цагийн үед Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байран дээр авч ирэн 17-19 цагийн хооронд шонгийн модноос гавлан гадаа байлгасан, улмаар 20 цагийн үед цагдаагийн хэсгийн байранд оруулж төмөр сараалжин ханаар тусгаарласан өрөөний төмөр сараалжнаас гавлаж орхисон бөгөөд хохирогч өмсөж явсан юүдэнтэй цамцны малгайны уяагаар өөрийгөө боомилж нас барсан үйл баримт хэрэгт авагдсан байна.

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлвэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгоно.

Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Х- тус сумын цагдаагаар ажиллаж байсан Г.Ш- нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амь хохирогч О.Б-ыг цагдаагийн хэлтэс дээр авч ирж, түр саатуулах болсноо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрчээр оролцуулах мөрдөгчийн даалгаврыг биелүүлэхээр, эсхүл согтуугаар зөрчил үйлдсэн гэх зэргээр өөр өөр шалтгаан зааж тайлбарлаж байгаа бөгөөд тэдгээр нь хүнийг түр саатуулах хууль ёсны үндэслэлд хамаарч байгаа эсэх, түр саатуулах нь зайлшгүй шаардлагатай арга хэмжээ мөн байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн.

Түүнчлэн түр саатуулах шалтгаанаар хүний биед үзлэг хийхдээ хүний амь нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг илрүүлэн хурааж авбал зохих үзлэгийн зорилгыг бүрэн гүйцэт хангаж ажилласан эсэх, мөн түр саатуулсан хүнийг хараа хяналтгүйгээр орхигдуулсан нь дээрх нэр бүхий хууль сахиулагч нарыг албан чиг үүрэгтээ хайнга хандсан шинжид хамаарах эсэх талаарх ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Үүний зэрэгцээ Увс аймгийн Өндөрхангай суманд байрлах цагдаагийн хэсгийн байр түр саатуулах болон эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан, түүнчлэн ахуйн нөхцөл хангагдаагүй байсантай холбоотой зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оролцуулах асуудлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэвэл зохино.      

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн гаргасан “...шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдний үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ...мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан эд мөрийн баримт солигдсон, ...энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөх учир Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглээгүй, хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий гомдлыг хэсэгчлэн хангаж, Г.Ш-, Н.Х- нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.  

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн өмгөөлөгч Ө.Нарантуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “...шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдний үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулах...” гэснийг хангаж шийдвэрлэсүгэй.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН