Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0050

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0050

Улаанбаатар хот

Х.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 994 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А гаргасан давж заалдах гомдлоор Х.Б нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Х.Б 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны “Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах тухай” 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, миний биеийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 994 дүгээр шийдвэрээр:

“Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлийн 118.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 159.2, 159.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Х.Б Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, түр үнэмлэх олгохыг тус дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Иргэн Х.Б нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг удаа дараа зөрчиж хууль бус сурталчилгаа явуулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон.

Тухайлбал Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5.1, 70.5.2, 70.5.14, 70.5.15 дахь хэсэгт заасныг зөрчиж хуулиар хориглосон үйлдлүүдийг хийсэн нь тогтоогдсон тул Сонгуулийн хороо хуульд заасны дагуу нэр дэвшигчийг нэрийн жагсаалтыг хасах шийдвэр гаргаж 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар тогтоолыг гаргасан.

Мөн Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооноос болон тухайн тойрогт нэр дэвшигч болон түүний бие төлөөлөгч, шадар туслах нар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Х.Б хууль бус үйлдлийг тогтоолгохоор өргөдөл гарган хэрэг үүсгэн шалгагдаж байгаа зэргийг бүрэн тогтоогоогүй.

Түүнчлэн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа МАН-аас нэр дэвшигчийг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй, хэргийн бодит үнэн, үйл баримтыг мэдэх гэрчлэх этгээдийг гэрчийн этгээдээр асуугаагүй, шаардлагатай баримтуудыг нотлох баримтаар хавтас хэрэгт аваагүй нь шүүх тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн бодит үнэнийг шалгаж тогтоох хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр илт нэг талын хүсэл зоригийг хангаж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ чухам ямар баримтыг нотлох баримтаар аваагүй болохыг тодорхойлоогүй, түүнчлэн “хэргийн бодит үнэн, үйл баримтыг мэдэх этгээдийг гэрчээр асуугаагүй” гэдэг ч энэ нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдох нөхцөл байдал биш болно.

Учир нь, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох” эрх олгогдсон ч, хуульд заасан үндэслэл болох “захиргааны зөрчил”-ийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүгч шийдвэрлэж байхаар уг хуулийн 117 дугаар зүйлд тодорхой заажээ.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос дээрх эрхийг хэрэгжүүлэхдээ зөвхөн шүүгчийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэвэр, захирамжид үндэслэгдэх ёстой атал маргаан бүхий тогтоол болон уг тогтоолыг гаргасан дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч Х.Б хууль зөрчсөн гэх захиргааны зөрчлийг тогтоосон тухай шүүгчийн ямар ч шийтгэвэр, захирамж гараагүй, өөрөөр хэлбэл түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

Анхан шатны шүүхээс хуулийн дээрх шаардлага хангагдсан эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харьяалах цагдаагийн болон шүүхээс тодруулсан, мөн нэгэнт шүүхээр тогтоогдоогүй “зөрчил”-ийн тухайд нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авах нь хууль зүйн хувьд үр дагаваргүй, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийг тогтоох эрхгүй.

Иймд нэхэмжлэгч Х.Б Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасныг зөрчиж ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдлүүдийг хийсэн болох нь тогтоогдсон гэж үзэж, түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль бус, нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн тухайн маргаанд хамаарах бүхий заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн цуглуулсан, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А өмгөөлөгч Ш.Б “…сонгуулийн хорооны даргаас М.А олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй, ямар эрх, үүрэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь тодорхойгүй…” гэх тайлбар гаргасан атлаа түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа нь логик уялдаагүй, гэвч 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөр огноолсон итгэмжлэлийн хүрээнд М.А Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороог бүрэн төлөөлж анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй, харин давж заалдах гомдол гаргах эрхийг итгэмжлэлд тусгайлан заах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасан байдаг ч түүнд олгогдсон итгэмжлэлд “…хуульд заасан бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх…” гэснийг харгалзан үзэж гомдлыг хянасан болохыг;

мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг “хүчингүй болгуулах” бус харин “хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, анхан шатны шүүхээс энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчлөх боломжгүй байсныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийт 35 төлөөлөгчтэйгээс тус дүүргийн 34 төлөөлөгчийн бүрэн эрхийг Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор 34 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэгжих бүрэн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН