Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/01179

 

Н.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож Сувилахуйн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюуны гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Навааны Цэвэлмаа миний бие нь 1996 оноос 2003 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ерөнхий сувилагчаар, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Сувилахуйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хууль бусаар сэлгэн ажиллуулсан бөгөөд энэ асуудлаар миний бие шүүхэд хандаж 3 шатны шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ингээд намайг аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилсон боловч 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар дахин Сувилахуйн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар шилжүүлж ажиллуулахаар тушаал гаргасан. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хууль бус тушаалдаа үндэслэж ажил хүлээлцүүлэхээр албан бичиг өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн Н.Цэвэлмаа намайг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар томилсон 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож Сувилахуйн албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэнд, спортын сайдын 495 дугаар тушаалыг нэхэмжлэгч ярьж байна. Энэ тушаалын 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар албаны бүрэлдэхүүнийг байгууллагын нийт сувилагч, тусгай мэргэжилтний хурлаар хэлэлцүүлэн санал авч байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаас томилно гэж заасан. Үүний дагуу сувилагч нараас санал авсан. Удирдлагын зөвлөлийн хурал 3 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан. Энэ зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Удирдлагын зөвлөлийн хурал 9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдахад Н.Цэвэлмаа нэг ч хүний санал аваагүй. Удирдлагын багийн хурлын 85.7 хувийн саналаар О.Гантуяад санал өгсөн. Хамт олны хурлаар ямар байдлаар хэлэлцүүлсэн бэ гэхэд нэгдсэн эмнэлгийн даргын А/9 тоот тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс нийт сувилагч нараас санал хураасан, комиссын даргаар нь би ажилласан. Сувилагч нарыг цуглуулсны дараа намайг 300 тоот өрөөнд дуудсан Ерөнхий эмч надад 135 саналын хуудас өгч 1 саналын хуудсыг өөрөө авч үлдсэн. 107 хүн санал өгснийг комиссын 2 гишүүн тоолж авсан. 28 ширхэг саналын хуудсыг би газар дээр нь урсан. Уг саналын 59 нь О.Гантуяад, 49 нь Н.Цэвэлмаад, 5 нь нөгөө сувилагч дээр санал өгсөн. Манай байгууллагад 135 сувилагч ажилладгаас шалгуур хангасан 35 сувилагч байсан. Үүнээс яг шалгуур хангаж байгаа нь 3 сувилагч байсан. Б/15 тоот тушаалыг биелүүлэхгүй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй болохоор нь нэмэлт өөрчлөлт оруулсан Хамт олны хурлаар санал хураалт явуулсан, харин шийдвэр гаргаагүй Шийдвэрийг удирдлагын зөвлөл гаргадаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны баримтлан Навааны Цэвэлмааг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Оюун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нь ажил олгогч Б/20 дугаартай тушаалаар Н.Цэвэлмааг Сувилахуйн албаны даргаас чөлөөлснөө хариуцагч байгууллагын төлөөлөгч тайлбарлахдаа дээд байгууллагаас ирсэн зааврын дагуу Сувилахуйн албаны даргыг байгууллагын нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дотооддоо хуралдаж, санал хураан удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн гэж байгаа боловч энэ үйл ажиллагаа нь маргаантай, ойлгомжгүй болсон байна гэж үзжээ. Гэтэл Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/09 тоот тушаалаар хуулийн зөвлөхөөр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй комиссын гишүүд тусгай шалгуур хангасан 3 сувилагчийг нэр дэвшүүлж, санал асуулга авсан. Санал асуулгыг авахдаа Ерөнхий эмч санал асуулгыг боловсруулан, хүний нөөц 135 ширхэг санал асуулгын хуудсыг комиссын даргад өгч, комиссын дарга Г.Оюун санал асуулгын талаар нэг бүрчлэн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд танилцуулан, санал хураалтыг явуулж, саналын хуудсаа нэг нугалж, санал өгсөн хүмүүсийг гарахад нь тоолж, илүү гарсан саналын хуудсыг хүмүүсийн нүдэн дээр устгасан. Санал асуулганд нийт 107 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож ирц 81.4%-тай тэдгээрээс 54 саналыг О.Гантуяад, 49 саналыг Н.Цэвэлмаад, 5 саналыг У.Цэрэндолгорт санал өгсөн. Санал өгсөн хуудсуудыг Нэгдсэн эмнэлгийн 310 тоот өрөөнд тоолон, гэрчээр 2 сувилагчийг байлган дахин тоолж, саналын хуудсуудын нэрийг нь нэг бүрчлэн тулган шалгаж гялгар хавтсанд хийж битүүмжлэн, скочдож дээр нь комиссын гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулан архивлан хуулийн хүрээнд явуулсан. Мөн Сувилахуйн албаны даргыг ЭМС-ын сайдын 2015.12.18-ны өдрийн 495 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 3 дугаар заалт, 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалтуудаар хамт олны хурлаар хэлэлцүүлэн санал авч, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасны дагуу 2016.03.17-ны өдөр удирдлагын зөвлөлийн хурлаар О.Гантуяа, Н.Цэвэлмаа нарыг хэлэлцэж, удирдлагын зөвлөлийн хуралд оролцогчдын 85,7 хувийн саналаар О.Гантуяаг дэмжиж, Н.Цэвэлмаад нэг ч хүн санал өгөөгүй. Бүх нийтийн ажилчдын 2016.03.18-ны өдрийн сонсгол дээр, 2016.03.23-ны өдрийн эмч нарын яриан дээр Ерөнхий эмч тушаалыг танилцуулахад тушаалтай холбоотой ямар ч хүн санал гаргаагүй, бүгд хүлээн зөвшөөрсөн. Шүүх бүрэлдэхүүн нь Н.Цэвэлмааг ажилд нь эргүүлэн тогтоосон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага 2015 оны 10 сарын 27-ны өдөр хүлээж аваад ажилд нь авахгүй байсаар 2016 оны 03 сарын 11-ний өдөр ажилд нь аваад 2016 оны 03 сарын 18-ны өдөр “Дүрэм чиг үүрэг батлах тухай” Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаар тушаалаар баталсан Сувилахуйн албаны үлгэрчилсэн дүрэм, шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэх нэрээр албан тушаал бууруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болжээ гэжээ. Гэтэл Н.Цэвэлмаа нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн захиргаанд өргөдөл бичиж, “намайг 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс Сувилахуйн албаны даргын үүрэгт ажилд томилж, цалингийн зөрүүг олгож өгнө үү” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн ажлаас үндэсгүй халагдсан гэсэн маргааныг шүүхээр өмнө нь шийдвэрлэж улмаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр түүнийг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар Сувилахуйн албаны даргаар томилсон атлаа 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Н.Цэвэлмааг Сувилахуйн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж хүүхдийн тасгийн сувилагчаар шилжүүлж ажиллуулахаар шийдвэрлэжээ. Тус байгууллагын даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Б/15 тоот тушаалд өөрчлөлт оруулж ажлаас чөлөөлсөн хуулийн үндэслэлийг өөрчилсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцэх ёстой. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа мөн зүйлд нэрлэн заасан үндэслэлүүд бий болохыг шаардах бөгөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын Б/15, Б/19 тоот тушаалаар Н.Цэвэлмааг Сувилахуйн албаны даргын үүрэгт ажлаас ажил олгогч чөлөөлж шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтын аль нэг үндэслэлийг заагаагүй, энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.    

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, түүнийг нотлох үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд тэрээр ажил албан тушаал бууруулсан гэж Б/15 тоот тушаалыг хүчингүй болгож Сувилахуйн албаны даргын үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоолгоно гэсэн бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах тухайд энэ нь түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарна.  

Нэхэмжлэгч Н.Цэвэлмаагийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 129, 128 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгч Г.Оюуны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ даргалагч, хэрэг илтгэгч шүүгчээр нэг шүүгчийг томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ гэсэнтэй буюу уг бүрэлдэхүүнд давж заалдах шатны шүүх хуралдаан даргалагч, хэрэг илтгэгч шүүгч нь тус тусдаа байх хуулийн агуулгатай нийцээгүйг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Оюуны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР