Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 205

 

 “Х д э” ТББ-ын нэхэмжлэлтэй,

 Монгол Улсын Засгийн газар, Байгаль

орчин, аялал жуулчлалын яаманд

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Сангийн сайдын хамтарсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 тоот хамтарсан тушаалыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох шийдвэрийг гаргуулахыг даалгуулах, уг заалтыг хэрэгжүүлээгүй гэх Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0218 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч М.Б, өмгөөлөгч Г.Д нар

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62.2, 66.4, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Х д э х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”, “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг заалтын дагуу ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын тогтоол гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлоор хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0218 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0048 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу Сангийн сайдыг хамтран хариуцагчаар татаагүй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “... нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ...” гэж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч “Х д э” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Байгаль орчны сайд, Сангийн сайдын хамтран гаргасан захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилттэй холбоотой шаардлага гаргаагүй. Харин уг актыг Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцан хэрэгжүүлсэн байсан тул уг яамыг хариуцагчаар тодорхойлсон бөгөөд Сангийн сайдыг хамтран хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн.

4. Давж заалдах шатны шүүх “...ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох тогтоолын төсөл боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэхийг даалгах бус харин энэ талаар Засгийн газрын тогтоол гаргуулахыг Байгаль орчин, аялал жуучлалын яаманд даалгаж байгаа нь шүүхийн шийдвэр хэрэгжих бодит боломжтой эсэхийг ч анхаарах нь зүйтэй...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Байгаль орчин, аялал жуучлалын яам Засгийн газарт тогтоолын төслийг боловсруулж хүргүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч 2016 онд хүргүүлснээс хойш дахиж огт ажиллаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн баримтаар нотлогдсон.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “... давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах”-аар хуульчилсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх тухай гомдол гаргасан. Давж заалдах гомдолд Байгаль орчин, аялал жуучлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан хэдий ч уг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байгаа бөгөөд шүүх хурал дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргах эрхгүй байсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан...” гэснийг үндэслэлтэй эсэх дээр бодитой дүгнэлт хийлгүйгээр магадлал гарсан. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд л хянах ёстой байтал өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэн байна.

6. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0218 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.3-т заасанд нийцжээ.

8. Анх нэхэмжлэгч нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу “журам, тооцоолох аргачлал”-ыг батлан гаргах үүргээ биелүүлээгүй гэх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус журам, аргачлалыг батлан гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хуулийн уг заалтын дагуу “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Сангийн сайдын хамтарсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дүгээр тушаалаар баталсан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрч тогтоогджээ.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь уг актуудыг “захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлээ өөрчилсөн, мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “холбогдох шийдвэрийг гаргуулах”-ыг даалгуулах, уг заалтыг хэрэгжүүлээгүй гэх Засгийн газрын эс үйлдэхүйг “хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

10. Гэтэл нэхэмжлэгч нь батлан гаргасан уг “акт”-уудыг хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан шаардлагад нийцүүлээгүйгээс ямар төрлийн нэхэмжлэл гаргаж буй нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой биш байхад үүнийг тодруулалгүйгээр батлагдан гарсан “акт”-ыг бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн, мөн “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцоолох аргачлал” нь захиргааны актын эсхүл захиргааны хэм хэмжээний актын шинжийн алийг агуулж байгаагаас хамаарч “хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэх” эсэхийг шийдвэрлэх байтал энэ талаар огт дүгнээгүй байна.

11. Түүнчлэн, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд зааснаар Засгийн газар нь “төлбөрийн хэмжээ”-г тогтоох бүрэн эрхтэй, үүнийг тогтоохгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүйг шүүх хууль бус болохыг тогтоосон атлаа “төлбөрийн хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын тогтоол гаргуулах”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасан нь ойлгомжгүй, Засгийн газраас уг шийдвэрийг захиргааны үйл ажиллагааны ямар хэлбэрээр гаргах нь тодорхойгүй, ямар хэлбэрээр гаргах нь түүний эрх хэмжээний асуудал байхад “Засгийн газрын тогтоол гаргуулах”-ыг даалгасны зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй буюу “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт” гэх актыг “захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх”-ийг даалгаж шийдвэрлэсэн зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

12. Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул нэхэмжлэгч “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаагийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0218 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ