2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/02008

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13 191/ШШ2025/02008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Ж /РД: ............/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 22,430,604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Онар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 22,430,604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Ж нь О ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, хуульд заасны дагуу 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл нэг өдөрт 12 цаг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дундажаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, О ХХК-аас 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн хөлсийг шаардаж байна.

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын үндэслэл:

 

Сар

Илүү цаг

Нэг цагийн хөлс

Илүү цагийн хөлс *1.5

1.

2022.11

56

95,277

8,003,268

2.

2022.12

56

99,288

8,340,192

3.

2023.01

56

72,466

6,087,144

 

22,430,604

 

Хоёр: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

1. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гомдлыг буцаасан.

2. Дахин 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргахад 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мөн гомдлыг буцаасан.

3. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан.

4. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хурал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болж, талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, тэмдэглэлийг гардаж авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан.

5. 3 талт хорооны тэмдэглэлд дурдсан ажлын 10 хоногт багтаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны ажилтан 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг мэдээллийн системд бүртгэж оруулсан.

6. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

7. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэхүү иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид 14 хоног ажил үүргээ гүйцэтгээд 14 хоног амарч байна.

 

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөөр бодож, О ХХК-иас 6,847,014 төгрөгийг нэхэмжилж байна.

а. Хариуцагчийн хариу тайлбарт ..Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна гэсэн тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйл нь уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан,

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргзлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан.

Эдгээр заалтыг хууль тайлбарлах системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:

1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;

2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож, зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;

3. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.

4. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно буюу ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан.

Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талаас тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Үүнээс уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд Нөхөн амраах зохицуулалт-ыг хэрэглэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Тодруулбал, уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.

 

Иймд хариуцагчийн ирүүлсэн Хэрэв уртын ээлжээр өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 58 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ 6 cap тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна гэсэн хариу тайлбар үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү ажиллах тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй юм.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ 92.3-т заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу 92.4-т заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлбох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.

6. Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Хариуцагч талын ирүүлсэн тайлбарт ..Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна гэж ирүүлсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4, 92.5 дах зохицуулалтууд нь ажил, амралтын цагийг тэнцүү байх зарчмыг баримталсан байдаг. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас ялгаатай зохицуулсан талаар тодруулбал,

- Хүний эрхийн суурь онолын үүднээс авч үзвэл энэхүү тусгай зохицуулалт нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд эерэг ялгаварлалыг бий болгож байна. Хууль нь хүн бүрийн эрхийг тэгш зохицуулах үндсэн зорилготой байдаг ч хуулиар эерэг ялгаварлал үүсгэх шаардлага гарсан тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг.

Тухайлбал, Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд сонгогдох квотыг Улс төрийн намын тухай хуулиар тогтоож өгөх, Нийгмийн халамжийн тухай хуулиуд, Халамжийн бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу Нийгэм эдийн засгийн үүднээс авч үзвэл Монгол Улсын дахин сэргээгдэхгүй баялгийг олборлож байгаа аж ахуй нэгж байгууллагын хувьд бусад салбараас илүү өндөр цалин хөлсний хэмжээ байх, оршин суугаа газраас өөр алслагдсан газар ажиллах, хүнд нөхцөлд ажиллах, амь насны эрсдэл ердийн горимоор ажиллаж байгаа, тасралтгүй 14 хоног ажиллаж байгаа нь иргэний эрүүл мэнд гэх мэт олон нөлөөлөх хүчин зүйл хамаарна.

Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэн ялгаварлах, ... эсхүл давуу байдал олгох үйлдлийг алагчилах хэмээх ойлголтонд хамааруулахгүй гэж заасан. Энэхүү конвенцийн хүрээнд ажлын онцлог, түүнд тавигдах шаардлагаас хамаарч тусгайлан зохицуулахыг мөн зөвшөөрсөн.

 

Энэхүү тусгайлсан зохицуулалт нь уртын ээлжээр уул уурхай, олборлох салбарт ажиллаж байгаа ажилтны ажиллах, амрах хугацааг хуулиар тогтоож өгсөн байна. Ингэхдээ ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 зарчмыг баримталсан.

Ийнхүү хуулиар ажил, амралтын цагийг нарийвчлан тогтоож өгснөөр ажилтны илүү цагаар ажилласан хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасны дагуу нөхөн амраасан байх урьдчилсан нөхцөлийг ажил олгогч хэрэглэхгүй, харин илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох хууль зүйн үр дагаварт хүргэж байна.

Иймд О ХХК-иас 22,430,604 төгрөгийг гаргуулж Ц.Жд олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул, уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил, амралтын хуваарь буюу Уртын ээлжийн зохицуулалт-ыг хуульчилсан бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг батлан гаргасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно хэмээн хуульчилсан ба энэхүү зохицуулалтад зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.

 

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

1.1. Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар зохицуулсан.

1.2. О ХХК-иас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан.

Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр "..Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно.

1.3. Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, доктор, профессор Б.У ...Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрх тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан, үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дүгээр зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.А-ийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хуулъ /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

1.5. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Б ..Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг..,

М.О ..Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна..,

С.Ч ..Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс нь буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цаг нь жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс нь буурах юм байна...

Х.Г.. 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ... гэжээ.

Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

 

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

- Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх.. гэж заасантай үл нийцнэ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

- Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

- Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 cap тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

- Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч О ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлсний зохицуулалтын үүднээс авч үзвэл илүү цаг нь нэмэгдэл хөлсөд хамаарч цалин хөлсний бүрэлдэхүүн болж байгаа. Хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт хуулийн 87 дугаар зүйлийг баримтлахаар хуульчилсан. Хэрэв үүнийг нэхэмжлэгчийн байр сууринаас авч үзэж тайлбарлавал, ажилтан нь 14 хоног ажиллахдаа нийт 168 цаг ажиллах ба ердийн ажлын цагаар тооцвол 7 хоногт 40 цаг ажиллаж, 14 хоногт 80 цаг ажиллах ба илүү цаг нь 88 цаг болохоор байна.

Энэ нь үндсэн ажлын цагаасаа илүү гарсан илүү цаг тооцох нөхцлийг бий болгож, илүү цагаар тооцсон тохиолдолд цалин хөлс нь 154 хувиар өсөх нөхцөл байдал бий болохоор байна. Хууль тогтоогчоос уртын ээлжийг хуулиар тусгайлан зохицуулахдаа дээрх шиг нийгмийн хортой үр дагаврыг хүсээгүй болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын чуулганы тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байгаа билээ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

- Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан ... гэсэн байдаг.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд нөхөн амарч байгаа тул илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.

 

Гурав. Нэхэмжлэгч Ц.Жын нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ц.Ж нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч компанитай хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор ажлын байранд хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг байгуулан ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгчээс 2022 оны 11, 12, 2023 оны 1 сарын илүү цагийн хөлсийг шаардаж байгаа ба нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цаг олгохгүй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Гэвч дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол.. нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.

Ц.Ж нь 2022 оны 11 дүгээр сард 180 цаг, 12 дугаар сард 168 цаг, 2023 оны 01 дүгээр сард 168 цаг ажилласан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу нэг цагийн дундаж цалин хөлсийг тооцоход илүү цагийн нэмэгдэл хөлс тооцоход 2022 оны 11 дүгээр сард 95,277.49 төгрөг, 12 дугаар сард 99,288.92 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 72,466.53 төгрөг болно.

Ийнхүү тооцвол Ц.Жын 2022 оны 9, 10, 11 сарын нийт 168 цагийн илүү цагт хамаарах нэмэгдэл хөлс 7,476,922.32 төгрөг тооцогдохоор байна.

 

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд О ХХК-ийн ХН-Г1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан.

Мөн HR-E.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

4.2. Түүнчлэн О ХХК-иас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичгээр О ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.

О ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31 өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.

 

Тав. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

5.1. Нэхэмжлэгч Ц.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт, Ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Уртын ээлжээр ...14 хоног ажиллаад 14 хоног амрах, мөн өдөрт ажиллах цагийг 12 цагаар ажиллана гэж тусгасныг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан байдаг.

Ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор. хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаараа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй нь ч хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргасан болон хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар:

- улсын тэмдэгтийн хураамжид 124,131 төгрөг төлсөн баримт,

- А.Пт олгосон итгэмжлэл,

- итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа,

- Ц.Жын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

- Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №50 дугаар тэмдэглэл,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 238 тоот албан бичиг,

- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Л.Мн тайлбар,

- О ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах коммиссын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гомдол буцаах тухай албан бичгийг ирүүлсэн.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар:

- Айвенхоу майнз монголия инк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

- Б.Э, Д.А, Б.Х нарт олгосон итгэмжлэл,

- О ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472/HR дугаар албан бичиг,

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 тоот Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичиг,

- Доктор, профессор Б.У-ийн хууль зүйн дүгнэлт,

- Монголын Уул уухайн үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 тоот албан бичиг,

- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлал,

- О ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 173/HR дугаар албан бичиг,

- О ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар,

- Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн баримт, мэдээллийг ирүүлсэн.

 

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч О ХХК-иас Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийн хувь, Үйлдвэрчний эвлэлийн 2022 оны 4 дүгээр сард батлагдсан Хамтын гэрээ, Ц.Жын 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр саруудын ажилласан цагийн бүртгэл, тус саруудын цалингийн задаргаа, Хөдөлмөрийн дотоод журам, Цалин хөлсний журам, Ажлын цагийн журам, Ц.Жын ажлын байрны тодорхойлолт, О ХХК болон О ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэл, Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хамтын гэрээ, гэрээний төслийг гаргуулсан.

 

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хариуцагч О ХХК-иас Ц.Жын 2022 оны 8, 9, 10 дугаар саруудад ажилласан цагийн бүртгэл, 2022 оны 8, 9, 10 дугаар саруудад олгосон цалингийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ж нь "О" ХХК-д холбогдуулан, 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард ажил хөдөлмөр эрхэлсэн илүү цагийн нэмэгдэл хөлс 6,761,368 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22,430,604 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ.

 

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, уртын ээлжээр буюу 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байгаа, нэг өдөрт ажиллах ажлын ердийн цагийг 12 цаг байхаар тогтоосон. Гэтэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар илүү цагт / өдөр тутам 4 цаг/ ногдох хөлсийг олгоогүй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард ажилласан 168 цагийн илүү цагийн хөлс 6,761,368 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ж нь 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн цалин, хөлс 6,761,368 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 15,669,236 төгрөгөөр ихэсгэж, нийт 22,430,604 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас шаарджээ.

 

3. Харицагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, үгүйсгсэн.

3.1 Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байснаас хойш зохих журмын дагуу гомдол гаргах ёстой. Хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан буюу 168 цагаар ажиллах юм байна. 168 цагаас илүү гарвал илүү цагаа авах юм байна гэдэг энэ нөхцөл байдал тэр үеэсээ эхлээд хэрэгжээд эхэлсэн. Илүү цагийг дутуу тооцох гээд байна гэсэн бол тухайн үеэсээ гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл ингэж гомдол гаргахгүй явж байгаад 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх удаа гомдол гаргасан.

3.2 Хариуцагч О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэсэн нь уртын ээлжийн ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байхаар тогтоосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног буюу нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул илүү цагийн хөлс олгох үндэслэлгүй, түүнчлэн ажлын цагийг хөдөлмөрийн гэрээгээр тохирсон, хууль тогтоомжид бүрэн нийцсэн тул уртын ээлжинд өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, илүү цагийн цалин хөлсийг тооцсон аргачлал тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

4.1. Нэхэмжлэгч Ц.Ж нь О ХХК-ийн хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор албан тушаалд 2014 оны 11 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, сарын үндсэн цалин, хөлсийг 1034 ам.доллар, ажлын хуваарийг 14 хоног ажиллаж, 7 хоног амрах, өдөрт ердийн 8 цаг /илүү 4 цаг/ ажиллах нөхцөлтэйгээр, мөн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байхаар гэрээний ерөнхий нөхцөлийг харилцан тохирсон, улмаар 2022 оны 03 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр, ажлын хуваарийг 14 хоног ажиллаж, 7 хоног амрах байсныг 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлөөр өөрчилжээ. /хх.27-40/

 

4.2. Нэхэмжлэгч Ц.Ж нь 2022 оны 11 дүгээр сард нийт 180 цаг, 12 дугаар сард 168 цаг, 2023 оны 01 дүгээр сард 168 цаг ажилласан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогджээ. /хх.49-58/

 

4.3. Нэхэмжлэгч нь, 2022 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хөдөлмөрийн хууль тогтоомжид зохицуулснаар уртын ээлжийн ажилтан нь сар бүр 14 хоног, өдрийн 8 цаг буюу ердийн ажлын цагаар нийт 112 цаг ажиллах ёстой боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болон хуулиар тогтоосон 14 хоногийн ажлын хугацаанд 168 цаг ажиллах ёстой гэсэн горим тогтоосон. Ийнхүү 168 цаг ажилласнаар тухайн сар бүрт 56 цагийн илүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа боловч илүү ажилласан цагийн нэмэгдлийг хууль журамд нийцүүлэн ажил олгогч тооцоогүйгээс 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын хугацаанд сар бүр 56 буюу 3 сарын нийлбэр дүнгээр нийт 168 цагийн илүү цагийн нэмэгдлийг дутуу тооцуулсан тул холбогдох журамд нийцүүлэн гаргуулах шаардлагатай гэж маргажээ.

 

4.4. Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч Ц.Ж нь 2022 оны 11 дүгээр сард нийт 180 цаг, 12 дугаар сард 168 цаг, 2023 оны 01 дүгээр сард 168 цаг ажилласан талаар, уг ажилласан хугацаанаас сар бүр /14х12/ 168 цагт ногдох цалин хөлсийг энгийн цагаар тооцон хүлээн авсан талаар, мөн 168 цагаас илүү тооцогдсон цалин хөлсийг холбогдох журмын дагуу тооцуулан авсан талаар тус тус маргаагүй байна.

 

4.5 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн ажилтны нэг цагийн хөлсийг тооцохдоо нэхэмжлэгч Ц.Жын 2022 оны 11 сард 168 цагаас илүү ажилласан 27 цагт олгосон илүү цагийн хөлсийг 3,858,738 төгрөг гэж тооцсон нь хариуцагч О ХХК ны гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтоор тогтоогдсон. 3,858,738 төгрөгийг 27 цагт хувааж дүнг 1.5-д дахин хувааж нэг цагийн хөлсийг 95,277 төгрөг тодорхойлсон, энэ мэт 2022 оны 12 сард олгосон нэг цагийн хөлсийг 99,288, 2023 оны 01 сард олгосон нэг цагийн хөлсийг 72,466 гэж тооцсон байна. Энэ тооцололыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

5. Харин зохигчид сар бүр ажиллах ёстой энгийн ажлын цагийг /14х8/ 112 цаг, эсхүл /14х12/ 168 цагаар тооцох эсэх, эдгээр нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар маргасан бөгөөд улмаар 168-112=56 цагийн хөлсийг /1 сарын/ илүү цагийн цалин хөлс гэж үзэх ёстой эсэх, мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчилсан, мөн хуулийн 92.1-т ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор тус тус хуульчилсан байх тул уг горимоор нэхэмжлэгч болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тохирсон гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж 1 өдөрт ажиллах цагийн дээд хэм хэмжээг хуульчилсан, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно гэж, хөдөлмөрийн хууль тогтоомжоор 7 хоногт ажиллах /40 цаг/ дээд хэм хэмжээнээс илүү ажилласан цаг хугацаа тутамд илүү цагийн хөлсийг тооцох талаар журамлажээ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд Ажлын цагийн дээд хязгаар-ыг Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх-аар, мөн ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацааг найман цагаас илүүгүй байхаар /40:8/, ийнхүү ажилтны ердийн ажиллах нэг өдрийн болон долоо хоногийн нийт ажиллах цаг хугацаанд хязгаарласан хэм хэмжээг хуульчилсан зэргээс дүгнэхэд уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэхэд мөн хуулиар тогтоосон цаг хугацаанаас илүү байдлаар тогтоох боломжгүй бөгөөд уг хугацааг уртасгах, ялгамжтай байдлаар тогтоох зэргээр хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь хэм хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан ердийн ажлын цагаас хэтэрсэн хугацаанд илүү цагийн хөлс тооцох талаар тус тус хуульчилжээ.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Ж нь 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр саруудад сар бүр 56 цаг илүү ажилласан боловч илүү цагийн нэмэгдэл хөлсийг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн авч чадаагүй гэх үндэслэлээр илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

7. О ХХК нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, болон хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсны дагуу уртын ээлжээр ажилладаг ажилтны хувьд сар бүр ажиллах энгийн ажлын цагийг 14х12 буюу 168 цаг гэж тооцон, үүнээс илүү ажилласан цаг хугацаанд илүү цагийн нэмэгдэл тооцож олгосон асуудлаар маргаагүй, нэхэмжлэгч нь нийт 168 цагийн хугацаагаар тооцон ажилласан хугацаанд цалин хөлсийг авч байсан талаар мөн маргаагүй байна.

 

8. Нэхэмжлэгч Ц.Ж нь 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр саруудад нийт 576 цаг ажилласантай холбоотойгоор 504 цагаас илүү гарсан хугацааны 72 цагийн цалин, хөлсийг илүү цагийн цалин хөлсөөр тооцон авсан талаар шүүх хуралдаанд маргаагүй, харин 504 цагийн цалин, хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцон авсан байх тул илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлсийг энгийн цалин хөлсөөр тооцуулж хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан нь энгийн цалин хөлсийг 0,5 дахин хэмжээгээр нэмэгдүүлэх ойлголт байх тул энгийн цагаар олгогдсон цалин, хөлсийг нь хасаж тооцох буюу илүү цагийн цалин хөлсийг 0,5 дахин хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Жд 2022 оны 11 сард бодогдсон нэг цагийн хөлс 95,277 төгрөг, 12 сард бодогдсон нэг цагийн хөлс 99,288 төгрөг, 2023 оны 01 сард бодогдсон нэг цагийн хөлс 6,087,144 төгрөгийг сар бүр 56 цаг илүү ажилласан гэж тооцон үржүүлж /2022 оны 11 сард 5,335,512 төгрөг, 12 сард 5,560,128 төгрөг, 2023 оны 01 сард 4,056,096 төгрөг, нийт 14,953,736 төгрөг/ илүү цагийн хөлсийн 1,5 дахин нэмэгдүүлж олгох ёстойгоос 1 дахин нэмэгдүүлж нэхэмжлэгчид олгосон гэж үзээд 0,5 дахин нэмэгдүүлсэн 7,476,868 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,953,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гомдол эрхгүй гэж хариуцагч маргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тухайн шаардлагатай холбоотой гомдлоо анх ажил олгогч О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг 2023 оны 03 сарын 01-ний өдөр буцаасан, улмаар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст дахин гомдол гаргасан, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг буцаасан гэх тайлбарыг баримтаар няцаагаагүй, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн №50 тэмдэглэлээр дуусгавар болгосонтой холбоотойгоор 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс хүлээн авахаас татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр саруудад ажилласан илүү цагийн цалин хөлсийг дутуу олгосон гэх асуудлаар ажил олгогчтой маргах эрхээ хэрэгжүүлэхдээ цалин хөлс хүлээн авсан хугацаанаас хойшхи 90 хоногийн хугацааны дотор хуулиар тогтоосон журмын дагуу гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч О ХХК-иас 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын илүү цагийн цалин хөлсөнд нийт 7,476,868 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,955,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,131 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 134,580 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О ХХК-иас 7,476,868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Жд олгож, 14,953,736 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,131 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 134,580 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР